Бие даасан байдал
Суралц—Дээд талын хугацаа: 45 минут


Суралц—Зарцуулах дээд хугацаа: 45 минут

Өнөөдрийн ярилцлага:

4 Ирээдүйдээ зориулан хадгал мөн хөрөнгө оруул

Зураг
санхүүгийн амжилтын хөтөч график

Санхүүгийн удирдлагын амжилтын хөтөч

Унш:Хүмүүс хөрөнгө оруулах гэдэг үгийг сонсоод, хувьцаа, үнэт цаас арилжиж буй дуу чимээтэй, эмх замбараагүй хөрөнгийн биржийн тухай бодож болох юм. Энэ нь хөрөнгө оруулалтын нэг хэсэг боловч хөрөнгө оруулах гэдэг нь аливаа зүйлд цаг хугацаа, хүчин чармайлт эсвэл хөрөнгө мөнгө зориулаад, ямар нэг төрлийн ашиг хүлээхийг хэлдэг. Энэ утгаараа хөрөнгө оруулах гэдэг нь бие даасан байдлын нэг хэсэг юм.

Энэ бүлэгт та хөрөнгө оруулах гурван арга замыг судлах болно. Үүнд:

  1. Мөнгөө хадгал

  2. Орон байр худалдаж авах талаар бодож үз

  3. Боловсролтой болохыг эрэлхийл

1. Мөнгөө хадгал

Тунгаан бод.Дараах асуултыг бодож, бодож санаж байгаагаа бичихэд хоёр минут зарцуул. Би ихэнхдээ юунд зориулан мөнгөө хадгалах вэ?

Унш:Хөрөнгө оруулах хамгийн энгийн аргуудын нэг нь мөнгөө хадгалах юм. Та онцгой нөхцөл байдалд зориулж, эхлээд нэг сар, дараа нь гурваас зургаан сар хэрэглэх хэмжээний нөөцтэй болохоор хичээж байгаа. Та онцгой нөхцөл байдалд хэрэглэх хангалттай нөөцтэй болсныхоо дараа ч гэсэн үргэлжлүүлэн хадгалсаар байвал ямар байхыг төсөөл.

Ахлагч Л.Том Пэрри “Урьдчилан тодорхойлсон мөнгийг хадгаламжиндаа хий. … Маш олон хүн амьдралынхаа турш хүнсний худалдагч, байрны эзэн, эрчим хүчний компани, автомашин борлуулагч, банк зэргийн төлөө ажилладаг боловч өөрсдийнхөө хичээл зүтгэлд бага санаа тавьж, өөрсдөдөө ямар ч цалин өгдөггүй нь надад хачирхалтай санагддаг” хэмээн заасан (“Becoming Self-Reliant,” Ensign, 1991 оны 11-р сар, 66).

Шилэн савны жишээн дээр гарсанчлан хадгаламжинд мөнгө хийх замаар эхлээд “өөртөө төлөх” нь маш чухал. Энэ нь санхүүгийн аюулгүй байдлыг бий болгоход танд туслах болно.

Зураг
нийтлэг аргын шилэн сав
Зураг
бие даах чадварын шилэн сав

Ярилц:Шилэн савны жишээг дүгнэхэд нэг минут зарцуул. Таны хувьд энэ жишээний юу нь хамгийн чухал вэ? Та бие даах чадвартай байхыг сонгосноор хэрхэн итгэлээ харуулж байна вэ?

2. Орон байр худалдаж авах талаар бодож үз

Унш:Орон байр худалдаж авах нь хөрөнгө оруулах бас нэгэн арга зам юм. Орон байр худалдаж авах нь хүн бүрд боломжгүй хэдий ч олон тохиолдолд түрээслэх нь илүү дээр сонголт байж болно.

Унш:Орон байр худалдаж авах талаар бодож байгаа хүмүүс дараах хоёр зарчмыг санаарай. Үүнд:

  • Орон байраа өөртөө тохиромжтой цаг үед болон тохиромжтой байршилд худалдан аваарай.

  • Зөвхөн боломжиндоо таарсан байр худалдаж ав.

Одоо эдгээр зарчимд нөлөөлж чадах зарим хүчин зүйлийн тухай ярилцъя.

Ярилц:Орон байр худалдаж авахаасаа өмнө эдгээр асуултыг өөртөө тавих нь яагаад чухал вэ?

