Семинар
15-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 8–10


15-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 8–10

Оршил

Алма Зарахемла, Гидеон болон Мелект зааж, олон хүн түүний захиасыг хүлээн авсны дараа Аммонайха дахь хүмүүс түүний захиасыг эсэргүүцэж, түүнийг хотоосоо хөөн гаргав. Гэсэн ч Алма Их Эзэний зарлигт дуулгавартай байж, Аммонайха руу буцжээ. Их Эзэн Алмаг Аммонайхад хүлээн авахад болон хүмүүст сайн мэдээг гэрчлэхэд нь Амюлекийг Алматай нэгдэхэд бэлтгэдэг. Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст хэрэв тэд наманчлахгүй аваас устгагдах болно гэдгийг анхааруулав. Амюлек Бурханыг итгэлтэйгээр дуулгавартай дагаж, өөрийн нэр хүнд, сайн нөлөөгөө ашиглан бошиглогч Алмаг дэмжин, Есүс Христийг гэрчилдэг.

Алма 8

Алма Амюлекийг номлоход бэлтгэх газар болох Аммонайха руу дуулгавартайгаар буцав

Алма Зарахемла болон Гидеонд сайн мэдээг заасныхаа дараа (Алма 5–7-г үзнэ үү) Мелек рүү явжээ. Алма 8:4–5-ыг уншиж, Мелекийн хүмүүс Алмагийн заасныг хэрхэн хүлээж авсныг олж тогтоо. (Алма 8:4 дэх “Бурханы ариун жаяг” гэсэн хэллэг нь Алма 13-аас таны олж үзэх санваарт хамаатай юм.)

Алма Мелект заахаа төгсгөл болгосныхоо дараа Аммонайхагийн нутагт номлохоор явжээ. Тэр тэнд амьдарч байсан хүмүүсийн тухайд огт өөр зүйлтэй тулгарав. Дараах зургууд болон судрын хэсгүүдийг судалж, дараа нь Аммонайхад байх хугацаанд нь Алмад юу тохиолдсон талаар товч тайлбар зураг болон судар бүрийн талаар бич.

Зураг
Алма газарт суув

Алма 8:8–13.

Зураг
Алма ба тэнгэр элч

Алма 8:14–16.

Зураг
Алма ба Амюлек

Алма 8:18–26.

Дараах асуултуудыг бодож үз (та хариултуудаа бичих шаардлагагүй):

  • Алмад үзэгдсэн тэнгэр элч бол өмнө нь түүнд болон Мозаягийн хөвгүүдэд үзэгдсэн тэнгэр элч юм. Тэнгэр элчийн үгс Алмаг хэрхэн тайвшруулсан байж болох вэ (Алма 8:15-ыг үзнэ үү)?

  • Алма Аммонайха руу буцаж очиход яагаад хэцүү байсан байж болох вэ (Алма 8:16-г үзнэ үү)?

Алма уг зарлигийн хэцүүг эс хайхран “Аммонайха нутгийн зүг хурдан эргэлээ” (Алма 8:18) Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Их Эзэн ийм дуулгавартай байдалд дуртай гэж заажээ: “Их Эзэн Өөрийнх нь зөвлөгөөнд дуулгавартай байх шийдвэр төгс байдалд юу юунаас илүү дуртай.” (“Commitment to God,” Ensign, 1982 оны 11-р сар, 58).

  1. Дараах нөхцөл байдлуудаас нэгийг эсвэл илүү олныг сонго. Дараа нь тухайн хувь хүн дуулгавартай байсан бол хэрхэн адислагдаж болох байсныг судар судлах тэмдэглэлдээ бич:

    1. Нэгэн залуу эмэгтэйг сургуульдаа явахад нь ээж нь түүнээс илүү даруухан, зохистой цамц өмсөхийг хүсчээ.

    2. Шинээр пристийн албанд томилогдсон залуу эрэгтэйг бишоп нь эсвэл салбарын ерөнхийлөгч нь Бурханы өмнө хүлээсэн үүргийн шагналыг авахаар хичээн чармайхад урив.

    3. Хоёр номлогч сүмийн гишүүн биш ээжтэй нэгэн идэвх султай гэр бүлтэй очиж уулзах хэрэгтэйгээ мэдэрчээ.

Та судартаа Алма 8:18–20-ийн хажууд дараах зарчмыг бичих хэрэгтэй: Хэрэв бид Их Эзэний үгэнд хурдан хариу өгвөл, Тэр бидэнд Өөрийнхөө зарлигуудыг биелүүлэхэд туслах болно.

  1. Таныг бэрхшээлтэй нөхцөл байдлуудыг эс хайхран, зөв шударга, дуулгавартай байхад тань Их Эзэн тусалсан талаар судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 8:27–32-ыг уншиж, Алма зарлигдуулсан зүйлсээ хийхэд Их Эзэн түүнд тусалсан олон арга замуудыг олж мэд.

Алма 9

Алма Аммонайхагийн хүмүүсийг наманчилж, Есүс Христийн ирэлтэд бэлтгэхийг анхааруулжээ.

Алма 9-д Аммонайхагийн хүмүүст тэд наманчлах хэрэгтэйг болон Аврагч, Есүс Христээр дамжуулан гэтэлгэгдэх болно гэдгийг заасан Алмагийн хүч чармайлтын тухай өгүүлдэг. Алма эдгээр ёс бус хүмүүст наманчлах хэрэгтэйгээ ойлгоход нь туслахыг хичээж, тэдний төлөө болон тэдний өвөг дээдсийн төлөө Бурхан юу хийснийг сануулахын тулд тэднийг дууддаг.

Алма 9:8–10, 13-аас сана болон мартав гэсэн үгсийн давталтыг хар. Аммонайхагийн оршин суугчид Алмагийн ярьсан зүйлсийг санасан бол тэд одоо байгаагаасаа хэр зэрэг өөр байх байсан гэж та бодож байна?

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Урьд нь өөртөө тохиолдсон сүнслэг туршлагуудаа санаж байх нь яагаад чухал гэж та боддог вэ? Дараа нь мартахгүй байхыг хүсдэг нэг сүнслэг туршлагынхаа тухай бич.

Алма Аммонайха дахь хүмүүсийг наманчлалд дуудсаныхаа дараа Аврагч дэлхийд ирэхэд бэлтгэх ёстойг тэдэнд заав. Алма 9:26–27-г уншиж, Аврагчийн зан чанаруудыг илүү сайн ойлгоход тань туслах үг хэллэгүүдийг тэмдэглэ. (Тэгш эрх гэдэг үг нь шударга байдал, шударга ёс гэсэн утгатай.) Эдгээр үг, хэллэгүүд Аврагчийн талаар танд юу зааж байна вэ? Ирэх долоо хоногийн турш эдгээр үг хэллэгүүдийн талаар бодох цагийг өөртөө гарга.

Алма 10

Амюлек тэнгэр элчийг үзсэн туршлагаа дүрсэлж, хүмүүсийг наманчлахад уриалав

Таныг өнөө өглөө хэрхэн сэрснийг хамгийн сайн дүрсэлж байгаа өгүүлбэрийг дугуйл:

  • Би сэрүүлэг ашиглалгүйгээр эсвэл хэн нэгнээр дуудуулалгүйгээр өөрөө сэрсэн.

  • Би сэрүүлгээ эхний удаа дуугарахад эсвэл хэн нэгэн намайг эхний удаа дуудахад сэрсэн.

  • Намайг сэрэхээс өмнө сэрүүлэг хэд хэдэн удаа дуугарсан эсвэл хэн нэгэн намайг хэд хэдэн удаа дуудсан.

Алма 10:6-г уншиж, Амюлек Их Эзэнийг эсэргүүцэхдээ хэдэн удаа сүнсний “сэрэх дуудлагыг” хүлээн авсныг олж мэд. Дараах асуултын хариуг өгөгдсөн мөрөнд бич: “Би сонсохоос татгалзсан,” “Би мэдэхийг хүссэнгүй” гэсэн хэллэгүүд нь Амюлек дээр тэнгэр элч ирснээс өмнөх түүний сүнслэг нөхцөл байдал ямар байсныг илэрхийлж байна вэ?

Алма 10:2–11-д цэдэглэснээр Амюлек тэнгэр элч түүн дээр зочилж, сайн мэдээнд хөрвөгдөхөөс өмнөх амьдралаа дүрсэлжээ. Алма 10:1–6-гаас Амюлекийн талаар дэлгэрэнгүй мэдэхэд тань туслах нарийн мэдээллийг эрж ол.

Зураг
Амюлек заасан нь

Амюлек тэнгэр элч өөрийг нь Алмаг гэртээ хүлээн авч, анхаарал халамж тавихад хэрхэн удирдсаныг ярив. Алма 10:7–11-ийг уншиж, Амюлек тэнгэр элчийг дуулгавартай дагасан учраас Амюлек болон бусад хүмүүс хэрхэн адислагдсаныг олж мэд.

Энэ зарчмыг Алма 10:11–12-ын хажууд бич: Их Эзэн биднийг дуудахад сонсож, дуулгавартай байсан үед адислалууд нь бидний болон бусдын дээр ирдэг юм. Их Эзэн Сүнсний өдөөлтөөр, мэдрэмжээр, зүүдээр, сүмийн удирдагч, багш эсвэл бидний эцэг эхийн үгсээр, сүмийн ажлуудад дуудагдсанаар, зовлон бэрхшээлээр, эсвэл бусад арга замуудаар дамжуулан биднийг “дуудаж” болох олон арга замууд байдаг.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул: Их Эзэний “дуудлагыг” дуулгавартай дагасан учраас адислагдсанаа та хэзээ мэдэрсэн бэ?

Алма 10-р бүлгийн үлдсэн хэсэг нь Аммонайхагийн олон хүмүүс Амюлекийн үгсийг сонсохоос татгалзсан тухай өгүүлдэг. Хэрэв тэд наманчлахгүй аваас тэд устгагдсан байх өдөр ирэх болно гэдгийг хүмүүст анхааруулав. Алма 10:22–23-ыг уншиж, тэдгээр хүмүүс тэр үеийн устгалаас яагаад аврагдсаныг олж мэд. Эдгээр шүлгүүд таны эргэн тойрон дахь хүмүүс зөв шударга биш байсан ч та өөрөө зөв шударга байх нь чухал болох талаар танд юу зааж байна вэ?

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 8–10-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: