2019
Хүүхдэд өгсөн амлалт
2019 оны 7-р сар


Хүүхдэд өгсөн амлалт

Ллувиа Парадэс Кабрэра

Мексикийн Юкатан

Зураг
little girl standing outside church building

Зургийг Паскал Кампион

Хэдэн жилийн өмнө би хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон юм. Надад урам зориг өгдөг ганц зүйл бол миний найз болон түүний хүүхдүүд байв. Бид амралтын өдрүүдээр алхдаг байсан ба надад энэ нь таалагддаг байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бидний алхах тоо улам бүр багасаж эхэлсэн юм. Би найзаа мөн найзынхаа гэр бүлийг санах болов. Дараа нь би найзыгаа гэр бүлтэйгээ хамт олон жилийн өмнөөс хийхээ больсон нэг зүйлээ буюу Сүмд явдаг байсан дадал хэвшлээ сэргээсэн тул хамт алхах нь цөөрснийг мэдсэн юм.

Нэг өдөр тэд намайг өдрийн хоолонд урив. Тэднийг дахин харах надад маш сайхан байлаа. Би тэднийг хэчнээн их санаснаа хэлэв. Найзын маань зургаан настай охин надад бидэнтэй хамт сүмд явж энэ асуудлыг шийдэж болно гэж хэллээ. Тэр юу ч бодолгүй намайг шууд л сүмд явахад урив.

Өө, үгүй, үгүй! Сүмд явах нь тэдний хувьд зөв зүйл байж болох ч надад бол дэндүү уйтгартай гэдгийг би энэ гэр бүлд хэрхэн ойлгуулах билээ? Би олон жил сүмд яваагүй ч хүүхдэд хэрхэн татгалзаж чадах билээ дээ? Би сүмд явна гэж хэлсэн боловч үнэндээ амлалтдаа хүрэх хүсэл надад огтхон ч байсангүй.

Тэр ням гарагт би аавындаа өглөөний унд уухаар очив. Гар утас тасралтгүй дуугарч, бяцхан охинд сүмд хамт очно гэж өгсөн амлалтыг маань сануулж байлаа. Аавыг надаас яагаад утсандаа хариулахгүй байгааг асуух хүртэл би утсаа авсангүй. Намайг сүмийн цуглаанд ирэхийг урьсан ч очмооргүй байгаагаа би хэллээ. Аав инээмсэглэн, “Ллувиа, хэлсэн үгэндээ хүрэхгүй л юм бол хүүхдэд биелүүлэхгүй амлалт бүү өгч бай” гэв. Би ч амлалтаа биелүүлэхээр шийдлээ.

Би сүм дээр ирээд, огт өөр мэдрэмжийг буюу дүрслэхийн аргагүй нэг зүйлийг мэдэрсэн юм. Яагаад ийм зүйл болсныг тайлбарлаж чадахгүй байсан ч би дараа дараагийн цуглаануудад очсон бөгөөд миний мэдэрч байгаа зүйл Ариун Сүнс байсныг мэдсэн.

Сүмийн гишүүд надад гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байлаа. Би ямар ч эргэлзээгүй Сүмийг сонирхож эхлэв. Би номлогчидтой уулзаж, гэрчлэлтэй болж эхэлсэн. Номлогчид тогтмол айлчлан ирэх болж мөн сайн мэдээний талаарх ойлголт маань өсөн нэмэгдсээр, би баптисм хүртэхийг маш их хүсэх болсон юм. Би тун удалгүй баптисм хүртсэн бөгөөд одоо сайн мэдээний адислалуудаас хүртэж байна. Иймээс би зургаан настай охинд өгсөн амлалтдаа хүрсэндээ талархдаг.