2018
Авьяас бэлгээ олж мэд
2018 оны 6-р сар


Авьяас бэлгээ олж мэд

Зохиогч нь Германы Райнланд-Палатинатад амьдардаг.

Зураг
discovering your gifts

Хүн бүр л “Чи өөрийгөө ямар сайн хүн гэдгээ мэддэг ч болоосой” гэж үргэлж хэлдэг юм шиг санагддаг. Үнэндээ та заримдаа өөрийгөө ямар сайн хүн гэдгээ мэддэггүй байж болох юм. Бид хамгийн ухаантай, сайхан, царайлаг, хөгжилтэй, авьяастай гэдгээ мэдрэхгүй л байх юм бол бидний өөртөө итгэх итгэл алга болчихдог мэт санагддаг.

Гэхдээ бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд гэдгээ бод. Тиймээс Тэр бидэнд өөрсдийн бурханлаг хүчин чадавхад хүрэхэд туслах өвөрмөц авьяас бэлгийг өгсөн байдаг. Бид эдгээр авьяас бэлгээ олж нээхийн хэрээр Бурханы хүүхдүүдийн хувьд тэнгэрлэг үнэ цэнтэй гэдгээ санан, Түүнд илүү ойртож мөн бусдад тийн үйлдэхэд нь туслах боломжтой байдаг.

Авьяас бэлгээ олж мэд

Энд өөрийнхөө зарим “тийм ч ил биш” авьяас бэлгээ нээж олоход туслах 9 санааг жагсаав. Үүнд:

  1. Өөрт тань хэлж өгөхийг бусдаас хүс.

    Заримдаа бид бусдын биднээс олж харж байгаа зүйлийг өөрсдөөсөө олж хардаггүй. Найз нөхөд, хамаатан садан эсвэл Сүмийн удирдагчаасаа өөрөөс тань олж харсан бэлэг, авьяасын талаар бичиж өгөхийг хүс.

  2. Зовлон бэрхшээлээс бэлгээ олж хар.

    Хүнд хэцүү үед бид өөрсдийн хамгийн сайн чанарыг гаргах уу эсвэл муу зан чанарыг гаргах уу гэдгээ сонгож болно. Хэцүү үед хамгийн сайн зан чанар, бэлгээ олж нээн, ашиглахад анхаарлаа төвлөрүүл.

  3. Авьяас бэлгээ таньж мэдэхээр тусламж хүсэн залбир.

    Тэнгэрлэг Эцэг бидний тэнгэрлэг хүчин чадлыг мэддэг. Хэрэв бид энэ бүхнийг өөрсдөө олж харж чадахгүй байвал Тэр тусалж чадна. Та авьяас бэлгээ таньж мэдэхийн тулд тусламж хүсэн залбир.

  4. Шинэ зүйл хийж үзэхээс бүү ай.

    Бид өмнө нь хийж байгаагүй учраас ямар нэгэн зүйлийг хийхээс айснаасаа болж зөвхөн өөрсдийн мэдэх авьяас бэлгийг л хөгжүүлдэг бус уу? Яг одоо ямар нэгэн шинэ зүйлийг хийж үзэн, мэдэхгүй авьяас бэлгээ олж нээ.

  5. Бурханы үгийг эрэлхийл.

    Судруудаас олж болох сэжүүрээр буюу ихэвчлэн үйлдэх урилгаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнд авьяас бэлгээ олж нээн, хөгжүүлэхэд тусалдаг. “Бие биентэйгээ сөргөлдөхөө эцэслэ; бие биенийхээ тухай хилэнцэтийг ярихаа эцэслэ” (С ба Г 136:23) гэсэн судрын энэ жишээг авч үзнэ үү. Та энэ урилгаас ямар авьяас бэлгээ хөгжүүлж болох вэ? Эелдэг сайхан үг хэлэх, бусдыг тайтгаруулах, номхотгох гэх мэт олон бэлэг бий. Харин энэ бүхэн ганцхан мөр шүлгээс гарч ирж байна гээд бод доо! Судраас уншиж, Сүнсний өдөөлтийг сонсох нь танд авьяас бэлгээ олж нээхэд тусална.

  6. Өөрийнхөө хүрээнээс гадуур хар.

    Заримдаа бид анхаарлаа өөр дээрээ биш, харин бусадтай хамт ажиллаж, тэдэнд туслахад төвлөрүүлэх юм бол бидний хамгийн сайн зан чанарууд илрэн гарч ирдэг. Бид ийнхүү хийснээр Христийнхтэй адил олон авьяас бэлэгтэй гэдгээ харах болно.

  7. Хүндэлж явдаг хүмүүсийнхээ талаар бод.

    Хэн танд үлгэр жишээ болдог вэ? Та үлгэр жишээ болдог хүнийхээ бүх авьяас бэлгийн жагсаалтыг гарган, ямар ямар бэлэг нь өөр байна гэдэг дээр биш, харин адилхан бэлэг байгааг олж илрүүлэхдээ баярлаж болно.

  8. Гэр бүлийнхнийхээ талаар тунгаан бод.

    Танд байдаг ямар ямар авьяас бэлэг ах, эгч, дүү, эцэг, эх, өвөө, эмээд тань бас байдаг вэ? Гүнзгийрүүлэн судал! Гэр бүлийн түүхээ судлан, түүхийг олж мэдэж, гэр бүлийнхэнд тань байдаг өөр олон адилхан авьяас бэлгийг олж тогтоо.

  9. Патриархын адислалаа авч, унш.

    Таны адислал дээр өөрт тань байгаа мөн хөгжүүлэх ёстой авьяас бэлгийн талаар дурдсан байж болох бөгөөд энэ нь өөр бэлэг, авьяасуудаа олж нээхэд туслах арга замыг зааж өгч болох юм.

Түүгээр төгөлдөржигтүн

Бид Бурханы эрдэнэт хүүхдүүд гэдгээ мэдэхийн тулд бүх зүйлд төгс байх шаардлагагүй. Бид зөвхөн бэлэг, авьяас чадвараа олж нээн, хөгжүүлэхэд өөрсдийгөө зориулах хэрэгтэй. Тэгээд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид Түүгээр төгөлдөржиж чадна (Моронай 10:32-ыг үзнэ үү).