2013
Муу кино
2013 оны 6-р сар


Муу кино

“Би зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцэх зүйлсийг уншиж, үзэж байх болно” (Mиний сайн мэдээний жишгүүд).

Эвелин киноны нэрийг хараад дотор нь палхийгээд явчихав.

“Ангийнхаан, та нарт дуулгах онцгой сонин мэдээ байна” гэж хатагтай Тейлор ангийн өмнө гарч ирэн хэлэв.

Эвелин шалгалтын тестээсээ толгойгоо өндийлгөн дээш хараад яралзтал инээмсэглэв. Тестийн дээд буланд том “А+” гэсэн дүн байлаа.

“Та нар тестээ бүгдээрээ сайн хийсэн болохоор шагналд нь маргааш нэг кино үзэх болно” гэж хатагтай Тейлор хэлээд самбар дээр гурван киноны нэр бичив. “Эндээс бид саналаараа сонголт хийнэ” гэж хэлэхэд бүгд баярлан шуугилдав.

Эвелин ямар кинонуудын нэр байгааг харахын тулд суудал дээрээсээ өндийн харлаа. Эхний хоёр кино нь ямар нэг хэмжээгээр түүний дуртай кино байлаа. Тэр найз Кати руугаа харж, “Чи ямар кино үзэхээр санал гаргах гэж байна?” гэж асуув.

“Мэдээж хэрэг, гурав дахь нь” гэж Кати хэллээ. “Аав ээж хоёр энэ киног гэртээ үзэхийг бидэнд зөвшөөрдөггүй юм. Тэгэхлээр би хэзээ ч үүнийг үзэж чадахгүй ш дээ.”

Эвелин самбар руу дахин харж, гурав дахь киноны нэрийг харлаа. Зүрх нь түргэн түргэн цохилж эхэллээ. Эвелин энэ киноны тухай сонссон бөгөөд үүнийг үзэх нь зөв зүйл биш гэдгийг мэдэж байлаа. Хэрэв ангийнхан нь энэ киног үзнэ гээд санал гаргачихвал яах вэ?

“Нэг дэх киног үзэх саналтай хүн байна уу? гэж хатагтай Тейлор асуув.

Эвелин гараа өндөрт өргөж, эргэн тойрноо харлаа. Тэр сэтгэл түгшин уруулаа хазав. Өөр хоёрхон хүүхэд нэг дэх киног үзэх саналтай байлаа.

Хатагтай Тейлор нэг дэх киног үзэх саналтай сурагчдын тоог самбар дээр бичлээ. “Хоёр дахь киног үзэх саналтай сурагчид гараа өргөнө үү?”

Эвелингийн дотор палхийгээд явчихав. Гуравхан хүн гараа өргөлөө.

“За гурав дахь киног?”

Арвантаван хүн гар өргөлөө. Эвелиний дотор эвгүй болж, суудалдаа улам шигдэв. Хэрэв бусад бүх сурагчид энэ киног үзье гэвэл би үүнээс яаж зайлсхийх вэ?

Эвелин гэртээ ирээд шууд өрөөндөө орж, цүнхээ шалан дээр хаячихаад суув. Өвчин туссан юм шиг өдөржингөө уруу царайлж явлаа. “Үнэхээр маргааш өвдчихөөсэй тэгвэл сургуульд явахгүй амар байхгүй юу” гэж тэр бодлоо.

Эвелин тестээ цүнхнээсээ гаргаж, гартаа бариад ширтэн харлаа. “Тэр кино шагнал биш шийтгэл болох нь ээ!” гэж бодоод тестээ ууртайгаар базаж, орон доогуураа далд хийв. Нүдэнд нь нулимс цийлэгнэн, уйлмаар санагдав. Тэр орныхоо дэргэд өвдөг сөгдөөд уйлж гарснаа залбирлаа. Хоолой нь зангиран хэдэн өгүүлбэр хэлээд асуудлыг нь байхгүй болгож өгнө үү гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйснаа хэсэг хугацааны дараа залбирлаа өөрчлөв. Энэ удаа тэр “Энэ асуудлыг илүү сайнаар шийдэхэд надад туслаач. Эвгүй сэтгэгдэл төрүүлэх киног би үзэхийг хүсэхгүй байна. Найз нар болон багш маань ойлгоно гэдэгт би найдаж байна” гэж залбирчээ.

Эвелин залбирлаа дуусгалаа. Санааг нь зовоосон, эвгүй бодол нь алга болов. Айдас нь ч алга болов.

Эвелин орноосоо үсрэн босч, ээжтэйгээ уулзахаар өрөө рүү нь очлоо. Түүнд ямар нэгэн санаа төржээ.

Эвелин маргааш нь ангидаа орж ирлээ. Хэрэв тэр киног үзвэл Эвелинд хэрхэн муу болох тухай ээжийнх нь бичсэн зурвасыг нэг гартаа, үзэж болох дуртай гурван киноныхоо нэрийг нөгөө гартаа барьсан байлаа. Эвелин зурвасыг хатагтай Тейлорт өгөөд тэр зурвасыг хэрхэн уншихыг харж байлаа.

“Өөрийнхөө бодлыг хэлсэнд баярлалаа” гэж хатагтай Тейлор хэлжээ.

“Кино гарах үеэр өөр ангитай хамт хичээллэх хэрэгтэй” гэж ээж надад хэлсэн. Гэвч бусад хүүхдүүдэд бүгдэд нь таалагдвал би бас үзэж болох хэдэн шинэ киноны нэр авчирсан” гэж Эвелин хэлжээ.

Хатагтай Тейлор инээмсэглээд кинонуудын нэр бичсэн цаасыг авав. “Хэрэв кино хүн бүрт таалагдахгүй бол шагнал болж чадахгүй шүү дээ” гэв.

Хатагтай Тейлор шинэ киноны нэрсийг самбар дээр бичлээ. “Ангийнхаан, өнөөдөр би та нараас үзэх киноны талаар та нарын саналыг дахин авах гэсэн юм. Би шинэ кинонуудыг санал болгож байна.”

Эвелин ширээндээ очиж суулаа. Тэр ангийнхаа шагналаас хоцроогүйдээ баяртай байлаа. Гэвч хамгийн үнэтэй шагнал нь Тэнгэрлэг Эцэг айдсыг нь зайлуулж, зөвийг хийх зоригийг түүнд өгсөн явдал байлаа.

Зураг чимэглэлийг Брад Теаре