2013
Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!
2013 оны 6-р сар


Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!

Зүрх сэтгэлд минь гомдол, ганцаардал давамгайлсан үед сайн мэдээний тухай мэдлэг урагш тэмүүлэх итгэлийг надад төрүүлдэг билээ.

Зураг
two young men in white

Зураг чимэглэлийг Синтия Кларк

Би зүүн хойд Монгол дахь Бэрх хэмээн нэрлэгддэг сууринд өссөн хүн. Бэрхэд хүмүүс Сүмийн тухай бараг мэддэггүй байлаа. Би айлын гурван хөвгүүний дундах нь. Бид ах дүү гурав үргэлж хамт байдаг байлаа. Ахыгаа хот руу сургуульд явахад би түүнийг ёстой л бэтгэртлээ санадаг байж билээ. Ах маань хоёр жилийн дараа зуны амралтаараа гэртээ ирлээ. Тэр зун манайх хадат толгодын дунд гурван сараар ан хийхээр явлаа. Ийнхүү анд явсан нь миний амьдрал дахь хамгийн сайхан зуны амралт болсон юм.

Ах надад өөрийнхөө элссэн сүмийн тухай яриад энэ Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг гэж ярьдаг байлаа. Тэр үед би Христийн сүмүүдэд дургүй байсан болохоор ахынхаа хэлсэн зүйлийг нэг их анхаарсангүй.

Намрын нэг өдөр биднийг анд яваад гэртээ иртэл хотоос манайд зочид ирсэн байлаа. Тэд ахын яриад байсан нөгөөх Сүмийн хүмүүс ажээ. Ах тэр оройдоо тэдэнтэй хамт хот руу буцлаа. Дараахан нь бид тэр яагаад явсныг мэдсэн. Тэр номлолын дуудлага хүлээн авсан ажээ. Ах номлолын өргөдөл явуулснаа ч бидэнд яриагүй. Түүнээс хойш удалгүй ах маань Америкийн Нэгдсэн Улс руу номлолд явсан.

Сайн мэдээнд хөрвөсөн нь

Би дараа жил нь ахлах сургуулиа төгсөөд их сургуульд сурахаар хот руу явлаа. Хотод миний очсон айлынхан Сүмийн гишүүд байлаа. Ням гарагийн өглөө тэд намайг өөрсөдтэйгөө хамт сүм рүү очихыг урилаа. Би энэ Сүмийн тухай их зүйл сонссон болохоор яахав нэг удаа очоод үзье гэж бодлоо.

Сүүлдээ би сүмд олон удаа очсон. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би сүмд очих болгондоо амар амгаланг мэдэрдэг байлаа. Сүмийн хүмүүс сайхан зантай, намайг очих болгонд гар барина. Сүм миний боддог байснаас огт өөр ажээ. Би удалгүй номлогчдоос ярилцлага авч эхэллээ. Би бараг хоёр жилийн турш номлогчидтой уулздаг байсан.

Би баптисм хүртэхийг хүсдэг байсан ч надад Мэргэн Ухааны Үгийн талаар асуудал байсан учраас миний баптисм хойшилсныг мэддэг байлаа. Мэргэн Ухааны Үгийг сахих нь надад хэцүү байсан ч би эцэстээ баптисм хүртэхэд бэлэн болсон. Номлолоосоо эргэж ирээд ганц хоёрхон сар болж байсан ах маань надад баптисм хүртээх аз тохиосон юм. Одоо би тэр агшныг эргэн санаад заримдаа уйлдаг. Энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай агшин байлаа.

Намайг Сүмд нэгдсэний дараа ах маань номлолын ажлын талаар бараг өдөр болгон ярьдаг байв. Тэр намайг номлолд явахыг үргэлж урамшуулан дэмждэг байсан. Тиймээс би ахынхаа туслалцаатайгаар номлолын өргөдлөө бөглөлөө. Би тэр үед ахтайгаа хамт хэчнээн сайхан байснаа хэзээ ч мартахгүй.

Зураг

Аймшигтай үйл явдал

Нэг орой ах намайг хүрээд ир гэж утасдсанд би ажлынхаа дараа түүнтэй очиж уулзлаа. Тэр надтай миний номлолын талаар зарим зүйлийг ярилцах гэсэн ажээ. Бид хотын төв талбай дээр уулзахаар тохиролцов.

Тэр үед Монголд парламентын сонгууль болоод ганц хоёрхон хонож байв. Ах бид хоёрыг төв талбай дээр уулзахад сонгуулийн будлианы улмаас тэнд иргэдийн жагсаал цуглаан болж байлаа. Цагдаа нар тэнд байсан ч жагсаал улам бүр хүчирхийллийн шинжтэй, аймаар болж эцэстээ үймээн самуун болж өргөжив. Нэг том барилга, хэдэн машин шатаж, хүмүүс улангассан мэт хашгиралдах нь үнэхээр аймаар байлаа.

Бид хоёр жагсаал цуглаан болж байсан газраас хол уулзсан ч ах санаа нь их зовсон байлаа. Тэр надад такси авах мөнгө өгөөд гэр рүүгээ шууд яв гээд намайг маргааш өөртэйгөө ирж уулзаарай гэж билээ. Тэр ажлынхаа газрын ойролцоо байдаг гэр рүүгээ явна гэж хэлсэн. Такси хүрч ирэхэд бид хоёр баяртай гэж бие биедээ түргэн хэлээд би хөдөлсөн.

Үймээн самуун улам өргөжин газар авсан учир засгийн газар бүх замыг хаасныг би удалгүй мэдлээ. Би хотын зах дахь гэртээ харьж чадсангүй, шөнө нь ажил дээрээ хонолоо. Үймээн самуун улам хүчээ авсан учир төрийн тэргүүн тэр шөнө онцгой байдал зарлав. Хаа сайгүй хуягт машинууд, зэвсэгтэй цэргүүд. Онцгой байдал дөрвөн өдөр үргэлжлэв.

Онцгой байдал дуусахад манай хүргэн ах намайг авахаар ирлээ. Бид хоёр манай бүх садан төрлүүд цуглаад хүлээж байсан тэдний гэр рүү очлоо. Тэд бүгдээрээ уйлж байх юм. Ахыг минь гэр рүүгээ явж байхад нь буудаж, амийг нь хөнөөсөн ажээ.

Миний зүрх гэнэт зогсчих шиг болов. 24-тэй ах минь нөгөөх үймээн самууны үеэр бууны суманд өртөж амиа алдсан юм. Ахын минь амь насыг хөнөөсний дараах өдрүүд миний амьдралд хамгийн аймшигтай муухай үе болсон юм.

Ийм хүнд цаг үед би номлолын дуудлагаа хүлээж авлаа. Би хөрвөлт болон баптисмынхаа үед түүнчлэн номлолын өргөдлөө бэлтгэж бөглөхдөө үргэлж ахтайгаа хамт байсан бол номлолын дуудлагаа задлахад ганцаархнаа байлаа. Гайхалтай нь, би эх орондоо үйлчлэхээр дуудагдсан байв.

Би ганцаараа байсан болохоор тэр дороо өвдөг сөгдөж, залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтээ талархал өргөлөө. Бас ахынхаа төлөө залбирав. Би залбирч байхдаа тувт уйлсаар байлаа. Зүрх сэтгэл минь гомдол, ганцаардлаар дүүрсэн үед Сүнс надад авралын төлөвлөгөөг улам бүр тод томруунаар гэрчилж байгааг, үүний улмаас гэрчлэл минь улам хүчтэй болж байгааг мэдэрдэг байлаа.

Зураг

Зүүнээс баруун тийш: Э.Амарсанаа ба түүний ах Э.Доржсүрэн, дүү Э.Амарсайхан нар

Түүний төлөвлөгөөний тухай гэрчлэл

Намайг номлолын дуудлагаа задлахад ах минь байгаагүй ч би түүнд үргэлж талархалтай байх болно. Би бас Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан авралын төлөвлөгөөг бидэнд өгсөн Бурханд үргэлж баярлан талархаж явах болно. Энэ бол хамгийн гайхамшигтай төлөвлөгөө. Хэрэв бид энэ төлөвлөгөөг дагах юм бол зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэх болно.

Судруудад бидэнд ийн өгүүлдэг билээ: “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ! Учир нь… Бурханы диваажин зөв шударгыг үйлдэгчдийн сүнсийг чөлөөлнө; мөн булш зөв шударгыг үйлдэгчдийн биеийг чөлөөлөх ёстой, мөн сүнс болон бие нь өөртөө дахин нэгдэнэ, иймээс бүх хүмүүн муудашгүй, мөн үхэшгүй болж, мөн тэд амьд бодгаль байх болно” (2 Нифай 9:13).

Ах минь сүнсний дэлхийд амьд байгааг би мэднэ. Энэхүү мэдлэг номлолын ажлаа сайн хийхэд хэрэгтэй итгэлийг надад өгсөн юм. Хүнд үед ах минь бас Их Эзэн надтай хамт байх болно гэдгийг би мэднэ.