Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

Өнөөдрийн ярилцлага:

Төсөв

Унш:Төсөв зохиож байгаад баяр хүргэе! Төсөв нь санхүүгийн нөхцөл байдлаа хянах, амьдралд тохиолдох сэтгэлийн дарамтыг бууруулах хүчирхэг хэрэгсэл байж чадна. Судруудаас бид “Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг” гэдгийг мэдэж авдаг (С ба Г 93:24).

Ярилц:Сургаал ба Гэрээний энэ шүлэг таны санхүүтэй болон төсөв ашиглахтай хэрхэн холбогдож болох вэ?

Унш:Гэр бүлийнхээ санхүүгийн байдлыг мэдэх нь санхүүгээ амжилттай удирдахад зайлшгүй чухал юм. Ахлагч Жозеф Б.Вөртлин “Орлогодоо багтааж амьдардаг хүмүүс сар бүр хэр их мөнгө орж ирж байгааг мэддэг ба хэцүү байсан ч гэсэн үүнээс багыг зарцуулах сахилга баттай байдаг” хэмээн заасан (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 42).

Төсвийн дагуу амьдрах нь хэцүү байж болно. Энэ нь амлалт, сахилга бат, цөхрөлтгүй занг шаарддаг бөгөөд зөв хийхийн тулд хэд хэдэн удаа оролдох ч хэрэгтэй байж болно. Та мөнгө зарцуулах зан төлөвөө өөрчлөхийг хичээхдээ Их Эзэн, хань эсвэл хариуцлагатай хамтрагчтай зөвлөлдөхөө санаарай. Байнгын хичээл зүтгэл, хайр бүхий дэмжлэгтэйгээр та хөөсөн чихрийн туршилтан дээр тэвчиж чадсан хүүхдүүдтэй адил болж чадна (өмнөх бүлэгт ярилцсан).

Ярилц:Их Эзэн бидэнд Христийнхтэй адил зан чанаруудыг, үүний дотор хувийн сахилга бат, хичээнгүй байдлыг хөгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Унш:Өнөөдөр бид төсвийн дагуу амьдрах дөрвөн зарчмыг ярилцах болно.

  1. Санхүүгийн бодитой, урам зориг өгөх зорилго тавь.

  2. Төсөв зохиох систем олж мөн ашигла.

  3. Өөртөө хариуцлага тооц.

  4. Их Эзэний тусламжийг эрэлхийлж, үргэлжлүүлэн хичээ.

1. Санхүүгийн бодитой, урам зориг өгөх зорилго тавь

Унш:Зорилго тавих нь бидэнд урт хугацааны төлөвийг бий болгож, хадгалахад тусалдаг хүчирхэг хэрэгсэл юм.

М.Рассэлл Баллард “Би та нарт зорилго тавих тухай нэг зүйл хэлье. Хэрэв бид амьдралдаа зорилго тавьдаггүй, зорилгодоо хүрэхээр амьдрах арга барилуудыг хэрхэн гарамгай сайн эзэмшихэд суралцаагүй бол өндөр нас наслах үедээ өөрсдийн амьдралыг эргэн хараад, өөрт байсан бүхий л чадамжийн зөвхөн багахан хэсгийг ашигласнаа харах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Зорилго тавих зарчмыг гарамгай сайн эзэмшсэн хүн энэ амьдралдаа илүү агуу өөрчлөлтийг хийх чадвартай болдог” хэмээн заажээ (“Do Things That Make a Difference,” Ensign, 1983 оны 6-р сар, 69–70).

    Ярилц:
  • Өнгөрсөн хугацаанд өсөж хөгжихөд тань зорилгууд хэрхэн тусалж байсан бэ?

  • Зорилго тавих нь хэрхэн итгэлийн үйлдэл болдог вэ?

Унш:Санхүүгийн бодитой, урам өгөх зорилго тавих нь чухал. Дараагийн хэдэн бүлгээр бид санхүүгийн олон зорилго, нэн тэргүүнд тавих зүйлсийн тухай, үүний дотор онцгой нөхцөл байдалд зориулсан нэг сарын нөөц, өрнөөс салах, онцгой нөхцөл байдалд зориулсан урт хугацааны нөөцтэй болох, тэтгэвэртээ зориулан хөрөнгө оруулалт хийх, чухал зардлуудад зориулан хадгалах тухай суралцана. Дараах үйл ажиллагаа танд эдгээрийн аль нь санхүүгийн хувьд одоогийн нэн тэргүүнд тавих зүйл болохыг тодорхойлоход тусална.

Унш:Та санхүүгийн хувьд одоогийн нэн тэргүүнд тавих зүйлсээс гадна боловсрол, номлол, автомашин, орон байр, гэр бүлийн амралт эсвэл өөр аялал зугаалга гэх мэт бусад урт хугацааны зорилгыг биелүүлэхээр ажиллаж болно. Урт хугацааны зорилгоос илүү богино хугацааны зорилгыг сонгох уруу таталтууд гарч ирнэ. Зорилгууд танд одоо үгүй гэж хэлэх шалтгааныг өгч чадах ба учир нь танд ирээдүйд хүсэн хүлээж буй зүйл байгаа.

Ярилц:Та юунаас төсвийнхөө дагуу амьдрах урам зориг авдаг вэ?

2. Төсөв зохиох систем олж, ашигла

Унш:Төсвөө хянаж, зарлагаа тооцоход тань туслах олон арга, систем байдаг. Үр дүнтэй төсөв нь энгийн бал, цаас бүхий системээс эхлээд гар утас, компьютерийн программ хүртэл байдаг.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөх бэлэн мөнгөний эсвэл цахим төлбөрийн гэсэн хоёр үндсэн арга бий. Энэ хоёр аргын аль алинд нь эерэг, сөрөг талууд байдаг ба төсвөө хянах болон зарлагаа тооцох арга барилд тань нөлөөлнө. Дараагийн хэдэн хэсэг дээр бид төсөв зохиох хоёр нийтлэг системийг үзнэ. Таны энэ долоо хоногийн амлалтуудын нэг нь өөртөө тохирсон системийг олох явдал байх болно.

Үз:“Дугтуйн систем” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 83-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Үз:“Цахим системүүд,” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 84-р хуудсыг уншина уу.)

Зураг
видео бичлэг шигтгээ зураг

Унш:Аль ч аргыг хэрэглэсэн бай, дараах зүйлсийг анхаар.

  • Тогтоосон үнийн дүнгээ өөрчлөх эсвэл бусад ангилалд байгаагаас зээлэх зэргээр өөрийгөө бүү хуур. Хэрэв өөрчлөх хэрэгтэй бол эхнэр/нөхөр эсвэл хариуцлагатай хамтрагчтайгаа зөвлөлд.

  • Бүх зардлаа анхааралтай тооцож, ирэх сард шаардлагатай бол төсвийн ангилалдаа өөрчлөлт оруул.

3. Өөртөө хариуцлага тооц

Унш:Та өөртөө хариуцлага тооцож байж төсвийнхөө дагуу амьдрахад амжилттай байж чадна. Долоо хоног бүрийн гэр бүлийн зөвлөлөөрөө зорилго, төсвөө хянан үзэж мөн шаардлагатай бол өөрчлөлт хийх арга зам гаргаж ирж болно. Хэрэв өөртөө хариуцлага тооцоход хүндрэлтэй байвал гаргаж буй ахицаа найз, хамтрагч, зөвлөгч, санхүүгийн зөвлөх гэх мэт өөр хүнд тайлагнаж болно. Та гаргаж буй ахицаа тогтмол дүгнэж мөн хэрэгтэй үед өөрчлөлтүүд хийх цаг гаргах нь чухал.

Ярилц:Яагаад өөртөө хариуцлага тооцох нь чухал байдаг вэ? Та төсвийн тал дээр өөртөө хэрхэн хариуцлага тооцох вэ?

4. Их Эзэний тусламжийг эрэлхийлж, үргэлжлүүлэн хичээ

Унш:Итгэлтэй санхүүгийн удирдлага нь танаас хандлага, дадал хэвшил, зан төлөвөө өөрчлөхийг шаардаж магадгүй гэдгийг санаарай. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл энэ өөрчлөлтийг хийхэд танд тусална. Эдгээр өөрчлөлт нь ужиг дадал зуршлыг үндсээр нь арилгаж болох бөгөөд төсөв зохиох нь суралцах үйл явц учраас та заримдаа төсвийн дагуу амьдрахдаа алдаж болно.

Дээрээс нь, та алдаа гаргаж, бодлогогүй худалдан авалт хийх эсвэл ажлаасаа халагдах, эрүүл мэндийн гэнэтийн асуудал, урьдчилан тооцоогүй засвар үйлчилгээний зардал гарах гэх мэт санхүүгийн хямралд өртөж болох юм. Та дараагийн бүлгүүдэд онцгой нөхцөл байдалд зориулсан нөөц бий болгох, санхүүгийн хямралыг давах талаар суралцах боловч одоохондоо төсвийг тохируулж болдог ба үүний дагуу амьдрах нь цөхрөлтгүй хичээл зүтгэл шаарддаг гэдгийг санах нь чухал.

Таны төсөвт хүндрэл гарвал тэдгээрийг гэр бүлийн зөвлөлөөрөө ярилцаж мөн төсвийнхөө өөрчлөх хэрэгтэй хэсгүүдийг хянаж үз. Та сэтгэлээр унаснаас болж төсвийн дагуу амьдрахаа болих бодол төрөх үедээ үргэлжлүүлэн хичээж, Их Эзэнтэй зөвлөж мөн Түүний тусламжийг эрэлхийлбэл үргэлжлүүлэн хичээж чармайх хүч, чадварыг олж авна гэдгийг санаарай.

Ярилц:Төсөвт тань хүндрэл гарвал та юу хийх вэ?

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ төсвийн дагуу амьдрах тухай ярилц.

Унш:Төсвийн дагуу амьдрах нь эхнэр/нөхөр эсвэл гэр бүлийнхэнтэйгээ нэгдмэл байхыг шаарддаг. Энэ долоо хоногт, ашиглах боломжтой төсвийн системийн талаар болон хүндрэл бэрхшээл тулгарвал төсвөө өөрчлөх арга замуудын тухай ярилц. Үүнээс гадна, одоогийн санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлс, урт хугацааны зорилго, түүнд хүрэх төлөвлөгөөнийхөө тухай ярилц. Та доорх “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно. Хэрэв та гэрлээгүй бол гэр бүлийн зөвлөлдөө өрөөний найз, найз, гэр бүлийн гишүүн, зөвлөгчөө оролцуулж болно гэдгийг санаарай.

Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар

Сүнсийг урихын тулд ярилцлагаа залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

1-р хэсэг: Тоймлон үз

  • Та төсвөө сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

  • Таны одоогийн санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйл юу вэ? 76-р хуудас дээрх үнэлгээг ярилц.

2-р хэсэг: Төлөвлө

  • Таны санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлс болон урт хугацааны зорилго юу вэ?

  • Та төсвийн дагуу амьдарч мөн зарлагаа тооцохын тулд төсвийн ямар систем ашиглах вэ?

  • Та төсвөө яаж баримтлах вэ мөн төсвөө хэтрүүлбэл юу хийх вэ?