2013
Сүнсний хүчтэй мэдрэмжүүд
2013 оны 6-р сар


Сүнсний хүчтэй мэдрэмжүүд

2011 оны 11-р сард Аргентины Салтад өсвөр үеийнхэнд хандаж хэлсэн үгнээс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристофферсон

Тэнгэрлэг Эцэг, Ариун Сүнс хоёр бид бүгдийг нэг бүрчлэн мэддэг учраас хаана ч байсан гэсэн хүн бүрт гэрчлэл ирж болно.

Ариун ойн цоорхойд залбиралдаа хариу авахыг эрэлхийлсэн минь

Би залуу байхдаа зуны нэг орой Нью-Йоркийн Палмирад очих завшаан тохиож, Ариун ойн цоорхойд ганцаараа очсон юм. Тэгээд өвдөг сөгдөн залбирч, тэрхүү ариун газар болсон хэмээн миний өмнө нь мэддэг байсан зүйл үнэн гэдгийг надад дахин мэдүүлж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйлаа. Би удаан хугацаанд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй залбирсан. Гэтэл би ямар ч хариу эсвээс Ариун Сүнсний өдөөлт хүлээж авсангүй. Юу ч мэдэгдсэнгүй. Эцэстээ би урам хугарч, “Би ямар буруу юм хийчихсэн юм бол? Яагаад ингэв? Өөр юу хэрэгтэй байсан юм бол?” гэж бодлоо. Орчин тойрны байдал нь залбиралд хариу хүлээн авахад үүнээс илүү тохиромжтой газар хаана байх вэ гэж бодмоор.

Бид Бурханаас ямар нэг юм шаардаж болохгүй, “Та надад ийм байдлаар, яг энэ мөчид хариулах ёстой” хэмээн бид хэлж болохгүй гэдгийг би энэ туршлагаасаа мэдсэн юм. Бидэнтэй хэзээ, яаж харилцан, юуг хэлэх нь Түүний өөрийнх нь мэдэх хэрэг юм. Бидний үүрэг бол сүнсний өдөөлт буюу шивнээ, илчлэлт, Сүнсний удирдамж хүлээн авах хамгийн тааламжтай нөхцөлд үргэлж байх явдал мөн. Харин хэрхэн, хэзээ гэдэг шийдвэрийг Бурхан гаргадаг.

Зураг
footprints

Зураг чимэглэлийг Дан Бурр

Хариуг гэртээ хүлээж авсан минь

Тэр үед хүсээд хүлээж аваагүй зүйлээ би тав зургаан долоо хоногийн дараа гэртээ хүлээж авсан юм. Би гэртээ Мормоны Номыг уншиж байлаа. Гэтэл Ариун Сүнсээр дамжин миний итгэл, гэрчлэлийг баталсан хүчтэй сэтгэгдэл, мэдрэмж ба бодол миний оюун ухаанд зурсхийн орж ирлээ.

Тэрхүү асар их хүчтэй мэдрэмж намайг бүр уйлахад хүргэв. Энэ бол бас үгээр илэрхийлэх шаардлагагүй тийм цэвэр мэдрэмж байлаа. Сүнсний мэдрэмжийг үгээр хязгаарлах аргагүй. Сүнс сүнстэйгээ алдаа мадаггүй хэлээр харилцдаг бөгөөд энэхүү харилцаанд үг хэрэглэгддэггүй. Энэ бол Сүнснээс ирдэг цэвэр мэдлэг ба оюун билгийн харилцаа юм. Мөн энэ нь мэдлэг эзэмших үнэхээр шилдэг арга зам болохыг би мэдсэн билээ. Энэ нь юмсыг барьж үзэх буюу харахаас илүү хүчтэй ба урт удаан хугацаанд оршдог. Бид бие эрхтний мэдрэмжүүдэд эргэлзэж болно, харин Ариун Сүнс бидэнд хандан ярьж байгаа үед ямар ч эргэлзээ байдаггүй. Чухам иймээс Ариун Сүнсийг буюу Ариун Сүнсний гэрчлэлийг үгүйсгэх нь уучлагдашгүй нүгэл байдаг.

Зураг

Бурханы хайрыг мэдэрч, ойлгосон минь

Их Эзэн Ариун ойн цоорхойд яагаад миний залбиралд хариулаагүйг би сайн ойлгосон. Учир нь хүн Палмирад аяллаар очих далимдаа Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлтэй болох мэтээр би эндүү бодсон байлаа. Залбирлын хариу хаана ч ирж болдгийг би одоо ойлголоо. Бид Их Эзэн Есүс Христийн тухай гэрчлэлтэй болохын тулд Иерусалим руу явах албагүй шүү дээ. Бидний Тэнгэрлэг Эцэг, Ариун Сүнс хоёр бид бүгдийг нэг бүрчлэн мэддэг учраас гэрчлэл, хэнд ч гэсэн хаана байгаагаас нь үл хамааран ирдэг. Тэд биднийг хаана байгааг бас хэрхэн олохыг ч мэддэг. Тэдэнд виз шаардлагагүй. Тэд бүх дэлхийг нэгд нэгэнгүй мэддэг! Аль хэдийнээс ийм байсаар ирсэн билээ.

Хэрэв та нар итгэлтэй хэвээр байх юм бол Их Эзэн надад өгсөнтэй адил залбирлын хариуг тийм гэрчлэл болон баталгааг та нарт өгөх болно гэдгийг би залуу хүмүүс та нарт амлаж байна. Учир нь Тэрбээр намайг эсвэл Ерөнхийлөгч Томас С.Монсонг болон Өөрийн аль ч хүүхдийг хайрладаг шигээ та нарыг бас бүгдийг нь тийнхүү хайрладгийг би мэднэ.

Бурхан хүн бүрийг хязгааргүй хайраар энэрэн хайрладаг. Тэр хүн бүртэй яаж харилцахаа бас та нарыг хаана байгааг болон Ариун Сүнсээр дамжуулан та нарын зүрх сэтгэлд хэрхэн хүрэхээ мэддэг. Байнга залбирч, үргэлж асууж бай. Зарлигуудыг дагахаа орхиж болохгүй. Та нар одоо биш юм аа гэхэд цаг нь ирэхээр хүчтэй гэрчлэлтэй болно. Ийм гэрчлэл ганцхан удаа гэнэт ирэхгүй. Харин энэ нь Их Эзэний нигүүлслээр дамжин алгуураар бүх амьдралын тань туршид ирэх болно.

Гэрчлэл хүлээж авсаар байгаа минь

Надад ийм нэг явдал тохиолдож билээ. Би Аргентины Тукумбад номлолд үйлчилж байхдаа нэг гэр бүлд зааж, Бошиглогч Иосеф Смитийн Анхны Үзэгдлийн тухай гэрчлэлээ хуваалцлаа. Гэтэл тэд үүнд итгэсэнгүй. Гэвч би гэрчлэлээ хуваалцаж байх үеэр гэрчлэлийнхээ тухай өөр нэг баталгааг хүлээн авлаа. “Гэрчлэлийн тань үгс үнэн шүү” гэж Сүнс надад хэллээ. Тэр миний гэрчлэл үнэнийг надад баталсан юм.

Бурхан байдаг, Тэр бол бидний Тэнгэрлэг Эцэг, Тэр амьд бөгөөд Бошиглогч Иосеф Смитийг Сэргээлтийн Бошиглогч болгон Өөртөө үйлчлүүлэхээр дуудсан, Түүний Хүү мөн амьд бөгөөд Түүний ач ивээл бид бүгдийг аврах, цэвэршүүлэх болон уучлахад хангалттай гэсэн баталгааг та бүхэн насан туршдаа дахин дахин хүлээн авах болно.

Би эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдгээр зүйлсийн онцгой гэрч мөн. Бидний Их Эзэн амьдыг, Тэр бол үхээд амилсан хүмүүн гэдгийг, Тэр биднийг удирддаг бөгөөд Түүний нэрээр нэрлэгддэг энэ Сүмийн тэргүүн гэдгийг, энэ Сүм Түүнийх гэдгийг, та бүхэн Түүний хонин сүрэг гэдгийг би мэднэ.