2019
Урам хугарсан үеийг даван гарах нь
2019 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Урам хугарсан үеийг даван гарах нь

Хүн бүрд урам хугарах зүйл тохиолддог ч чадсангүй гэсэн бодол салахгүй байх нь таны өсөлт хөгжилд саад болохын зэрэгцээ сэтгэл зүйн эрүүл мэндэд тань муугаар нөлөөлдөг.

1 дэх буруу ташаа ойлголт: Бид бүгд аз жаргалтай байхаар төрсөн.

2 дахь буруу ташаа ойлголт: Аз жаргал өгдөг зүйлээ бид хэзээ ч авахгүй тул хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж үү?

Энэ хоёр буруу ташаа ойлголтын үр дүнд хүмүүсийн урам зориг мохдог. Энэ мэдрэмж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхгүй бол эсвэл өөрсдөдөө шаардлага тавихгүй, одоогийн байдлаа зүгээр л хүлээн зөвшөөрөх үед бидэнд төрдөг. Биднийг өөрийгөө азгүй, шаардлагад хүрэхгүй байна гэж бодохоос эсвэл чадлынхаа хэрээр зүтгэсэн ч аливаа зүйл хүссэнээр маань болохгүй байхаас үл хамааран урам хугарахын өмнө ихэвчлэн азгүй явдал тохиолддог.

Гэхдээ урам хугарах явдлууд амьдралын нэгээхэн хэсэг бөгөөд үүнийг хэрхэн даван туулж болох талаар суралцах юм бол энэ нь үнэндээ үр ашигтай зүйл байдаг. Тиймээс урмыг тань хугалсан үйл явдлаа хэрхэн өсөж хөгжих зэмсэг болгоход туслах 10 зөвлөгөөг өгье.

  1. Азгүй явдлаа мөн ийм зүйл болоход гүйцэтгэсэн өөрийн оролцоог хүлээн зөвшөөр. Тийм ээ, заримдаа гаднах хүчин зүйлс биднийг бүдрэхэд хүргэдэг ч ихэнх тохиолдолд аливаа зүйлийг арай өөрөөр хийх боломж ч бидэнд бас байдаг. Өөрийнхөө алдаанаас суралцахыг эрэлхийл.

  2. Үүнийхээ талаар залбир. Дахин аз жаргалтай болохын тулд бүх зүйл сайн сайхан болоосой гэхээсээ илүү, урагш явахад хэрэгтэй ойлголт, сургамж авч, өөдрөг хандлагатай болохын төлөө залбир.

  3. Асуудлыг шийдвэрлэ. Санаа зовох нь үр ашиггүй. Та бодлоо тархин дахь сэтгэл хөдлөл дээрээ төвлөрүүлэхийн оронд төлөвлөгөө гаргах бүх эх сурвалж байдаг логик сэтгэлгээ рүү шилжүүлэхийг хичээ.

  4. Дахин залбир. Урам хугарах байдлаас гарахад туслах сайн төлөвлөгөө боловсруулан гаргасныхаа дараа төлөвлөгөө тань сайн болсон эсэхийг асуун залбир. Их Эзэн юуны өмнө урмыг тань хугалсан азгүй үйл явдлыг даван гарахад танд тусална.

  5. Ажилла. Ажлын байраа алдсан бол өдөр бүр хуучин ажил дээрээ өнгөрөөдөг байсан цагаа шинэ ажил хайж олоход зарцуул. Асуудал тань харилцаа холбоонд байгаа бол харилцаагаа сайжруулах дээр ажилла. Аливааг даван туулж байсан ч ялангуяа гэм нүгэл урмыг тань хугалж байгаа бол өөрчлөгдөж, жижиг жижиг зорилт тавьж ажилла.

  6. Өдрөөс өдөрт төлөвлөж ажилла. Таны төлөвлөгөөнд орсон зорилгууд жижигхэн байх ёстой бөгөөд таныг зөв чиглэлд хөтлөх ёстой.

  7. Дэмжлэг туслалцаа үзүүлдэг хүмүүсээ ашигла. Гэр бүл, найз нөхөд тань асар том эх сурвалж юм. Нөхцөл байдлаа тэдэнд нэмж хачирлалгүй хэл. Жинхэнэ найз нөхөд тань сонсож, дэмжин тусална. Заримдаа анхааралтай сайн сонсох нь бүхнийг өөрчилж чадна.

  8. Санваарын адислал хүс. Авч болох санваарын адислалд тоо хязгаар гэж байхгүй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол асуу.

  9. Тэвчээртэй байж даван гар. Заримдаа уг мэдрэмжийг арилгахад цаг хугацаа хэрэгтэй байдаг.

  10. Адислалуудаа тоол. Талархаж явдаг зүйлсээ жагсааж бич. Өдөр бүр уг жагсаалт дээрээ нэмж бичин, эцэст нь бидний хүн нэг бүрийг аз жаргал хүлээж байдгийг ойлго.

Тийм ээ, амьдрал хэцүү. Бидний хүн нэг бүрд л хэцүү байдаг. Гэхдээ сорилт бэрхшээлээ эергээр хардаг болох юм бол бидний итгэл өсөн нэмэгддэг. Бид өсөж хөгжин, чадах бүхнээ хийж, Түүнээс тусламж хүсэх юм бол Бурханы биднийг гэсэн хайрыг мэдрэх илүү боломжтой.