Семинар
24-р хэсэг: 2 дахь өдөр, 3 Нифай 2–5


24-р хэсэг: 2 дахь өдөр

3 Нифай 2–5

Оршил

Хүмүүс Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдийг харснаасаа хойш тун удалгүй хүлээн авсан гэрчүүдээ мартаж эхэлсэн бөгөөд тэдний зүрх сэтгэл хатуурчээ. Нифайчууд ба леменчүүдээс олон нь ирж буй тэмдгүүд болон гайхамшгуудыг эсэргүүцэж, ёс бус явдал газар авчээ. Үүний уршгаар Гадиантоны дээрэмчид хүчирхэгжиж, нифайчуудыг устгахаар заналхийлэв. Нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеус бүх зөв шударга нифайчууд ба леменчүүдийг нэг дор цуглуулан хүмүүсээ наманчилж, тулаанд бэлтгэхийг уриалсан байна. Тэд эв нэгдэл болон Их Эзэнд итгэх итгэлийнхээ ачаар дайснаа ялжээ. Зөв шударга нифайчууд ба леменчүүд чөлөөлөгдсөнийхөө дараа Бурханы хүч тэднийг хамгаалсныг хүлээн зөвшөөрсөн юм.

3 Нифай 2

Зөв шударга нифайчууд ба леменчүүд Гадиантоны дээрэмчдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар нэгдэцгээв

Амьдралдаа тохиолдсон онцгой сүнслэг туршлагуудаас хэдэн хором бод. (Сүнслэг туршлага нь утга учиртай байхын тулд сүр дуулиантай эсвэл ер бусын байх албагүйг санагтун). Эдгээр сүнслэг туршлагуудыг санах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

3 Нифай 2:1–3-ыг уншаад хүмүүс Аврагчийн төрөлттэй холбоотой тэмдгүүдийг мартаж эхлэхэд тэдэнд юу тохиолдсоныг олж мэд. Энэ түүх бидэнд сүнслэг туршлагуудаа мартахын аюулын талаар юу зааж байна вэ?

Нифайчуудад тохиолдсон зүйлсээс бидний суралцах зарчмуудын нэг бол хэрэв бид өмнөх сүнслэг туршлагуудаа мартвал Сатаны уруу таталт, хууран мэхлэлтэд илүү өртөмтгий болно. Та энэ зарчмыг судартаа 3 Нифай 2:1–3-ын хажууд бич. Бичихдээ, сүнслэг туршлагуудаа мартах нь яагаад биднийг Сатаны эрхшээлд өртөмтгий болгодгийг бод.

Сүнслэг туршлагуудаа таньж, санахын тулд юу хийж чадахаа тунгаан бод. Хамгийн их тус болно гэж бодож байгаа хэдэн санаагаа жагсаан бич:

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг өдрийн тэмдэглэлдээ сүнслэг туршлагуудаа тэмдэглэсэн нь түүнд тусалсан тухай ярьжээ. Түүний туршлагыг уншихдаа сүнслэг туршлагуудаа бичихээс ирж болох адислалуудын доогуур зур.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Би олон жилийн туршид өдөр бүр цөөн хэдэн мөр бичдэг байлаа. Би хэчнээн их ядарсан ч эсвэл маргааш нь хэчнээн эрт босох байсан ч нэг ч өдрийг алгасаагүй юм. Би бичихээсээ өмнө дараах асуултыг тунгаан боддог: ‘Би өнөөдөр биднийг, хүүхдүүдийг маань эсвэл гэр бүлийг минь адисалж буй Бурханы мутрыг харсан уу?’ Ингэж бодох үед ямар нэгэн зүйл тохиолддог. Тухайн өдрийг эргэж харахдаа Бурханы бидний хэн нэгнийх нь төлөө хийсэн зүйлийг завгүй үедээ ажиглаагүй байсныгаа би олж хардаг юм. Энэ нь олонтоо тохиолдсон бөгөөд тохиолдох үед санахыг хичээх нь Бурханд бидний төлөө юу хийснийг нь надад харуулах боломжийг олгосноо би ухаарсан.

Зүрх сэтгэл минь талархлаар бялхаж эхэлсэн юм. Гэрчлэл минь өсөн нэмэгдсэн. Тэнгэрлэг Эцэг маань миний залбирлуудыг сонсч, хариулдгийг би илүү баттай мэдсэн билээ. Аврагч Есүс Христийн Цагаатгалаар ирдэг зүрх сэтгэлийн зөөлрөл болон ариусалд би илүү талархлыг мэдэрсэн. Мөн би Ариун Сүнс бидэнд бүх зүйлсийг, бүр тохиолдож байхад нь анзаараагүй эсвэл анхаарал хандуулаагүй зүйлсийг сануулж чадна гэдэгт улам итгэлтэй болсон” (“O Remember, Remember,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 67).

  1. Сүнслэг туршлагуудаа санах нь таныг уруу татах эсвэл хууран мэхлэх гэсэн Сатаны оролдлогуудыг үл харгалзан итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалсныг судар судлах тэмдэглэлдээ дүрслэн бич. (Үүнд сүнслэг туршлагуудаа санахын тулд өдрийн тэмдэглэлдээ бичих нь орж болно.)

3 Нифай 2:4–19-д цэдэглэгдсэнээр нифайчуудаас олон нь ёс бус явдлаа үргэлжлүүлж, Гадиантоны дээрэмчдийн тоо өсч, хүчирхэгжсэн ажээ. Тэд улам түрэмгий болсноос, хөрвүүлэгдсэн леменчүүд тэдний эсрэг тэмцэхээр нифайчуудтай хүч хавсрав. Хэдийгээр тэд Гадиантоны дээрэмчдийг нутгаасаа хөөн гаргахад тодорхой амжилт олсон ч нифайчууд болон леменчүүд Есүс Христийн төрөлтийн тэмдгүүд өгөгдсөнөөс хойш 15 жилийн дараа хүнд нөхцөлд хэвээр байв.

3 Нифай 3:1–10

Гадиантоны дээрэмчдийн удирдагч нифайчууд болон леменчүүдийг бууж өгөхийг шаардсан нь

Бид 3 Нифай 3:1–10-р шүлгүүдээс чөтгөр заримдаа бусдаар дамжуулан бидний итгэлийг сулруулж, замаа алдахад хүргэдгийн жишээг хардаг. Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай, нифайчууд болон леменчүүдийн хүмүүсийг нэгтгэн захирагч бөгөөд ерөнхий шүүгч Лаконеуст захиа бичиж түүнийг Гадиантоны дээрэмчдэд бууж өгөхийг ятгажээ. 3 Нифай 3:2–10-ыг уншаад Гидианхайн Лаконеусын итгэлийг ганхуулж, түүнийг замаас нь гаргахыг хичээхдээ ашигласан аргуудыг харуулсан үг хэллэгүүдийг ол. Эдгээр үг хэллэгүүдийг олохоороо тэмдэглэж ав.

Эдгээр шүлгүүд Cатан болон түүний дагалдагчид хүмүүсийг замаа алдахад удирдахдаа ихэвчлэн зусар, хуурамч амлалтууд болон заналхийллийг ашигладгийг заадаг. Сатаны арга мэх ихэвчлэн маш овжин байдгийг ойлгох нь чухал бөгөөд тэр биднийг уруу татахдаа амархан танигдах дайснаас илүүгээр бидний найз нөхөд, хүндэлдэг хүмүүсийг ашигладаг. Гидианхайн зорилго, арга мэх болон өнөөдөр Сатан хүмүүсийг замаасаа гажихад хүргэдэг арга замуудын хооронд адил төстэй зүйлс байсаар байдаг.

  1. Гидианхайн арга тактикуудын нэгийг сонгоод чөтгөр өнөөгийн өсвөр үеийнхэнд үүнтэй төстэй арга мэхийг хэрхэн ашиглаж болохыг судар судлах тэмдэглэлдээ тайлбарла. Та энэ арга тактикийг яаж сөрөн зогсохоо бич.

3 Нифай 3:11–4:33

Лаконеусын хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар бэлтгэж, Гадиантоны дээрэмчдийг ялсан нь

Зураг
Лаконеусын хариулт

Лаконеус Гидианхайн сүрдүүлсэн захианд цочирдож, хүмүүсээ дайсны болзошгүй довтлогоонд бэлтгэхээр шийдэв. Дараах судрын хэсгийг уншаад Лаконеус Гадиантоны дээрэмчдийн довтлогоог сөрөн зогсохын тулд хүмүүсээ сүнслэг болон матeриаллаг байдлаар (биe махбодын хувьд) бэлтгэсэн аргуудаас хамгийн багадаа дөрвийг олж мэд. (Санамж: та эдгээр шүлгүүдийг судлахдаа Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гидианхай, нифайчуудын агуу бошиглогч, ерөнхий ахмад Гидгиддонай нарыг ялгаж таних хэрэгтэй.)

  1. Судрын тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр голоор нь хуваасан босоо шугам зур. Нэг талынх нь дээд хэсэгт Лаконеусын бэлтгэл, нөгөө талынх нь дээд хэсэгт Өнөө үеийн адил зүйлс гэсэн үгсийг тус тус бич. “Лаконеусын бэлтгэл” гэсэн гарчгийн доор, дайсны довтолгоог сөрөн зогсохын тулд Лаконеус болон нифайчуудын бэлтгэсэн дөрвөн аргыг бичих эсвэл зур. “Өнөө үеийн адил зүйлс” гэсэн гарчгийн доор, Лаконеус хүмүүсээ бэлтгэхийн тулд хийсэн зүйлстэй адил төстэй орчин үеийн аргуудаас хэдэн жишээг бичих эсвэл зур. Эдгээр аргууд нь хожмын өдрүүдэд хий хэмээн бидэнд зөвлөсөн сүнслэг болон материаллаг бэлтгэлийг харуулах ёстой.

  2. Сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бодоход тань туслахын тулд дараах асуултуудын нэг юмуу түүнээс олонд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич.

    1. Та дайсны дайралтаас гэр орноо хэрхэн хамгаалж болох вэ?

    2. Гэр бүлээрээ, тойрог эсвэл салбараараа цугларах нь бидэнд хэрхэн хамгаалалт болдог вэ?

    3. Өөрийгөө хүчирхэгжүүлэхийн тулд өдөр бүр судар судлах нь яагаад маш чухал арга байдаг вэ?

    4. Залбирал хэзээ таныг дайсны эсвэл аюулын эсрэг сүнслэг хүчтэй болоход тусалсан бэ?

    5. Наманчлал нь биднийг ирээдүйд хэрхэн бэлтгэж болох вэ?

    6. Бошиглолын болон илчлэлтийн сүнстэй хүмүүсийг дагахыг сонгох нь бидэнд тэр тусмаа өнөөдөр яагаад чухал вэ?

Гадиантоны дээрэмчид Лаконеус болон түүний хүмүүсийг довтлоход юу болсныг харахын тулд 3 Нифай 4:7–12-ыг унш. Бид энэ түүхээс өөрсдийгөө сүнслэг болон матeриаллаг байдлын хувьд бэлтгэвэл Их Эзэний хүчээр сорилтуудаа даван туулж чадна гэдгийг сурдаг.

Лаконеус ба түүний хүмүүс Гадиантоны дээрэмчдийг ялж, удирдагчдыг нь устгав. Тэд удирдагчдаа сонгосон сонголт (3 Нифай 3:19; 4:17-г үзнэ үү), өөрсдийн дуулгавартай байдал (3 Нифай 3:21; 4:18-ыг үзнэ үү), Бурханд тавьдаг найдварынхаа (3 Нифай 4:30–31-ийг үзнэ үү) ачаар ялсан юм. 3 Нифай 4:30–33-ыг уншаад хүмүүс Гадиантоны дээрэмчдийг ялсныхаа дараа хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Гадиантоны дээрэмчдээс тэднийг юу чөлөөлсөн хэмээн хүмүүс хүлээн зөвшөөрсөн бэ? Эдгээр шүлгүүдийн харуулдаг нэг зарчим бол: Биднийг хүнд хэцүү байдлаас чөлөөлсөн Бурханы сайн сайхан болон нигүүлслийг хүлээн зөвшөөрөх нь биднийг даруу байхад тусалдаг гэсэн зарчим юм.

3 Нифай 5

Хүмүүсийн дунд амар амгалан сэргэв; Мормон цэдгүүдийг хэрхэн хураангуйлснаа тайлбарлав

Зураг
Мормон ялтсуудыг хураангуйлж байгаа нь

Хувийн сүнслэг туршлага нь таны итгэл, хүсэл эрмэлзэл, үйлдлүүдэд хэрхэн нөлөөлснийг бод. 3 Нифай 5:3–4-ийг уншаад нифайчууд Их Эзэнээс хүлээн авсан тусламж болон адислалынхаа үр дүнд юу хийснийг олж мэд. Хүмүүсийн хариу үйлдэл үзүүлсэн арга замуудын нэг нь бусдадаа сайн мэдээг номлох явдал байлаа.

Мормон яагаад хураангуйлсан цэдгээ хийснийг 3 Нифай 5:14–26-д, тайлбарлажээ. 3 Нифай 5:12–13-ыг уншаад Мормон Нифайн хүмүүсийн цэдгүүдийг хураангуйлан бичих хариуцлагынхаа тухай юу хэлснийг ол.

Бид эдгээр шүлгүүдээс Eсүс Христийн шавь нарын хувьд, бид бусдад үүрдийн амьдралд хүрэх замыг нь заах үүрэгтэй гэдгээ мэдэж авдаг. Бидний төлөө Их Эзэний хийсэн зүйлсэд талархдагаа харуулах хамгийн чухал аргуудын нэг бол бусдыг Түүнд ирж, тэдэнд өгөх Түүний адислалуудыг хүлээн авахад нь туслах явдал юм.

  1. Есүс Христийн шавийн хувьд та бусдад үүрдийн амьдралд хүрэх замыг зааж болох хэдэн аргыг судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн үүнийг бусдад заах боломжтой байх зарим нөхцөлийг бод.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 2–5-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: