Семинар
5-р хэсэг: 4 дэх өдөр, 2 Нифай 3


5-р хэсэг: 4 дэх өдөр

2 Нифай 3

Оршил

2 Нифай 3-р бүлэгт Лихай отгон хүү Иосефтоо хандан ярьж, түүнийг адислав. Ингэхдээ Лихай сонгогдсон үзмэрч бага Иосеф Смитийн Мормоны Номыг урагш авчрах үүргийн талаар Египетийн Иосефын бошиглолыг дахин өгүүлэв. Энэ хичээлээр та Бошиглогч Иосеф Смитэд талархах агуу талархал болон сайн мэдээний сэргээлт дэх түүний тэнгэрлэг үүргийн талаар хүчтэй гэрчлэлийг олж авах боломжтой болно.

2 Нифай 3:1–25

Лихай Бошиглогч Иосеф Смитийн талаарх Египетийн Иосефын бошиглолыг дахин өгүүлэв.

Лихай гэр бүлдээ хандсан яриагаа үргэлжлүүлэхдээ хүү Иосефтоо түүнээс гадна гурван өөр Иосеф гэдэг нэртэй хүмүүсийн талаар заав. 2 Нифай 3-р бүлэг дэх судрын эшлэлээс Иосеф эсвэл уг судраас сурсан бусад Иосефууд хүртэл шугам тат.

Зураг
Joseph Stick Figures

Энэхүү хичээл нь Бошиглогч Иосеф Смитийг төрөхөөс 3,000 гаруй жилийн өмнө түүний тухай бошиглосон Египетийн Иосефын бошиглолд төвлөрнө.

  1. Бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний сэргээлт дэх түүний үүргийн тухай бодох үед таны ой ухаанд орж ирж буй үйл явдлууд болон заасан зүйлсийг судрын тэмдэглэлдээ жагсаан бичиж эхэл. Хичээлийн туршид илүү их мэдээлэл олж мэдэх үедээ энэ жагсаалтдаа нэмж бичих учраас хангалттай зай үлдээгээрэй.

2 Нифай 3:6–8-ыг уншаад Египетийн Иосеф, Бошиглогч Иосеф Смит болон түүний хийх ажлыг тайлбарлахдаа ашигласан үгс ба үг хэллэгүүдийг олж тодорхойл. Эдгээр үгс болон үг хэллэгүүдээс судрын тэмдэглэл дэх бошиглогчийн талаарх жагсаалтдаа чухал гэж үзэж байгаа үгсийг нэм. Эдгээр шүлгүүдэд Их Эзэн сайн мэдээний сэргээлтийг гүйцэлдүүлэхэд туслуулахын тулд Бошиглогч Иосеф Смитийг бэлтгэсэн гэдгийг Египетийн Иосеф гэрчилдэг. 2 Нифай 3-р бүлгийг үргэлжлүүлэн судлахдаа Бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг зорилгын талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлж байгаа нэмэлт үнэнүүдийг олж, жагсаалтдаа нэмж бич.

Египетийн Иосефын бошиглолыг илүү сайн ойлгохын тулд 2 Нифай 3:6–7, 11 болон 14-р шүлгүүдэд үзмэрч гэдэг үг хэдэн удаа давтагдаж байгааг анзаараарай. Нэг шүлгийнх нь хажуу талын зайд үзмэрч гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүйг мэдэж чаддаг хүн гэж тэмдэглэх хэрэгтэй (Мозая 8:13–17-г үзнэ үү).

Зураг
Египетийн Иосефын бичиглэлийн тухай үзэгдэл

2 Нифай 3:7-д, Иосеф Смитийг “агуу үнэт болох … ажил үйлдэх”-ийг Их Эзэн өөрт нь хэлсэн хэмээн Египетийн Иосеф хэлсэн. 2 Нифай 3:11–15, 19–21-т Их Эзэн бошиглогч Иосефоор дамжуулан ямар “агуу үнэт” ажлыг хийх гэж байсныг судалж мэд. Таны хувьд хэрэглэх боломжтой суралцахад туслах хэрэгслүүд (бүлгийн тойм, зүүлт тайлбар, судруудын удирдамж гэх мэт) нь Египетийн Иосефын талаар олон дэлгэрэнгүй мэдээллийг ойлгоход тань тусална. Бошиглогч Иосеф Смитийн үүргийн талаар шинэ мэдээлэл олбол судрын тэмдэглэл дэх жагсаалтдаа нэмж бич.

Судрууд дахь “[хэн нэгний] хэвлийн үр жимс” хэмээх дүрслэл нь уг хүний үр удам гэсэн үг юм. Египетийн Иосеф өөрийнх нь үр удмын нэг болох Бошиглогч Иосеф Смит хожмын өдрүүдэд Мормоны Номыг урагш авчрах болно хэмээн бошигложээ.

