2013
Бид яг одоо л залбирах хэрэгтэй!
2013 оны 6-р сар


Бид яг одоо л залбирах хэрэгтэй

Жеффери Р.МкМахон, Альберта, Канада

Манай гэр бүл Эдмонтон дахь гэрээсээ таван цаг орчим явж хүрэх зайтай Канадын Альбертагийн Пийз Ривера руу долоо хоногоор явсан аяллаасаа буцах замдаа гарсан юм. Умард нутгийг харанхуй аль хэдийн нөмрөөд салхи цас хуйлруулан, бидний өмнөх замыг дарж байсан ч бүхээгтэй машин дотор амар тайван, нам гүмхэн байх шиг санагдаж байлаа.

Гэтэл хяналтын самбар дээр гэнэт гэрэл асч түгшүүрийн дохио өгч эхэллээ. Нэлээд хэдэн жилийн өмнө зөвхөн ганцхан удаа ийм түгшүүрийн гэрэл ассаныг би харсан билээ. Харин энэ удаа машины мотор дотор нэг юм болохоо байж дээ гэж айлаа. Тэгээд би тэр даруй шаардлагагүй бүх цахилгаан холбоосыг салгатал, удалгүй мотор унтарчихав. Бид сүүлчийн хотын хажуугаар өнгөрснөөс хойш нэлээд хэдэн цаг явсан байлаа. Дараачийн хот хүртэл дахиад олон цаг явах хэрэгтэй байлаа. Би хамгийн сүүлд хэзээ замаар машин зөрснийг ч санахгүй байлаа.

Одоо яах билээ хэмээн намайг толгойгоо гашилгаж байх зуур манай 11 настай хүү Кассон, “Бид яг одоо л залбирах хэрэгтэй!” гэлээ. Кассон гурван сар хүрэхгүй хугацааны өмнө хавдраар нас барсан дүүгээ алдаад уй гашуу болж байлаа. Кассон цорын ганц дүүгээ юуны учир алдах болсноо ойлгож цөхөн, тэнгэр өөд хэчнээн олон залбирал илгээсэн гэж бодно?

Залбирал зөвхөн бидний хүсэл байдаггүй, харин энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нэгдсэн байх ёстойг хүү минь хэрхэн бүрэн дүүрэн ойлгодог байсныг эхнэр бид хоёр мэдээгүй байж билээ. Тийнхүү бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах хэрэгтэйг мөн Түүнд хэрхэн үргэлж итгэлтэй хэвээр байх ёстойг хүү минь бидэнд харуулсан юм.

Биднийг залбирч дуусаад удаагүй байтал ар талын толинд ойртон ирж яваа машины гэрэл туслаа. Хэдхэн хормын дараа Эдмонтон руу явж байгаа намхан тэвштэй ачааны машин бидний урд зогслоо.

Ачааны машины жолооч бид хоёр өөд өөдөөсөө угтан ирж уулзахад тэр Канадын франц аялгаар, “Танай машин дотор хүүхдүүд байгаа юу?” гэж асуулаа. Тийм ээ байгаа гэж намайг хариулахад тэр жолооч, хэдэн километрийн цаана цасанд суусан нэг машины дэргэдүүр өнгөрсөн тухайгаа ярилаа. Харин бидэн рүү ойртон ирсэн үедээ машин дотор хүүхдүүд байгаа, тэдэнд тусламж хэрэгтэй гэсэн мэдрэмж түүнд тодхон төрсөн ажээ. Тиймээс тэр зогссон гэнэ.

Хэдэн минутын дараа бид бүхээгтэй тэргээ татуургаар түүний машин дээр гаргаж ачаад Эдмонтон руу хөдлөв. Бид даарсан ч, Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, хариулсанд сэтгэл бүлээцэн баярлаж билээ. Заримдаа залбирлын хариу бидний бодоогүй эсвэл хүсэн хүлээгээгүй замаар ирдэг бол зарим үед залбирлын хариу бидний төсөөлж чадахаас илүү хүчтэй, тод томруунаар ирдэг. Бид гагцхүү Их Эзэнд итгэх тууштай итгэлтэй байх хэрэгтэй.