Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

ТҮҮНИЙ ХААНЧЛАЛ БА ТОХИНУУЛАЛ

Лихай болон түүний эхнэр Сариа, мөн түүний (ахмадаас дэслэн) Лемен, Лемүел, Сам болон Нифай хэмээн нэрлэгдэх дөрвөн хөвгүүний шастир оршвой. Лихай хүмүүст тэдний ёсон бус үйлийн тухай бошиглосноос тэд түүний амийг бүрэлгэхээр эрэлхийлэн буй тул Иерусалимаас одохыг Их Эзэн түүнд сэргийлэн сануулжээ. Тэр гэр бүлийнхээ хамт гурав хоногийн турш аглаг буйдад зорчив. Нифай ах нараа аваад иудейчүүдийн цэдгийн төлөө Иерусалимын зүг буцсан болой. Тэдний зүдгүүрүүдийн шастир оршвой. Тэд Ишмэил гэгчийн охидыг эхнэр болгон авав. Тэд гэр бүлээ авч аглаг буйд тийш одов. Аглаг буйд дахь тэдний зовлон ба зүдгүүр. Тэдний аялсан замнал. Тэд их усанд ирэв.Нифайн ах нар түүнийг эсэргүүцэв. Тэрээр тэднийг шившиглэж, мөн усан онгоц босгов. Тэд уг нутгийг Өгөөмөр хэмээн нэрийдэв. Тэд их усыг гатлан амлагдсан нутагт хүрэв гэхчилэнгээр өгүүлэх ажгуу. Энэ нь Нифайн шастирын дагуу; эсвээс өөрөөр хэлбэл, би, Нифай, энэхүү цэдгийг бичиглэв.

Бүлэг 1

Нифай өөрийн хүмүүсийн цэдгийг бичиглэж эхлэв—Лихай үзэгдлээр галан баганыг харж мөн бошиглолын номноос уншив—Тэрээр Бурханыг шагшин, Мессиаг ирэхийг зөгнөн, мөн Иерусалимын устгалыг бошиглов—Тэрбээр иудейчүүдээр хавчигдав. Ойролцоогоор мэө 600 он.

1БИ,Нифай, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир, тиймийн тул миний бие эцгийнхээ бүхий л эрдэм мэдлэгт зарим талаар сургагдсан байв; бас амьдралынхаа турш өчнөөн зүдгүүрийг туулсан хэдий ч, амьдралынхаа бүхий л өдрүүдэд би Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртэж, тийм ээ, Бурханы нууц болон сайн сайхны агуу их мэдлэгийг олсны учир, тийнхүү би өөрийн өдрүүдэд үзэж үйлдсэнээ цэдэглэх бөлгөө.

2Тийм ээ, би иудейчүүдийн эрдмээс мөн египетчүүдийн хэлнээс боловсорсон эцгийнхээ хэлэн дээр цэдгийг товчоолох ажгуу.

3Мөн миний үйлдэх тэрхүү цэдэг үнэн гэдгийг би мэднэ; басхүү би үүнийг өөрийн гараар үйлдэв; басхүү би үүнийг өөрийн мэдлэгээр бүтээх бөлгөө.

4Учир нь улиран тохиох дор Иудейн хаан Зедикая засаглан суух анхны жилийн эхэнд (миний эцэг, Лихай, амьдралынхаа бүх өдрүүдэд Иерусалимд суурьшин байсан ажгуу); мөн чухамхүү тэр л онд олон бошиглогч хүмүүст хандан тэднийг нүглээ наманчлах ёстой, эс бөгөөс их хот Иерусалим устгагдах ёстойг бошиглож байсан ажгуу.

5Иймийн тул улиран тохиох дор миний эцэг, Лихай, тэрээр урагш одох зуураа Их Эзэнд залбирав, тийм ээ, тэр ч байтугай бүх сэтгэл зүрхээрээ түмэн олныхоо төлөө залбирав.

6Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Их Эзэнд хандан залбирах үед, галан багана тодорч мөн түүний өмнө хэвтэх чулуун дээр тогтон үзэгдэв; мөн тэрээр ихийг үзэж бас сонсов; басхүү тэрбээр өөрийн үзэж, сонссон зүйлүүдийн улмаас үлэмж ихээр чичрэн дагжив.

7Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Иерусалим дахь гэртээ буцав; чингээд Сүнс ба өөрийн үзсэн зүйлүүдийн улмаас догдлон байсны учир тэрээр биеэ ор дэвсгэртээ хадан байсан ажээ.

8Мөн ийнхүү Сүнснээс болж сульдсаны учир, тэрбээр өөрийн биеэс халин үзэгдэлд зорчихуй дор, тэрээр тэнгэр нээгдэхийг үзсэн буюу, тэрээр өөрийн тунгааснаар асар тэнгэрт Бурханыг магтан дуулах тоо томшгүй олон тэнгэр элчээр хүрээлүүлэн Бурхан хаан сэнтийдээ залран буйг харжээ.

9Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Нэгэн бие асар тэнгэрээс доошлон буухыг, басхүү тэрээр түүний туяаран гэрэлтэх нь үдийн нарнаас ч хурц болохыг харсан ажээ.

10Мөнхүү тэрбээр түүнчлэн түүнийг шадарлан буй өөр бусад арванхоёрыг харав, басхүү тэдний гэрэлтэх нь огторгуй дахь одноос ч үлэмж давуутай бөлгөө.

11Мөн тэд доошлон ирж басхүү урагшлан дэлхийн гадаргуугаар одов, мөн тэргүүлэн буй нь ирж, басхүү эцгийн минь өмнө зогсоод, мөн нэгэн номыг түүнд өгөөд, түүнчлэн тэрбээр уг номыг уншвал зохилтой хэмээн тушаажээ.

12Мөнхүү улиран тохиох дор тэрээр уншихад, тэрбээр Их Эзэний Сүнсээр дүүргэгдсэн ажгуу.

13Мөнхүү тэрээр уншаад өгүүлрүүн: Ай халаг, ай халаг Иерусалим минь, би чиний жигшүүрт үйлүүдийг харан байнам! Тийм ээ, мөн миний эцэг Иерусалимын тухай олон зүйлийг уншсан—энэ нь, бас тэндхийн оршин суугчид устгагдахыг; олон нь илдэнд эрсдэж, мөн олон нь олзлогдож Вавилонд хүргэгдэхийг болой.

14Мөнхүү улиран тохиох дор миний эцэг олон агуу хийгээд гайхамшигт зүйлүүдийг харж бас уншаад, тэрээр уулга алдаж Их Эзэнд хандан: Таны үйлдэхүй дор ямар агуу хийгээд гайхамшигтай вэ, Ай Их Эзэн, Бүхнийг Чадагч Бурхан минь! Таны сэнтий өндөр тэнгэрт буй, мөн таны хүчин, басхүү сайн сайхан, мөн нигүүлсэл тань газар дэлхийн оршин амьдрагч бүхний дээр буй; мөн та нигүүлсэнгүй учир, танд ирэх тэдний мөхөхийг та үл тэвчих буйза! гэх мэт олон зүйлийг өгүүлэв.

15Мөн эцгийн минь Бурханаа магтан дуулах хэл иймэрхүү байлаа; учир нь түүний бодгаль баясан басхүү бүх сэтгэл зүрх нь дүүргэгдэв; түүний үзсэн зүйлс, тийм ээ, Их Эзэн түүнд үзүүлсэн зүйлүүдийн улмаас бөлгөө.

16Мөн эдүгээ би, Нифай, эцгийнхээ бичсэн зүйлүүдийн бүрэн шастирыг үйлдэхгүй, учир нь тэрээр өөрийн харсан үзэгдлүүд хийгээд зүүднээс олон зүйлийг бичиглэсэн, басхүү тэрбээр хүүхдүүддээ бошиглон мөн ярьсан олон зүйлийг бичиглэснийг нь би нэг бүрчлэн сийрүүлэн үйлдэхгүй буюу.

17Харин би өөрийн өдрүүдэд үйлдсэнийхээ шастирыг үйлдэх болой. Болгоогтун, би эцгийнхээ цэдгийг хураангуйлан, би өөрийн гараар бүтээсэн ялтсууд дээрээ буулгав; иймийн тул бибээр эцгийнхээ цэдгийг хураангуйлсны төгсгөлд би амьдралынхаа шастирыг үйлдэх бөлгөө.

18Тиймийн тул, Их Эзэн үлэмж олон ер бусын гайхамшигт зүйлүүдийг миний эцэг, Лихайд үзүүлсний дараа, тийм ээ, Иерусалимын устгалын тухай, болгоогтун, тэрбээр хүмүүсийн дунд орж, мөн өөрийн сонссон болон үзсэн зүйлүүдийн талаар тэдэнд бошиглон тунхаглаж эхэлснийг та бүгд мэдээсэй хэмээнэ би.

19Мөнхүү улиран тохиох дор тэдний талаар түүний гэрчлэн мэдүүлсэн зүйлүүдийн учир иудейчүүд түүнийг доромжлон элэглэв; учир нь тэрээр тэдний жигшүүрт хэргүүд болон тэдний ёс бусын үйлийг үнэнээр гэрчилж, мөн сонссон басхүү үзсэн зүйлүүд хийгээд түүнчлэн номноос уншсан зүйлүүд, Мессиагийн ирэх хийгээд түүнчлэн дэлхийн гэтэлгэлийг илэрхийгээр мэдүүлсэн гэдгийг тэрбээр гэрчилсэн болой.

20Мөн иудейчүүд эдгээр зүйлийг дуулаад түүнд уурлан; тийм ээ, түүгээр үл барам тэднийг хөөн зайлуулж, чулуугаар шидэн хороосон, хөнөөж егүүтгэсэн тэрхүү эрт цагийн бошиглогчдын адилаар, бас тэд түүний амийг тэрчлэн үзэж, тэд амийг нь авахаар эрэлхийлсэн ажгуу. Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно.