2018
Тэвчээр тэнцвэржүүлэх үйл явц
2018 оны 6-р сар


Тэвчээр бол тэнцвэржүүлэх үйл явц

2015 оны 6-р сарын 9-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “These Are Your Days” үгээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг web.byui.edu/devotionalsandspeeches хаягаар орж үзнэ үү.

Бид Ариун Сүнсний өдөөлтийг дагаж, хилэнцтийн оронд сайныг сонгож, үүргүүдээ тэнцвэртэй байлгаснаар “эцсээ хүртэл баяр баясгалантай” байж чадна гэдгийг би гэрчилж байна.

Зураг
balancing act

Би саяхан өнөөгийн залуучуудын тулгамдаж байгаа асуулт, сорилт бэрхшээл, цөхрөл, ялалтын талаар ойлголт авахын тулд өөрийн хүүхдүүд, ах дүүсийн охидтой болон залуу найзтайгаа ярилцсан юм. Тэдний надтай хуваалцсан зүйлсийг тунгаан бодож, залбирсны эцэст би эдгээр асуулт, бэрхшээлийн заримд нь хариу болж магад гэж үзэн хэдэн гол санааг гаргаж ирсэн.

Ариун Сүнсийг сонс

Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд Өөрийнхөө арга замаар хариулдаг гэдгийг би тунхаглаж байна. Та нарын зарим нь заримдаа үүнээс өөрөөр боддог байж болох юм. Дараах судруудыг тунгаан бодоорой.

“Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” (3 Нифай 14:8).

“Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5).

“Болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (С ба Г 8:2).

Тэгвэл бид хэрхэн хариулт, илчлэлт хүлээн авдаг вэ? Бид хэрхэн энэ нь Ариун Сүнс бөгөөд бидний өөрсдийн бодол биш гэдгийг мэддэг вэ? Би амьдралд минь загвар болсон хоёр туршлагыг хуваалцъя.

Тэ эгч бид хоёр хэсэг болзсоны дараа би түүнтэй мөнхөд хамт байхыг хүсэж байгаагаа мэдсэн юм. Ингээд би үүний талаар чин сэтгэлээсээ залбирч, мацаг барив. Ямар нэг тодорхой өөрчлөлт мэдрээгүй бөгөөд чээжинд шатах мэт мэдрэмж төрсөнгүй. Гэвч надад шийдвэр маань зөв санагдаад байсан тул зорьсондоо хүрсэн. Тэ эгч ч гэсэн адил хариулт авсан учраас бид одоо энд байна. Энэ туршлагаас хойш би олон шийдвэрээ үүнтэй төстэй загвараар гаргаж ирсэн (С ба Г 6:22–23-ыг үзнэ үү).

Үүнийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас надад оноосон гадасны шинэ ерөнхийлөгч дуудах тодорхой даалгавартай харьцуулмаар байна. Би энэ даалгавартаа залбирлын болон мацгийн сүнсээр хандах үед хэн дуудагдах ёстойг мэдэхэд тусалдаг онцгой мэдрэмжээр адислагддаг. Энэ мэдрэмж заримдаа ярилцлагын өмнө, заримдаа ярилцлагын үеэр, заримдаа бүр дараа нь ирдэг. Би үргэлж чээжиндээ шатах мэт мэдрэмжийг мэдэрдэг. Түүнээс хойш ийм үүрэг даалгавар авсан үед Ариун Сүнс намайг иймэрхүү замаар удирдан чиглүүлдгийг би мэддэг болсон.

Яагаад Ариун Сүнс надтай өөр өөр арга замаар харилцдаг вэ? Би мэдэхгүй. Хамгийн чухал нь би эдгээр загварыг хувийн илчлэлт хүлээн авах өөрийн арга зам гэдгийг л сурч авсан. ‘Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно’ (С ба Г 112:10) гэсэн зөвлөмжөөс би тайтгарал, итгэл найдвар олж авдаг.

Хилэнцтийн оронд сайныг сонго

Зарим хүн буруугаас зөвийг ялган танихад улам бүр хэцүү болж байна гэж боддог. Тэдгээрийн хоорондох ялгаа харагдах байдлаараа улам бүр багасаж байна. Өнөө үеийн нийтэд дэлгэрсэн, буруу үзэл санаануудын олон нь нарийн хэмжээст линзээр онцгойлон харах үед зөв мэт санагдах болжээ. Гэвч хуучин хог хаягдлыг шинэ баглаа боодлоор боож, бүтээлчээр сурталчлан таниулсан ч хог хэвээрээ л үлддэг.

Зөв бурууг ялган таних нь түвэгтэй зүйл биш юм. Бид Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахаасаа өмнө ч Христийн гэрлээр адислагдсан байдаг:

“Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.

Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно; учир нь чөтгөр энэ маягаар ажилладаг, учир нь тэрбээр сайныг хийхийг хүмүүнд ятгадаггүй” (Моронай 7:16–17).

Өнөө үеийн хамгийн хэцүү сорилтуудын нэг бол амьд бошиглогчийг дэмжих явдал юм. Бидний ихэнх нь “Өө, энэ амархан шүү дээ. Би аль хэдийн дэмждэг. Шалгаад үз” гэх байх.

Гэвч амьд бошиглогчийг дэмждэг гэж өөрсдийгөө үздэг зарим хүний өнөөгийн нийтлэг үзэл бодолд хэрхэн хандаж байгааг харахад хачирхалтай санагддаг. Бидний зарим нь үе тэнгийнхний дарамттай тулгарсан үедээ амьд бошиглогч байдгийг мэдэхгүй гэж бодогдмоор үйлдэл хийдэг эсвэл тийм үзэл бодолтой мэт болчихдог.

