2019
Анхдагч Мара
2019 оны 7-р сар


Анхдагч Мара

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

2018 оны 10-р сар, Камбож, Пномпень

Зураг
Mara the Pioneer

Мара банзлаа товчлон, толинд харлаа. Бямба гарагт сүмийн хувцас өмсөх хачирхалтай санагдсан ч энэ бол онцгой бямба гараг. Ерөнхий чуулгантай бямба гараг байв!

“Эмэгтэйчүүдийн хуралдаанд очих гэж байгаадаа сэтгэл чинь догдолж байна уу?” гэж Мак (ээж нь) асуув. Тэр Марагийн үсийг түргэн хэрнээ зөөлхөн гэгч самнаж байхдаа “Би чамайг аль болох олон зүйл олж сонсоосой гэж хүсэж байна” гэв.

“Тэгэлгүй яах вэ! Тэд анхдагчдын талаар ярих байх гэж найдаж байна!” гэж тэр хариуллаа. Энэ нь Марагийн хамгийн дуртай сэдэв байв.

Мак “Тэд ярьж ч магад” гээд, “Чи аавыгаа анхдагч гэдгийг мэдэх үү?” гэж асуув.

Мара мэл гайхлаа. Аав гар тэрэг түрж байгаагүй шүү дээ.

“Яагаад тэр анхдагч гэж?” гэж тэр асуув.

Мак цонх руу, голын зүг дохилоо. “Тэр тэнд загасчилж байхдаа номлогчидтой танилцсан юм. Тэр гэрээсээ баптисм хүртсэн анхны хүн болсон юм. Энэ нь түүнийг анхдагч болгосон! Одоо харин хоёулаа эмээгээ олохоор явцгаая” гэж Мак хэллээ.

Иэй (эмээ нь) тэднийг үүдний өрөөндөө хүлээж байв. Марагийн гэр бүл өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг. Иэй эцэг эхийгээ ажилтай байх үед хичээлийнх нь дараа Мараг харж өгч тусалдаг байв. Одоо харин Иэй хотоор авахдаа унадаг том моторт дугуй мопедных нь дэргэд зогсож байлаа.

Мак хаалгаа онгойлгон, мопедоо гудамж руу гаргангаа Марад “Сүм Камбожид ердөө л 25 жил болж байна шүү дээ. Тиймээс бид бүгдээрээ анхдагч. Чи ч гэсэн!” гэв.

“Би яагаад анхдагч гэж?” хэмээн Мара мопед дээр суунгаа гайхан бодов. Мак Иэйг ардаа, Мараг дундаа суулгаад, мопедоо жолоодов. Пиг дүүрэн хүнтэй гудмаар уруудахад Мара ээжээсээ чанга барилаа.

Тэднийг кафены хажуугаар өнгөрөхөд цайны үнэр ханхалж байлаа. Энд бараг хүн бүр цай уудаг. Харин Мара уудаггүй. Учир нь тэр мэргэн ухааны үгийг дагадаг. Мара инээмсэглэв. Энэ нь түүнийг анхдагч болгож байгаа нэг арга зам байлаа!

Мопедыг булангаар эргэхэд Мара ват гэдэг Буддын сүм хийдийг олж харав. Улаан шовх орой нь бусад барилгын дээгүүр харагдана. Үсээ хуссан, улбар шар нөмрөгтэй лам нар хашаан дотор ном үзэн сууна.

Камбожид ихэнх хүн Буддын шашин шүтдэгийг Мара мэддэг байв. Тэд Есүс Христэд итгэдэггүй ч, Мара итгэдэг. “Энэ ч бас намайг анхдагч болгож байгаа өөр нэгэн зүйл юм байна” гэж Мара бодов. Харин тэр өнөөдөр бошиглогчийг сонсох гэж байна!

Мопедоо сүмийн машины зогсоол руу оруулан тавихдаа Мара олон эмэгтэй ирж байгааг харав. Зарим нь алхаж, зарим нь мопед унасан байлаа. Харин зарим нь tuk tuks гэдэг мотоциклон жижиг тэргээр ирж харагдав. Эмэгтэйчүүдийн ихэнх нь Маратай адилхан даашинз эсвэл энгийн банзал өмссөн байлаа. Харин зарим нь sampots гэдэг өнгөлөг хээтэй даавуугаар хийсэн гоё урт банзал өмссөн байв.

Мара, Мак, Иэй гурав танхимд бусад эмэгтэйтэй зэрэгцэн суув. Үнэндээ чуулган АНУ-ын Солт Лэйк Ситид бүтэн долоо хоногийн өмнө болсон байлаа. Гэвч Камбож дахь хүмүүс шууд цацсан нэвтрүүлгийг одоо кхмэр хэлээр үзэх боломжтой болсон. Мара англи, кхмер хэлийн аль алинаар нь гэртээ ярьдаг. Тэр бас сургуульдаа франц хэл үздэг. Гэвч олон камбож хүн зөвхөн кхмер хэлээр ярьдаг.

Эхний үг хэлсэн хүн анхдагчдын талаар ямар ч түүх хуваалцсангүй. Харин хоёр дахь үг хэлэгч сургуулиасаа гэртээ харих замдаа гүвээ өөд өгсөн, шороон замаар алхдаг байснаа хуваалцав. Үүнийг “хөвгүүдийн жим” гэж нэрлэдэг байсан ч тэр заримдаа гутлаа тайлан, хөл нүцгэн алхдаг байжээ. Тэр анхдагчтай адил байхын тулд хэцүү зүйлсийг хийхийг хүсэв. Мара өөрийг нь анхдагч болгож байгаа бүх зүйлийн талаар бодоод инээмсэглэлээ.

Сүүлийн үг хэлэгч бошиглогч байв. Тэр өндөрт зогсож байсан. Мара түүнийг чих тавин анхааралтай сонслоо. “Би та нарыг одооноос эхлээд, энэ ондоо багтаан Мормоны Номыг уншиж дуусгахад урьж байна. Тэнгэр таны төлөө нээгдэх болно. Их Эзэн таныг адислах болно” гэж тэр хэлэв.

Мара Мормоны Номыг бүрэн уншиж дуусгахад амаргүй гэдгийг мэдэж байлаа. Тэр эргэн тойрныхоо эмэгтэйчүүд рүү харав. Тэд бүгд Есүс Христийг дагахаар сонгосон байв. Тэд мөн бүгд энэ үдэш бошиглогчийг сонсохоор ирсэн байлаа. Тэр тэдэнтэй адил бошиглогчийг дагах болно. Тэр анхдагч болох болно!