2013
Ерөнхийлөгч Монсоны үйлчлэлийн үед Сүмд түүхэн өөрчлөлтүүд гарчээ
2013 оны 6-р сар


Ерөнхийлөгч Монсоны үйлчлэлийн үед Сүмд түүхэн өөрчлөлтүүд гарчээ

Ерөнхийлөгч Томас С.Монсоны сүүлийн таван жил Сүмийг удирдах хугацаанд Сүмийн дэлхий даяарх гишүүдэд нөлөөлсөн түүхэн өөрчлөлтүүд гарчээ. Сүмийн 16 дахь ерөнхийлөгчийн гүн гүнзгий нөлөөг бид номлолын ажил, санваарын удирдлагын сургалтаас эхлэн олон ариун сүмийн барилга зэргийг хамарсан чухал зарлал мэдэгдлүүд болон сүм дэх шинэ бодлого хэрэгжүүлж байгаагаас харж болно.

Ерөнхийлөгч Монсоны үед илчлэгдсэн олон бодлого журам, мэдэгдлүүд нь дэлхий даяар нөлөөгөө үзүүлж байна. Үнэн хэрэгтээ эдгээр бодлого журам, мэдэгдлүүдийн олонх нь хувь хүмүүст үйлчилж, тэдгээрийг халамжлахад зориулагдсан юм. Хувь хүнд хандаж амьдралынхаа турш тавьсан түүний анхаарал халамжийг бид түүний үйлчлэлийн түүхэн цаг үе болгоноос харж болно.

Томас С.Монсонг ерөнхийлөгчөөр үйлчилсэн таван жилийн хугацаанд болсон гол чухал үйл явдлуудын тойм:

  • 2012 оны 10-р сарын 6-нд Ерөнхийлөгч Томас С.Монсон Сүмийн залуу гишүүдийн бүрэн цагийн номлолд үйлчлэх боломжийг өргөжүүлэх зорилгоор эрэгтэйчүүд 18, эмэгтэйчүүд 19 насандаа үйлчлэлээ эхэлж болно гэдгийг мэдэгдсэн билээ. Тэрээр уг мэдэгдлийг Сүмийн хагас жил тутмын 182 дахь Ерөнхий чуулганы нээлтийн хуралдааны үеэр хийсэн бөгөөд энэ нь номлолын ажилд эрс урам зориг нэмсэн юм. Уг мэдэгдлээс хойш Сүмийн Номлолын алба үйлчлэх хүсэлтэй залуу эрэгтэй болон эмэгтэйчүүдээс түүхэнд байгаагүй олон тооны номлолын өргөдлийг хүлээн авсан билээ.

  • Ерөнхийлөгч Монсон Тэргүүн Зөвлөл дэх өөрийн хоёр зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг болон Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорфын зөвшөөрөлтэй захидалдаа 2013 оны өсвөр үеийнхэнд зориулсан шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Уг хөтөлбөр нь Сүмийн залуучуудын “итгэл, хөрвөлт, гэрчлэлийг бий болгож, хүчирхэгжүүлэх” зорилготой билээ. Уг шинэ хөтөлбөр нь Аврагчийн дэлхий дээрх тохинуулалдаа хэрхэн зааж байснаас үлгэрлэн Аароны санваар, Залуу эмэгтэйчүүд болон Өсвөр үеийнхэнд зориулсан ням гарагийн ангиудад илүү олон давуу талтай хичээлүүдийг заах боломж олгож байна. Долоо хоног бүрийн уг ангиуд нь Сүмийн онлайн эх сурвалжуудыг ашиглаж байгаа ба өсвөр үеийнхэнд урьд өмнөхөөс илүү хичээлдээ хамрагдаж, идэвхтэй оролцсоноор баяр баясгаланг олох боломж олгож байна.

  • Ерөнхийлөгч Монсон болон Тэргүүн Зөвлөлийн удирдлаган дор гишүүдэд үйлчилж, гүн гүнзгий хөрвөлтийг бий болгох хичээл зүтгэлд нь орон нутгийн санваарын, туслах бүлгийн удирдагчид болон гэр бүлүүдэд туслахын тулд Сүм дэлхий даяарх удирдагчдын сургалтыг үргэлжлүүлэн явуулж байна. Уг сургалт нь орон нутгийн удирдагчид болон гишүүдэд Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон бусад Ерөнхий эрх мэдэлтнүүд, туслах бүлгийн ерөнхий удирдагчдаас удирдамж хүлээн авах боломж олгож байгаа билээ. Дэлхий даяарх сургалт нь (2010 онд танилцуулсан) шинэ удирдлагын гарын авлагуудыг ашиглах заавар, тойргийн зөвлөлүүдийг үр дүнтэйгээр хөтлөн явуулах, санваараар дамжуулан гэр бүл болон Сүмийг хүчирхэгжүүлэх талаарх сургалтуудыг багтаасан байгаа.

