2013
Нэг дороо эргэлдэх нь
2013 оны 6-р сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Нэг дороо эргэлдэх нь

Зураг
Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Та төөрсөн хүмүүс нэг дороо эргэлдэх хандлагатай байдаг хэмээх хуучны үгийг сонсож байсан уу?

Германы сэтгэл зүйч Жан Л.Саумэн энэ нь үнэн эсэхийг шинжлэх ухааны үүднээс тодорхойлохыг хүсчээ. Тэрээр туршилтын хэдэн хүнийг томоохон ой мөн Сахарын цөл рүү авч явсан бөгөөд тэдний байрлалыг тогтоохын тулд дэлхийг хамарсан байршил тодорхойлох системийг ашиглажээ. Тэдэнд ямар нэгэн луужин эсвэл өөр ямар нэгэн хэрэгсэл байсангүй. Харагдаж байгаа газрыг нүдээр баримжаалан чигээрээ явган явах энгийн зааврыг тэдэнд өгсөн ажээ.

Эрдэмтэн Саумэн хожим нь юу тохиолдсоныг ийн дүрсэлжээ. “Тэдний [зарим] нь үүлтэй бүрхэг өдөр явсан бөгөөд [газрын чиглэлийг нүдэн баримжаагаар тодорхойлох боломж хязгаарлагдмал байлаа]. … [Тэд] бүгд өөрсдөө ч мэдэлгүй дороо эргэлдсээр байсан байна.” Харин бусад нь газрын зүг чиг сайн харагдаж байсан нартай үеэр явсан байна. “Эдгээр хүмүүс … бараг л төгс гэмээр шулуун замаар хазайлгүй явсан ажээ.”1

Энэ туршилтыг бас өөр хүмүүс дээр өөр аргаар туршиж үзсэн ажээ. Үр дүн нь мөн л дээрхтэй адил байв.2

Хүн нүдээр баримжаалах юмгүй бол нэг дороо эргэлдсээр байдаг байна.

Судрууд бол зам заагч

Хүн төрөлхтөн сүнсний зам заагчгүйгээр мөн л төөрч будилдаг. Бурханы үггүй бол бид урагш ахихгүй дороо эргэлдсээр байх болно.

Бид хувь хүмүүсийн хувьд ч, нийгмийн хувьд ч энэхүү загвар цаг хугацааны эхлэлээс хойш эрин үе болгонд давтагдсаар ирснийг хардаг. Бид Бурханы үгийг хараанаасаа алдвал төөрөх болно.

Чухам иймээс энэ нь Их Эзэн Лихайд хөвгүүдээ гуулин ялтсуудыг авчруулахаар Иерусалим руу буцаах зарлиг өгсний эргэлзээгүй шалтгаан юм.

Судрууд бол Бурханы үг. Судрууд нь бид Аврагчид илүү ойртож, зөв зорилгодоо хүрэхийн төлөө аялах ёстой замыг бидэнд зааж өгдөг Бурханы зүг чиг заагч юм.

Ерөнхий чуулганы зам заагч

Ерөнхий чуулган дээр өгдөг зааврууд нь бидэнд зөв зам дээр байгаа эсэхээ мэдэхэд тусалдаг зам заагч юм.

Заримдаа би өөрөөсөө “Би Сүмийн хамгийн сүүлийн чуулгануудаар үг хэлсэн хүмүүсийн үгсийг сонссон уу? Би тэдний үгсийг дахин дахин уншиж судалсан уу? Би тэдгээрийг тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлсэн үү? Эсвэл би зүгээр л сайхан үгс байна гээд сүнслэг захиасуудыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг үл тоомсорлосон уу?” гэж асуудаг.

Та чуулган дээр хэлсэн үгсийг сонсох юм уу унших үедээ тэмдэглэл хөтөлж болно. Та зарим зүйлсийг илүү сайн буюу өмнөхөөсөө өөр байдлаар хийхээр шийдэж болно. Сүүлчийн ерөнхий чуулганы захиасуудын тухай эргэцүүлэн бод. Олон захиас гэр бүлээ болон гэрлэлтээ бэхжүүлэхэд бидэнд урам хайрладаг. Лиахона сэтгүүлийн ерөнхий чуулганы дугаар нь бас эдгээр мөнхийн үнэ цэнэтэй зүйлс болон бидний амьдралыг адислах практик ач холбогдолтой олон зөвлөмж дээр анхаарал төвлөрүүлдэг.

Энэхүү үнэ цэнэтэй зөвлөгөөг бид анхааралтай уншиж, амьдралдаа хэрэгжүүлдэг бил үү? Бид энэхүү бодитой бөгөөд үнэ цэнэтэй зам заагчийг таньж, баяртайгаар хүлээн авдаг бил үү?

Сүнслэг байдлын төөрөгдлийг эдгээх нь

Биднийг нарийн бөгөөд давчуу зам дээр байхад сүнсний зам заагч амин чухал юм. Энэхүү зам заагч нь хэрэв бид үүнийг таньж, баяртайгаар хүлээн авах юм бол бидний явах ёстой зүг чигийг бидэнд тод томруунаар зааж өгдөг билээ.

Хэрэв бид энэхүү зам заагчаар удирдуулахаас татгалзвал энэ нь тодорхой зорилгогүй, амьдралын нэгэн хэвийн явцад дорвитой нөлөөлж чадахгүй, зүгээр л нэг түр зуур шохоорхол татах, утга учир муутайхан зүйл байх болно.

Бид зөвхөн зөн билгээрээ удирдагдах нь хангалтгүй юм.

Сайн бодол санаа, сайн төлөвлөгөөтэй байх нь ч хангалтгүй.

Төрөхөөс заяасан мэдрэхүйдээ найдах нь ч хангалтгүй.

Бид өөрсдийгөө сүнслэг байдлын давчуу замаар замнаж байгаа гэж бодсон ч биднийг удирдах сүнсний зам заагч буюу Сүнсний удирдамж байхгүй бол бид төөрөх болно.

Тиймээс, ачлалт Бурханаас хүүхдүүддээ өгсөн зам заагчуудыг нүдээ нээж, харцгаая. Бурханы үгийг уншиж, сонсон, амьдралдаа хэрэгжүүлцгээе. Үнэн зорилготойгоор залбирч, Сүнсний өдөөлтүүдийг сонсож дагацгаая. Хэрэв бид хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн бурханлаг зам заагчуудыг таньж, хүлээн авбал бидний амьдрал тэдгээр зам заагчуудаар удирдагдах болно. Бид сүнсний зам заагчуудаар удирдагдах явцдаа зам мөрөө хянан алдаагаа байнга залруулж байх ёстой.

Ингэвэл бид нэг дороо эргэлдэхгүй харин итгэлтэйгээр тэрхүү агуу тэнгэрлэг адислал руу алхах болно. Уг тэнгэрлэг адислал нь Христийн шавь нарын нарийн бөгөөд шулуун замаар замнасан бүх хүмүүсийн ууган хүүгийн эрх юм.

Эшлэл

  1. Жан Л.Саумэн ба бусад, “Walking Straight into Circles,” Current Biology, vol. 19 (2009 оны 9-р сарын 29), 1538.

  2. Жишээ нь, Жан Л.Саумэн “A Mystery: Why Can’t We Walk Straight?” npr.org/blogs/krulwich/2011/06/01/131050832/a-mystery-why-can-t-we-walk-straight-ыг үз.

Энэ захиасаас заах нь

Та энэ захиасаас заахаар бэлтгэхдээ сүнсний зам заагчаар удирдуулсан эсвэл нэг дороо эргэлдэж төөрсөн хүмүүсийн тухай судрын жишээнүүдийг хайж олж болно. Та дараах судруудыг судлахаас эхэлж болно: Тооллого 14:26–33; 1 Нифай 16:28–29; Aлма 37:38–47. Хэрэв та сүнсээр өдөөгдвөл заадаг хүмүүстэйгээ эдгээр жишээнүүдийг хуваалцаж болно. Бид эдгээр түүхүүдээс юу сурч болохыг тэднээс асуу.

Photograph © Thinkstock/iStockphoto