2019
Бид бол гэрч: Өнөөгийн арван хоёр төлөөлөгч
2019 оны 7-р сар


Бид бол гэрчүүд: Өнөөгийн арван хоёр төлөөлөгч

Орчин үеийн төлөөлөгчид ариун нандин дуудлагынхаа талаарх өөрсдийн бодлыг хуваалцаж байна.

Зураг
members of the Quorum of the Twelve Apostles

Busath Photography-ийн гэрэл зураг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсанаас хойших 189 жилийн хугацаанд 102 хүн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлэхээр дуудагджээ. Их Эзэн үүнээс хойш олон өөрчлөлтийг хийхээр удирдсан ч төлөөлөгчийн үндсэн үүрэг өөрчлөгдөөгүй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард Ариун сүмийн талбайн хажууд байдаг албан өрөөнөөсөө, төлөөлөгчдөд олгогдсон дэлхий даяар Аврагчийг гэрчлэх сүнслэг эрх мэдэл, номлогчид, төлөөлөгчдийн хоорондын онцгой холбоо, “төлөөлөгч, үзмэрч, илчлэгч байх” тухай нийтэд түгсэн буруу ташаа ойлголтын талаар ярьсан юм. Энэ нийтлэлийн энэхүү хэсэгт зориулан өөрсдийн ариун нандин дуудлагын талаар ярих Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын өөр гишүүдийг санал болгож болох эсэхийг түүнээс асуухад “Байлгүй яах вэ. Бүгдээрээ” хэмээн тэр хариулсан юм.

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь

Өнөөгийн төлөөлөгчдөд асар их саад бэрхшээл тулгарч байна. Тэд улс төрийн тайван бус байдал, гэр бүлийн нуралт, хөврөн үргэлжлэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дарамт шахалт болон эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг сорилттой тулгарч байгаа дэлхий даяарх цугларагсдад тохинуулж байна. Гишүүдэд тулгамдаж буй асуудал, тэдний нөхцөл байдлыг ойлгодог байх нь төлөөлөгчийн хувьд чухал юм.

Сүмийн удирдагчдын хувьд төлөөлөгчид хүмүүст илүү сайн хүрч үйлчлэхийн тулд тэднийг болон тэдний нөхцөл байдлыг сайн мэддэг байх ёстой.

Ахлагч Улиссэс Соарэс “Бид хүмүүсийн амьдралд нөлөөлж буй зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Төлөөлөгчид байнга суралцаж, асууж лавлан, сүнслэг өдөөлт болон илчлэлт хүлээн авдаг байх ёстой” хэмээн хэлсэн.

Гишүүдэд тулгамдаж байгаа асуудлыг мэддэг байхын зэрэгцээ төлөөлөгчдийн хувьд Бурханы удирдамжийн дуу хоолойг анхааралтай сонсож, Их Эзэний таалалд нийцүүлэх нь илүү чухал хэмээн ерөнхийлөгч Баллард хэлэв. Тэр “Энэ бол Их Эзэний Сүм бөгөөд энэ дэлхий дээрх Түүний хаант улсыг Өөрийнх нь биднээс хүсдэг арга замаар авч явах тухайд анхаарах нь бидэнд тулгардаг томоохон сорилт юм” гэж ерөнхийлөгч Баллард хэлсэн.

Онцгой гэрчүүд

Төлөөлөгч бүрийг өөрийн дуудлагын талаар ярих үед тэдний дуудлагын удирдлагын хэсэг гол ажил нь биш болох нь тодорхой болдог. Тэдний үндсэн үүрэг бол өмнө нь байсанчлан, “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд байх” (Сургаал ба Гэрээ 107:23) явдал юм.

Аврагчийн төлөөлөгчдөдөө өгсөн сүүлийн заавар нь “зааж, гэрчилж, баптисм хүртээж мөн Түүний Сүмийг байгуулж, хүчирхэгжүүлэх” (Матай 28:19–20) явдал байсан хэмээн ерөнхийлөгч Баллард хэлэв.

Өнөөгийн төлөөлөгчдийн үүрэг ч гэсэн хэвээр байгаа. “Бид юуны түрүүнд, бүхий л цаг үеийн туршид Их Эзэн Есүс Христ амьд гэдгийн гэрч юм. Бид удирдах ажилтнууд биш, харин Есүс Христийн сайн мэдээний тохинуулагчид мөн” гэж ахлагч Дэвид А.Бэднар хэлсэн.

