Семинар
10-р хэсэг: 2 дахь өдөр, Иаков 7


10-р хэсэг: 2 дахь өдөр

Иаков 7

Оршил

Иаков Христийг эсэргүүцэгч Шеримтэй маргаж, худал санаануудыг нь даван гарахын тулд Их Эзэн болон өөрийн гэрчлэлд тулгуурлав. Христийг эсэргүүцэгч гэдэг нь Христийг хүчтэйгээр, шаргуу эсэргүүцдэг бөгөөд Түүнд итгэдэг бусад хүмүүсийн итгэлийг, Түүний үнэн сүмийг, Түүний сайн мэдээг, авралын төлөвлөгөөг устгахыг хичээдэг хүн юм.

Зураг
Иаков ба Шерим

Шеримийн зүтгэлийн эсрэг, Иаков Есүс Христэд итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байсан өмнөх туршлагуудаасаа хүчийг олж авав. Тэр мөн Ариун Сүнсний удирдамж, судрууд болон бошиглогчдын үгсийн талаарх өөрийн мэдлэг болоод Есүс Христийн тухай өөрийн гэрчлэлд найдлагаа тавьсан. Иаковын үгсийг бататгах тэмдэг үзүүлэхийг шаардах үедээ Шерим Бурханаар цохигдсон. Тэд леменчүүдийн эсрэг бэхлэлт босгохдоо нифайчууд хэрхэн Их Эзэнд итгэсэн болохыг дүрсэлж Иаков өөрийн цэдгийг төгсгөсөн. Иаков нас барахаасаа өмнө өөрийн хүү Иност жижиг ялтсуудыг итгэн шилжүүлсэн.

Иаков 7:1–14

Иаков Христийг эсэргүүцэгч Шеримтэй нүүр тулах үедээ Их Эзэнд найдлагаа тавьдаг

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заажээ: “Мөнх бус амьдралын хамгийн гол шалгууруудын нэг нь бидний итгэл бишрэлийг шүүмжилж, байцааж шалгаах үед ирдэг юм. Иймэрхүү тохиолдолд бид маргахыг хүсч байж болох юм. … Гэвч эдгээр нь дахин дахин тунгаан бодож, залбирч Аврагчийн жишээг дагах чухал боломжууд болдог. Дэлхий Есүсийг хүлээн зөвшөөрөхгүй үзэн ядаж байсныг санагтун. … Биднийг буруутгагчдад Аврагчийнхтай адил хандсанаар бид зөвхөн Христтэй адил болоод зогсохгүй, бусад хүмүүсийг Түүний хайрыг мэдэрч мөн Түүнийг дагахад урин дууддаг” (“Christian Courage: The Price of Discipleship,” Ensign ба Лиахона, 2008 оны 11-р сар, 72).

Итгэлийг тань шүүмжилж, байцааж шалгааж байсан үеийг бод. Иаков 7-г судлахдаа та, Шерим нэртэй эр Иаковын итгэлийг хэрхэн шүүмжилж, энэхүү сорилтыг тэрээр хэрхэн амжилттайгаар даван гарсан түүний туршлагын талаар сурах болно.

Иаков 7:1–5-ыг уншаад, (1) Шерим юу хийхийг хичээж байсан, (2) зорилгоо биелүүлэхийн тулд тэрээр хэрхэн тэмцэж байсныг харуулах үг хэллэгүүдийг ол. Эдгээрийг судартаа тэмдэглэх хэрэгтэй.

Иаков 7:3-т хэлсний дагуу Шерим бусад хүмүүсийн дунд ямар үр нөлөө үзүүлсэн бэ?

  1. Иаков 7:4-т Шерим “эрдэмт нэгэн” бөгөөд “хэл ярианы төгс мэдлэгийг” эзэмшсэн байсан гэж гардаг. Шерим шиг хүний эсрэг итгэлээ хамгаалах нь заримдаа яагаад хэцүү байдгийг судрын тэмдэглэлдээ бич.

Бидний итгэлийг шүүмжилж, асууж шалгаадаг бүх хүн Шерим шиг хандлагатай байдаггүй гэдгийг санаарай. Зарим хүмүүс Шеримийн адил итгэлийг устгах санааг эрэлхийлдэг хэдий ч бусад нь манай шашныг сонирхсондоо эсвэл бидний итгэлийн талаар буруу мэдээлэлтэй байдаг учраас асуудаг.