Унш:Ихэнх хүн орон сууцны барьцаат зээлээр орон байр худалдаж авдаг. Энэ орон сууцны барьцаат зээл нь өр бөгөөд та зээлийн хүү төлнө. Та сар бүр эргэн төлөлт хийж, зээлээ эргүүлэн төлөх үүрэгтэй.

Урт хугацааны туршид санхүүгээ тогтвортой байлгах үүднээс орон сууцны энэ зээлийн сар бүрийн эргэн төлөлт таны сарын орлогын 25 хувиас давах ёсгүй. Зээлдэгч танд хэдийг зээлэх хүсэлтэй байгаагаас илүүтэй, өөрийн төлж чадах хэмжээг тодорхойлохдоо үүгээр баримжаа ав.

Ярилц:Өөрийнхөө боломжинд таарсан орон байр худалдан авах гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Унш:Орон байр худалдаж авахад орон сууцны зээлээс өөр бусад зардал гардаг гэдгийг санаарай. Орон байр худалдаж авсан тохиолдолд та засвар үйлчилгээг хариуцна. Эвдрэл, элэгдэл гардаг бөгөөд зарим тохиолдолд шинэчлэх хэрэг гарна. Санхүүгийн зөвлөхүүд жил бүр орон байрныхаа үнийн дор хаяж 1 хувьтай тэнцэх мөнгийг засвар үйлчилгээнд зориулан хадгалахыг зөвлөдөг.

Орон сууцны барьцаат зээлийн өрнөөс гар

Унш:Өмнө нь тайлбарласанчлан, орон сууцны барьцаат зээл нь өр учраас та зээлийн хүү төлнө. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларкийн үгсийг давтан, “Өрхийн тэргүүн бүр орон байраа орон сууцны зээлгүйгээр эзэмших зорилготой байг” гэж хэлсэн (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, 1980 оны 11-р сар, 33). Орон сууцны зээлээ эрт төлж дуусгах нь золиослол шаардаж болох ч хурдан төлж дуусгавал хүүнд өгөх байсан илүү их мөнгийг хэмнэх болно. Орон сууцны зээлээ төлж дуусгах хоёр арга зам байдаг. Үүнд:

  • Илүүг төлж байх

  • Богино хугацааны бага хүүтэй зээл авах

Үндсэн төлбөрт илүүг төлөх нь олон жилийн төлбөрийг хэмнэх ба хүүгээс хэдэн арван мянгыг хэмнэж чадна. Жишээлбэл, та 4.5 хувийн хүүтэй 150000-ын орон сууцны зээлийг 30 жилээр авсан бол зээлийн хугацаанд 123610-ыг хүүнд төлнө. Сар бүр 100 эсвэл 200-г илүү төлөх нь хэр их цаг хугацаа, мөнгө хэмнэж болохыг харахын тулд доорх хүснэгтийг үз.

сар бүр 100-г нэмж төлөх

сар бүр 200-г нэмж төлөх

Хэмнэх цаг хугацаа

Бараг 7 жил

Бараг 11 жил

Хэмнэх мөнгө

29715

47462

Орон сууцны барьцаат зээлийг хурдан төлж дуусгах өөр нэг сонголт бол богино хугацаатай зээл авах явдал юм. Богино хугацааны орон сууцны барьцаат зээл нь гол төлөв бага хүүтэй байдаг. Таны сар бүр төлөх дүн өндөр байх боловч та олон жилийн төлбөр болон хүүнд төлөх байсан хэдэн мянгыг хэмнэх болно.

Өмнөх жишээн дээрх орон сууцны барьцаат зээлийг 15 жилийн зээлтэй харьцуулъя. Эхний жишээ 4.5 хувийн хүүтэй 150000-ын 30 жилийн зээл байсан. Үүнийг 3.5 хувийн хүүтэй 15 жилийн орон сууцны барьцаат зээлтэй харьцуулъя.

30 жилийн орон сууцны барьцаат зээл

15 жилийн орон сууцны барьцаат зээл

Хүүгийн хувь

4.5%

3.5%

Сар бүрийн эргэн төлөлт

760

1072

Нийт төлөх хүү

123610

43018

Төлж дуусгах хугацаа

30 жил

15 жил

Энэ тохиолдолд 15 жилийн орон сууцны барьцаат зээлийн сар бүрийн эргэн төлөлт 312-оор илүү боловч дараах хэмнэлтийг хийнэ. Үүнд:

  • Зээл эргэн төлөх 15 жилийг

  • Төлөх хүүгээс 80000 гаруйг

Ярилц:Та өрнөөс хурдан гарахын тулд орон сууцны барьцаат зээлэндээ илүү төлбөр төлөх эсвэл богино хугацаатай зээл авахын тулд юугаа золиослоход бэлэн байна вэ?

3. Боловсролтой болохыг эрэлхийл

Унш:Боловсрол бол бас нэгэн хөрөнгө оруулалт юм. Нэмэлт сургалт эсвэл боловсрол нь ихэвчлэн төлбөртэй байдаг. Хэрэв та боловсролд хөрөнгө оруулах гэж байгаа бол энэ нь илүү сайн ажилтай болгох эсэхэд анхаар. Ингэж чадвал хөрөнгө оруулалтын ашиг сайн байх болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “дэлхий танд өөрийнхөөрөө үнэлж хөлс төлөх бөгөөд та боловсрол эзэмшиж, сонгосон талбартаа мэргэших тусам үнэ цэн тань өсөх болно” хэмээн зөвлөсөн (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, 2001 оны 1-р сар, 4).

Боловсролтой болохын тулд өр тавих нь заримдаа зохимжтой байдаг ч сургуулийн төлбөр төлөх өөр олон арга байдаг. Өр тавихаасаа өмнө бусад бүх боломжийг эрж хай. Хэрэв та боловсролын зээл авсан бол аль болох түргэн төлж дуусгахыг хичээ.

Боловсролд хөрөнгө оруулах талаар бодож байгаа үед Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь гэсэн бие даах чадвар хөгжүүлэх бүлэг зөв сонголт байж болно.

Ярилц:Боловсрол хэрхэн өөрийнхөө төлөө хийж буй хөрөнгө оруулалт болдог вэ?

Гэр бүлийн ЗӨВЛӨЛӨӨРӨӨ мөнгө хадгалах, орон байр худалдаж авах, боловсролоор дамжуулан өөртөө хөрөнгө оруулах тухай ярилц.

Унш:Таны энэ долоо хоногийн амлалтын нэг нь гэр бүлийн зөвлөлөөрөө мөнгө хадгалах, орон байр худалдаж авах, боловсролд хөрөнгө оруулах тухай ярилцах явдал байх болно. Орон байр түрээслэх эсвэл худалдаж авах (эсвэл хэрхэн орон сууцны барьцаат зээлээ төлж эхлэх), боловсролын ямар зорилго тавих зэрэг юунд зориулж хуримтлал бий болгохоо ярилц. Та доор харуулсан “Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар”-ыг ашиглаж болно.

Гэр бүлийн зөвлөлийн ярилцлагын загвар

Сүнсийг урихын тулд ярилцлагаа залбирлаар эхэл, залбирлаар дуусга.

1-р хэсэг: Тоймлон үз

  • Та ирээдүйд юунд зориулж хуримтлал бий болгохыг хүсэж байна вэ? 167-р хуудсан дээрх тунгаан бодох асуултад өгсөн хариултаа тоймлон үз.

  • Орон байр худалдаж авах нь түрээслэхээс ямар ямар давуу болон сул талтай вэ? 169-р хуудсан дээрх үйл ажиллагааг хий.

2-р хэсэг: Төлөвлө

  • Та ирээдүйн хэрэгцээндээ зориулан хэрхэн хуримтлал үүсгэж чадах вэ?

  • Хэрэв та одоо өөрийн орон байргүй бол худалдаж авах талаар бодож үзэх үү? Эсвэл одоохондоо үргэлжлүүлэн түрээслэх хэрэгтэй юү?

  • Хэрэв та одоо өөрийн орон байргүй бол орон сууцны зээлээ илүү хурдан төлж дуусгахын тулд хэрхэн ажиллаж чадах вэ? Байраа зараад, хэсэг хугацаанд түрээслэх нь одоогийн нөхцөл байдалд чинь илүү тохирох уу?

  • Та илүү сайн ажилтай болохын тулд ямар төрлийн боловсролд эсвэл ямар нэмэлт боловсролд хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?