2019
“Чи эндээс явах хэрэгтэй”
2019 оны 7-р сар


“Чи эндээс явах хэрэгтэй”

Зохиогч нь Чилийн Антофагастад амьдардаг.

Гэрийнхэнтэйгээ Чилийн хойд хэсэгт нүүж очихоос эмээж байсан ч энэ цөл бидний амлагдсан газар болж хувирсан юм.

Зураг
road in Chile

Чилийн Консепсион хотын зураг, Getty Images-ийн гэрэл зураг

Мормоны Номоос Нифай хэрхэн зөнч эцгээ үргэлж дэмждэг байсан тухай би олж уншихдаа Сүмийн ихэнх өсвөр үеийнхэн Нифай шиг байдаг байх гэж бодсон. Гэвч гэрийнхэн маань цөл рүү нүүх шийдвэр гаргахад би Лемен, Лемүел хоёртой тун адилхан хандсан юм. Би гэрээсээ явахыг хүсэхгүй байв.

Нифай болон түүний ах нар шиг би “буянт сайн эцэг эхээс мэндэлсэн” (1 Нифай 1:1). Тэд хоёулаа өсвөр насандаа сүмд нэгдсэн ба аавыг номлолд үйлчилж байхад ээж минь түүнийг хүлээсэн юм. Тэд Сүмийн идэвхтэй, хөдөлмөрч гишүүд байв.

Намайг ахлах сургуульд байхад бидний амьдарч байсан Чилийн Консепсион бүс нутаг хавиар эдийн засгийн уналтад орсон юм. Ажлын байр хомсдож, аав маань ажил олж чадахгүй байлаа. Эцэст нь тэр хотоос гадуур ажил хайж эхлэв.

Тэр ажил хайсаар Чилийн уул уурхайн бүс нутаг болох Калама хотын хойд хэсэгт хүрчээ. Тэр барилгын инженер байсан ба тэнд нэг сайн ажил олов. Гэвч тэр тэнд ганцаараа, гэрээсээ хол амьдрахаас аргагүй болсон юм. Бид аавынхаа царайг 32 цагийн турш автобусаар явж байж гэртээ ирсэн үед нь л хардаг байлаа.

Хэдэн жилийн турш аавыгаа жилд ердөө хоёр, гуравхан удаа хардаг болсны дараа ээж өөрчлөлт хийх цаг болсон гэж үзэв. Эцэг эх маань гэр бүлээ аваад хойд зүг рүү нүүх шийдвэр гаргасан.

Бид аавтайгаа байх хэрэгтэй

Дүү маань шилжихэд ямар ч асуудалгүй байв. Коллежид сурч байсан эгч маань надад сайн үлгэр жишээ үзүүлж,

“Би сургуулиа хойшлуулж болно. Бид аавтайгаа байх хэрэгтэй” гэв.

Надаас бусад нь бүгд л нүүх шийдвэрийг дэмжиж байлаа. Би ч бас аавтайгаа хамт байхыг хүсэж байсан ч өөрчлөлт хийж, хувийн золиослол гаргахаас татгалзсан юм. Би найз нөхөдтэй бөгөөд эргэн тойрноо мэддэг, амьдралынхаа хэв маягт дассан байсан ба Консепсионд коллежид элсэн орохыг хүсэж байв. Бид явах шаардлагагүй гэж би ээжийгээ хамаг чадлаараа ятгалаа.

Эцэст нь ээж “Хүү минь, аав чинь ганцаараа байгаа. Тэр бидэнтэй хамт байхыг хүсэж байгаа. Чи ойлгодог ч болоосой, гэвч чи зөвхөн хувиа бодоод байна шүү дээ” гээд “Тэнд ч гэсэн бидэнд боломж гарна” гэж намайг урамшуулав.

Миний толгойд нэг л багтаж өгөхгүй байсан ч зүрх сэтгэлдээ түүний зөв гэдгийг би мэдэж байлаа. Тухайн үед надад хүчтэй гэрчлэл байгаагүй ч би гэр бүлтэйгээ хамт явах талаар залбирч үзэхээр шийдэж билээ. “Чи эндээс явах хэрэгтэй” гэсэн тодорхой хариулт надад ирэв. Надад гунигтай байсан ч би эцэг эхдээ явна гэдгээ хэлэв.

Модод хаана байна вэ?

Консепсион бол ногоон, мод ихтэй газар юм. Тэнд жилд 50 инч (127 см) орчим бороо ордог байхад бидний нүүх гэж байсан Калама хотын ойролцоо Антофагастад ердөө 0.1 инч (0.25 см) бороо ордог байв.

Намайг хамгийн ихээр гайхшируулсан зүйл бол үнэндээ тэнд очих аялал байсан юм. Биднийг хойд зүгийг чиглэн автобусаар явж байхад, эргэн тойронд нов ногоон байснаа харлан хувирахыг харах нь шаналантай байв. “Модод хаана байна аа?” гэж би бодож байлаа. Хөдөө газрын үнээнүүд хаачив? Нүдэнд зөвхөн шороо, хад чулуу, толгод харагдаж байв.

Мэдээж, Чилийн хойд хэсэг элсэн цөл газар байхад би юу хүсэн хүлээсэн юм бол? Лихайн гэр бүлийг өвийн нутгаа орхин, цөл рүү авах үед Лемен, Лемүел хоёрт ямар санагдаж байсныг би санасан.

Биднийг Антофагастад хүрч ирэхэд надад үнэхээр аймаар санагдаж байв. Хэрэв би найз нөхөдтэй болохгүй бол яах вэ? Хэрэв би энэ газарт дасахгүй бол яана аа? Ирээдүйн итгэл найдвар минь биелэхгүй бол яах вэ?

Эцэст нь санаа зовох шаардлагагүй байсныг би ойлгосон. Биднийг боломж бололцоо, ялангуяа сүнслэг боломжууд хүлээж байгаа гэж хэлсэн ээжийн зөв байлаа.

Биднийг нүүхээс өмнө сайн мэдээ надад чухал санагддаггүй байв. Их Эзэн миний амьдралд чухал байр эзэлдэггүй байсан. Гэвч Антофагастад сайн мэдээний сайн сайхан талыг олж харахад тусалсан хүмүүс амьдралд маань орж ирсэн юм. Би санваарын онцгой удирдагчдаас тусламж авч, одоо ч үнэ цэнтэй хэвээр байгаа найз нөхөдтэй болж чадсан. Миний сүнслэг амьдрал бүрмөсөн өөрчлөгдсөн юм.

Зураг
Segio at institute

Сэржио найзуудтайгаа институт дээр сууж байгаа нь

Би ээжийгээ сонссондоо талархдаг. Би бас Их Эзэн миний залбиралд хариулсанд талархдаг. Эцэст нь гэрийнхэнтэйгээ хамт хойд зүг рүү нүүх зориг гаргасандаа би талархдаг.

Би энэ цөлд л өнөөдрийн намайг бий болгон тусалсан өөрчлөлтүүдийг хийсэн. Энд л би сайн мэдээг хүлээн авч, номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэж мөн Их Эзэнд амьдралаа зориулах амлалтуудыг өгсөн. Би энд л Лемен, Лемүел хоёр шиг болохгүй байхаар шийдсэн юм.

Манай гэр бүлийн болон миний хувьд цөл бидний амлагдсан нутаг болж хувирсан билээ.