2018
Нэмэлт тусламж
2018 оны 6-р сар


Номлолын талбараас

Нэмэлт тусламж

Зохиогч нь АНУ-ын Айова мужид амьдардаг.

Номлолд байхад таны зарим сонирхогчид хажууд нь байж, үйл явцад хамт шумбан орох хүсэлтэй хүн хэрэгтэй байж магад.

Зураг
scuba diving

Getty Images-ийн усан доор АППАРАТТАЙ шумбагчийн гэрэл зураг

Би өөрийн хурдаар доош шумбав. 1.5 метр … гэхэд урсгал намайг түрж байгааг би мэдэрлээ. Одоо 3 метр. Гэнэт харанхуйлав. Амьсгал маань давхцаж эхлэхийг би мэдэрлээ. Энэхүү хүйтэн, дүнсгэр далай бидний дасгал хийж байсан усан сантай огт адилгүй байлаа. Айж, харанхуйгаас эмээсэндээ би сумны хурдаар уснаас дээшээ гарч ирэв.

Багшийн туслах надаас “Юу болсон бэ?” гэж асуулаа. Багны дотуур нулимс урсах нь тэр. Би усан доор амьсгалах аппараттай шумбах эрх авах шалгалтынхаа дундуур, шалгалтыг амжилттай өгөхөд шаардлагатай 9 метрийн гүний шумбалт хийж байсан юм. Туслах намайг сандрахыг хараад, бүх зүйл зүгээр болно хэмээн тайвшруулав. Тэр урам зориг өгсөн ч намайг шахаж шаардсангүй. Тэр бүр нэг удаа “Чи үүнийг хийх шаардлагагүй” гэж хэлж билээ. Яг тэр мөчид би хийхийг хүсэж байгаагаа ухаарсан юм.

Хэдийгээр энэ нь хэцүү байгаа ч би шалгалтаа өгч, эрхээ авахыг хүсэж байлаа. Тиймээс би айдсаа дарж, шалгалтыг өгөхөд үзүүлэх шаардлагатай үлдсэн ур чадвараа ангийнхантайгаа хамт хийж гүйцэтгэв. Хэцүү байсан ч би урмын үг сонссоныхоо дараа хийж чадсан.

Олон сарын дараа би Перуд номлолд үйлчилж байхдаа буюу хүмүүсийг итгэлээ хүчирхэгжүүлэн, амьдралаа өөрчлөхөд урьж байхдаа усан доор аппараттай шумбахтай холбоотой хүнд хэцүү туршлагынхаа талаар санасан. Хамтрагч бид хоёрын очих дуртай байсан нэгэн гэр бүл бол Румайгийнхан байв. Карина, Энрикэ нар болон тэдний өсвөр насны Карэн, Никол гэх охид нь биднийг үргэлж найрсгаар хүлээн авдаг байсан бөгөөд бидний зүрх сэтгэлийг маш хурдан татсан юм. Карина, Карэн, Никол нар тун удалгүй сайн мэдээг хүлээн авч, сүмд нэгдэв.

Харин Энрикэд нэмэлт тусламж хэрэгтэй байлаа. Бидний захиас түүний өсөх насандаа сонсож байсан зүйлээс нь тэс өөр байсан тул түүний итгэлийг олж авахад бидэнд нэлээн их хугацаа шаардагдав. Энрикэд янз бүрийн асуудал байв. Сайн мэдээний талаар санааг нь зовоож байсан гол асуудал бол Мормоны Ном байсан юм. Тэр уг номын талаар огт сонсож байгаагүй бөгөөд уншиж, ойлгоход хэцүү байв. Уг номтой танил бус байсан нь Энрикэг эргэлзэхэд хүргэж байлаа.

Тэр үед Энрикэ, хүн бүр амархан шумбаж байхад ганцаараа айдаст автан уснаас дээш гарч ирсэн надтай адил байсан юм. Надад тусламж хэрэгтэй байсан шиг Энрикэд амжилтад хүрэхэд нь нэмэлт тусламж хэрэгтэй байв.

Тэр тусламж янз бүрийн байдлаар ирж байлаа. Түүнд өөрийнхөө асуудлыг гарган илэрхийлж, Сүнсийг мэдрэхэд туслах номлогчид байсан. Түүнд бас найзалж нөхөрлөн, эцэг хүний үүрэг хариуцлага юу болохыг зааж өгсөн тойргийн гишүүд байв. Харин хамгийн том тусламж нь Энрикэгийн гэр бүлийнхнээс ирсэн юм.

Зураг
missionaries teaching

Бүр баптисм хүртэхээсээ өмнө Румайгийнхан гэр бүлээрээ залбирч, судраас судлах дадал хэвшилтэй болсон байлаа. Энрикэд Мормоны Номыг судлах явцыг нь илүү хялбарчилж өгөх үүднээс тэд том үсгээр хэвлэгдсэн судрыг аудио бичлэгийн хувилбартай нь авч өгчээ. Эдгээр энгийн хүчин чармайлт Энрикэд хэмжээлшгүй ихээр тусалж билээ. Хэн ч түүнийг шавдуулсангүй, зүгээр л дэмжин тусалж байв. Өөрсдийн үйлдлээр тэд “Чамайг хийж чадна гэдгийг бид мэднэ” гэдгээ хэлж байсан юм.

Энэ нь Энрикэд Мормоны Номын хүчийг өөрөө олж нээхэд нь тусалсан. Нэг л өдөр тэрээр номыг бүтнээр нь сонссон бөгөөд Бурханы үг гэдгийг нь мэднэ гэдгээ хэлсэн юм. Эхнэр охид нь баптисм хүртсэнээс хойш ойролцоогоор дөрвөн сарын дараа Энрикэ тэдэнтэй адил алхмыг хийж, баптисм хүртсэн.

Тэднээс хүлээн авсан тусламж болон тэвчээртэй байсанд нь тэр талархдаг бөгөөд энэ нь өөрт нь өнөөдөр, энд байх боломжийг олгосон хэмээн Энрикэ хэлдэг. Энэ гэр бүлийнхнийг нөхөртөө, аавдаа эргэлзээгээ ялан дийлэхэд тусалж байхдаа үзүүлсэн хайрын үлгэр жишээг харах боломж олдсон явдал номлогч миний хувьд адислал байв. Түүнчлэн миний усан доогуур аппараттай шумбах туршлага надад Энрикэд ямар мэдрэмж төрж байсныг мөн бусад хөрвөгчийн хөрвөгдөх явцад тэдэнд ямархуу байсныг бага ч болов ойлгох боломжийг олгосонд би талархдаг.

Номлолдоо хүмүүсийг наманчилж, өөрчлөгдөхөд урихдаа заримдаа бүх хүнд амжилтад хүрэхэд нь нэмэлт урам зориг хэрэгтэй гэдгийг та бүү мартаарай. Тэдний хажууд найдвартай, туршлагатай мөн “Бүх зүйл зүгээр болно. Чи хийж чадна. Би чамд итгэж байна” гэж хэлэх хэн нэгэн байх хэрэгтэй байж магад. Тэдэнтэй хамт шумбаж, шинэ дадал хэвшил, ур чадварт суралцаж, эрхээ авахад нь буюу Их Эзэний зөвшөөрлийг хүлээн авахад туслах тэр хүнийг таныг байгаасай хэмээн тэд найдаж байж болно.