Семинар
7-р хэсэг: 1 дэх өдөр, 2 Нифай 11-16


7-р хэсэг: 1 дэх өдөр

2 Нифай 11–16

Оршил

Нифайн амьдарч байсан үеэс ойролцоогоор 100 жилийн өмнө бошиглогч Исаиа амьдарч байсан. (Исаиа МЭӨ 740 оноос өмнө бошиглож эхэлсэн бөгөөд МЭӨ 701 он хүртэл буюу 40 гаруй жил бошигложээ; Судруудын удирдамж, “Исаиа”-г үзнэ үү.) Өнөөдөр бид Бошиглогч Иосеф Смитийг хайрладаг шиг Нифай олон зүйл дээр Исаиаг хайрлаж, хүндэлж байсан байх. Нифайн бичсэн зүйлсээс тэр Исаиагийн үгсэд “баяссан” гэдгийг бид мэдэж болно (2 Нифай 11:2). 2 Нифай 12–16-д бичиглэснээр гуулин ялтсуудаас олдсон Исаиагийн бичвэрийг Нифай эш татжээ. Энэхүү бичвэр нь эртний Израилын бардамнал, ёс бус явдал болон тэднийг хүлээж байсан шүүлтийг дүрсэлдэг. Түүнчлэн Исаиа өөрийг нь нүглээс цэвэршүүлсэн Их Эзэнийг харсан үзэгдлийнхээ тухай хүүрнэв.

2 Нифай 11:1–8

Нифай Есүс Христийн талаарх Исаиагийн гэрчлэлд баясав

Аврагчийн талаарх хэн нэгний гэрчлэл танд гүн сэтгэгдэл үлдээж байсан үеийг сана. 2 Нифай 11:2–3-ыг уншаад, Нифай, Иаков, Исаиа тус бүрд Есүс Христтэй холбоотой юу тохиолдсоныг тодорхойл.

Их Эзэн Өөрийнхөө тухай гэрчлүүлэхээр бошиглогчдыг дууддаг. Есүс Христийн гэрчүүдийн гэрчлэлээс суралцсанаар бид Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, Түүнд баясаж чадна.

  1. Олон бошиглогчдоос Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээж авах нь яагаад чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 11:4–6-р шүлгүүдэд “бодгаль минь баяснам” гэж Нифай дөрвөн удаа хэлснийг ол. Эдгээр үгсийг судартаа тэмдэглэх хэрэгтэй.

Ямар нэг зүйлд “баясах” гэдэг нь хэн нэгэн тухайн зүйлд сэтгэл хангалуун байж, тэрхүү зүйл нь түүнд агуу баяслыг авчрахыг хэлнэ.

  1. Судрын тэмдэглэлдээ гурав юмуу түүнээс дээш “бодгаль минь баяснам” гэсэн өгүүлбэрийг таныг баясгадаг сайн мэдээний үндсэн хэсгүүдийг оруулан гүйцээж бич. Эдгээр нь яагаад таныг баясгадаг болохыг тус тус тайлбарла.

2 Нифай 11:8-ыг уншаад, та Исаиагийн үгсээс судалсны үр дүн нь юу байгаасай гэж Нифай хүссэнийг бич.

2 Нифай 12:1–5

Эцсийн өдрүүдэд ариун сүм баригдах болно хэмээн Исаиа бошиглов

Асар том уул байна хэмээн төсөөл. Уул, ариун сүм хоёрыг харьцуулах ямар нэгэн зүйрлэл таны санаанд орж байна уу?

2 Нифай 12:2–3, 5-ыг уншаад, Бурхан эцсийн өдрүүдэд юу барина гэж амласныг ол. “Их Эзэний өргөөний уул” гэдэг нь Их Эзэний ариун сүм гэсэн үг. Эдгээр шүлэгт бичигдсэний дагуу эцсийн өдрүүдэд Их Эзэний өргөөнөөс ямар адислалууд ирэх вэ?

Зураг
Солт Лэйкийн ариун сүмийн шовх оройнууд

Та судартаа иймэрхүү зүйлсийг бичих хэрэгтэй: Бурхан бидэнд Өөрийн арга замыг заахын тулд, Түүний замаар алхахад бидэнд туслахын тулд ариун сүмүүдийг бариулдаг (2 Нифай 12:3-ыг үзнэ үү).

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Их Эзэний замуудаар алхахад ариун сүмүүд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

    2. Ариун сүмд орохын тулд та өөрийгөө хэрхэн бэлдэж болох вэ?

2 Нифай 12–15

Энэхүү хичээл нь 2 Нифай 12–15-ыг ойлгоход туслах дэлгэрэнгүй мэдээллээр хангахгүй. Гэсэн хэдий ч, Мормоны Номын хувийн сургалтаараа та эдгээр бүлгүүдийг уншаад, тунгаан бодохдоо бардамнал болон гэм нүглийн үр дагаврыг олоорой. Дараах тайлбар эсвэл зааварчилгаа таны уншлагад тус болно.

2 Нифай 12:6–18. Хиймэл шүтээн шүтэх ба ихэмсэг төрх, ихэрхэг байдал, бардам, хөөргөн зан, өндөр гэх мэт бардамналыг илэрхийлсэн үгс болон дүрслэлийн тухай бүх эшлэлүүдийг онцлон анхаарч унш. Энэ нь яагаад эдгээр хүмүүсийг тийм хатуу шүүлт хүлээж байсныг ойлгоход тань туслах болно.

2 Нифай 12:9–11. “Ерийн хүн” (9-р шүлэг) гэдэг нь энгийн эсвэл жирийн хүнийг илэрхийлнэ. Хэрэв “ерийн хүн”, “их хүн” Хоёр хоёулаа бардам бол Есүс Христийн хоёр дахь ирэлтээр даруусгагдах болно (11-р шүлгийг үзнэ үү).

2 Нифай 12:12–13. “Их Эзэний өдөр” хэмээх хэллэг нь шүүлтийн цагийг илэрхийлж байна. Христийн Хоёр дахь ирэлтээр ёс бусчууд устгагдах ба энэ нь “Их Эзэний өдөр” байх болно.

2 Нифай 13–14. 2 Нифай 13-р бүлэг нь хэрэв Израилчууд ёс бус хэвээр үлдвэл юу тохиолдохыг хэлсэн Исаиагийн үгсийн үргэлжлэл юм. Исаиа Израил эмэгтэйчүүдэд гэрээний хүүхдүүд гэдгийг нь сануулж, тэднийг “Сионы охид” хэмээн дуудав. Исаиа тэднийг Их Эзэнээр хараагдсан, зүүлт болон биеийн бусад гоёл чимэглэл нь авагдсан бардам эмэгтэйчүүдтэй зүйрлэжээ (2 Нифай 13:16–26-г үзнэ үү). Эсрэгээрээ 2 Нифай 14-т хэрвээ Сионы охид өөрсдийгөө даруусган, наманчилж, Их Эзэнд хандвал юу тохиолдохыг тайлбарласан Исаиагийн тайлбар багтдаг. Сүмээс хэвлэсэн Библийг ашиглах боломжтой бол Исаиа 3-р бүлгийн зүүлт тайлбарыг ашиглавал 2 Нифай 13:16–26-г ойлгоход тань тусална.

Зураг
Исаиа

2 Нифай 15:8–22. Халаг хэмээх үг нь гүн гүнзгий харамсал гунигийг илэрхийлнэ. Израилчуудын гэм нүглийг тодорхойлохдоо Исаиа энэ үгийг эдгээр шүлгүүдэд зургаан удаа ашиглажээ. Израилчууд наманчлахгүй бол тэдний гэм нүглийн үр дагавар нь ялангуяа шүүлтийн өдөр гүн гүнзгий харамсал гунигийг авчрах болно гэдгийг Исаиа мэдэж байсан. Хэрвээ Исаиа өнөөдөр дэлхий дээрх бошиглогч байсан бол Израилчуудын дунд харсан шиг гэм нүглүүдийг олж харах байсан болов уу?

  1. 2 Нифай 15:20-ийг унш. Өнөөдөр сайн зүйлийг хилэнцэт, хилэнцэт зүйлийг сайн хэмээн хүмүүсийн нэрлэдэг зарим зүйлсийг судрын тэмдэглэлдээ бич.

2 Нифай 16:1–8

Исаиа бошиглогчоор үйлчлэхээр дуудагдав

Исаиагийн бичсэн зүйлс бэлгэдлээр баян байдаг. Бэлгэдлүүд нь бидэнд сайн мэдээний зарчмуудын тухай заах Их Эзэний нэг арга юм. 2 Нифай 16-д Исаиа Их Эзэнийг харсан туршлагаа дүрслэн бичжээ. 2 Нифай 16-г уншихдаа, дараах бэлгэдлүүд болон тэдний тайлбар байж болох зүйлсийг санаж уншаарай.

Серафимууд: Бурханы оршихуйд байдаг тэнгэр элчүүд. “Бурханы тэнгэр элч хэзээ ч далавчтай байдаггүй” хэмээн Бошиглогч Иосеф Смит заажээ (History of the Church, 3:392). Эдгээр тэнгэр элчүүдийн далавчууд нь тэдний хөдлөх болон үйлдэх хүчийг бэлгэднэ.

Утаа: Их Эзэний оршихуйг төлөөлж болох юм (Илчлэлт 15:8-ыг үзнэ үү).

Цэвэр бус уруул: Зохисгүй байдал.

Ноцож буй цог (гал): Ариун Сүнсний цэвэршүүлэх хүчний адил ариусгах хэрэгсэл.

Тахилын ширээ: Үгчилбэл, тахилын ширээ нь золиослол хийдэг газар байсан. Энэ сударт бидний төлөө хийсэн Есүс Христийн золиослол буюу Цагаатгалыг илэрхийлж байж болох юм.

  1. 2 Нифай 16:1–7-г уншаад, судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Серафимуудын нэг нь Түмний Их Эзэний талаар юу хэлсэн бэ?

    2. “Надад халаг! Би устгагдсаны улмаас болой; учир нь би цэвэр бус уруултай хүн” гэж Исаиа хэлсэн нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Тэр яагаад гэнэт ингэж бодох болов? (3 Нифай 27:19-д хариулт нь байж болох юм.)

    3. Исаиагийн зохисгүй хэмээх мэдрэмжийг юу өөрчилсөн бэ?

    4. Энэхүү туршлага нь хүмүүсийн дунд явж, наманчлалыг тунхаглахад нь Исаиаг хэрхэн бэлдэх вэ?

Исаиагийн заасан агуу үнэнүүдийн нэг бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид зохисгүй байдлаасаа цэвэршиж чадна гэсэн зарчим юм. Амьдралдаа Цагаатгалын хүчээр цэвэршиж байсан мэдрэмжийнхээ талаар тунгаан бод.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 11–16-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: