2013
Би дахиад бүжгэнд хэзээ ч явахгүй
2013 оны 6-р сар


Би дахиад бүжгэнд хэзээ ч явахгүй

Венди Ван Нои, Иллиной, АНУ

АНУ-ын Иллинойн Чикагогийн дүүрэг, манай хотод 4400 орчим оюутан сурагчидтай оюутны хоёр хотхонд 20 хүрэхгүй Хожмын Үеийн Гэгээнтэн өсвөр үеийнхэн ахлах сургуульд явдаг. Манай хүү боловсрол эзэмшсэнд мөн манай бүсэд өндөр жишгүүдтэй олон сайхан гэр бүл амьдардагт бид их баяртай байдаг билээ.

Манай хүү ахлах сургуулиа төгсөхийн өмнөх хавар сургуулийнхаа нэг бүжигт уригдсан юм. Түүний хослон бүжиглэгч нь гоё атлаа даруухан хувцасласан байлаа. Тэдний бүжгийн үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн тухай сонсохыг бид тэсч ядан хүлээж байлаа. Тэр бүжгээс гэртээ эргэж ирээд, “Би сургуулийн бүжгэнд дахиад хэзээ ч явахгүй!” гэх нь тэр. Сурагчид бэлгийн харилцаанд өдөн дуудсан бүжиг хийхэд сургуулийн захиргаа бүжгийг зогсоосонгүй. Би үүнд цочирдон гайхсан гэж хүү маань ярив.

Би энэ сургуулийн дүүргийн хагас цагийн ажилтан учраас бүжгээс хойш хоёр өдрийн дараа сургуулийн орлогч захиралтай уулзлаа. Тэр бол зарчимч хүн байсан болохоор миний санааг зовоосон асуудлыг анхааралтай сонсоно гэж бодож байлаа. Тэр надад ахлах сургуулиудын захирлуудад энэ тухай захидал бичихийг зөвлөмж болголоо.

Би тэдэнд юу хэлэхээ залбирч үзээд, зохимжгүй бүжиг зохион байгуулсанд болон үүнийг тухайн үед нь зогсоогоогүйд сэтгэл дундуур байгаагаа тэдэнд хэлэхээр шийдэв. Их дээд сургуулиудад өндөр шаардлага тавидаг хэрнээ үйл ажиллагаануудад нь яагаад өндөр шалгуур тавьж болохгүй гэж?

Түүнээс хойш хэдэн сар өнгөрөхөд таг чимээгүй байсан болохоор ахлах сургуулийн захирлууд миний захидлыг үл ойшоож дээ гэж бодож байлаа. Гэтэл сурагчдын дахин бүртгэлийн үеэр нөгөөх орлогч захирал надаас “Та сургуулийн бүжгийн талаар бичсэн тэр ээж мөн үү?” гэж асуухад би.

“Тийм ээ, мөн” гэж хариулав.

“Таны захидал биднийг нэлээд их бужигнуулсан шүү!” гэж тэр хэллээ.

Захирлуудын нэг нь нэлээд хэдэн сурагчдын саналыг асуухаас нааш бүжгийн талаар өөрчлөлт хийхгүй гэж зүтгэсэн гэнэ. Гэтэл саналыг нь сонссон сурагч бүр: “Бид сургуулийн бүжгэнд дахиад хэзээ ч явахгүй. Үнэхээр ичмээр юм билээ!” гэж хариулсныг би мэдлээ.

Тиймээс сургуулийн захиргаа бүжгийн ёс зүйн дүрмийг батлан гаргасан бөгөөд уг дүрмийг дөхөж байгаа хонхны баярын бүжигт чанд мөрдөх болжээ. Бүжгийн дүрэм тэдэнд таалагдахгүй байна гэж үзсэн сурагчид бүжгийг орхин явж болно гэдгийг сургуулийн захирал мэдэгдсэн ажээ.

Би хүүгээ хонхны баярын бүжгээс буцаж ирэхийг нь сэтгэл хөдлөн хүлээж байлаа. Хуучнаараа бүжиглэхийг хүссэн сурагчид бүжгээс гарч явсныг мөн тэр ийм сайхан бүжигт өмнө нь хэзээ ч орж байгаагүйгээ хэллээ.

Хонхны баярын энэ удаагийн бүжиг сургуулийн хамгийн сайн бүжгүүдийн нэг болсонд би сургуулийн захиргаанд талархал илэрхийлэн захидал бичлээ. Миний таньдаг орлогч захирал: “Өнгөрсөн хавар та бидний хооронд болсон яриа үр дүнгээ өгсний төлөө танд баярлалаа. Таны оролцоогүйгээр бид энэ талаар урагш ахьсан өөрчлөлт гаргаж чадахгүй байсан” хэмээн хариу захидалдаа өгүүлсэн байлаа.

Манай дүүргийн ихэнх сургуулиуд дээрх бүжгийн шинэ дүрмийг авч хэрэглэснээр мянга мянган сурагчдад сургуулийн бүжиг таалагдах болсныг би мэдсэн билээ.

Итгэдэг зүйлээ хэлэх болон үүнийхээ төлөө тууштай зогсдог байх зоригоор Их Эзэн биднийг адислахын төлөө би залбирдаг. Нэг хүн өөрчлөлт гаргаж чадна гэдгийг би ийнхүү мэдсэн билээ.