2018
Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх нь
2018 оны 6-р сар


“Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх нь”

2017 оны 6-р сард ХҮГ-ийн Гэр бүлийн үйлчлэлийн ажилтнуудад хандаж хэлсэн үгнээс. Ахлагч хэлсэн үгийнхээ энэ хувилбарыг олон хүнд хүргэх зорилгоор өөрчилсөн болно.

Хэдийгээр бид аяллыг өөрчилж чадахгүй байж болох ч хэнийг ч орь ганцааранг явуулахгүй байхад анхаарч болно. Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх гэж үүнийг л хэлнэ.

Зураг
walking with an elderly woman

© Getty Images-ийн гэрэл зураг

Есүс Христийн шавь нар “бүгд энэрэнгүй” (1 Петр 3:8) байх ёстой хэмээн төлөөлөгч Петр бичсэн. Та нарын олонх нь энэ зарлигийг амьдралдаа өдөр бүр нэр хүндтэй, бахархмаар сайн биелүүлдэг. Өнөөдөр бусдыг энэрэн хайрлах хэрэгцээ хэзээ хэзээнээс илүү болоод байна. Сүүлийн үеийн статистик үзүүлэлтээр Нэгдсэн Улсын насанд хүрэгчдийн таван хүний нэг нь (ойролцоогоор 43,8 сая хүн) жил бүр сэтгэцийн өвчинд нэрвэгддэг гэжээ.1 Порнограф хүчээ авч, зөвхөн 2016 онд л гэхэд ганцхан вэбсайт 23 тэрбум хандалттай байсан аж.2 “Нэгдсэн Улсад элэг бүтэн гэр бүлийн тоо огцом буурч байхад гэр бүл салалт, … хамтран амьдрагчид, [гэрлэлтээс гадуурх төрөлтийн] тоо ихэсчээ. … Өнөөдөр амжилттай арван төрөлтийн дөрөв нь ганц бие эмэгтэй эсвэл гэрлээгүй эцэг эхэд төрж байна.”3

Аврагчийн хүмүүс хэмээн нэрлэгдэж, Түүний Сүмд байхын тулд бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд бэлэн байв; Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:8–9) байх ёстой.

Миний хувьд бусдын ачааг үүрэлцэнэ гэдэг нь Есүс Христийн Цагаатгалын энгийн боловч хүчирхэг тодорхойлолт юм. Бид бусдын ачааг үүрэлцэхийг эрэлхийлснээр “Сион уулан дээрх аврагчид” (Обадиа 1:21) болдог. Бид өөрсдийгөө дэлхийн Гэтэлгэгч болон Түүний Цагаатгалтай бэлгэдэл хэлбэрээр мөр зэрэгцүүлж байгаа хэрэг. Бид “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөл[ж байгаа хэрэг]” (Исаиа 61:1).

Бусдын зовлонг ойлгодог бурханлаг чанар

Зураг
young man in wheelchair laughing

Христийн Цагаатгалын энэ чанарын талаар үргэлжлүүлэн хэлэлцэцгээе. Хэрэв би сургаалыг зөв ойлгосон бол Цагаатгалын үйл явцад Есүс Христ Адам, Ева хоёроос эхлэн дэлхийн төгсгөл хүртэлх бүх хүн төрөлхтний ачааг буюу гэм нүгэл, харуусал гуниг, зовлон бэрхшээл, унагасан нулимсыг өмнөөс нь үүрсэн билээ. Үүнийг хийхдээ Тэр Өөрөө нүгэл үйлдээгүй ч нүгэл үйлдсэн хүмүүсийн зовлон, үр дагавар ямар байдгийг мэдэрсэн. Хэдийгээр Тэр өөрөө гэр бүл салалтыг үзээгүй ч гэр бүл салж байсан хүмүүсийн зовлон, үр дагавар ямар байдгийг мэдэрсэн. Тэр бэлгийн хүчирхийлэл, шизофрени, хорт хавдар эсвэл хүүхдээ алдахыг өөрийн биеэр үзээгүй ч ийм зүйл тохиолдсон хүмүүсийн зовлон, үр дагавар гэх мэт урт жагсаалт бүхий амьдралын хүнд ачаа, сэтгэл зүрхний шархыг мэдэрсэн билээ.

Цагаатгал хэрхэн ажилладаг тухай ойлголт нь дэлхий дээр бусдын зовлонг ойлгодог чанарын цорын ганц бурханлаг үлгэр жишээ болохыг харуулдаг. Мэдээж ертөнцийн хамгийн чухал үйлдлийг ямар ч үгээр бүрэн илэрхийлэх боломжгүй ч өнөөдөр надад үүнээс илүү сайн арга зам байхгүй тул би үгээр илэрхийлье.

Бусдын зовлонг ойлгодог чанарыг “өнгөрсөнд байсан буюу одоо цагт байгаа хэн нэгнийг ойлгож … мөн түүний мэдрэмж, бодол, туршлагыг өмнөөс нь мэдрэх үйлдлийг хэлнэ”4 хэмээн тодорхойлжээ. Дээр дурдсанаар “өмнөх,” “одоо” гэдэг дээр “ирээдүйг” нэмэх юм бол энэ нь үнэндээ цагаатгах үйл явцын талаар боломжийн тайлбар болох юм.

Бурханы олон хүүхэд чимээгүй, ганцаар зовж шаналж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Жишээлбэл, нэг залуу захидалдаа өөрийн гэрчлэлийг гайхалтай уран үгээр илэрхийлснээ, ижил хүйстэндээ татагддаг хүний хувьд ямар ч өсөлт хөгжил, ирээдүйн баяр баясгалан байхгүй гэж бодоход сэтгэл зүрх нь шимширдэг талаар нэмж бичсэн байлаа.

“Би насан туршдаа ганцаардмал шөнө, гунигтай жихүүн өглөөг өнгөрүүлэх болно. Би ганц бие залуучуудын тойрогтоо үнэнчээр очдог бөгөөд долоо хоног бүр сүмээс явахдаа тэнд үнэхээр таарахгүй юм байна гэдгээ мэдэрдэг. Би хэзээ ч хүүдээ дугуй унахыг зааж чадахгүй. Бяцхан охин минь хөлд орохдоо миний хуруунаас барихыг би хэзээ ч мэдрэхгүй. Би хэзээ ч ач зээтэй болохгүй.

Өдрөөс өдөрт, сараас сард, хэдэн арван жил өнгөрсөн ч намайг хүйтэн хоосон гэр угтаж, зөвхөн Христэд найдах найдвар л торгооно. Заримдаа яагаад Тэр намайг ийм болгож, байж боломгүй золиослол гаргахыг надаас хүсэж байгаа юм бэ гэж би боддог. Шөнө дөлөөр, хэн ч байхгүй үед би уйлдаг. Би үүнийг хэнд ч, ээж аавдаа ч хэлээгүй. Тэд мөн найз нөхөд маань … мэдэх юм бол надаас өмнө энэхүү замыг туулж байсан бусад хүнээс нүүр буруулсан шигээ надаас мөн нүүр буруулна. Би үргэлж бусдаас өөр, зааг ирмэг дээр амьдрах болно. Би ганц бие байгаагийнхаа төлөө доромжлуулах бөгөөд бусад хүн надаас цэрвэх болно эсвэл учир шалтгаанаа хэлснийхээ төлөө өрөвдүүлж, үл тоомсорлогдох болно. Амьдрал надад бүүдгэр харагдаж байна. Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү?”5

Ийм их зовлон шаналал, гуниг гутрал мөн мухардалд орсон хүнд ганцаараа биш гэдгийг нь ойлгуулахын тулд хичээл зүтгэл гаргах нь бидний зүгээс гарцаагүй хийж чадах зүйлийн нэг юм. Бурхан ч, тэнгэр элчүүд ч мөн бид ч гэсэн түүнтэй хамт байна гэдгийг түүнд байнга онцлон хэлж байх ёстой.

Бусдын зовлонг ойлгодог чанар. Хангалтгүй мэт сонсогдож байж болох ч үүнээс эхэлж болно. Хэдийгээр бид аяллыг өөрчилж чадахгүй байж болох ч хэнийг ч орь ганцааранг явуулахгүй байхад анхаарч болно. Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх гэж яг үүнийг л хэлнэ. Тэд чинь ачаа шүү дээ. Мөн мөнх бус амьдралд тэдгээр нь хэзээ үүрэгдэх эсвэл бүр үүрэгдэх үгүйг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ бид хамтдаа алхалж, ачаагаа үүрэлцэж болно. Есүс Христ биднийг өргөн дэмждэгийн адил бид ч гэсэн ах, эгч нараа өргөн дэмжиж чадна (Алма 7:11–13-ыг үзнэ үү).

Энэ бүхнээр дамжуулан бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлийг өөр өнцгөөс, өөдрөгөөр харж талархах болно. Өмнө нь хэлж байснаар:

“Юуны өмнө эдгээр хүнд асуудлын талаар бага ч болов сэтгэлийн тайтгарал, ойлголтыг олж авахыг эрэлхийлэхдээ, бурхантай адил болох гэсэн бидний эрэл хайгуул тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу ахин дахин соригдож, шалгагдах ёстой унасан ертөнцөд амьдарч байгаа буюу амьдрахаар сонгосон гэдгээ бид санаж байх нь нэн чухал билээ. Үүнийг хийхэд Аврагчийг илгээсэн Эцэг болон ирсэн Хүү хоёрын төлөөс хэмжээлшгүй их байсан ч Бурханы төлөвлөгөөн дэх хамгийн агуу баталгаа нь Түүнд итгэх итгэлийнхээ хэмжээгээр шалгуур, сорилтуудыг ялгуусан байдалтайгаар даван туулахад бидэнд туслах Аврагч, Гэтэлгэгч амлагдсан явдал юм. Энэхүү бурханлаг хайрын тухай ойлголт нь биднийг өөрсдийн өчүүхэн зовлонг эхлээд тэвчиж чадахуйц, дараа нь ойлгож чадахуйц, эцэст нь ариусгахуйц болгодог билээ.”6

Бидний чадлаараа, амь бие хайрлалгүй үзүүлсэн үйлчлэл хүмүүсийн хүсэн хүлээснээр хангалттай тайтгаруулж, урам зориг өгөхгүй байгааг маш хурдан ухаардаг. Эсвэл нэг удаа чадсан зүйлээ дахин хийж чадахгүй байж болно гэдгээ мэддэг. Эсвэл бүр бид анхаарал халамж тавьдаг хүмүүсээ хуучин байдалдаа эргэж орохоос нь урьдчилан сэргийлдэг супер баатрууд биш гэдгээ ойлгодог. Иймээс бид эцсийн эцэст Есүс Христэд хандаж, Түүнд найдах ёстой (2 Нифай 9:21-ийг үзнэ үү).

Ихэвчлэн бид тусалж чаддаггүй буюу бүр байг гэхэд тусламжаа үргэлжлүүлэн үзүүлж чаддаггүй, эсвэл заримдаа хийж чадсан зүйлээ дараа нь дахиад хийж чаддаггүй. Харин Христ тусалж чадна. Бурхан Эцэг тусалж чадна. Ариун Сүнс ч тусалж чадах бөгөөд бид Тэдний төлөөлөгчид болохыг үргэлжлүүлэн хичээж, чадах газраа, боломжтой цагтаа тусалж байх хэрэгтэй.

Өөрийгөө дахин хүчирхэгжүүл

Бусдын ачаанаас үүрэлцэхийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүст хандан хэлэхэд та нараас хүмүүс ихийг шаардаж, үнэхээр ихийг авсны дараа өөрсдийгөө дахин хүчирхэгжүүлж, эргүүлэн хөл дээрээ босгох нь чухал юм шүү. Хэзээ ч ядарч, бухимддаггүй, өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй гэдгээ анзаардаггүй тийм хүчтэй хүн гэж байдаггүй. Есүс ядарч, хүч нь суларч байгааг мэдэрч байсан. Тэрээр зөвхөн өгч байсан ба энэ нь өөрийн гэсэн үнэ цэнтэй байсан бөгөөд олон хүн Түүнд тулгуурлаж байсны нөлөөг Тэр ч бас мэдэрсэн. Цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй олны дунд Түүнд гар хүрэхэд нь Тэрээр уг эмэгтэйг эдгээсэн ч “Өөрөөс нь хүч гарсныг мэд[сэн]” (Марк 5:25–34-ийг үзнэ үү).

Галилийн тэнгисийн маш хүчтэй, ширүүн шуурганы үеэр, бүр туршлагатай загасчин шавь нар нь хүртэл завиа живэх нь хэмээн бодож байхад Түүнийг унтаж байсан гэдгийг унших надад гайхалтай санагддаг. Тэр ямар их ядарсан байсан бол? Та толгойгоо ч өргөх чадалгүй болтлоо хэдэн сургаал номлож, хэдэн адислал өгч чадах вэ? Асарч халамжлах хүмүүсийг ч гэсэн асран халамжлах хэрэгтэй. Та бусдад хуваалцахын тулд өөрийн саванд түлштэй байх ёстой.

Розалин Картэр гэдэг асрамжийн институтийн зөвлөлийн ерөнхийлөгч Розалин Картэр нэг удаа “Энэ дэлхий дээр асарч халамжилдаг байсан, одоо асарч халамжилж байгаа, ирээдүйд асарч халамжлах мөн асран халамжлагч хэрэгтэй гэсэн дөрөвхөн төрлийн хүмүүс байдаг”7 хэмээн хэлсэн.

Мэдээж, “асрагч, асруулагч хоёрын хоорондын харилцаа [чухал бөгөөд бүр] ариун юм.”8 Гэхдээ бид нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхдээ бэрхшээлтэй тулгарвал бидний хэн нь ч асран халамжилдаг хүнийхээ өвчин зовлонг ойлгохын нөлөөллөөс зайлсхийж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Тэнцвэртэй байлгахыг эрэлхийл

Зураг
helping a woman put shoes on

Асрагчийн үүргээ ажил төрөл, гэр бүл, харилцаа холбоо, дуртай үйл ажиллагаа гэх мэт амьдралынхаа бусад талтай тэнцвэртэй байлгах арга замыг хайж олох нь чухал. Энэ сэдвээр Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ би “их зүйлийг хийдэг, бусдад санаа тавьдаг, мөн ‘сайныг хийх хүсэлтэй’ хөдөлмөрлөдөг бүх хүнийг хүндэлж явдгаа илэрхийлэх гэсэн юм. Өгөөмөр хүмүүс их бий. Та нарын зарим нь амьдралдаа [сэтгэл санааны мөн санхүүгийн асуудалтай] байгаа ч [бусадтай] хуваалцах ямар нэгэн зүйл олдог. Хаан Бенжамин хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй бөгөөд бүх зүйл эмх цэгцэнд хийгдэх ёстой (Мозая 4:27)”9 хэмээн өөрийн хүмүүст анхааруулсан. Ийнхүү хэлсэн байтал та нарын дунд олон хүн маш хурдан гүйж, энерги болон сэтгэл ханамжийн үзүүлэлт тань заримдаа тэг дээр очсон байдгийг би мэднэ.

Асуудал хэт том мэт санагдах үед Дэвид Баттигийн бичсэн эссэний дараах мөрийг санана уу. Тэрээр:

“Найдвар нь мэдрэмж биш юм. Энэ нь асуудлын дунд мэдрэгддэг баяр баясгалан ч биш.

… Мөн найдвар нь асуудлыг алга болгодог шидэт саваа биш. Найдвар нь таныг амьдралын шуурганд цөхрөхөөс сэргийлдэг аврах татлага юм.

Есүст найдсанаар та өөрийг тань хэзээ ч орхиж, хаяхгүй мөн таны сайн сайхны төлөө бүхнийг хийнэ гэсэн Түүний амлалтад итгэж байна гэсэн үг. Хэдийгээр та маш том асуудал дунд байсан ч найдвар нь Есүс алхам бүрд тантай хамт байна гэдгийг мэдэж, амар тайван байх боломжийг олгодог”10 гэжээ.

Паулын энэ асуудал, шаардлагыг хангахгүй байна гэсэн мэдрэмжээ хэрхэн шийдвэрлэсэн нь надад таалагддаг. Их Эзэн судруудад Түүний нигүүлсэл Паулд хангалттай бөгөөд үнэндээ Түүний хүч “мөхөс байдал дотор … бүрэн төгс болно” гэдгийг тайлбарласан. Дараа нь Паул: “Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ” (2 Коринт 12:9)11 хэмээн бичсэн байдаг.

Эцэг болон Хүүд найд

Та санаа тавьдаг хүмүүстээ хэрхэн ханддагтай яг адил Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд болон бидний хийж буй зүйлсэд үнэхээр санаа тавьдаг, мөн Тэд биднийг “мөхөс байдал дотор төгс болгохыг” хүсдэг гэдэгт бид итгэж найдах ёстой.

Бурхан бидний ачааг мэдэх бөгөөд бусдыг хүчирхэгжүүлэхэд биднийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Энэ нь бидний асуудлууд үргэлж үгүй болно эсвэл дэлхий ертөнц гэнэт амар тайван болно гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь та нарын залбирлыг мөн бэлэвсэрсэн, салсан, мөн ганцаардсан, цөхөрсөн, донтсон, өвчилсөн, найдвараа алдсан буюу бүх хүний залбирлыг сонсохгүй гэсэн үг биш ээ.12

Ах, эгч нар аа, бусдын ачааг үүрэлцэхдээ үзүүлдэг бидний үйлчлэл амин чухал буюу өөрөөр хэлбэл Эзэний ажил билээ. Ажил дээрээ хүлээн авдаг захидлын тоо хэчнээн их тусламж хэрэгтэй байгааг надад нотолдог. Тэрхүү тусламж нь саад бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүсийн хувьд тэнгэрээс бууж ирсэн маннатай адил юм.

Би өмнө нь “Гэвч бид Бурханы мутарт зэмсэг болдог хүмүүсийн тухай ярихдаа тэнгэр элчүүд бүгдээрээ сүнсний дэлхийгээс болон тэнгэрээс ирдэггүйг санах ёстой. Тэдний зарим нь өдөр бүр бидэнтэй хамт алхлан, ярьж хөөрч явдаг. Зарим нь бидэнтэй хөрш зэргэлдээ амьдардаг. Мөн зарим нь бидэнд хүүхэд төрүүлж өгдөг ба миний хувьд л гэхэд тэдний нэг нь надтай гэрлэхийг зөвшөөрсөн юм. Хүмүүсийн нинжин сэтгэл, бие сэтгэл бүхнээ зориулсан зан чанарт илэрхийлэгдсэн Бурханы хайрыг бид харахад, тэнгэр хэзээ ч ийм ойрхон байгаагүй юм шиг санагддаг. Хүмүүс ийм сайхан, ийм цэвэр ариун байгаа үед л “тэнгэр элч шиг” гэсэн үг санаанд орж ирдэг”13 гэж хэлж байсан.

Миний хувьд та нар бусдын ачааг хөнгөлөх гэж хичээхдээ жинхэнэ утгаараа нигүүлслийн тэнгэр элч болдог билээ. Та нарын өгөх гэсэн бүх зүйл зуу дахин нэмэгдэж ирэх болтугай.

Эшлэлүүд

  1. “Mental Health by the Numbers,” National Alliance on Mental Illness, nami.org-ийг үзнэ үү.

  2. “World’s Largest Porn Site Reveals the Most-Searched Porn Genre of 2016,” Fight the New Drug, Jan. 9, 2017, fightthenewdrug.org.

  3. “Parenting in America,” Pew Research Center, Dec. 17, 2015, pewsocialtrends.org; see also D’Vera Cohn and Andrea Caumont, “10 Demographic Trends That Are Shaping the U.S. and the World,” Pew Research Center, Mar. 31, 2016, pewsocialtrends.org-ийг үзнэ үү.

  4. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “respect.”

  5. Хувийн захидал

  6. Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49.

  7. Rosalynncarter.org/UserFiles/Jensen.pdf; see also Rosalynn Carter, in Randi Kaplan, “How to Care for the Caregiver,” May 13, 2015, health.usnews.com-ийг үзнэ үү.

  8. Nancy Madsen-Wilkerson, “When One Needs Care, Two Need Help,” Ensign, Mar. 2016, 38.

  9. Jeffrey R. Holland, “A Handful of Meal and a Little Oil,” Ensign, May 1996, 31.

  10. David Batty, “Finding Hope in the Midst of Life’s Problems,” livingfree.org.

  11. Anne C. Pingree, “Making Weak Things Become Strong,” Ensign, Dec. 2004, 28–30-ийг үзнэ үү.

  12. Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Liahona, Nov. 2006, 6–9-ийг үзнэ үү.

  13. Жэффри Р.Холланд, “Tэнгэр элчүүдийн үйлчлэл,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35.