  • 2010 онд Тэргүүн Зөвлөл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд олон улсын хэмжээний хоёр шинэ төрлийн хурлыг хөтлөн явуулахыг даалгасан юм. Уг хуралд санваарын удирдлагын чуулганууд болон бүсийн хэлэлцүүлэг ордог. Санваарын удирдлагын чуулган бүрийн үеэр Сүмийн томилогдсон аливаа бүсийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишоп, салбарын ерөнхийлөгчид сургалтанд ирдэг. Бүсийн хэлэлцүүлэг бүрт удирдагчид Сүмийн томилогдсон тухайн бүсэд юу болж байгааг нарийвчлан авч үзэж, хүмүүнлэгийн үйлчлэл, халамжийн хэрэгцээ, номлолын ажил, гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил зэрэг зүйлсийн талаар хэлэлцдэг.

  • Ерөнхийлөгч Монсоны үйлчлэлийн үеэр дэлхий даяар 31 шинэ ариун сүм барихаар зарлагдсан байна. 16 ариун сүмийг онцгойлон адисалж, өөр бусад таван ариун сүмийг засварлан шинэчилсний дараа дахин онцгойлон адисалсан. Ерөнхийлөгч Монсон Канадын Алберта мужийн Калгари хот; Филиппиний Себу хот; Бразилийн Куритиба хот; Украйны Киев хот; Панамагийн Панама хот; Канадын Бритиш Коламбиа мужийн Ванкувер хот; Ютагийн Драпер; Миссуригийн Канзас хот; Айдахогийн Рексбург; Ютагийн Саут Жордан; Аризонагийн Гила Валлей; АНУ Айдахогийн Твин Фоллсын ариун сүмүүдийн онцгойлон адислалтыг өөрийн биеэр тэргүүлж, Мексикийн Мексик хот; Жоржиагийн Атланта; Айдахогийн Бойсе; АНУ Хавайн Лайен ариун сүмүүдийн дахин онцгойлон адислалтын ажиллагааг мөн тэргүүлсэн юм.

  • Ерөнхийлөгч Монсон бошиглогчдын үгс болон Сүмийн хөтөлбөрүүдийг дэлхий даяарх 14 сая гишүүдэд интернетээр хүргэх боломжтой болсон энэ үед Сүмийг удирдаж байгаа билээ. Онлайн эх сурвалжууд нь Сүмээс гаргасан видео бичлэгүүд болон Шинэ Гэрээний чухал үйл явдлуудыг харуулсан кинонуудыг багтааж байна.

  • Тэргүүн Зөвлөлийн удирдлаган дор Сүм Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society хэмээх шинэ номыг хэвлэж гаргасан билээ. Энэ ном нь эмэгтэйчүүдийг тэдний үүрэг хариуцлагад нь хүчирхэгжүүлэх хувийн болон гэр бүлийн эх сурвалж болох зорилготой.

  • Ерөнхийлөгч Монсоны удирдлаган дор Сүм дэлхий дээр тохиолдож буй гай гамшигт анхаарал хандуулж, тусламж хэрэгтэй хүмүүст хүрч тусалж байна. Өнгөрсөн таван жилийн зарим чухал хүмүүнлэгийн ажлуудаас харахад Сүм Хайти дахь газар хөдлөлт, Япон дахь газар хөдлөлт болон цунами, Тайланд дахь үер зэрэг гамшгуудад нэрвэгдэгсдэд тусламж үзүүлсэн байна. Сүм мөн зүүн Африкийн хоол хүнсний дутагдалд тусламж үзүүлэн, олон оронд хүүхдүүдийг вакцинжуулахад тусалж, алслагдсан олон тосгодод цэвэр усны хангамж бий олгосон юм. Нэмж хэлэхэд Сүм АНУ-ын Юта мужийн Солт Лейк хот дахь 53,000 метр квадрат шинэ халамжийн байрыг онцгойлон адисалсан билээ.

2008 оны 2-р сарын 4-ны даваа гарагт Ерөнхийлөгч Томас С.Монсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ Тэргүүн Зөвлөлийг зарлан хэвлэл мэдээллийнхэнд хандаж үг хэлжээ.

Гэрэл зургийг Аугуст Миллер, Deseret News