2019
Ажилтай болох зургаан алхам
2019 оны 7-р сар


Бие даасан байдлын адислалууд

Ажилтай болох зургаан алхам

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хэрэв бид ажилд орох хэрэгтэй бөгөөд ажилгүй байгаа бол материаллаг байдлын хувьд бие даах боломжгүй. Ажилтай болох зургаан алхмыг энд оруулав.

Зураг
man looking up at ladders

Зураг чимэглэлийг Икэр Айэрстаран

Таны өмнө хэд хэдэн ажлын сонголт байгаа үед өөрт тохирсон ажилдаа орохын тулд та ямар алхам хийх вэ?

Танд ажилд орох эсвэл илүү сайн ажилтай болох хэрэгтэй байна уу? Та ажил хэрэгтэй хэн нэгнийг мэдэх үү? Ажилтай болох эсвэл илүү сайн ажилд орох үнэхээр шаардлагатай олон хүнд тохиолдож байгаа нэг бэрхшээл бол хүссэн ажлаа хэрхэн олохоо мэдэхгүй байх явдал юм. Тэд “Би танилцуулга бичих хэрэгтэй юү эсвэл өөрийнхөө тухай интернэтэд тавих нь зөв үү? Эсвэл аль алиныг нь хийвэл яах бол?” “‘Таны сул тал юу вэ?’ ‘Би яагаад таныг энэ ажилд авах хэрэгтэй вэ?’ зэрэг асуултад хэрхэн зөв хариулах вэ?” хэмээн асуудаг.

Энэ нийтлэлд хүссэн ажилдаа орохын тулд юу мэдэх шаардлагатай болох мөн дараа нь хүссэн ажилдаа орохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултад хариулахад туслах нотлогдсон зургаан алхмыг танилцуулах юм. Энэ зургаан алхмыг Бригам Янгийн Их Сургууль дээр ирж, ажилтан элсүүлж авдаг 760 ажил олгогчийн дунд ажилд авах арга барилынх талаар хийсэн миний судалгааны үр дүн дээр үндэслэн гаргасан. Түүнчлэн ажил олгогч мэргэжлийн хүмүүсээс мөн 30 гаруй жилийн хугацаанд 20 гаруй орны олон мянга хүнд өгсөн ажилд орох, ажил олгох сургалтаас авсан мэдээлэл дээр тулгуурлан эдгээр алхмыг боловсруулсан болно. Эцэст нь эхнэр бид хоёр Европын орнуудаар Бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх ахмад номлогчоор томилогдон үйлчилсэн. Бидний туршлага ажил хайгчдад яг энэ тодорхой тусламж хэрэгтэй байгааг батлан харуулсан билээ. Та дэлхийн хаана амьдардаг, ажлын ямар ур чадвартай эсвэл ямар албан тушаалтай ажилд орохыг хүсэж байгаа гэдгээс үл хамааран энэ зургаан алхам танд тусалж чадна.

Хүссэн ажилдаа орох энэхүү үйл явц хэд хоногоос хэдэн долоо хоног, бүр хэдэн сараар ч үргэлжилж болно. Гэхдээ нэг сайхан мэдээ юу вэ гэвэл, энэ үйл явц үнэхээр үр дүнтэй. Энэ зургаан алхам (1) анх удаа ажил хайж буй хүмүүст, (2) өөр ажилд шилжихийг эсвэл одоогоор ажиллаж байгаа компани эсвэл байгууллагадаа тушаал дэвшихийг хүссэн хүмүүст мөн (3) өөр байгууллагад албан тушаал дэвшин орохыг хүсэж байгаа хүмүүст гээд дээрх гурван ангиллын аль нэгэнд багтах бүх түвшний ажил хайгчдад тусална.

1-р алхам. Хүсэж байгаа тодорхой ажлаа тодорхойл.

Та яг одоо өөрийн ажлын ур чадвар, дадлага туршлага, гаргасан амжилт эсвэл боловсрол зэрэгтэй нийцэхүйц бодит ажлаа олж тодорхойлох ёстой. Тодорхойлсон бол ажлынхаа нэрийг бичнэ үү. Танд тусламж хэрэгтэй бол олон янзын вэбсайт дээр янз бүрийн ажлын нэр, тодорхойлолтыг жагсаасан байдаг. 1-р алхмын хувьд та нээлттэй ажлын байрны зар олох хэрэггүй. Зөвхөн өөрийн чадварт тэнцэх, сонирхолтой ажлаа тодорхойлно.

