2018
Тортияа ба амигас (найз нөхөд)
2018 оны 6-р сар


Тортияа ба амигас (найз нөхөд)

Зохиогчид нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

“Найзтай болохыг хүсвэл анхаарал халамж тавих хэрэгтэй” (Children’s Songbook, 262).

Зураг
Tortillas and Amigas

Адриана уйдаж байлаа. Тэр өөрийн ихрийн өрөөсөн болох дүү Даианатайгаа тоглохыг хүсэж байв. Харин Даиана хоол хүнс авахаар ээжтэйгээ зах руу явсан байлаа. Адриана санаа алдав. Гэр хоосон хөндий санагдана. Тэдэнтэй хамт явдаг байж гэж тэр бодов.

Адриана хөрш Маргарита руугаа очихоор шийдлээ. Маргаритагийн хүүхдүүд бүгд өсөж том болсон бөгөөд тэр Адрианагийн эмээ шиг хүн байв. Тэд хамтдаа цагийг үргэлж тун хөгжилтэй өнгөрүүлдэг байлаа.

Адриана гадаа гарав. Маргаритагийн гэр рүү алхах зуур халуун нар түүний дээрээс төөнөнө. Тэр толгойгоо хаалганы завсраар цухуйлгаад, “Маргарита, та гэртээ байна уу?

Sí, би гал тогоонд байна” гэж Маргарита хэллээ. Адриана түүнийг гал тогооны ширээний ард толгойгоо гудайлган сууж байгааг харав. Тэр Адрианаг орж ирэхэд толгойгоо өндийлгөн харав.

“Сайн уу, Адриана” гэж Маргарита хэлээд бага зэрэг инээмсэглэв. Гэхдээ яагаад ч юм гунигтай харагдлаа.

“Ямар нэг зүйл болсон уу?” хэмээн Адриана асуув.

Маргарита санаа алдан, “Чи санаа зовох хэрэггүй дээ” гэлээ.

“Би түүний сэтгэлийг засахын тулд юу хийж болох вэ?” гэж Адриана бодов. Хамтдаа хоол хийхэд Маргарита үргэлж баяр хөөртэй байгаа мэт байдаг байсан. “Би танд тортияа хийхэд тусалж болох уу?” гэлээ.

“Би саяхан хэдийг хийж дууссан” гэж Маргарита хэлээд, даавуун алчуурыг сөхөн давхарлан өрсөн тортияа харуулав.

“Тэгвэл би танд тортияаг чинь идэхэд тусалж болох уу?” хэмээн Адриана инээмсэглэсээр асуулаа.

Маргарита чанга инээгээд, “Мэдээж хэрэг. Би хамт идэх шош халаагаадахъя” гэв.

Адриана Маргаритагийн хажууд зогсоод, саван доторх шарсан хар шошийг хутгав. Шош бэлэн болсны дараа тэр ширээн дээр авчирч тавилаа. Харин Маргарита тортилла болон бяслаг авчрав.

Адриана халуун тортилла аваад, дээр нь шошийг тараалаа. Тэгээд дээрээс нь бяслаг цацав. Арааны шүлс асгарам амттай харагдаж байлаа. Адриана хурдан идэхийг хүсэв. Гэхдээ түүнд эхлээд хийхийг хүссэн зүйл байлаа.

“Би залбирч болох уу?” хэмээн Адриана Маргаритагаас асуув.

Тэр “Тэг тэг” гэлээ.

Адриана нүдээ аниад, алгаа хавсран нийлүүлэв. “Тэнгэрлэг Эцэг минь, бидэнд энэ хоолыг өгсөн Танд баярлалаа. Биднийг эрүүл саруул, хүчтэй болгож болохын тулд энэ хоолыг адисална уу. Мөн Маргаритад хэрэгтэй зүйлсээр нь туслаарай. Тэр миний найз байгаад би баярладаг. Есүс Христийн нэрээр, амен.”

Адриана нүдээ нээв. Маргарита инээмсэглэсэн байв. Харин энэ удаад чин сэтгэлийн инээмсэглэл байлаа. Тэд идэх зуураа сургууль, спорт, номын талаар ярилцав. Адриана Маргаритатай ярьж хөөрөх дуртай байлаа.

Идэж дууссаныхаа дараа Адриана Маргаритаг чанга тэврэв. “Зуушаар дайлсанд баярлалаа. Цагийг сайхан өнгөрүүллээ!” гэв.

Маргарита Адрианаг эргүүлэн тэврээд, “Адриана чамд ч гэсэн баярлалаа. Өнөөдөр надад найз хэрэгтэй байсан” гэв.

Адриана инээгээд, “Бид амигас байгаад би баярлаж байна” гэсэнд

“Бид найзууд байгаад би ч бас баяртай байна. Үлдсэн тортияаг чи гэр рүүгээ авч явах уу? Би үнэхээр цадчихлаа” хэмээн Маргарита хэлэв.

Адриана гэртээ харих замдаа дэгдэн гүйлээ. Тэр ч бас цадсан байлаа, гэхдээ зөвхөн тортияагаар биш. Тэрээр толгойноосоо хөл хүртлээ нөхөрлөлөөр цадсан байв.

Нөхөрлөлийн тортияа

Хийхэд амархан эрдэнэ шишийн эдгээр тортияа найзтай болоход мөн тэдэнтэйгээ хуваалцахад яг тохирсон хоол юм гээч! Томчуудаас тусламж авна уу.

2 аяга маса фарина (эрдэнэ шишийн гурил)

1 1/2 аяга халуун ус

  1. Маса фаринаг халуун устай хольж, гурилыг зөөлөн болтол нух.

  2. Нухсан гурилыг жижигхэн бөөрөнхий хэлбэрт оруул. Нэг бөөрөнхийлсөн гурилыг наалддаггүй хоёр цаасны дунд хавчуул.

  3. Таваг эсвэл хайруулын тавгаар бөөрөнхийлсөн гурилыг дээрээс хэд хэдэн удаа дар.

  4. Тортияаг хайруулын тавганд хийгээд дунд зэргийн гал дээр шар. Дээд тал нь шаргалтахад эргүүлэн нөгөө талыг нь шар.

  5. Дээр нь шош, бяслаг тавиад амтархан идээрэй!