Иаков 7:5–14-ийг уншихдаа, Шерим шиг хүнд хэрхэн хариулахаа тунгаан бод. Иаковын хариултыг судлахдаа та, бид Их Эзэнд найдлагаа тавих үед итгэлийнхээ сорилтыг даван гарч чаддаг гэдгийг харах болно. Энэхүү зарчмыг судрынхаа захад эдгээр шүлгүүдийн хажууд бичих хэрэгтэй. Иаков Шеримийг маргахад энэхүү зарчмыг үзүүлсэн арга замуудыг ол.

Дараах хүснэгтийн эхний багана дахь Иаков 7:5–14-өөс авсан шүлгүүдийг уншаад, Иаков Их Эзэнд хэрхэн найдлагаа тавьсныг хамгийн сайн дүрслэх тайлбарыг хоёр дахь багананд бичигдсэн шүлгийн эшлэлүүдтэй тохируул. Судрын эшлэлийн өмнөх шугаманд тохирох эшлэлийн үсгийг бич.

Иаков Их Эзэнд найдлагаа тавихын тулд хийсэн зүйл

  1. Иаков 7:5

  2. Иаков 7:8

  3. Иаков 7:10–11

  4. Иаков 7:12

  5. Иаков 7:13–14

  1. Тэр судрууд болон бошиглогчдын үгсийг гэрчлэв.

  2. Тэрээр үр дүнг нь Бурханы мутарт үлдээсэн.

  3. Тэрээр Ариун Сүнсний удирдамж ба хүчинд найдсан.

  4. Тэрээр итгэлийг нь хүчирхэгжүүлж байсан өнгөрсөн туршлагуудаа санасан.

  5. Тэр Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан гэрчлэлээ хуваалцсан.

Тохируулах дасгалын хариуг шалгахдаа хичээлийн төгсгөл дэх зөв хариултуудыг харж болно.

Таны итгэлийг шүүмжлэх, асууж шалгаах үед гэрчлэл тань сулрахгүй байж болохын тулд та гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ? Иаков 7:5-д Иаков дараах үнэнийг үзүүлсэн гэдгийг анхаар: Бидний гэрчлэл илчлэлт болон жинхэнэ сүнслэг туршлагууд дээр тулгуурласан бол итгэл маань сулрахгүй. Есүс Христийн тухай гэрчлэлийнхээ хүч болон илүү хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох тухайгаа тунгаан бод.

Бидний итгэлийг шүүмжилж, асууж шалгаадаг хүмүүст хариулахад Иаковын Шеримд өгсөн хариулт жишээ болдог.

  1. Их Эзэнд найдлагаа тавихын тулд Иаковын хийсэн зүйлс болон бусад хүмүүс итгэлийг тань сорих үед түүнтэй адил зүйл хийснээр энэ нь танд хэрхэн тусалсан эсвэл тусалж болох тухай бодоход тань туслах дараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Иаков 7:5-д Иаковын өмнөх сүнслэг туршлагаас үүдэн түүний итгэл сулрашгүй болсон тухай гардгийг анхаар. Өөр ямар туршлагууд таны итгэлийг хүчирхэгжүүлж байсан бэ? Эдгээр туршлагуудыг санах эсвэл бичиж авах нь хэн нэгэн итгэлийг тань шүүмжилж, асууж шалгаах үед танд хэрхэн тусалж болох вэ?

    2. Иаков 7:8-д Иаков “Их Эзэн Бурхан өөрийн Сүнсийг миний бодгальд юүлсэн” хэмээн өгүүлсэн. Бодгальд тань Сүнсийг юүлэх боломжтой байж болохын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Таны итгэлийг шүүмжилж, асууж шалгаах үед Ариун Сүнс танд хэрхэн тусалсан бэ?

    3. Таны итгэлийг бусад хүмүүс шүүмжлэх, асууж шалгаах үед судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс өдөр бүр судлах дадал нь танд хэрхэн тусалсан бэ? (Иаков 7:10–11-ийг үзнэ үү).

    4. Таны итгэлийг шүүмжилж, асууж шалгаасан хэн нэгэнтэй хэзээ гэрчлэлээ хуваалцсан бэ? (Иaков 7:12-ыг үзнэ үү). Үр дүн нь ямар байсан бэ?

    5. Шерим тэмдэг хүсэх үед Иаков гэрчлэлээ үнэн гэдгийг нотлохыг эрэлхийлээгүй, харин Их Эзэний мутарт үр дүнг нь үлдээсэн (Иаков 7:14-ийг үзнэ үү). Итгэлийг тань сорьдог хүмүүст гэрчлэлээ үнэн гэдгийг нотлох хэрэггүй гэдгийг мэдэх нь танд хэрхэн тусалж чадах вэ?

Иаков 7:15–23

Шерим цохигдож, буруугаа хүлээж, үхсэн бөгөөд цугласан олон нифайчуудыг Их Эзэн рүү эргүүлэн удирдав

Ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заажээ:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид хариу нэхэлгүй, нөгөө хацраа тавьж өгөн, уур хилэнгийн эсрэг тэвчин зогсож байхдаа Аврагчтай хамт байдаг. Дайсныг намжааж, биднийг гүтгэгчидтэй сөргөлдөхгүйгээр хариулж чадах цорын ганц хүч болох Түүний хайрыг бид үзүүлж чадна. Энэ нь сул дорой байдал биш юм. Энэ нь Христэд итгэгчийн эр зориг юм.

“Бидний итгэлийн сорилтууд нь шинэлэг зүйл биш бөгөөд хурдхан алга болдог зүйл ч биш юм гэдгийг бид олон жилийн туршид суралцаж байна. Гэвч Христийн үнэн шавь нар нь эсрэг тэсрэгийн дундаас боломжийг олж хардаг. …

“… Аз болоход Их Эзэн биднийг эсэргүүцэгчдийн зүрх сэтгэлийг болоод хэрхэн хамгийн үр дүнтэйгээр хариу өгөх вэ гэдгийг мэддэг. Үнэнч шавь нар Сүнсний удирдамжийг хайдаг бөгөөд сөргөлдөөн бүрд тохирох сүнсний удирдамжийг хүлээн авдаг. Ямар ч тохиолдолд жинхэнэ шавь нар Их Эзэний Сүнсийг урин дуудах замаар хариу үйлддэг” (“Christian Courage: The Price of Discipleship,” 72–73).

“Эсрэг тэсрэгийн дундаас боломжийг олж хардаг” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

Итгэлийг маань сорьдог хүмүүст Их Эзэний Сүнсийг урин дуудах замаар хариулах нь сайн үр дүнг үзүүлнэ. Иаков 7:15–23-ыг уншаад, Шеримтэй сөргөлдсөн Иаковын сайн үр дүнг ол.

Иаков 7:21–22-т Шеримтэй сөргөлдсөн туршлага нь бусдад туслаасай хэмээн хүссэн Иаковын хүслийн ямар нотолгоог та харж байна вэ?

Иаков 7:23-т хэлсэнчлэн Иаковын Шеримтэй хийсэн маргаан эцсийн дүндээ олон түмэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

  1. Шеримтэй хийсэн Иаковын маргаанаас суралцаж болох нэг зарчим бол итгэлийнхээ талаарх шүүмжлэл, асуултад хариулахдаа Сүнсийг урих замаар хариулах нь бусдыг Их Эзэнд хандахад нь тусалдаг гэсэн зарчим юм. Энэхүү зарчмын талаарх дараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Энэхүү зарчмыг мэдэж авах нь бусдыг Их Эзэнд хандахад нь хэрхэн тусалж болох вэ?

    2. Та энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Иаков 7:24–27

Иаков нифайчууд леменчүүдийн харилцааг тайлбарлан, цэдгээ төгсгөв

Иаков 7:24–27-г унш. Иаков 7:25-д гардаг сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэнд найдлагаа тавихын чухлын тухай Иаковын захиасыг онцолсон хэллэгийг тодруул.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич: Хэн нэгэн итгэлийг тань сорих үед бэлтгэхийн тулд таны хийх нэг зүйл юу вэ?

Хэрэв та итгэлийнхээ талаарх тодорхой асуулт, шүүмжлэлд хэрхэн хариулахаа мэдэхгүй байвал Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт, ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Christian Courage: The Price of Discipleship” (Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 72–75) чуулган дээр хэлсэн үгс, LDS.org болон youth.lds.org вэбсайтууд дээрх материалуудыг судлах боломжтой.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Иаков 7-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хичээлийн эхэнд хийсэн тохируулах дасгалын хариу: 1) г, 2) в, 3) a, 4) д, 5) б.