2013
Хувийн залбирлаа хэрхэн сайжруулах вэ?
2013 оны 6-р сар


Тэд бидэнд хандан ярив

Хувийн залбирлаа хэрхэн сайжруулах вэ?

Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль дээр 2011 оны 5-р сарын 17-нд онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс. Англи хэлээрх бүрэн эхийг devotional.byuh.edu -гээс үзнэ үү.

Зураг
Ахлагч Кевин В.Пийрсон

Таны хувийн залбирлыг сонсоод өөрийн тань тухай бас Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааны тань тухай юу мэдэж болох вэ?

Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирах бурханлаг урилга нь цэдэглэгдсэн бүх сударт хамгийн олонтоо дангаараа дурдагддаг зарлиг бөгөөд энэ нь хувь хүний сүсэг бишрэлийн үндсэн гол хэлбэр юм.

Хувийн залбирал бол Сүмийн гишүүд ялангуяа өсвөр үеийнхэн болон залуучуудад тулгарч байгаа хамгийн чухал сорилтуудын нэг мөн гэдэгт би итгэдэг. Тэдэнд залбирал хүндрэл учруулдаг учраас тэд сүнслэг байдлын хувьд хүндрэлтэй тулгардаг.

Бидний хувийн залбирал бол бидний сүнслэг хүч чадлын хэмжүүр, сүнсний сайн сайхан байдлын үзүүлэлт юм. Хэн нэгний залбирлыг сонссоноор түүний тухай бас Бурхантай харилцах түүний харилцааны тухай их зүйлийг мэдэж болно гэдгийг би эцэг хүний хувьд, санваартны удирдагч хийгээд номлолын ерөнхийлөгчийн хувьд мэдсэн юм.

Таны хувийн залбирлыг сонсоод өөрийн тань тухай бас Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааны тань тухай юу мэдэж болох вэ?

Хувийн залбирлын зарчим

Залбирна гэдэг нь дэргэд нь очихгүй ч бидний сүнсний Мөнхийн Эцэг Бурхантай ярина гэсэн үг. Тэр бидний хүн нэг бүрийг төгс хайрладаг бөгөөд нигүүлсэл ба ойлголтоор дүүрэн юм. Тэр бидний юм бүхнийг бас бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг. Тэр бүр бид зөвхөн өөрийн хүслийг харж байгаа цагт ч бидний юу хүсч байгааг мэддэг. Биднийг удирдан дэмжих хязгааргүй хүч Түүнд бий. Тэр үргэлж биднийг уучлах, бүх зүйлээр бидэнд туслах хүсэлтэй байдаг.

Бид Тэнгэрлэг Эцэгтэй үгээр болон оюун ухаан, зүрх сэтгэл дэх бодол санаагаа илэрхийлэх замаар ярьж болно. Хувийн залбирал хүндэтгэлтэй, магтаал, талархлын ариун үгсээр дүүрэн, чухал хэрэгцээгээ чин сэтгэлээсээ хүссэн, даруухан бөгөөд чин үнэнээсээ гэмшсэн, уучлал, тайтгарал, удирдамж чиглэл, илчлэлт гуйсан байх ёстой. Эдгээр зүйлс нь биднийг бүх санаа бодлоо хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ уудлан илчлэхэд хүргэдэг.

Залбирал нь ихэвчлэн богинохон яриа байдаг ч энэ нь бас өдөржин шөнөжин үргэлжилсэн илэн далангүй харилцан яриа байж болно (Aлма 34:27-г үз).

Хувийн залбирал маш чухал

Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг төлөвлөгөөгөөр бид бие болон сүнсээрээ Түүний дэргэдээс тусгаарлагдах нь зайлшгүй шаардлагатай байсан юм. Залбирал бол Бурхан хүн хоёрын хоорондох нэн чухал сүнсний болон боломж олгогч хэлхээ холбоо мөн. Залбирал байхгүй бол бид Тэнгэр дэх Эцэгтээ эргэж очих боломжгүй. Залбирал байхгүй бол зарлигуудыг ойлгож, тэдгээрийг сахих хангалттай итгэл байх боломжгүй юм. Залбирал байхгүй бол уруу таталтаас зайлсхийж, бэрхшээл сорилтуудыг даван туулахад шаардлагатай сүнсний хүч чадал байхгүй байсан. Залбиралгүйгээр наманчлал, уучлал, Цагаатгалын ариусгагч хүч байхгүй байсан. Хувь хүний залбирлын хүчээр бүх зүйл боломжтой юм.

Залбирал нь Ариун Сүнсээр дамжуулан хувиараа илчлэлт авах болон сүнсний бэлгүүдийг хүлээж авахыг боломжтой болгодог. Залбирал бол Бурханы бүх хүүхдүүдэд Мөнхийн Эцэг, Түүний Хайртай Хүү болон Ариун Сүнстэй байнгын холбоотой байх боломжийг олгодог сүнсний суваг юм. Залбирал бол Бурхан Мөнхийн Эцэг оршдог нь үнэн бодитой хүчтэй бөгөөд итгэл үнэмшилтэй нотолгоо мөн. Бурхан болоод бидний тэнгэрлэг гарал үүслийг ойлгоход хувийн залбирал зайлшгүй чухал юм.

Залбирлаа хэрхэн сайжруулах вэ

Залбирахад бэлтгэ

Бид өглөө эрт сэрж боссоныхоо дараа хийдэг анхны зүйл бол залбирал. Бас үр ашигтай залбирахад дэндүү ядарсан байдаг шөнө болсон хойно бид олонтоо залбирдаг. Бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны хувьд ядарсан байх нь үр ашигтай залбиралд саад болдог.

Залбирал бол оюун санааны болон сүнсний бэлтгэлийг залбирахаас өмнө хийхийг шаарддаг сүнсний ажил мөн. Хэрэв бид өөрийгөө даруусгах болон Мөнхийн Эцэг Бурханыг Есүс Христийн нэрээр дуудахад анхааралтай, буурь суурьтай хандахад цаг гаргахгүй бол биднийг адислахын тулд бий болгосон бурханлаг загварын мөн чанарыг ойлгохгүй.

Зүрх сэтгэлийнхээ чин хүслийг Тэнгэрлэг Эцэгт даруухнаар, анхааралтайгаар илэрхийлэхэд хангалттай цаг гаргаж бай. Юуны төлөө залбирахаа мэдэхэд туслалцаа авахын тулд Ариун Сүнсийг урь. Чангаар залбирах нь залбирал дээрээ анхаарал төвлөрүүлэн сонсож, санаа сэтгэлээ хамгийн чухал зүйл рүү чиглүүлэхэд надад тусалдаг.

Өөрийн амьдрал болон хэрэгцээний тухай анхааралтайгаар тунгаан бодох цаг болоод газрыг хэрхэн олох талаар би та нарт зөвлөгөө өгье. Тэнгэрлэг гарал үүсэл хийгээд Бурхантай ямар холбоотойгоо тунгаан бод. Нэрээр нь Эцэгт хандан залбирдаг Аврагчийн тухай бод. Энэ бүгд нь даруухан бөгөөд талархагч зүрх сэтгэлтэйгээр залбиралд анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэхэд тань туслах болно.

Зохистой амьдар

Хэрэв бид ёс суртахууны хувьд цэвэр ариун биш байх юм бол Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд итгэлтэй байж чадахгүй. Порнограф, бэлгийн харилцааны нүгэл, ёс суртахуунгүй явдалд өдөн дуудсан аливаа үзвэр цэнгүүн нь залбиралд итгэх бидний итгэлийг үгүй болгож, сүнсний өдөөлтүүд хүлээн авахад саад болно. Зөвхөн Сатан л чи залбирч чадахгүй, залбирах ч хэрэггүй гэж өөрт чинь хэлэх болно гэдгийг санагтун. Хэрэв бид дуулгавартай, зохистой байх юм бол Ариун Сүнс биднийг залбирахад үргэлж урамшуулан дэмжих болно.

Зорилготойгоор залбир

Хувиараа илчлэлт хүлээн авахад залбирал зайлшгүй чухал юм. Сүнслэг нөлөө бүхий асуултууд бидний залбирлыг зорилготой, анхаарал төвлөрүүлсэн бөгөөд үр өгөөжтэй болгодог. Та нар залбирлаараа дамжуулан хувийн илчлэлтүүд хүлээн авахыг хүсвэл ямар асуулт асуухаа сайтар бодох хэрэгтэй. Илчлэлтийн үйл явц нь биднээс судруудыг судалж, тунгаан бодоод, амьдралдаа хэрэгжүүлэхийг шаарддаг. Эдгээр зүйлсийг хийвэл Ариун Сүнс бидэнд сүнслэг нөлөө бүхий асуултууд асуухад тусална.

Өөрийн хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нэгтгэ

“Эцэгт хандан [Их Эзэний нэрээр] үргэлж залбирах ёстой” (3 Нифай 18:19) хэмээн Аврагч бидэнд удаа дараа зарлиг болгосон билээ. Бид Есүсийн нэрээр залбирснаар “бидний оюун ухаан Христийн оюун ухаан, бидний хүсэл Христийн хүсэл болдог. … Ингэсэн тохиолдолд бид Бурханы талаас боломжтой юмсыг гуйж болно. Христийн нэрээр хэлээгүй учраас олон залбирал хариулагдалгүй үлддэг. Ийм залбирлууд хүний амин хувиа хичээгч үзлээс үүдэлтэй учраас Түүний оюун ухаанд хүрдэггүй” (Bible Dictionary, “Залбирал”-ыг үзнэ үү). Ийм загвартай залбирал нь итгэл биш, хоосон найдвар байдаг.

Залбирал бол хэлэлцэн тохиролцох үйл явц биш. Энэ бол нэгдэн нийлэх үйл явц. Бид хүсэл бодлоо Бурханд зүгээр л хүргээд орхидоггүй. Залбирал бидний нөхцөл байдлыг багахан өөрчилдөг, харин биднийг өөрсдийг маань илүү их өөрчилдөг. Энэ бол Түүний хүслийг эрэлхийлж, бид юу хийх хэрэгтэй байгаа талаараа Түүний тусламжийг гуйх явдал мөн. Бид өөрсдийн хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нэгтгэсэн үед хариулт болон сүнсний хүч чадал илүү чөлөөтэйгөөр ирэх болно. Энэ загварыг баримтлах нь итгэлээр залбирах боломжийг бидэнд олгодог.

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонссон болов уу?

Манай тав дахь хүү Бенжамин бараг 20 жилийн өмнө төрсөн. Тэгэхэд манай эхнэр, Бенжамины хоёр нүд нэг л хэвийн биш байгааг мэдэрчээ. Бид манай тойрог дахь өөрсдийн дотны найз, нүдний торлог бүрхэвчийн мэргэжилтэнтэй зөвлөлдөхөд тэрээр Бенжамин нэн ховор тохиолддог нүдний торлог бүрхэвчийн хавдартай болохыг оношлов. Энэхүү оношинд бид цочирдон балмагдаж билээ.

Бенжаминд хийх ёстой олон мэс заслаас анхныхыг нь ганц хоёрхон долоо хоногийн дараа хийлээ. Бид мэс заслаас өмнө эмчтэй уулзаж, тэрээр Бенжамины нүдийг авах биш харин эдгээнэ гэдэгт бид итгэж байгаагаа хэллээ. Манай гэр бүл бүгдээрээ бас тойргийн олон гишүүд манай хүүгийн төлөө мацаг барьж, залбирсан. Бенжамины өвчин эдгэрнэ гэдэгт бид маш их итгэлтэй байв.

Цагийн дараа мэс заслын эмч эргэж ирээд Бенжамины нэг нүдийг хавдрын эс бүрмөсөн гэмтээсэн байна. Нөгөө нүдэнд нь хавдрын хэд хэдэн ноцтой үсэрхийлэл бий болсон учраас яаралтай эмчилгээ хийх шаардлагатай гэхэд би дуугарч ч чадсангүй. Тэгээд гутрал, цөхрөлд бүрмөсөн автагдаж, эмнэлгээс гараад Сан Францискогийн чийглэг өглөө хар нулимс асгаруулан уйлж гарав.

