2013
Баптисм бол адислал
2013 оны 6-р сар


Баптисм бол адислал

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Невадад амьдардаг.

Тревор усан дотор орохоос үргэлж айдаг байлаа. Тэр баптисм хүртэж чадах болов уу даа?

Тревор буйдан дээр эрүүгээ гараараа тулан сууж байлаа. Эрэгтэй дүү нар нь эмээтэйгээ тоглоно. Тэр бас хөгжилтэй байхыг хүссэн ч баптисмынхаа талаар санаа нь зовохгүй байж чадсангүй.

Ээж нь түүний хажууд суугаад үсийг нь илснээ “Юу болоов? Яагаад тоглохгүй байгаа юм бэ” гэж асуулаа.

Тревор хөмсгөө зангидан толгой сэгсрэв.

Ээж нь хүүгээ хоромхон зуур харснаа түүнийг тэврээд, “Усан дотор орохоос айсан хэвээрээ л байна уу?” гэж асуухад,

Тревор толгой дохив.

Усан дотор орно гэдэг бодол Треворыг үргэлж айлгадаг гэнэ. Учир нь тэр гурван настай байхдаа нэг удаа цөөрмийн усанд унасан ажээ. Тэр ус руу улам бүр гүнзгий живж эхлэхэд маш их айснаа огт мартдаггүй гэнэ. Тэгтэл нэг хүн түүнийг уснаас татаж авчээ. Түүнээс хойш тэр ус харахаараа айдаг болсон ажээ.

“Уснаас айхгүй болоход яагаад юу ч тус болдоггүй юм бол оо? Бид залбирсан, бүр баптисмын санг очиж үзсэн. Гэтэл юу ч болохгүй юм!” гэж Tревор бодсоноо буйдангаас үсрэн босч, өрөө рүүгээ гүйв.

Tревор унтлагын өрөөний хаалгыг савж хаагаад орондоо орж хэвтлээ. Удалгүй хаалга аяархан тогших нь сонсогдов.

Tревор аав нь түүний хажууд сууж байхыг харав. “Чамайг баптисмынхаа талаар санаа зовоод байгаа гэж ээж чинь ярилаа” гэж аав нь хэллээ.

Tревор толгой дохив. “Би залбирсан л даа. Гэсэн ч айгаад байх юм.”

Аав нь түр зуур бодолхийлэв. “Зарим үед бид ямар нэг зүйлийн төлөө залбирахад хариу нь тэр дороо ирдэггүй. Чи өнөөдөр айж байлаа ч маргааш гэхэд тайван болж болно.”

Tревор толгой сэгсэрсэн ч өнгөрсөн жил сургуульд орохдоо мөн л айж байснаа саналаа. Тэгэхэд аав нь түүнд адислал өгсөн ажээ. Тэгэхээр одоо баптисм хийлгэхэд нь туслахын тулд түүнд адислал өгч болох юм биш үү. Тэр аав руугаа харав. “Өвөө та хоёр надад адислал өгч болох уу?”

Аав нь толгой дохив. “Энэ чинь тун аятайхан санаа байна.”

Tревор дараахан нь том өрөөндөө сандал дээр сууж байлаа. Аав, өвөө хоёр нь түүний толгой дээр гараа тавин, аав нь түүнийг адисалж, тайван байхад нь Тэнгэрлэг Эцэг түүнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Tревор маргааш нь баптисм хүртэхээр цагаан хувцастай сууж байхдаа мөн л сэтгэл түгшүүртэй байлаа. Тэр адислал авсандаа баяртай байсан ч айсан хэвээр байвал яах бол оо? Баптисм хүртэж чадах болов уу даа?

Баптисмын тухай хэн нэгэн нь үг хэлсний дараа аав нь түүн рүү хараад “Баптисмын сан руу очих цаг боллоо” гэв. Тревор толгой дохиод аавынхаа араас дагалаа. Аав нь эхлээд ус руу орлоо.

Tреворын ээлж боллоо. Тэр эргэлзсэн ч өмнө нь хэрхэн залбирснаа санаад “Тэнгэрлэг Эцэг минь, итгэлтэй байхад надад туслаач” гэж гуйн дотроо чимээгүй залбирлаа.

Tревор нэг хөлөө алгуурхан усанд дүрлээ. Ус сайхан бүлээхэн байлаа. Тэр усан дотор дахиад нэг алхлаа.

Тэр усан дотор алхах бүрдээ айдас, түгшүүр нь алга болж байгааг мэдрэв. Аав нь түүнийг хөтлөн инээмсэглэж явлаа. “Бэлэн үү?”

Tревор амар амгаланг мэдэрлээ. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн түүнд өгнө гэж амласан мэдрэмж байлаа. Тэр “Бэлэн!” хэмээн толгой дохив.

Аав нь түүний баруун гарыг өргөж, баптисмын залбирлыг хэлэв. Аав нь Tреворыг усан дотор доош нь оруулахад тэр айсангүй. Түүнд амар амгалангийн мэдрэмж улам хүчтэй мэдрэгдэж байлаа.

Tревор уснаас инээмсэглэн гарч ирэв. Итгэл нь түүний айдсыг ялсан учраас тэр баптисм хүртэж чадсанаа мэдэж байлаа. Зөвийг сонгохыг хичээсэн үед нь Тэнгэрлэг Эцэг үргэлж түүнд тусална гэдгийг тэр мэдэж байв.

Зураг чимэглэлийг Кевин Кийл