Ажил эрэлхийлж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том хоёр алдаа бол үнэхээр хүсэж байгаа тодорхой ажлаа сонгохгүй байх эсвэл тавьсан шаардлагад хүрэхгүй албан тушаалыг сонгох явдал юм. Хэрэв та яг ямар ажлыг хайж олох, аль ажил мэргэжлээр замнахаа мэдэхгүй байгаа бол ямар ч ажилд орохгүй байж болно. “Ямар ч ажил байсан, болно” гэх нь туслахгүй. Ингэж хэлэх нь ажил олгогчид хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй бөгөөд ажил хайхад гаргаж буй хичээл зүтгэлийг тань баллах болно. Тиймээс одоо хийж чадах тодорхой ажлаа сонгоод, тэр ажилдаа ороход хамаг анхаарлаа хандуул.

2-р алхам. Хүсэж буй ажлынхаа тодорхойлолтыг олж мэд.

Бригам Янгийн Их Сургуулиас ажилтан элсүүлж авдаг 760 ажил олгогчийн дунд явуулсан миний судалгаанаас болон олон жилийн туршид янз бүрийн оронд ажиллаж байсан туршлагаасаа харахад ажил олгогч болон менежерүүд аливаа ажил дээр ажлын тохирсон ур чадвар, дадлага туршлага, гаргасан амжилт эсвэл боловсрол бүхий нэр дэвшигчдийг үргэлж авч үздэг. Энэ нь ялангуяа дунд ба ахисан түвшний албан тушаалуудад илт харагддаг. Эдгээр ажил олгогч ажил горилогчдыг шалгахдаа, нээлттэй ажлын байр болгоны хамгийн чухал шаардлагуудыг санахын тулд ажлын байрны тодорхойлолтын тоймыг эсвэл жагсаалтыг ашигладаг. Дараа нь ажил олгогч албан тушаалынх нь тодорхой тодорхойлолттой бүх ажил горилогчийг харьцуулдаг.

Та хүсэж байгаа ажлынхаа ажлын байрны тодорхойлолтыг олж авах ёстой. Энэ нь тухайн ажилд тохирох ажил горилогч болж чадах эсэхээ тодорхойлоход танд туслах юм. Энэ нь бас танилцуулга, хавсаргах захидалдаа болон ажил олгогчтой хийх ярилцлагаар юу хэлэх, юу хэлэхгүйгээ шийдэхэд тань тусална. Ажил олгогчид өөрсдийн вэбсайт, сонины зар болон ажил хайхад зориулсан вэбсайт дээр ихэвчлэн нээлттэй ажил болгоныхоо ажлын байрны тодорхойлолтыг тавьсан байдаг. Ажлын талаар мэдэж байгаа одоо ажиллаж буй ажилчид нээлттэй ажлын байрны тодорхойлолт болон тавигдах шаардлагуудын талаар танд хэлж өгөх боломжтой.

2 дахь алхмаар таны хийх ёстой зүйл бол хүсэж байгаа ажлынхаа ажлын байрны тодорхойлолтоос тодорхой шаардлагуудыг олж мэдэх явдал юм. Та дараа нь түлхүүр мэдээллийг 3–6-р алхам дээр ашиглана.

3-р алхам. Сонгосон ажилд тань тохирох ур чадвар, дадлага туршлага, ажлын үр дүн, боловсролын шаардлагыг олж тодорхойл.

Энд л та 2-р алхам дээрх ажлын байрны тодорхойлолтод дүрсэлсний дагуу таны хувийн ур чадвар, ажилтай холбоотой гаргасан амжилт ололт одоо хүсэж байгаа ажлын байранд тань тавигдсан түлхүүр шаардлагатай үнэхээр тохирч байгаа эсэхийг тодорхойлно.

Та өөрийн ажлын ур чадвар, амжилтын талаар ийм жагсаалт гаргах юм бол өөрийнхөө ажлын туршлагыг 2-р алхам дээрээс мэдэж авсан ажлын байрны тодорхойлолт дээрх түлхүүр шаардлагуудтай харьцуулж чадахуйц болно. Хэрэв таны ур чадварууд 1-р алхам дээр сонгосон ажлын тань хэрэгцээтэй сайн тохирч байгааг харуулж байвал 4–6-р алхам руу орно уу. Гэхдээ, хэрэв 3-р алхам дээр таны жагсааж бичсэн ур чадвар болон гаргасан амжилт ололтууд 2-р алхам дээр тодорхойлсон ажлын байрны тодорхойлолттой нийцэхгүй байвал энэ удаа яг одоогийн ур чадвар, чадавхтай тань хамгийн сайн тохирох өөр ажлыг сонгох талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй.

4-р алхам. Тусгайлан тохируулсан нэг юм уу хоёр хуудас танилцуулга бич.

Зураг
people writing resumes

CV ч гэж нэрлэдэг танилцуулгыг бичих гол зорилго бол нээлттэй ажлын байранд хүн авахаар хайж буй ажил олгогчтой ярилцлага хийх явдал юм. Таны танилцуулга ажлын тань ур чадвар, дадлага туршлага, гаргасан амжилт ололт эсвэл боловсрол гээд тухайн ажил олгогчийн ажлын байрны тодорхойлолтын хамгийн чухал үзүүлэлтүүдтэй хамгийн сайн тохирсон ажил горилогч гэдгийг товч тодорхой харуулснаар ярилцлагад орох үүд хаалгыг нээж өгдөг.

Та танилцуулгаа өөр өөр ажил олгогчийн нээлттэй ажлын байр бүрд тохируулан бичсэн байх ёстой. Та бүх танилцуулга дээрх ажлын намтар, сургуулийн талаарх болон одоогийн холбоо барих мэдээлэл зэрэг оруулбал зохих үндсэн мэдээллээ өөрчлөх шаардлагагүй. Эдгээр мэдээлэл таны бүх танилцуулган дээр адилхан байх ёстой. Гэвч хэрэв та нэгээс дээш ажил олгогчид ажилд орох маягт бөглөн өгч байгаа бол ажил олгогч бүрийн ажлын тодорхойлолт дээрх шаардлага бага зэрэг эсвэл огт өөр байна. Тиймээс та ажлын байрны тодорхойлолт бүр дээр ямар ур чадвар, амжилт ололт тань илүү тохирохыг сонгох ёстой. Та эдгээрийг танилцуулган дээрээ “судалсан,” “хөгжүүлсэн,” “үйлдвэрлэсэн,” “зохион байгуулсан” гэх мэт тодорхой үйл үгээр эхлэх товч тайлбар маягаар оруулаарай.

Жишээлбэл, хэрэв та борлуулалт, маркетингийн аль алинд ажиллаж байсан туршлагатай мөн борлуулалт, маркетинг гэсэн хоёр өөр ажил дээр маягт бөглөж өгөх гэж байгаа бол нэгэн дээр нь борлуулалтаар хийсэн ажил, гаргасан амжилт ололтоо, харин нөгөөх дээр нь маркетингаар хийсэн амжилт, гаргасан амжилт ололтоо хуваалцсан хоёр танилцуулга боловсруулах хэрэгтэй. (Хэрэв та ажлын арвин туршлага хараахан хуримтлуулаагүй байгаа бол Сүмийн үйлчлэлийн туршлагаа танилцуулга дээрээ хэрхэн ашиглаж болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг lds.org/go/71939 вэбсайтаас авна уу.)

5-р алхам. Одоо орохыг хүсэж байгаа ажлынхаа ажилд авч байгаа ажил олгогчдыг ол.

Цаг үе хүнд хэцүү байсан ч бөглөх хэрэгтэй ажлын орон тоо байсаар л байдаг. Ажилтнууд тэтгэвэртээ гарч, ажлын байраа сольж, тушаал дэвшиж, буурч эсвэл өөр газар руу шилждэг. Өсөж хөгжин, илүү олон хүн ажилд авах шаардлагатай бизнесүүд үргэлж байдаг. Энэ бүх нөхцөл байдал нь шаардлага хангасан ажил олгогчоор орлуулж болох ажлын байруудыг гаргаж өгдөг. Заримдаа бөглөх ажлын орон тоо цөөхөн байдаг бол заримдаа бөглөх ажлын байруудаар хахах нь ч бий. Тиймээс та ажил хараахан олоогүй байгаа бол сэтгэлээр бүү уна. Зүгээр л өөрт тохирсон ажлаа үргэлжлүүлэн хай.

Ажил олгогчдын болон ажлын байрны вэбсайт, сонины зар болон бусад эх сурвалжаас хүсэж байгаа ажлаа хай. Түүнчлэн нээлттэй ажлын байрыг олох хамгийн сайн аргуудын нэг бол харилцаа холбоо тогтоох явдал юм. Та өдөр бүр хөрш, тойргийн гишүүд зэрэг олон хүнтэй холбогдож, хайж байгаа тодорхой ажлынхаа талаар тэдэнд дуулгаж, ийм ажлын орон тоо нээлттэй байгаа эсэхийг мэдэхийг эсвэл энэ талаар мэдэх хэн нэгнийг таньдаг эсэхийг асуу. Та өдөр бүр хүмүүстэй ярилцахдаа холбоо барих мэдээллээ хүн бүрд өгөхөө мартуузай.

6-р алхам. Ажил олгогчид танилцуулгаа явуулахаасаа өмнө ярилцлагад хэрхэн сайн орж болоход суралц.

Зураг
woman at an interview

Та ажил олгогчдод сайтар тохируулан бэлдсэн танилцуулгаа явуулахын өмнө эхлээд ярилцлагад төвөггүй орж сурах хэрэгтэй. Ихэнх хүн ярилцлагад сайн ороход бэлдэхийнхээ оронд танилцуулгаа хэт яаран явуулдаг. Асуудал нь ажил горилогчдын зарим нь ярилцлагад шууд орохоор уригдаж болоход оршино. Тухайн ажилд орохоор нэр дэвшигчдийн сэтгэл догдолж, ярилцлагадаа хангалттай сайн бэлдээгүйгээсээ болж ярилцлагадаа ч мөн ажилдаа ч амжилттай орж чаддаггүй. Үүнээс болж та тэр компанид юм уу ярилцлага хийгч дээр эргэн очиж, дахиад ярилцлагад ормоор байна, би одоо тэр асуултад хэрхэн зөв хариулахаа мэднэ гэж хэлэх боломжгүй юм.

Ярилцлагын асуулт бүхэнд хэрхэн хариулах нь хүссэн ажилдаа орох эсэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэдийгээр та бүх асуултад үнэнчээр хариулах хэрэгтэй ч ярилцлагын асуулт бүрд хариулах арга зам зөв эсвэл буруу байж болно. Танд тавьж болох асуултуудыг өгөв. Үүнд:

  • Таны хүчтэй болон сул талууд юу вэ?

  • Өмнөх ажил дээр тань тулгарч байсан асуудлыг та одоо хэрхэн өөрөөр шийдвэрлэж болох вэ?

  • Та ямар цалин авахыг хүсэж байна вэ?

  • Та таван жилийн дараа юу хийхийг хүсэж байна вэ?

Та ажил горилогчийн хувьд, тавьсан асуулт бүрд өгөх хариулт бүрээ урьдаас тооцоолж, төлөвлөсөн байх ёстой. Ганцхан муу хариулт ажилд орох боломжийг тань үгүйсгэж болно. Таны туршлага, ур чадвар, гаргасан амжилт ололт тэдний ажлын байрны тодорхойлолтод нийцэж байгааг харуулах богинохон, нэгээс хоёр минутад багтах хариултыг өгөхөд төвлөр. Эхний ярилцлагад орохоосоо өмнө хариултаа тэдний хэрэгцээнд нийцүүлэхийн тулд тухайн байгууллагыг судал.

Ихэнх ярилцлагын дараа танд ажил олгогчоос хэдэн зүйлийг асуух боломж гарна. Тавьж болох хамгийн сайн асуулт бол тухайн нээлттэй ажлын байрны талаар байх ёстой. “Энэ ажилд юу хийх эсвэл юуг өөрчлөх шаардлагатай вэ?” Энэ нь таныг эргэж ирэхийг урих үед болох дараа дараагийн ярилцлагад тус болно. Та ерөнхийдөө байгууллагын зорилго, ажлын соёл, цалин (танаас энэ тухай асуувал), ажлын цаг, урамшууллын талаарх асуултаа хадгалан, дараагийн ярилцлагаараа асууж болох юм.

Та одоо хүссэн ажилдаа орох зургаан алхмыг мэддэг боллоо. Хэрэв та ажилд орох хэрэгтэй бөгөөд ажилгүй байгаа бол материаллаг байдлын хувьд бие даах боломжгүй гэсэн үг. Хэрэв та ажилд орох шаардлагатай эсвэл илүү сайн ажил хэрэгтэй байгаа бол эсвэл ажилд орох хэрэгтэй хэн нэгнийг мэддэг бол эдгээр хүчирхэг, батлагдсан, ажил хайх хэрэгслийг ашиглаж эсвэл бусдад түгээнэ үү. Эдгээр нь танд хэрэг болно. Хүссэн ажилдаа орохын тулд гаргах хичээл зүтгэлийг тань Их Эзэн адислах болтугай.