Ахлагч Жэффри Р.Холланд төлөөлөгчид “бүх дэлхийгээр” “аялан явдаг гэрчүүд байхаар” томилогддог гэж хэлсэн. Тэр мөн “Бид газар зүйн хувьд хамгийн алслагдсан Сүмийн нэгжийнхэнд хүртэл тэднийг Их Эзэний бошиглогчтой ойр дотно холбоотой байдгийг мэдрүүлэхийг хүсдэг. ‘Сүм дэлхийн өчүүхэн хэсгийг эзэлдэг’ гэж олонтоо хэлдэг. Төлөөлөгчийн харилцаа холбооны хувьд ийм л байгаасай гэж би боддог” хэмээн хэлсэн юм.

Зураг
Christ appearing to His Apostles

Явж, бүх үндэстэнд заа, Хэрри Андэрсон

Гадас болгонд хүрч үйлчлэх нь

Ахлагч Квинтин Л.Күк дөрвөн жил тутам Сүмийн гадас, тойрог, дүүрэг, салбар бүрд Арван хоёрын гишүүн ирж, удирдагчидтай нь уулзан, тэдэнд бошиглолоор өгөгдсөн нэн чухал асуудлаар сургалт явуулдаг гэж тайлбарласан.

“Удирдагчдын чуулган нь бидэнд Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор ‘Сүмийг [төлөвшүүлэн], үүний бүх үйл хэргийг үндэстэн ястан бүрд адилхан [удирдан явуулах]’ [Сургаал ба Гэрээ 107:34] сургаалын үүргээ биелүүлэх боломжийг олгодог” гэж хэлсэн юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хуримтлуулсан баялаг, гүн гүнзгий сургамжтай туршлага орон нутгийн эдгээр удирдагч гишүүдээ асуудалтай үед нь урамшуулж, дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахад нь зааварчлан хөтлөн туслах боломж бололцоогоор хангадаг болохыг ахлагч Бэднар хэлсэн.

Ахлагч Гэррит В.Гонгийн хэлснээр “Бид өөр өөр газраар явахдаа гишүүдийнхээ сайн сайхныг мэдэрдэг. Бид туршлагуудыг нь сонсон, дэлхийн өөр өөр хэсэгт болон Сүмийн доторх өөр өөр бүлэгт болж буй зүйлийн талаар чуулгын хувьд хамтдаа зөвлөлдсөнөөр бидэнд ойлгоход туслах зүйлсийг мэдэж авдаг.”

Удирдагчдын чуулгануудад оролцохоор явах нь бидэнд “гайхалтай, сайхан хүмүүстэй учрах боломжийг олгодог. Бидэнд тэдний гэрээр айлчилж, тэдэнд тохинуулах боломж гардаг юм. … Бидний сэтгэл зүрхэнд хамгийн гүн гүнзгий нөлөөлдөг зүйл бол гэгээнтнүүдэд тохинуулах явдал. Бид үүнийг Ариун Сүнсний болон Аврагчийн удирдамжийн дагуу мөн заримыг нь хуваалцахад хэт ариун нандин туршлагаар олж авсан мэдлэгийнхээ хүрээнд хийдэг” хэмээн ахлагч Күк хэлсэн юм.

Нэг нэгээр нь

Ерөнхий эрх мэдэлтнээр болон одоо Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчлээд нийт 43 жил буюу дөрөв дэх арван жилдээ үйлчилж байгаагийн хувьд ерөнхийлөгч Баллардын ажил үүрэг түүнийг дэлхийн ихэнх улс оронд айлчлан очиж, олон мянган гишүүнтэй болон номлогчтой нүүр тулан уулзаж, тохинуулах боломжийг олгосон. Олон сая хүн түүний Ерөнхий чуулган болон онцгой цугларалт дээр хэлсэн үгийг сонсож байсан. Хэдийгээр түүнд дэлхийг хамарсан үүрэг хариуцлага байдаг ч гэлээ, Ариун Сүнс түүнийг хувь хүмүүстэй холбогдох, тэднийг адислах боломжийг олгодог. Энэ нь учир зүйн хувьд зөрчилтэй мэт санагдавч Аврагчийн арга зам ийм л байсан гэж тэр хэлэв. “Би заримдаа ‘Таны сургалтад суух үеэр та амьдралыг минь өөрчилсөн зүйлийг хэлж билээ’ гэсэн захидлуудыг хүлээн авдаг. Энэ бол Ариун Сүнсний хүч юм. Их Эзэн Өөрийн Сүмийн бүх зүйлд жижиг гэлтгүй оролцдог” хэмээн тэр хэлсэн.