Би заалгасан бүхнээ хийсэн. Бид залбирсан, энэ эмчийг сүнсний хүчтэй мэдрэмжээр сонгож авсан. Бид мацаг барьж, залбиран, бяцхан үр минь итгэл болон санваарын хүчний тусламжтайгаар эдгэрэх болно гэдэгт маш их итгэл найдвартай байсан. Гэвч Их Эзэн хөндлөнгөөс оролцсонгүй. Бидний итгэл хоосон найдвараас цаашгүй болсон мэт санагдлаа. Би өмнө нь итгэдэг байсан бүх зүйлдээ эргэлзэх болов. Гэр рүүгээ явахдаа надаас бүх зүйл нүүр буруулсан юм шиг санагдаж, уур хүрч байлаа. Зүрх шимшрэм гай зовлон намайг ингээд яллаа гэж үү?

Би тэр өглөө уйлан хайлж, учраа олохгүй сажилж явахдаа Тэнгэрлэг Эцэгтэй харилцсан яриагаараа бахархсангүй. Харин хэсэг хугацааны дараа сэтгэлийн сөрөг хөөрлөө дарж чадлаа. “Тэнгэрлэг Эцэг Та үнэхээр байдаг уу? Хүүхэд бүрийн залбирлыг Та сонсож, хариулдаг уу?” гэсэн Хүүхдийн Хэсгийн нэгэн дууны үг миний санаанд орж ирэв. Та миний залбирлыг сонсоогүй эсвэл надад болон хүүд минь анхаарал тавиагүй нь тодорхой байна хэмээн би бодож билээ (“A Child’s Prayer,” Children’s Songbook, 12.)

Яг тэр агшинд надад нэгэн сайхан мэдрэмж төрлөө. “Кевин, Бенжамин чинь бас Миний хүү шүү дээ” гэсэн үгсийг би оюун ухаан, зүрх сэтгэлээрээ мэдэрлээ. Сүнсний энэхүү өдөөлт андуурах аргагүй тод томруун байлаа. Би залбирлын зорилгыг огт ойлгодоггүй байснаа тэр агшинд мэдлээ. Зөвхөн зөв учир шалтгааны төлөө санваарын хүчийг ашиглаж, мацаг барин, залбирснаар Бурханы хүслийг өөрчилж болох юм шигээр би бодож явжээ.

Миний бодол зөв биш байсныг би амьдралдаа анх удаа бүрэн ойлгож, Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагдах хэрэгтэйгээ мэдсэн. Зөвхөн зарлигуудыг сахьдаг учраас хүссэн зүйлээ хэзээ, хэрхэн хүлээж авахыг би өөрийн хүслээр шийдэж чадахгүй шүү дээ. Залбирлын зорилго бол юу хийхийг нь Бурханд хэлж өгөх биш, харин Тэр надаар юу хийлгэхийг, надад юуг мэдүүлэхийг хүсч байгааг мэдэх явдал мөн. Би өөрийн хүслийг Бурханы хүсэлтэй нэгтгэн нийлүүлэх хэрэгтэй.

Бид бяцхан хүүгийнхээ өрөөсөн нүдийг болон амь насыг нь аврахын тулд дахиад зургаан жил олон хүнд сорилттой нүүр тулгаран тэмцэлдсэн билээ. Гэвч энэ удаа Тэнгэрлэг Эцэг бидний зовлонг ойлгож, хөндлөнгөөс оролцсон юм. Юмс эцсийн дүндээ хэрхэн өөрчлөгдсөн нь хамаагүй, Тэрбээр миний залбирлыг сонсож хариулсан билээ. Өнөөдөр манай гайхамшигт хөвүүн Испанид бүрэн цагийн номлолд үйлчилж байна.

Бурхан бол хайраар дүүрэн, бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бидний залбирлыг үнэхээр сонсож, хариулдгийг би амьдралынхаа туршлагаар баттай нотолж байна. Бид хувийн залбирлын бурханлаг зарчмыг Аврагчийн зааснаар ойлгож, мэдсэнээр залбирал нь өөрийн тань амьдралд сүнсний хүч чадал хийгээд илчлэлтийн агуу эх сурвалж болж чадна.

Гэрэл зураг чимэглэлийг Лес Нилссон