2018
Дэлва Нэтанэ
2018 оны 6-р сар


Итгэлийн хөрөг

Дэлва Нэтанэ

АНУ, Калифорни муж

Зураг
Netane family

Дэлва болон Кирком Нэтанэ хоёр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Тэйса (баруун гар талд) болон Мэла (зүүн гар талд). Нэтаны гэр бүл тэр үеэс хойш дахин хоёр хүүхэдтэй болж адислагдсан.

Зураг
Netane family

Хэдийгээр Дэлвагийн хоёр дахь жирэмслэлт хэцүү байсан ч Дэлва, Кирком хоёр хүлээн авсан адислалдаа талархдаг. “Энэ үйл явдал манай гэр бүлийг нэг нэгэндээ мөн Их Эзэнд илүү ойртоход тусалсан” хэмээн Дэлва хэлсэн юм.

Зураг
Netane family

Хүнд жирэмслэлтийнхээ талаар эргэн дурсахдаа Кирком “Надад их хэцүү байсан. Гэвч эхнэр бид хоёр сайн мэдээний талаарх гэрчлэлээсээ зуурсан. Бид итгэл найдвараа алдаагүй бөгөөд хэрэв охиндоо өгөх боломж бидэнд байгаа л юм бол чадах бүхнээ хийнэ хэмээн тохиролцсон.

Зураг
Netane family

Бидний хувьд Мэлатай өдөр бүр тоглож, инээмсэглэлийг нь харах боломж олдсон нь адислал юм” хэмээн хэлсэн. “Энэ нь бүх зүйл Бурханы гар доор байдаг мөн залбирлын хариулт бидний төсөөлж байснаас хамаагүй тод, бодит байдлаар ирдэг болохыг үргэлж гэрчилдэг” хэмээн тэр хэлсэн.

Зураг
Netane family

Хоёр дахь жирэмслэлтийнх нь дөрөв дэх сард Дэлвад ураг нь трисоми 13 нэртэй хромосомын ховор согогтой болохыг хэлжээ. Ургийн амьдрах магадлал бага байсан бөгөөд энэ нь бас Дэлвагийн амь насыг эрсдэлд оруулах магадлалтай байсан учраас эмч нар түүнд жирэмслэлтээ таслахыг удаа дараа зөвлөж байжээ. Үр дүн ямар байх нь тодорхойгүй байдалтай тулгарсан Дэлва юу ч болж байсан Тэнгэрлэг Эцэгт найдахаар шийдэв.

Кристина Смит, зурагчин

Надад хүүхэд маань амьдрахгүй бөгөөд амьдралаа гэхэд нэг цагаас хэтрэхгүй гэж хэлсэн. Амьд гарлаа гэхэд охиныг маань чанартай сайхан амьдрал угтахгүй гэв. Эмч маань надад жирэмслэлтээ таслахыг чанд зөвлөсөн юм. Би өөр эмч дээр очсон ч бас л жирэмслэлтээ тасал гэж хэлэв.

Дараа нь Сүмийн гишүүн, найз эмч дээрээ очив. Сүнс түүнийг өдөөж өөр онош тогтооно байх гэж би найдаж байлаа. Тэр эхо гэх мэт бүх шинжилгээний үр дүнг үзэж танилцаад, бусад эмч нарын хэлсэнтэй адил асуудал байгааг хэлэв. Гэхдээ тэр мацаг барьж, гэр бүлийн маань төлөө залбирч, бүх юм сайхан болно гэж найдъя даа гэж хэлсэн юм.

Жирэмсэн байхдаа би өөр олон эмч, мэргэжилтэнтэй уулзсан. Тэд бүгд миний амь насанд аюултай байж болно гэдэгт санаа зовсондоо жирэмслэлтийг таслахыг зөвлөж байв. Харин энэ нь миний санаанд багтахгүй байлаа.

Нөхөр бид хоёр үр дүн нь ямар ч байсан бэлтгэлтэй байхаар шийдсэн юм. Охин маань нас барах юм бол тэр эрхэм нандин сүнс байсныг бид мэдэх болно. Хэрэв тэр амьдарч, хэцүү асуудалтай байсан ч бид аргаа олно гэдэгт итгэлтэй байлаа.

