2019
Ариун сүмийн дэргэд залбирцгаая
2019 оны 7-р сар


Ариун сүмийн дэргэд залбирцгаая

Хуан Бэлтрам

Аргентин, Буэнос-Айрес

Зураг
men praying at construction site

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Манай хүү Марког гурван настай байхад хүү бид хоёр хоолны хүнд хордлогод орсон юм. Маркогийн өвчин хүндэрч, улмаар ухаан алдав. Миний эхнэр Марианэла бид хоёр хүүгээ эмнэлэг рүү яаралтай хүргэсэн юм. Биднийг эмнэлэгт ирэхэд тэр амьсгал хураасан юм шиг л харагдаж байлаа. Эцэст нь бүтэн дөрвөн цагийн дараа тэр ухаан оров.

Үүнээс хойш Марко дараагийн таван жилийн туршид үе үе татдаг болсон юм. Бид орой бүр түүнийг оронд нь оруулахдаа, дахиад шөнө дунд түүнийг эмнэлэг рүү яаралтай хүргэх хэрэг гарах болов уу гэж боддог байв. Ийм их түгшүүртэйгээр бид хэдэн жилийн турш амар тайван унтаж чадаагүй бөгөөд залбирал, итгэл, мацаг, санваарын адислалд найддаг байлаа.

Марког зургаа хүрэх гэж байхад Марианэла ажил дээр байхад маань над руу залгаад, эмнэлэгт яаралтай ир гэв. Марко маш хүнд таталт өгч, комд орсон байлаа. Түүнийг утасдахад би Аргентины Буэнос Айрес ариун сүмтэй залгаа байрладаг Аргентины номлогчийг бэлтгэх төвийн барилгын засвар дээр ажиллаж байв.

Намайг эмнэлэг рүү явахаас өмнө хамт ажилладаг найз маань “Их Эзэний өргөөнд ийм ойрхон байгаа юм чинь эхлээд яагаад залбирч болохгүй гэж?” гэв. Ариун сүм засвар, өргөтгөлийн ажлаар хаагдсан байсан ч бид Их Эзэний өргөөний дэргэд очин, Маркогийн төлөө залбирлаа.

Маркотай хамт туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхнээс үл хамааран би Марианэла бид хоёрт хүүтэй минь хамт өнгөрүүлэх цаг хугацаа олгосных нь төлөө Бурханд талархсан юм. Би залбирч байхдаа, бид сайн эцэг эх байхыг хичээж, Марког чадлынхаа хэрээр харж хандсан гэдгээ Тэнгэрлэг Эцэгтээ хэлэв. Хэрэв Тэр Марког гэртээ иргэж ир хэмээн дуудвал бид Түүний хүслийг хүлээн авах болно гэдгээ би бас хэллээ.

Би эмнэлэг дээр ирээд, Марког комоосоо гарсан эсэхийг мөн тэр дахин алхаж, ярьж чадах эсэхийг ч мэдэхгүй байв. Тэр хоёр цагийн туршид маш хүнд нөхцөлд байсны дараа сая л нэг ухаан оров. Тэр ядарч туйлдсан байсан ч зүгээр байлаа. Түүнээс хойш тэр гайхалтай нь аргагүй сайжирсан юм. Яваандаа Марко эм уухаа ч больж, эмнэлгээс нэгмөсөн гарсан.

Марианэла бид хоёр тэр хүнд хэцүү үеийг эргэн санахдаа, Марко минь бидэнд байгаад мөн энэ бүхнээс ухаарсан зүйлсдээ талархдаг. Тулгарсан сорилт бэрхшээл маань биднийг нэгдмэл, бас сүнслэг байдлын хувьд хүчирхэг болгосон. Энэ явдал болоогүйсэн бол Их Эзэн бидний амьдралд Өөрийн мутрыг ямар олон арга замаар харуулдгийг олж харахгүй байх байсан биз.

Марианэлагийн хэлснээр “Бидэнд Бурханы оршихуйг гэрчилсэн, Түүнийг бидэнтэй хамт байж, биднийг сонсдог гэдгийг баталсан олон нотолгоо, туршлагыг бид олж авсан. Хэрэв бид эцсээ хүртэл тэсэж, тэвчээртэй байвал адислалууд бидний бодож байгаагүй үед ирэх болно.