2 Нифай 3:12 дахь “хэвлийн тань үрс [Египетийн Иосефын үр удам] бичиглэх болно” хэмээн хэлсэн нь Иосефын үр удмаар бичигдсэн цэдэг болох—Мормоны Ном—-ыг тодорхойлж байна (2 Нифай 3:4-ийг үзнэ үү). Мормоны Номыг “Иудейн хэвлийн үрсээр” бичиглэгдсэн ариун нандин цэдэг болох Библитэй “хамтран нэгдэх” болно хэмээн бошигложээ. 2 Нифай 3:12-р шүлгээс Мормоны Ном, Библи хоёр хамтран нэгдэхдээ дэлхийд нөлөөлөх талаар дүрсэлсэн үг хэллэгүүдийг хайж ол.

Түүнчлэн Египетийн Иосеф бошиглохдоо Бошиглогч Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд “миний хүмүүсийг авралд авчрах” чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээжээ (2 Нифай 3:15-ыг үзнэ үү).

  1. Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Иосеф Смитийн үүрэгт талархах сэтгэлийг тань үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд туслах дараах асуултуудад хариулж судрын тэмдэглэлдээ бич.

    1. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн хүмүүст авралыг авчрахад тусалж чадах гэрээнүүд, эрх мэдэл эсвэл ёслолуудын ямар ямар жишээнүүд байна вэ?

    2. Эдгээр адислалууд нь таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирсан бэ?

2 Нифай 3:24-р шүлэгт Бошиглогч Иосеф Смитийг тодорхойлон бичсэн үгс, үг хэллэгүүдийг олж, судрын тэмдэглэл дэх жагсаалтдаа нэмж бич. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг уншаад, Бошиглогч Иосеф Смитийг “Бурханы мутар дахь зэмсэг” байсан гэдгийг батлах нэмэлт сургаалуудыг жагсаалтдаа нэмж бич.

“Биднийг бусад бүх сүмээс ялгаатай болгодог, залуу бошиглогч [Иосеф Смит]-ийн илчлэлтээр ирсэн олон сургаал болон зарчмуудын заримыг би нэрлэе. …

“Хамгийн түрүүнд, мэдээж Бурханы Өөрийнх нь болон Түүний Хайрт Хүү амилсан Их Эзэн Есүс Христийн илэрхийлэл юм. …

“Хэдэн зууны турш дэлхийгээс нуугдаж байсан Бурханы талаарх энэхүү мэдлэг нь сонгогдсон үйлчлэгчдээ Түүний илчилсэн анхны бөгөөд агуу зүйл байсан юм. …

“Мормоны Ном Бурханы бэлэг болон хүчээр ирсэн юм. …

Зураг
Иосеф ах

“[Бошиглогч Иосеф Смитийн үзүүлсэн бас нэгэн хувь нэмэр] бол санваарын сэргээлт билээ. …

“Бошиглогчид өгөгдсөн өөр нэгэн агуу хийгээд онцгой илчлэлт бол гэр бүлийн мөнхийн амьдралын төлөвлөгөө юм. …

“Бяцхан хүүхдийн гэм зэмгүй байдал нь Бурханы Бошиглогч Иосефээр дамжуулан өгсөн бас нэгэн илчлэлт билээ. …

“… Нас барагсдын төлөөх авралын агуу сургаал нь энэ Сүмийн хувьд онцгой зүйл юм. …

“Хүмүүний мөнхийн мөн чанар илчлэгдсэн. …

“… Би дахиад нэг зүйлийг энд дурдах ёстой. Энэ бол өнөө үеийн илчлэлтийн зарчим юм. …

“… Түүний амьдралын 38 жил хагасын богинохон хугацаанд зүйрлэшгүй их мэдлэг, бэлгүүд болон сургаал [Бошиглогч Иосеф Смит]-ээр дамжин ирсэн юм” (“The Great Things Which God Has Revealed,” Ensign, 2005 оны 5-р сар, 80–83).

Бошиглогч Иосеф Смитийг алуулсны дараа Ерөнхийлөгч Жон Тэйлор Сургаал ба Гэрээ 135-р бүлгийг бичжээ. Сургаал ба Гэрээ 135:3-ыг уншаад сайн мэдээний сэргээлтэд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Иосеф Смитийн үүргийн талаар энэ хичээлээс юу сурснаа тунгаан бод.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд хариулж бич.

    1. Өнөөдөр та 2 Нифай 3-р бүлгийг судлахдаа Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлэх юу сурч мэдэрсэн бэ?

    2. Таны хувьд “агуу үнэт” (2 Нифай 3:7) болох юуг Иосеф Смит хийж, зааж, эсвэл сэргээсэн бэ?

Бошиглогч Иосеф Смитээр дамжин олон агуу үнэт зүйлс сэргээгдсэн гэдгийг ойлгоход нь туслахын тулд найзууд болон гэр бүлийнхэндээ бошиглогчийн талаарх гэрчлэлээ хуваалцах аргуудыг залбирч эрэлхийл.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 3-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: