Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

Өнөөдрийн ярилцлага:

1 Аравны нэг ба өргөлүүдээ төл

Зураг
санхүүгийн амжилтын хөтөч график

Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч

Ярилц:Яагаад та “Аравны нэг ба өргөлүүдээ төл” гэдэг нь Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч дээрх эхний зүйл гэж бодож байна вэ?

Унш:Сүмийн гишүүдэд бусад зардлаа төлөхөөс өмнө, тэр байтугай хэрэгцээт зүйлдээ төлөхөөс өмнө аравны нэг ба өргөлүүдээ төлөхийг зөвлөсөөр ирсэн. Ахлагч Даллин Х.Өүкс “Аравны нэгийг төлөх нь нэн тэргүүнд хийх зүйлсийн сорилт юм” хэмээн заасан (“Tithing,” Ensign, 1994 оны 5-р сар, 35). Та Бурханд нэн тэргүүнд хийх зүйлээ харуулбал өөрийгөө адислах илүү агуу боломжийг нээх болно. Бүх зүйл эмх цэгцэнд хийгдэх ёстой гэдгийг судрууд олонтоо онцолдог. (Жишээлбэл, 1 Коринт 14:40, Moзая 4:27, Сургаал ба Гэрээ 93:43-ыг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант “Бурханд туйлын шударга хандаж, аравны нэгээ төлдөг эрэгтэй, эмэгтэйчүүдэд … Бурхан үлдсэн аравны есөө үр дүнтэй ашиглах мэргэн ухааныг өгсөн бөгөөд энэ нь тэдний хувьд илүү үнэ цэнтэй болж мөн тэд үүгээрээ Их Эзэнтэй шударга байгаагүй үед хийж чадах байснаасаа илүү ихийг гүйцэлдүүлсээр ирсэн” хэмээн заасан (in Conference Report, Apr. 1912, 30).

Ярилц:Эхлээд аравны нэгээ төлөх нь үлдсэн мөнгөнийхөө аравны есийг зөв зарцуулахад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?

1. Мөнгөө зохицуулах хандлагаа өөрчил

Унш:Аравны нэг ба өргөлүүдээ эхлээд төлөхийн тулд мөнгө зохицуулах аргаа ерөнхийд нь өөрчлөх шаардлага гарч болно. Одоогийн амьжиргааны өртгөө төлөх нь ирээдүйдээ зориулан хуримтлуулах, санхүүгийн нөөц бий болгох чадварыг маань сулруулж болно. Олон хүн санхүүгийн удирдлагад дараах аргаар ханддаг. Тухайлбал: тэд хоол хүнс, орон байр, унааны зардал болон эрүүл мэнд гэх мэт хойшлуулшгүй хэрэгцээндээ төлөөд, үлдсэн мөнгөө хадгалж мөн аравны нэгээ төлөх бодолтой байдаг. Энэ аргыг дараах бүдүүвч зургаас харж болно.

Зураг
нийтлэг арга график

Унш:Энэ арга нь маш нийтлэг байж болох ч санхүүгийн удирдлагын илүү сайн арга байдаг. Тухайлбал: Та орлого олсон үедээ эхлээд аравны нэгээ төлөөд, дараа нь ирээдүйдээ зориулан бага ч болов мөнгө хадгал. Тэгээд үлдсэнийг нь (орлогын тань ихэнх хувь) амьжиргааны зардалдаа ашигла. Энэ аргыг доорх бүдүүвч зургаас харж болно.

Зураг
бие даасан арга график

Ярилц:Энэ хоёр аргын зарим ялгаатай тал юу вэ? Яагаад маш олон хүн санхүүгийн удирдлагын илүү нийтлэг аргыг сонгодог вэ?

Унш:Бид Их Эзэнд болон ирээдүйдээ зориулан мөнгөө эхлээд зарцуулахын давуу талыг харуулахын тулд шилэн сав, чулуу, элстэй доорх жишээг ашиглана (Стэфэн Р.Ковий, А.Рожэр Мэррилл, Рэбэкка Р.Мэррилл, First Things First: To Live, to Love, to Learn, to Leave a Legacy [1994], 88–89-ийг үзнэ үү).

Шилэн сав бидний орлогыг төлөөлдөг ба хязгаарлагдмал хэмжээтэй эх үүсвэр. Бид бүгд өөр өөр хэмжээний шилэн савтай боловч энд яригдаж буй зарчим хүн бүрд адил. Шилэн саванд байгаа чулуу, элс хоёр нь бидний мөнгөө зарцуулдаг арга замуудыг төлөөлдөг. Энэ жишээнд том, жижиг чулуунууд нь бидний урт хугацааны нэн тэргүүний зүйлс буюу Их Эзэнд болон ирээдүйдээ зориулан мөнгө зарцуулахыг төлөөлж байгаа бол элс нь бидний одоогийн хэрэгцээ ба хүслийг төлөөлдөг.

Санхүүгийн удирдлагын илүү нийтлэг аргыг ашиглан, эдгээрийг шилэн саванд хийцгээе.

Зураг
Нийтлэг аргын шилэн сав

Унш:Элсээ эхлээд хийвэл бүх чулууг багтаах хангалттай зай байхгүй байгааг анзаар.

Одоо санхүүгийн удирдлагын бие даасан аргыг ашиглан, эдгээрийг шилэн саванд хийцгээе.

Зураг
бие даасан аргын шилэн сав

Унш:Эхлээд чулуунуудаа хийвэл элсээ бүгдийг хийх зай байгааг анзаар.

Ярилц:Энэ шилэн савны жишээ аравны нэгээ төлөх ба мөнгө хуримтлуулахтай хэрхэн холбогддог вэ? Хоёр дахь удаад бүх зүйл яагаад шилэн саванд багтсан бэ? Чулуунуудаа эхлээд шилэн саванд хийх нь хэрхэн итгэлээ үзүүлж байгаа жишээ болдог вэ?

Унш:Энэ бүлгийн турш та санхүүгийн удирдлагын илүү бие даасан аргыг ашиглахад үргэлжлүүлэн суралцах болно. Энэ бие даасан аргыг ашиглах нь эхэндээ амаргүй байж болох ч ирээдүйдээ илүү сайн бэлтгэхэд тань туслах юм. Эхлээд аравны нэгээ төлж, хадгаламжинд мөнгө хийвэл одоогийн хэрэгцээнд хангалттай мөнгө үлдэхгүй байх гэж санаа зовох нь хэвийн зүйл юм. Энэ бол итгэлийн сорилт. Нэг ухаалаг бишоп тэвдүү шинэ хөрвөгчид “Хэрэв та аравны нэгээ төлбөл ус, цахилгааныхаа мөнгийг төлж чадахгүй болох гээд байвал аравны нэгээ төл. Хэрэв аравны нэгээ төлчихвөл түрээсээ төлж чадахгүй болох гээд байвал аравны нэгээ төл. Хэрэв аравны нэгээ төлчихвөл гэр бүлээ тэжээх мөнгө хүрэлцэхгүй болох гээд байвал аравны нэгээ төл. Их Эзэн таныг орхихгүй” гэж хэлжээ (in Aaron L. West, “Sacred Transformations,” Ensign, 2012 оны 12-р сар, 38).

Та зарлагаа тооцож байгаа төдийгүй орлого олсон. Та одоогоор мөнгөө хэрхэн зохицуулж байгаагаа мөн эхлээд аравны нэгээ төлөх, ирээдүйдээ зориулан мөнгө хадгалах тал дээр хэрхэн сайжирч чадахаа бодож үз. Таны энэ долоо хоногийн амлалтын нэг нь эдгээр зарчмыг хэрэгжүүлж, энэ долоо хоногийнхоо орлого, зарлагыг үргэлжлүүлэн тооцох явдал байх болно.

Санхүүгийн удирдлагын бие даасан аргыг ашиглах нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээс гадна санхүүгийн зохистой ур чадваруудыг ашиглахыг шаарддаг. Ирэх долоо хоногт та төсвийг зохих ёсоор ашиглаж сурах бөгөөд энэ нь танд зарцуулалтаа хянаж, бүх зардалдаа мөнгөө хүргэхэд тусална.

Ярилц:Эхлээд аравны нэгээ төлөх болон мөнгө хуримтлуулах нь таны амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ?

2. Аравны нэг ба өргөлүүдээ төл

Унш:Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фауст “Аравны нэгийн хууль бол энгийн. Бид жил тутмын хувийн ашиг орлогоосоо аравны нэг төлдөг. Тэргүүн Зөвлөл ашиг орлого гэдгийг орлого гэж тайлбарласан. Хувийн орлогын маань 10 хувь нь хэд байх нь бид бүгдийн болон Бүтээгчийн маань хоорондын хэрэг. … Нэг солонгос хөрвөгчийн хэлсэнчлэн, ‘Аравны нэгийн тал дээр та баян эсвэл ядуу байх нь хамаагүй. … Та их мөнгө олдог бол 10 хувийг нь төлнө. Та маш багыг олдог байсан ч 10 хувийг л төлнө’” хэмээн заасан (“Opening the Windows of Heaven,” Ensign, 1998 оны 11-р сар, 59).

Үз:“Зарефатын бэлэвсэн эмэгтэй” Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол 49-р хуудсыг уншина уу.)

Ярилц:Яагаад Зарефатын бэлэвсэн эмэгтэй сүүлчийн хоолоо бошиглогч Елиад өгсөн бэ? Та нар үүнийг хийж чадах байсан уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Унш:Аравны нэгийн хууль нь Хуучин Гэрээний цаг үеэс хойш байсаар ирсэн. Хэрэв бид аравны нэгийг төлбөл Их Эзэн бидэнд “тэнгэрийн цонхыг нээнэ” хэмээн Малахигийн номоос уншдаг (Maлахи 3:10-ыг үзнэ үү).

Ахлагч Дэвид А.Бэднар “Малахигийн ашигласан тэнгэрийн “цонх”-ны дүрслэл бол хамгийн сургамжтай нь юм. Цонх барилга байгууламж дотор байгалийн гэрэл орох боломжийг олгодог. Үүнтэй адилаар, бид аравны нэгийн хуулийг хүндэтгэх аваас сүнслэг тусгал ба ирээдүйн төлөв нь тэнгэрийн цонхоор бидний амьдралд цутган ирэх болно. … Бид сайн ажил хайж, үүнийхээ төлөө залбирч байж болох юм. … Ялган таних сүнслэг бэлэг нь биднийг бусад хүн үл ойшоож болохуйц ажил эрхлэлтийн олон боломжийг олж харах чадвартай болгож [чадна]. … Бид амьдралын хэрэгцээгээ илүү сайн хангахын тулд цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж, үүний төлөө ажиллаж болно. … [Эсвэл зарим тохиолдолд] магадгүй бид их хэмжээний цалин авахыг хүсэж эсвэл хүлээдэг байж болох юм. Гэвч хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл бидний нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээж байхаас илүүтэйгээр, өөрсдийн нөхцөл байдлыг өөрчилж чадах илүү их чадвартай болох нь бидэнд тэнгэрийн цонхоор дамжин ирэх адислал ч байж болно” хэмээн заасан (“Tэнгэрийн цонхнууд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).

Ярилц:Сүнслэг тусгал (эсвэл хувийн илчлэлт) нь өөрийн нөхцөл байдлыг өөрчлөхөд таныг ямар ямар арга замаар удирдаж байсан бэ?

Мацгийн хууль

Унш:“Мацгийн өдөр гэдэг нь дараалсан хоёр хоолыг идэж, уухгүйгээр 24 цаг байж, мацаг ба гэрчлэлийн цуглаанд оролцон, тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавихад туслахын тулд өгөөмөр мацгийн өргөл өгөхийг хэлдэг” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 21.1.17).

Мацгийн өргөлийг ядуус, гачигдагчдад туслахад зориулдаг. Мацгийн өргөлийг өгөөмрөөр өгөх нь бидний бие даах чадварыг ч бас нэмэгдүүлнэ.

Ахлагч Жэффри Р.Холланд “Мацгийн хуулийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг болон сүнслэг гайхамшгуудын талаар би гэрчилмээр байна. Та энэхүү ариун нандин боломжийг хамгийн багадаа сард нэг удаа эрхэмлэн дагаж; нөхцөл байдал, боломжийнхоо хэрээр мацгийн болон бусад өргөлөө хүмүүнлэгийн болон боловсролын мөн номлолын санд хандивлаж байгаарай. Бурхан таныг өгөөмрөөр адислах болно гэдгийг мөн танаас тусламж авсан хүмүүс таныг адислагдсан нэгэн хэмээн дурсах болно гэдгийг би амлаж байна” хэмээн заасан (“Бид бүгд гуйлгачид бус уу?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49).

Ярилц:Та мацаг барихаа сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ аравны нэг, өргөлийн тухай ярилц.

Унш:Энэ долоо хоногт гэр бүлийн зөвлөлөөрөө орлого олсон даруйд аравны нэгээ төлж, хуримтлалдаа мөнгө хийхийн ашиг тусыг ярилц. Мацаг барихаа хэрхэн сайжруулахаа эхнэр, нөхөртэйгөө хамт тодорхойл.

Та “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.

Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар

Сүнсийг урихын тулд ярилцлагаа залбирлаар эхэлж, залбирлаар дуусга.

1-р хэсэг: Тоймлон үз

  • Та аравны нэгээ бүрэн, шударга төлж байна уу?

  • Та мацгийн өргөлөө өгөөмрөөр өгч байна уу?

  • Та орлого, зарлагаа (1-р бүлгийг үзнэ үү) хэр сайн тооцож байна вэ?

2-р хэсэг: Төлөвлө

  • Та аравны нэгээ бүрэн, шударга төлөхийн тулд юу хийж чадах вэ?

  • Таны хувьд өгөөмөр мацгийн өргөл ямар хэмжээтэй байх вэ?

  • Та мацаг барихаа хэрхэн сайжруулж чадах вэ?

  • Та санхүүгийн удирдлагын бие даасан аргыг (39–40-р хуудсыг үзнэ үү) хэрхэн өөрийн болгож чадах вэ?

Ярилц:Бид бүлгийнхээ цугларалтыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ?