2013
Эмээдээ өгсөн бэлэг
2013 оны 6-р сар


Эмээдээ өгсөн бэлэг

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Калифорнид амьдардаг.

Баярласнаа илэрхийлж, энгийн захидал бичихэд эмээ минь их баяртай байдаг.

Зураг

Чимэглэлийг Рожер Моцкус

Намайг бага байхад эмээ минь миний үеэл ах, эгч дүү нарыг надтай хамт олон удаа хардаг байж билээ. Бид бүгдээрээ нийлээд 14 хүүхэд байсан бөгөөд эмээ минь биднийг оройн хоолонд, унтахад, үдэш тоглоход болон баяр тэмдэглэхэд урихад бид үргэлж баярладаг байлаа. Эмээгийнд байхад мөн ч сайхан шүү.

Эмээгийн гэрт болдог үйл ажиллагаа бүр хөгжилтэй байсан. Гэвч үйл ажиллагаа бүрд ямар цаг хугацаа, хүч чармайлт шаардагддаг байсныг би мэдэхгүй. Харин би эмээ нар юу хийдгийг болон тэдний хийдэг зүйлд дуртай байсан.

Эмээгийн гэрт үеэлүүдтэйгээ өнгөрүүлдэг хөгжилтэй жилүүд өнгөрч, манайх тэндээс нүүсэн юм. Хожим нь эмээ манай шинэ гэрт бидэн дээр зочлон очдог байсан. Манайхан эмээдээ хэрхэн хамгийн сайхан бэлэг өгөх билээ гэж удтал толгойгоо гашилгадаг байж билээ. Эмээ минь миний мэдэх хэнээс ч илүү их юмтай байсан. Юм бүхэн байдаг эмээдээ бид ямар бэлэг өгч болох вэ?

Энэ талаар санаагаа хэлээч гэж би ааваасаа гуйхад тэр жил бүр нэг л зүйлийг: “Чи эмээдээ маш сайхан захидал бичиж болно шүү дээ” гэдэг байв. Миний толгойд олигтой санаа орж ирсэнгүй, тэгээд маргааш өглөө нь хэн ч сэрээгүй байхад би босч гал тогооны өрөөний хүйтэн хавтан шалан дээр хөлөө даруулан байж, эмээдээ онцгой сайхан захидал бичихээр суулаа.

“Эмээ минь та гайхалтай сайхан хүн. Надад зориулдаг юм бүхний тань төлөө тандаа их баярладаг шүү” гэж бичээд цааш нь юу гэж бичихээ мэдсэнгүй. Тэгээд би гал тогооны өрөөний цонхоор гадагшаа дал моддыг болон цэнхэр тэнгэрийг ширтэн хараад эмээ минь өдий олон жилийн турш бидний төлөө мөн ч олон зүйлийг хийж дээ гэж бодлоо.

Би захидалдаа эмээдээ хайртай гэдгээ бас онцгой дурсамж үлдээсэн олон сайхан үйл явдлын төлөө эмээдээ баярлан талархаж явдаг гэдгээ бичлээ. Бүр олон жилийн дараа одоо ч гэсэн эмээ минь наддаа туйлын чухал хүн хэвээр байгааг хэлээд захидлаа дугтуйд хийж, улаан туузаар ороогоод, хивс дэвссэн дулаахан өрөөндөө эргэж ирлээ.

Эмээдээ бэлгийг нь өгөх цаг болоход би захидлаа гаргаж ирлээ. Эмээ бэлгийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байхыг нь би үнэхээр мэдэхгүй байлаа.

Эмээ намайг дугтуй өгөхөд гайхан харлаа. Тэр дугтуйг булангаас нь болгоомжтой задлаад нарийхан ягаан цаасан дээр бичсэн захидлыг гаргаж ирлээ. Эмээ захидлыг уншаад инээмсэглэж, нүд нь нулимсаар дүүрч эхэллээ. Би урьд нь эмээгээ уйлж байхыг огт хараагүй юм. Эмээ захидлаас толгойгоо өндийлгөн, над руу дөлгөөхөн дулаан харцаар ширтэн харснаа “Баярлалаа, миний хүү. Намайг ингэж дурсдаг хүн байдаг гэж би боддоггүй байлаа” гэж шивнэв.

Гэр бүлийнхээ бат бөх харилцааг бий болгохын төлөө өдий ихийг хийсэн эмээ минь намайг түүнийг болон түүнтэй хамт өнгөрүүлсэн олон сайхан өдөр саруудыг дурсан санаж, талархал илэрхийлэх юм гэж санаагүй ажээ. Эмээ нулимсаа арчаад “Кимберли, хүү минь чамд их баярлалаа. Энэ бол надад өгч чадах хамгийн сайхан бэлэг” хэмээн хэлж билээ.

Эмээгээ чанга тэврэхэд тэр зөөлөн бүлээхэн хацраа миний хацарт нааж “эмээгийн” үнэр, булбарайхан хүүхдийн содон үнэртэй холилдон үнэртэв. Эмээдээ захидал бич гэсэн аавын саналд би хэчнээн их баярласан гээч. Эмээд минь хайр, талархлын үгс, мөнгөөр худалдаж авч болох гэрийн аар саархан чамин зүйлс, үнэртэй ус, жимстэй бялуунаас хавьгүй илүү үнэ цэнэтэй болохыг би мэддэггүй байж дээ.