“Дэлхий даяарх Сүмийн гишүүдтэй өнгөрүүлдэг энгийн мөртлөө гайхалтай сайхан олон туршлага” төлөөлөгчийн тохинууллыг тодорхойлдог хэмээн ахлагч Бэднар хэлсэн юм. Тэр бас “Их Эзэн Арван хоёрын чуулгын гишүүнийг тодорхой цагт тодорхой газар илгээснээр бид зовж зүдэрсэн эсвэл тайтгарал, урмын үг сонсох хэрэгтэй итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдтэй болон өөр бусад хүнтэй учирдаг. Бурхан эдгээр уулзалтыг удирддаг” гэж нэмж хэлсэн.

Ахлагч Роналд А.Расбанд төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараа Сүмийн гишүүдтэй болон бусадтай мэндчилэхэд цаг гаргахын тулд амьдралдаа нэмэлт цаг гаргах хэрэгтэйг мэдэж авснаа хуваалцаж билээ. “Энэ нь миний тухай асуудал биш юм. Асуудал нь энэ Сүмийн гишүүд төлөөлөгчийн албыг хэрхэн өөрөөр харж, хүндэтгэл үзүүлдэгт оршдог юм” хэмээн тэр хэлсэн.

Ахлагч Расбандыг төлөөлөгчөөр томилогдох үед түүнд “Бид таныг бүх дэлхий даяар, бүх цаг үед мөн ямар ч нөхцөл байдалд Христийн нэрийн онцгой гэрч байхаар томилж байна” хэмээн зааварласныг тэр хэлэв. ‘Бүх цаг үед, ямар ч нөхцөл байдалд’ гэсэн үг намайг томилох адислалд орсон байсан” хэмээн тэр нэмж хэлсэн юм.

Зураг
President Ballard, Elder Holland, Elder Uchtdorf, Elder Bednar

Ерөнхийлөгч Баллард Испанид

Ахлагч Холланд Англид

Ахлагч Угдорф Орост

Ахлагч Бэднар Перуд

Гэрэл зургуудыг Хуан Антонио Родригэз (Испани), Саймон Жөүнс (Англи), Луис Антонио Арроёо Абандо (Перу), Кристэн Албо (Аргентин), Далинэ Гриффин (Мексик), Александр Бөржэс (Бразил) нар авав

Чухал харилцаа

Төлөөлөгчид болон Сүмийн 70000 гаруй бүрэн цагийн номлогчийн хоорондын харилцаа холбоо ариун нандин, тэр ч бүү хэл харилцан хамааралтай байдаг.

Төлөөлөгч гэдэг үг нь “илгээгдэх” гэсэн утгатай грек үгээс гаралтай хэмээн ахлагч Дэйл Г.Рэнланд тайлбарлав. “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүхэнд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно” (Марк 16:15–16) хэмээн Аврагч эртний төлөөлөгчдөдөө үүргийг нь тодорхойлсныг бодож үзнэ үү.

Арван хоёр нь энэ зарлигийг дагахдаа номлолын болон сайн мэдээний захиасыг хүргэх ажилд “зөв шударгаар оролцдог” хэмээн ерөнхийлөгч Баллард хэлэв.

Эртний Паулын адилаар өнөөгийн төлөөлөгчид бусадтай сайн мэдээнээс хуваалцах үүргийн талаар залбирч, бусдыг томилдог. Мөн номлогчид төлөөлөгчидтэй адил Христийн сайн мэдээг заахаар дэлхий даяар илгээгддэг. “Арван хоёр өөрсдөд нь буй түлхүүрүүдийг ашиглан тэднийг номлолд томилдог. Тиймээс бид ийн тэднийг илгээдэг” гэж ахлагч Бэднар хэлсэн.

Их Эзэн номлолын ажлыг удирдан явуулдаг удирдагч хэвээр. Тэр Номлолын гүйцэтгэх зөвлөлд өөр өөр цаг үед үйлчлэхээр ээлжлэн томилогддог амьд төлөөлөгчдөдөө номлолын талбарт үйлчилж буй бүрэн цагийн номлогчдод Өөрийнх нь хүслийг уламжлах эрх мэдлийг олгодог. Эдгээр удирдах үүрэг нь зүгээр нэг “зохион байгуулалтын” үүргийн хүрээнээс хальсан байдгийг ахлагч Бэднар хэлсэн. Төлөөлөгчид Израилыг цуглуулах санваарын түлхүүрүүдийг атгадаг. “Ажлыг Их Эзэний хүслийн дагуу хийхийн тулд бид сүнслэг хараа болон удирдамж зааврыг өгдөг” гэж тэр хэлэв.