Зөв тэнцвэрээ ол

Та нарт маш олон зүйл хийдэг учраас тал тал тийшээ татагдаж байгаа мэт санагддаг уу? Юу гээч? Энэ нь яваандаа илүү хэцүү болно. Тэгвэл танд зөв тэнцвэрээ хэрхэн олох вэ? гэдэг асуулт гарна.

Сүнснийхээ мөнхийн мөн чанар, Бурханы хүү, охин гэсэн тодотголоо өөрсдийнхөө зам заагч гэрэл болго. Энэ үнэнд, энэ нь юу гэсэн үг вэ гэдэгт бүх хүчээ хандуул. Ингэснээр бусад бүх зүйл амьдралаас тань алга болж эсвэл зохих байр байрандаа очих болно.1 Дараах хоёр судар удирдах зарчим болдог.

“Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно” (3 Нифай 13:33).

“Тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.

Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байдаг” (Матай 6:20–21).

Би та нарын оронд байж үзсэн гэвэл та нар итгэх үү?. Тэ эгч бид хоёр бяцхан гэр бүлээ өсгөж байх үедээ би бүрэн цагийн ажлынхаа дараа оройн цагаар хичээлд явж, хичээлийнхээ дараа өглөө болтол хоёр дахь хагас цагийн ажлаа хийдэг байсан. Би хоёр сарын турш долоо хоногт хэдхэн өдөр цөөхөн цагаар унтаж байв. Энэ бүхний хажуугаар би тойргийн бишопын зөвлөлд үйлчилж байсан юм.

Зураг
feeding a baby

Энэ бол миний амьдралдаа хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлсэн үе байсан. Би хэзээ ч өдрийн 24 цагийг энэ үе шиг ийм их үр бүтээлтэй ашиглаж байгаагүй.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) бид өөрсдийн гэр бүл, ажил олгогчийн өмнө мөн Их Эзэний болон өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээдгийг бидэнд сануулсан.

Бид хэрхэн энэ хариуцлагуудаа тэнцвэртэй авч явах вэ? Ерөнхийлөгч Хинкли “Би үүнийг хэцүү зүйл гэж бодохгүй байна. Би энэ Сүмд олон үүрэгт ажилд үйлчилж байсан. Би энэ олон үүрэгт ажилд үйлчилж байхдаа бага насны болон өсөж том болж байсан таван хүүхдийн эцэг байсан юм. … Бид амьдралдаа сэтгэл хангалуун байж, гэр бүлийн үдшээ хийдэг байсан. Бид зүгээр л Сүмийн биднээс хийхийг хүссэн зүйлсийг хийдэг байсан”2 гэжээ.

Эцсээ хүртэл баяр баясгалантай бай

Эцсээ хүртэл тэвчинэ гэдэг нь сайн мэдээний жагсаалтын дагуу хийж дуусган, “Би болж байна. Би одоо үргэлжлүүлэн хийхэд л хангалттай” гэж хэлэхийг хэлдэггүй Харин энэ нь байнга суралцаж, өсөж хөгжихийг хэлдэг. Есүс Христийн сайн мэдээ бол тогтмол наманчилж, өөрчлөгдөх явдал юм. Энэ нь үргэлж хичээж чармайхыг шаарддагаас гадна тийм ч амар хялбар байдаггүй.

Хаан Бенжамин “Мөн эдгээр бүх зүйлс мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн, учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” (Moзая 4:27) гэж хэлсэн.

Зарим хожмын үеийн гэгээнтэн илүү сайн хичээх эсвэл хамгийн сайнаараа үйлдэх хүсэлгүй байгаагаа энэ шүлгээр зөвтгөдөг. Тэд зөвхөн шүлгийн эхний хагаст анхаарлаа хандуулж байгаа нь хамгийн гол асуудал юм.

Хоёр дахь хагаст нь: “Тэрээр хичээнгүй байх шаардлагатай, тэгснээр тэр шагналыг хожиж болохын тулд бөлгөө; тиймийн тул бүх зүйл эмх цэгцэнд хийгдэх ёстой” гэсэн байдаг. Энэ хоёр хэсэг нийлээд, аливаа зүйлийг мэргэн ухаан болон эмх цэгцэнд хийнэ гэсэн нь юу гэсэн үг болохыг тайлбарладаг.

Зураг
trophy

Нэг тамирчин найз маань хоёр дахь хандлага хэмээх хандлагын тухай надад танилцуулсан бөгөөд энэ нь ядарсан үед ч танд хийх хүч өгдөг шинэчлэгдсэн эрч хүчийн мэдрэмж юм.

Амьдралынхаа бусад тал дээр хоёр дахь хандлагаа олсон талаараа найз маань: “Коллежийн оюутнуудын хувьд гэртээ оройтож хариад орой нь залбирах, судар унших, тэр байтугай ариун сүмд тогтмол очиход дэндүү ядардаг гэдгээр шалтаглах нь амархан байдаг. Ялангуяа коллежийн оюутнуудад эдгээрийг хийхгүй байх олон шалтаг гарч болно. Гэвч эцсийн эцэст бид хоёр дахь хандлагаа олж, тэдгээр жижиг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Магадгүй, эцсээ хүртэл тэвчихийн оронд бид хоёр дахь хандлагаа буюу сүнслэг хандлагаа олж, эцсээ хүртэл баяр баясгалантай байж чадна. Бид Ариун Сүнсний өдөөлтийг дагаж, хилэнцтийн оронд сайныг сонгон, үүрэг хариуцлагаа тэнцвэржүүлэх замаар үүнийг хийж чадна гэдгийг би гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. Ezra Taft Benson, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4.

  2. Teachings of Gordon B. Hinckley (1997), 33.