Чи миний гунигийг арилгалаа
Кисси Райквилм Рохас, Чили
Би нэг үе гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг идэвхтэй хийдэг байлаа. Гэвч судалгааны ажил ихсэхийн хэрээр өвөг дээдсүүдийнхээ нэг нь болох ээжийн талын өвөг эцгийн тухай мэдээлэл олж авахад бэрхшээл тулгарч байгааг мэдлээ.
Миний ээж өөрийн аав, дүү нартай хамт өсөөгүй ажээ. Тэр тэдэнтэй холбоо тасарсан учраас аавынхаа төрөл төрөгсөдтэй хамт өссөн юм. Ээжид төрсөн он сар өдөр, төрсөн газраа нотлох ямар нэг зүйл байсангүй. Аав нь хаана, хэзээ нас барсныг ээж мэддэггүй. Ээжийн талын өвөөгийнхөө тухай шаардлагатай мэдээллийг ер нь олж чадах болов уу хэмээн би эргэлзэж байлаа.
Нэг өдөр би ээжийнхээ тэмдэглэлийг үзэж байгаад өвөг эцгийнхээ гэрэл зургийг оллоо. Зургийг эргүүлж хартал, тэр зурган дээр өвөө он сар болон тэр жил хэдэн настай байснаа бичиж, гарын үсгээ зурсан байлаа. Одоо би түүний төрсөн он сар өдрийг ойролцоогоор мэддэг боллоо! Би сэтгэл догдлон түүний нэр төрсөн огноог FamilySearch-өөс эрж эхэллээ. Түүний ёслолууд аль хэдийн хийгдчихсэнийг хараад би бүр мэл гайхаж орхилоо! Өвөөгийн минь төлөө Ариун сүмийн ажлыг хэн хийлгэсэн байж таарах вэ?
Өвөөгийн өмнөөс Ариун сүмийн ажлыг миний ээжийн талын холын хамаатнуудын нэг нь хийлгэснийг би удалгүй олж мэдлээ. Тэгээд түүнтэй холбоо барих мэдээллийг хайсаар эцэстээ утасных нь дугаарыг олж авлаа.
Би түүн рүү утасдахаасаа санаа зовоод байлаа. Учир нь.тэр хамаатан маань 30 жилийн өмнө намайг нэгтэй байхад нэг л удаа харсан гэдэг. Тэр юу гэж хариулахыг би мэдэхгүй байлаа.
Тэгээд юу ч гэсэн утасдаад үзэхээр шийдэв. Түүнийг утас авахад би өвөөгийнхөө болон түүний эцгийн тухай мэдээллийг хэрхэн олж авснаа тайлбарлаад, би түүний зээ хүү байна гэж хэллээ.
“Ээжтэй чинь холбоо тасраад би ямар их гунигтай байсныг чи хэзээ ч мэдэхгүй. Одоо чи миний тэр их гунигийг арилгалаа!” хэмээн тэр хариулсныг би үргэлж санаж явах болно.
Түүний гэр бүл, манай гэр бүл хоёр хэдийгээр хоорондоо холбоо тасарсан ч нэг л үед баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдсан бөгөөд хоёр гэр бүл хоёул сайн мэдээнд бат бөх итгэлтэй байсныг би мэдлээ. Энэ бол бидний хувьд баяр баясгалантай, сэтгэл догдлом агшин байлаа.
Гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил биднийг нас барсан өвөг дээдэстэй маань холбож чадна гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрч, ойлгодог байсан ч энэ ажил биднийг бас амьд байгаа төрөл саднуудтай холбож, уулзуулж өгнө гэж огт бодоогүй.