Энэ үнэхээр хэцүү байв. Хоёр настай охинтой мөн түүнд зовлонгоо харуулахыг хүсэхгүй байсан учраас би сэтгэлийн хөдлөлөө дотроо барих гэж хичээж байсан. Би юу хийх, бодох эсвэл хаанаас тусламж авахаа мэдэхгүй байлаа. Миний нөхөр, найз нөхөд, гэр бүлийнхэн маань дэмжиж байсан ч тэд надад яг юу тохиолдож байгааг бүрэн ойлгохгүй байгаа мэт надад санагдаж байв. Намайг үнэхээр ойлгож чадах хүн бол Их Эзэн л байлаа. Би сэтгэлийн тайвшрал, удирдамж авахаар үргэлж залбирдаг байв.

Эцэст нь би бишоптойгоо уулзаж, өөрт тохиолдож буй зүйлээ тайлбарлалаа. Тэр тойргийнхныг манай гэр бүлийн төлөө залбирахад урив. Харин энэ нь миний хувьд бүх зүйлийг өөрчилсөн юм. Миний гаргасан бүх шийдвэрийг тэнгэрээс удирдан залж байгааг би мэдрэх болов.

Найман сар хагас хүрч байхад би 4D эхо шинжилгээ хийлгэхээр явсан юм.

Хүүхэд маань хэдэн долоо хоногийн дараа төрөх гэж байсан бөгөөд энэ нь түүний эцсийн мөч ч байж болох байлаа. Би бас охиныхоо зүрхний цохилтын бичлэгийг баавгайн чихмэл дотор хийж, түүнийгээ дурсан санах ямар нэгэн зүйл авч үлдэх сонирхолтой байв.

Өмнө нь эход харуулахад эмч нарт биеийн ямар ч эрхтнүүд нь харагдахгүй байлаа. Тиймээс охин маань мухар гартай, царайны гажигтай гарна гэж хэлж байсан юм. 4D эхоны зургууд илүү нарийн байсан тул техникч эхо шинжилгээг хийхэд охин маань бүрэн бүтэн гараараа дэлгэцээс над руу даллаж байгааг би харав. Би бас хоёр эрүүл нүд, амыг харсан. Надад яагаад ч юм тэр үхэхгүй юм байна гэсэн мэдрэмж төрж билээ.

Бидний охин Мэлаг төрөхөд хажууд зогсож байсан мэргэжилтнүүдийн хэрэг гараагүй юм. Мөн Мэлад трисоми 13 байсангүй. Эмч, мэргэжилтнүүд шалтгааныг тайлбарлаж чадахгүй байсан ч нөхөр бид хоёр энэ бол гайхамшиг байсныг мэдэж байв.

Мэлаг төрсний дараа эмч нар генийн нэмэлт шинжилгээ хийлгэж, согог байгаа эсэхийг тодорхойлохыг зөвлөсөн. Шинжилгээний үр дүн түүнд генийн ховор төлөв байгааг тогтоосон. Генетикийн мэргэжилтнүүд Мэлаг хараагүй, сонсголгүй мөн явж, ярьж чадахгүй байх гэж сэтгэл нь зовниж байсан юм. Гэхдээ өнөөдөр түүнд бага зэрэг хөгжлийн саатал байгаа ч Мэла маань харж, сонсдог бөгөөд явахад нь тусалдаг дасгалын аппарат хэрэглэдэг. Тэр бас хааяа хааяа үг хэлдэг бөгөөд хамгийн аз жаргалтай хүүхэд билээ.

Энэ бүх үйл явцаар дамжуулан хүлээн авсан адислалууддаа бид маш их талархдаг. Тэнгэрлэг Эцэг бол дээдийн дээд Бүтээгч, Амьдралыг шийдэгч юм. Бид зүгээр л үүнийх нь нэг хэсэг байж адислагдсан. Өдөр бүр бид Мэла руу хараад, тэр бол гайхамшиг гэдгийг мэддэг. Хүүхдүүд маань бидний амьдралд аз жаргал авчирч, талархах зүйл бидэнд олон байгааг сануулдаг.