2013
Би чамайг мартахгүй
2013 оны 6-р сар


Бид Христийн тухай ярьж байна

“Би чамайг мартахгүй”

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг.

Би товлосон цагтаа эмч дээрээ очихдоо сэтгэл догдлон итгэл найдвар дүүрэн байлаа. Хэвлий дэх өөдсийн чинээхэн үрийнхээ зүрх цохилохыг би хэт авиагаар аль хэдийн харсан. Түүнээс хойш хэдэн долоо хоног өнгөрчихөөд байхад бяцхан үр минь томорсон баймаарсан. Хэдийгээр би гурван удаа жирэмсэлсэн ч гэсэн бяцхан хүүхдийнхээ зүрх цохилж, хөдөлж эхлэх энэхүү гайхамшигт мэдрэмжийг мэдэрсээр байсан юм.

Би арван минутын дараа машин дотроо ганцаараа уйлж суулаа. Зүрх нь цохилохгүй байгаа, амьгүй хүүхдийн дүр төрх ухаан бодлоос минь гарсангүй.

Дараагийн өдрүүдэд нь би, хагас ухаантай гэмээр гөлөрч, яах ч учраа олохгүй ганцаардмал, хоосон мэдрэмжийг мэдэрч байлаа. Нөхөр маань ажилдаа явахад би гурван хүүхдэдээ хоол ундыг нь хийж өгч, гэр орноо цэвэрхэн байлгахаар урам муутайхан хичээх болов. Санаагаар унаж, сэтгэл түгшүүртэй байх болов. Нэг удаа ойр зуурын ажлаар гадуур явж ирээд эзгүй байх үеэр хүн утасдаж уу гэдгийг хамгийн түрүүнд шалгалаа. Хэн ч утасдаагүй байлаа. Э-мэйлээ цаг тутам шалгана. Ганц ч э-мэйл алга. Найз нар, хөршүүд маань миний зовлонг огт тоохгүй байгаа юм байхдаа гэж бодлоо. Ерөөсөө тэд миний найз нар мөн гэж үү? Сатан надад нөлөөлж эхэлснийг би мэдсэнгүй.

Нэг орой би бодол санаагаа нөхөртэйгөө хуваалцахад тэрээр болж байгаа зүйлийг тэр дор нь харсан юм. Тэр 1 Нифай 21:15–16-г надтай хуваалцав:

“Би чамайг [мартах] нь үгүй, Ай Израилын угсаа.

Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн; таны хананууд миний өмнө үргэлж байх бөлгөө.”

Би Цагаатгалын тухай өмнө нь судалсан болохоор Цагаатгал гэж юу болохыг мэддэг хэмээн боддог байлаа. Гэвч би үүнийг амьдралтайгаа холбож боддоггүй байжээ. Есүс бидний бүх зовлон, бүх уй гашууг аль хэдийнэ үүрч, үүний төлөө зовсон шүү дээ. Тэр надад ямар байсныг мэдэж байсан нь лавтай.

“Түүний хамгийн дээд үлгэр жишээч үйлдэл болох Цагаатгал нь ‘бүх зүйлээс доогуурт’ (С ба Г 88:6) бууж ирэн, ‘бүх хүмүүний шаналлыг’ (2 Нифай 9:21) хүлцэн тэвчихийг Есүсээс шаардсан юм. Тийнхүү Цагаатгал нь зөвхөн нүглийг даван туулах арга хэрэгслээр хангасан төдийгүй үүнээс илүү өргөн зорилготойг бид тийнхүү ойлгодог. Дэлхий дээр гүйцэлдүүлэх ёстой байсан энэхүү хамгийн агуу үйл хэрэг нь: ‘Хэрэв та нар зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандвал, … тэр та нарыг … чөлөөлөх болно’ (Мозая 7:33) гэсэн энэхүү амлалтыг биелүүлэх хүчийг Аврагчид өгсөн юм.”1

Энэхүү эмгэнэлт үед миний уй гашууг хуваалцах жинхэнэ сайн найз хэн байж болох билээ? Надад тохиолдсон эмгэнэлт явдлыг даван туулахад Аврагчийн тусламж хэрэгтэй байгааг би ухаарсан. Их Эзэнд хандан залбирмагцаа намайг хайрладаг Түүний хайрыг би мэдэрсэн. Би тэд дороо амар амгаланг мэдэрлээ. Бас Есүс өмнө нь миний хэзээ ч бодож байгаагүйгээр намайг ойлгосныг би мэдэрсэн. Надад тохиолдсон тэрхүү золгүй явдлын дараа миний хамгийн ихээр эгээрэн хүсч байсан, надад хамгийн хэрэгтэй анд найз бол Тэр байлаа.

Би зөвхөн нүглээ наманчлах хэрэгтэй болсон үед төдийгүй намайг тайтгаруулах хэн нэгэн хэрэгтэй үед Аврагчид хандах хэрэгтэй гэдгээ мэддэг. Тэр надад туслахад үргэлж бэлэн байдаг. Бидний зовлон бэрхшээлүүдийг ойлгох хэн нэгэн хэрэгтэй болсон үед хамгийн итгэлтэй анд найз Есүс Христ бидэнд байдгийг мартахгүй байцгаая.

Эшлэл

  1. Дональд Л.Холстром, “Их Эзэнд ханд,” Лиахона, 2010 оны 5-р сар, 80.

Нөхөр маань 1 Нифай 21:15–16-г надтай хуваалцав. Уй гашуугаа даван туулахад надад Аврагчийн тусламж хэрэгтэйг би ойлгосон.

Гэрэл зураг чимэглэлийг Велден К.Андерсен