Ахлагч Дийтр Ф.Угдорф Сүмийн Номлолын Гүйцэтгэх Зөвлөлийг тэргүүлдэг. Ажлын ширээн дээр нь заах уулзалт руугаа яаран хар хурдаараа дугуйгаа жийж байгаа номлолын хамтрагчдыг харуулсан жижиг хүрэл баримал байлаа. Тэрхүү хүрэл баримал төлөөлөгч, номлогч хоёрын хоорондын салшгүй холбоог түүнд сануулдаг ажээ. “70000 номлогч тус бүр ариун нандин үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Их Эзэн тэднийг Аврагчийн төлөөлөгч болох Бурханы бошиглогчоос хүлээн авсан захидлаар дуудсан билээ. Тэд Арван хоёрын гар хөл болдог.

Бидэнд цаг зав гарах бүрд бид тэдэнтэй уулздаг” гэж ерөнхийлөгч Баллард хэлсэн. “Би тэдэнд асуух боломж олгодог. Бид тэдэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг олж, зааж, баптисм хүртээн, хүчирхэгжүүлэхэд нь туслахыг хичээдэг.

Хамтарч ажилласнаар хоёр бүлгийг хоёуланг нь сайн мэдээний сайхан мэдээг хуваалцуулахаар дэлхий даяар илгээдэг юм. Бид бүрэн цагийн номлогчдыг өөрсдийн хамтрагчид гэж үздэг” хэмээн ахлагч Д.Тодд Кристоффэрсон хэллээ.

Буруу ташаа ойлголт

Гаднаас нь харж байгаа хүмүүст Сүмийг корпорацийн адил удирддаг гэж ойлгож болох ч төлөөлөгч байх нь “бизнесийн байгууллагын гүйцэтгэх захирал байхтай адилгүй бөгөөд үнэндээ тэс өөр байдаг” гэж ахлагч Гари И.Стивэнсон хэлсэн юм. Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч байх үүрэг нь үнэн хэрэгтээ тохинууллын мөн санваарын үүрэг юм. Дэлхийд Есүс Христийн гэрч байх үүрэг нь “биднийг сэнхрүүлж, тодорхойлдог.”

Ахлагч Нийл А.Андэрсэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад бүлэглэл, лобби эсвэл хүчний төв гэж байдаггүй гэжээ. “Өөр өөр санаа гарч” болох ч “ямар ч хувийн ашиг сонирхол байдаггүй.”

Их Эзэн өөр өөр мэргэжил, нөхцөл байдалд байсан хүмүүсийг цуглуулан авчирдаг хэмээн ахлагч Андэрсэн хэлсэн юм. Гэвч “тэд Аврагчийн талаарх гэрчлэл, даруу байдлаараа адилхан. Тэд албан тушаал эрэлхийлж, өрөөнийхөө хамгийн ухаантай хүн болохыг хичээдэггүй. Их Эзэн ийм хүмүүсээр дамжуулан ажиллаж чадна. Би [Арван хоёрын] хэн нэг нь уурлаж байхыг мөн өөр хэн нэгнийг дорд үзэж байхыг харж байгаагүй.

Даруу байдал төлөөлөгчдийг тодорхойлдог хэмээн ахлагч Угдорф хэлэв. Дуудлагууд нь тэднийг аялж яваа бараг газар бүрд нь олны танил болгодог ч “энэ нь бидний тухай биш, харин Түүний тухай гэдгийг бид мэднэ. Бид Түүнийг төлөөлдөг. … Энэ бол Түүний сайн сайхны тухай юм.”

Зураг
Elder Cook, Elder Christofferson, Elder Andersen, Elder Rasband

Ахлагч Күк Аргентинд

Ахлагч Кристоффэрсон Мексикт

Ахлагч Андэрсэн Бразилд

Ахлагч Расбанд Энэтхэгт

Бид бүгд үйлчлэхээр дуудагдсан

Аврагч Өөрийн үхэл, Амилалтын дараа шавь нартаа 40 өдрийн турш заавар өгч, дараа нь тэнгэрт одсон. Искариотын Иудасын урвалт болон үхлээс үүдэн Арван хоёрын чуулгад хоосон зай гарахад чуулгын гишүүд цугларч, Их Эзэнд хүсэлт тавьсан.

Маттиа болон Барсаб гэсэн хоёр хүнийг тодорхойлсон тул төлөөлөгчид залбирч, “Эзэн, Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач … хэмээхэд шавга нь Маттиа дээр бууж, тэрээр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ” (Үйлс 1:23–26-г үзнэ үү).

Түүнээс хойш өнөөг хүртэл “Төлөөлөгчөөр дуудагдах нь ямар нэг амжилт ололтыг илэрхийлдэггүй” хэмээн ахлагч Рэнланд тайлбарласан юм. “Энэ нь хичээл зүтгэл гарган олж авдаг дуудлага биш. Үйлс номын 1-р бүлэгт Маттиа Барсабын оронд Бурханаар сонгогддог. Бурхан яагаад гэдгийг бидэнд хэлээгүй. Гэхдээ Аврагчийг болон Түүний амилалтыг хүндэтгэсэн Барсабын гэрчлэл Маттиагийнхтай адилхан байсныг бид мэдвэл зохино.”

Бурхан сонгосон гэдгийг тэр тайлбарласан. “Хэрэв Барсаб өөрт оногдсон дуудлага бүрээ гүйцэтгэж, дуудлагаа эрхэмлэн биелүүлсэн бол түүний шагнал Маттиагийн хүлээн авсан шагналаас огтхон ч өөр байхгүй байх байсан.

Барсабын гэрчлэл Маттиагийн гэрчлэлтэй яг адилхан байсан шиг Сүмийн гишүүн бүр “төлөөлөгчийнх шиг харилцааг Их Эзэнтэй үүсгэх эрхтэй бөгөөд үүсгэж ч чадна” хэмээн ерөнхийлөгч Баллард хэлэв.

Их Эзэнд болон Сүмд үйлчлэх нь “онцгой эрх бөгөөд адислал юм. Энэ бол хүндлэл. Их Эзэн биднийг гэх хайраа харуулдаг бөгөөд бид ч гэсэн Түүний биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг хийснээр Түүнд хайраа харуулж чадна” хэмээн ахлагч Угдорф хэлэв.

Ариун туршлага

Аяллын дээд зөвлөлийн гишүүн байх нь ариун туршлага болохыг ахлагч Андэрсэн хэлсэн. “Биднийг гэрчлэлээ хуваалцахад уг гэрчлэл зарим байдлаараа бидний томилолтоос шалтгаалан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг.”

Ахлагч Кристоффэрсон төлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараахан хүмүүсийн хүлээлтээс болж сэтгэлээр унаж байжээ. Гэвч тэр дараа нь “Өөрийнхөө талаар мөн хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн эсвэл урам нь хугарсан эсэхээс үл хамааран чиний тухай тэдний бодлыг март. Зөвхөн миний чамаар дамжуулан тэдэнд өгөх зүйлд л анхаарлаа хандуул. Миний чамаар дамжуулан тэдэнд сонсгохыг хүссэн зүйлст л анхаарлаа хандуул” гэх Их Эзэний энгийн хариултыг хүлээн авчээ.

Хэдэн жилийн өмнө ахлагч Кристоффэрсоныг Венесуэлийн Мэридад айлчилж байхад долоо орчим настай гэмээр бяцхан хүү түүнийг цонхоор хараад, “El Apostol, el Apostol!” (“Төлөөлөгч өө, төлөөлөгч өө!”) гэж хашгирч эхлэв.

Энэ нь маш энгийн үйл явдал байсан ч хүүхдүүд хүртэл энэ дуудлагыг хэрхэн хүндэлж явдгийг надад харуулсан юм. Асуудал нь дуудлагыг хүлээн авсан хүнд байгаа юм биш. Тэр хүүхэд энэ дуудлагад талархдаг төдийгүй энэ нь юуг төлөөлж байгааг мэдэж байлаа” гэж тэр хэлэв.

Зураг
Elder Stevenson; Elder Renlund; Elder Gong; Elder Soares

Ахлагч Расбанд Энэтхэгт; ахлагч Стивэнсэн Хонконгт; ахлагч Рэнланд Бразилд; ахлагч Гонг Хятадын Шанхайд; ахлагч Соарэс Бригам Янгийн Их Сургууль дээр байхдаа

Гэрэл зургуудыг Вэнди Гиббс Кийлэр (Энэтхэг), Клэбэр Тэкс (Бразил), Моника Жиоржина Алварадо Заратэ (Шанхай), Жаная Бингам (БЯИС) нар авав