2018
Гэрэл үргэлж байдаг
2018 оны 6-р сар


Сүүлчийн үг

Гэрэл үргэлж байдаг

Ахлагч Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байх үеийн 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганаас

Зураг
the light is always there

Нисэх онгоцны ахмад байхдаа дэлхийг тойрон олон удаа нисэж байхдаа харсан Бурханы бүтээлийн гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байдал үргэлж намайг гайхшируулдаг байсан. Ялангуяа дэлхий, нар хоёрын харилцан хамаарал миний сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг байв. Энэ бол харанхуй, гэрэл хоёр хэрхэн оршдогийн бодит жишээ гэж би боддог.

Бид бүхний мэддэгчлэн 24 цагийн дотор өдөр, шөнө солигдож байдаг.

Тэгвэл шөнө гэж чухам юу вэ?

Шөнө бол сүүдэр төдий зүйл юм.

Хамгийн харанхуй шөнө ч нар гэрлээ цацруулсаар, хурцаар гэрэлтсэн хэвээр байдаг. Харин тэр үед дэлхийн тал нь харанхуйд байдаг.

Гэрэл байхгүй үед харанхуй бий болдог.

Шөнийн харанхуй ирэх үед бид нар дахин мандахгүй нь гэж санаа зовон цөхөрдөггүй. Нар үгүй боллоо эсвэл мөхчихлөө гэж бид ярьдаггүй. Бид сүүдэр талд нь байгаа ба дэлхий эргэлдсээр нарны туяа бидэн дээр дахин тусна гэдгийг мэддэг.

Харанхуй бол гэрэл байдаггүй гэсэн шинж тэмдэг биш. Ихэнхдээ энэ нь бид зүгээр л гэрлийг хүлээн авах зөв газартаа байхгүй байна гэсэн үг.

Сүнслэг гэрэл Бурханы бүх бүтээл дээр туссаар байдаг.

Есүс Христийн сайн мэдээний тэнгэрлэг гэрэл, үнэнийг харахын тулд зөв газартаа байх эсэх нь биднээс шалтгаална. Шөнө болж, дэлхий харанхуй мэт санагдавч бид Христийн гэрэлд алхаж, зарлигуудыг сахин, Түүний бодит байдал хийгээд сайн сайхныг зоригтой гэрчлэх сонголтыг хийж чадна.

Та нар даруухнаар залбирч, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах бүрдээ Түүний гэрлийг мэдэрдэг. Та нарыг судруудаас Түүний үг болон хүслийг эрэлхийлэх бүрд уг гэрэл улам хурц болдог. Та нарыг тусламж хэрэгтэй хэн нэгнийг анзаарч, хайраар хүрч туслахаар тав тухаа золиослох бүрд уг гэрэл өсөн нэмэгдэж байдаг. Та нарыг уруу таталтыг эсэргүүцэж, цэвэр ариун байдлыг сонгох бүрд, өршөөл эрэлхийлж мөн үзүүлэх болгонд, түүнчлэн үнэнийг зоригтойгоор гэрчлэх бүрд уг гэрэл харанхуйг үлдэн хөөж, гэрэл, үнэнийг эрэлхийлэгчдийг татаж байдаг.