2013
Төөрөөд алга болсон хоньд ч гэсэн үнэ цэнэтэй
2013 оны 6-р сар


Төөрөөд алга болсон хоньд ч гэсэн үнэ цэнэтэй

Ерөнхийлөгч Жеймс И.Фауст Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр 1995 оны 3-р сарын 12-нд дэмжин батлагдсан ба 2007 оны 8-р сарын 10 хүртэл энэхүү дуудлагадаа үйлчилсэн. 2003 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр танилцуулагдсан эцэг эхчүүдэд хандсан энэхүү яриа нь гэр бүлийг хүчирхэгжүүлэх талаарх хэд хэдэн өгүүллийн нэг болж энэ дугаарт орж байна.

Зураг
Ерөнхийлөгч Жеймс И.Фауст

Дуулгаваргүй хүүхдүүддээ заахдаа залбиралтай байдаг, зүрх сэтгэл нь шаналсан, зөв шударга, хичээнгүй эцэг эхчүүд та нарт Сайн Хоньчин тэдгээрийг харж байгаа гэдгийг бид хэлж байна.

Хайрт ах, эгч, найз нар минь, энэ өглөө өгч буй миний энэ захиас хүүхдүүдээ хайраар зөв шударгад өсгөхдөө чадахынхаа хэрээр зүтгээд, зүрх сэтгэл нь шаналсан эцэг эхчүүдэд өгөх найдвар мөн тайвшрал юм. Тэд хүүхэд нь хилэнцэт ба сүйрлийн замыг дагахаар эсэргүүцэхэд эсвэл замаасаа гажиж төөрсний нь улмаас цөхөрсөн байдаг. Та нарын мэдэрч буй гүн шаналалын талаар бодож суухад Иеремиагийн үгс миний санаанд орж ирэв: “Дуу Рамад сонсдов, … Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэрээр тайтгарлыг авахгүй байна.” Энэ үед Их Эзэн ийн тайтгарал өгсөн: “Уйлахаас дуу хоолой… тэвчин барь. Учир нь чиний үйлс шагнагдана … ; Тэд дайсны нутгаас буцаж ирнэ”.1

Энэ сүм дэх эцэг эхчүүдэд зориулсан Их Эзэний үг, Сургаал ба Гэрээний 68-р хэсэгт энэхүү онцгой заавар агуулагдаж байдаг хэмээх гэрчлэлээрээ би үгээ эхлэх ёстой: “Мөн дахин, Сионд эсвээс түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, найман нас хүрэхэд, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно.”2 Эцэг эхчүүд “залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах”-аар зааварлагддаг.3 Эцэг, өвөө, элэнц эцэг хүний хувьд би үүнийг Их Эзэний үг хэмээн хүлээн авч, Есүс Христийн үйлчлэгчийн хувьд би эцэг эхчүүдийг энэхүү зөвлөгөөг чадахынхаа хэрээр, чин сэтгэлээсээ дагахыг шаардаж байна.

Ямар хүмүүс сайн эцэг эх байдаг вэ? Тэд бол үлгэр жишээ ба “залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхах” дүрмээр хүүхдүүддээ заахын тулд хайр, залбирал, үнэн сэтгэлээрээ хичээсээр байдаг тэдгээр нь юм.4 Зарим хүүхдүүд дуулгаваргүй эсвэл дэлхийн хэрэгт автсан байдаг ч энэ нь үнэн билээ. Хүүхдүүд энэ дэлхийд өөрсдийн гэсэн сүнс ба хувийн зан чанартай ирдэг. Зарим нь “ямар ч нөхцөл байдалд, ямар ч эцэг эх байсан сорьдог. … Магадгүй, ямар ч эцэг эсвэл эх байсан амьдралыг нь адисалж мөн баяр баясгалан нь болдог хүүхдүүд бас байдаг.”5 Сайн эцэг эхчүүд гэдэг бол гэр бүлийнхээ нөхцөл байдалд чадах хэрээрээ золиослол хийн тэмцсээр байгаа хүмүүс юм.

Хүүхдүүдээ гэх эцэг эхийн хайр хэмжигдэх боломжгүй юм. Өөр ямар ч харилцаа үүнтэй адил биш. Тэд өөрсдийнхөө амьдралыг хүүхдүүдээ аврахын төлөө өгөхөд бэлэн байдаг. Хүүхдээ гэх эцэг эхийн хайр бол хувиршгүй бөгөөд зүрх шимшрэх болон сэтгэл гонсойх зэргийг ч давж гарна. Бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ ухаалаг шийдвэр гаргаасай хэмээн найддаг ба залбирч байдаг. Дуулгавартай, хариуцлагатай хүүхдүүд эцэг эхдээ төгсөшгүй бахархал, сэтгэл хангалуун байдлыг авчирдаг билээ.

Итгэлтэй, хайрладаг эцэг эхээр заалгасан тэдгээр хүүхдүүд эсэргүүцэн эсвэл төөрч одвол юу болох вэ? Найдвар байна уу? Дуулгаваргүй хүүхдийнхээ төлөөх эцэг эхийн уйтгар гуниг бараг тайтгаршгүй юм. Хаан Давидын гуравдах хүү Абсалом ах нарынхаа нэгийг алж түүнчлэн эцгийнхээ эсрэг бослогыг удирджээ. Абсалом Иоабд алуулсан. Абсаломын үхлийн тухай сонссон Хаан Давид уйлан уйтгар гунигаа ийн илэрхийлсэн: “Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь.”6

Эцэг эхийн ийм хайр үрэлгэн хүүгийн тухай сургаалт үлгэрт бас илэрдэг. Өвлөн авсан эд хөрөнгөө замбараагүй амьдралд үрэн таран хийснийхээ дараа дуулгаваргүй хүү нь гэртээ буцаж ирэхэд эцэг нь тарган тугал нядалж үрэлгэн хүүгийнхээ буцаж ирснийг тэмдэглэдэг. Тэр дуулгавартай хүүдээ “Харин чиний дүү үхсэн байсан. Гэтэл одоо амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” хэмээн уурлан ундууцах үед нь хэлжээ.7

Би Ахлагч Орсон Ф.Уитнийн [1855–1931] хэлсэн:

“Бошиглогч Иосеф Смит, итгэлтэй эцэг эхчүүдийн мөнхийн холболтууд ба Үнэний учир шалтгаанаар зоригтой үйлчилснийх нь төлөө тэдэнд өгөгдсөн ариун нандин амлалтууд нь тэднийг төдийгүй үр удмыг нь авардаг хэмээх сургаалыг тунхагласан бөгөөд үүнээс илүү тайтгаруулах сургаалыг заагаагүй билээ. Зарим хонь төөрч болох ч Хоньчны нүд тэдний дээр байдаг ба эрт орой хэдийд ч тэд тэдний араас ирж хашаанд нь буцааж аваачих Тэнгэрлэг тусламжийн гарыг мэдрэх болно. Тэд шударга ёсоор өрөө төлөх ёстой болно; тэд гэм нүглийнхээ төлөө шаналах болно; бартаатай замаар алхаж магадгүй; хэдий ч энэ нь нүглээ наманчилсан Үрэлгэн хүүгийн адилаар эцэст нь тэднийг хайрладаг, өршөөдөг эцгийн зүрх сэтгэлд болон гэртээ ирэхэд хөтөлдөг бол гашуун сургамж нь дэмий хоосон байхгүй. Хайхрамжгүй, дуулгаваргүй хүүхдүүдийнхээ төлөө залбир, итгэлээрээ тэдгээрт та тэвчээртэй бай. Их Эзэний авралыг хартлаа найд, итгэ” хэмээх тайтгаруулах мэдэгдэлд итгэн хүлээн зөвшөөрдөг.8

Энэхүү мэдэгдлийн байнга орхигддог нэг зарчим бол тэд бүрэн наманчлах, “гэм нүглийнхээ төлөө шаналах” ба “шударга ёсоор өрөө төлөх” ёстой байх явдал юм. Одоо “Их Эзэнтэй уулзахад бэлтгэх” цаг нь гэдгийг би ухаарч байна.9 Төөрөлдсөн хүүхдүүдийн наманчлал энэ амьдралд тохиолдохгүй аваас тэдгээрийн наманчлалыг гүйцэтгэхэд холболтын хүч хангалттай хүчтэй байх боломж хэвээр байна уу? Сургаал ба Гэрээнд бидэнд хандан:

“Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно”,

“Мөн тэд зөрчлийнхөө цээрлэлийг төлсний, мөн угаагдан цэвэршсэний дараа, ажлуудынхаа дагуу шагналаа хүлээн авах болно, учир нь тэд авралыг өвлөгчид бөлгөө”10 хэмээн заажээ.

Бид үрэлгэн хүү өвлөсөн эд хөрөнгөө үрж бүх зүйл нь байхгүй болсныхоо дараа эцгийнхээ гэрт эргэж ирснийг санадаг. Тэгэхэд түүнийг гэр бүлдээ урьсан ч түүний эд хөрөнгө үрэгдэж дууссан байсан.11 Нигүүлсэл нь шударга ёсыг дээрэмдэхгүй. Итгэлтэй эцэг эхчүүдийн мөнхийн холболтын хүч төөрөлдсөн хүүхдүүдийн дээр тэдний наманчлал ба Христийн Цагаатгалын нөхцөлд л баталгаатай байх болно. Наманчлалтай төөрөлдсөн хүүхдүүд аврал ба түүнтэй хамт ирэх бүхий л адислалуудыг хүлээн авах ч өргөмжлөл нь хамаагүй илүү зүйл юм. Энэ нь бүрэн дүүрэн төлөгдсөн байх ёстой. Хэн өргөмжлөгдөх вэ гэсэн асуулт нь Их Эзэнд, Түүний нигүүлсэлд үлдэх ёстой.

Эсэргүүцэл ба хилэнцийн үр нь агуу байх “наманчилж чадахааргүй их гэм нүгэл үйлдсэн” тэдгээр нь үлэмж цөөхөн байдаг.12 Тэрхүү шүүлт нь Их Эзэнд түүнчлэн үлдэх ёстой. Тэрээр бидэнд: “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” хэмээн хэлдэг.13

Бидэнд зөв шударга эцэг эхчүүдийн хүүхдүүдтэйгээ холбогдох холболтын хүч хэр зэрэг бат бөх болохыг энэ дэлхийд бүрэн гүйцэд ойлгох нь өгөгдөөгүй байж болох юм. Бидний мэддэгээс илүү туслах эх сурвалжууд байдаг нь маш сайн байж болно.14 Хөшигний нөгөө талаас ирэх хайртай өвөг дээдсийн маань нөлөөлөл бидэнтэй үргэлжилж байх учраас гэр бүлийнхнээс маань нас эцэслэсэн хүмүүсийн хүчтэй нөлөө байдаг гэдэгт би итгэдэг.

Ерөнхийлөгч Ховард В.Хантер [1907–95] “наманчлал бол бодгалийн гэрээ санасан байдал боловч эцэг эхийн тасралтгүй ба болгоомжтой халамж нь Их Эзэний хувиршгүй өршөөлийн газар дэлхий дээрх хамгийн шударга хэлбэр нь юм” хэмээн тэмдэглэжээ. Аврагчийн зорилгоороо тогтоохоор эрэлхийлсэн, хамгийн адилхан зүйл нь гэр бүл биш үү?15

Бид эцэг эхээсээ эцэг эх болох талаар их зүйл сурдаг. Миний эцгээ хайрлах хайр түүний найрсаг, тэвчээртэй бас намайг ойлгодог байхаас нь улам гүнзгийрсэн билээ. Намайг гэр бүлийнхээ автомашиныг эвдэх үед тэр зөөлөн бас өршөөнгүй байсан. Хэрэв хүүхдүүд нь үнэнийг нуух эсвэл дүрмүүдийг үргэлжлүүлэн зөрчих, ялангуяа эхээ үл хүндэтгэвэл хатуу сахилгажуулдаг байлаа. Эцэг минь өнгөрөөд бараг хагас зуун жил болсон ч түүний ухаалаг, хайрлам зөвлөгөөг авахаар түүн дээр очдог байснаа би одоо хүртэл үнэхээр их санаж байдаг. Би түүний зөвлөгөөг үе үе асуудаг байсан ч түүнээс намайг хайрлах хайрыг хэзээ ч нэхэж чаддаггүй байсан. Би түүний сэтгэлийг гонсойлгохыг хэзээ ч хүсэж байгаагүй.

Бид эцэг эхчүүд болохын хувьд чадахынхаа хэрээр хийх нэг чухал зүйл бол хайрлах явдал ч бас чанд сахилга бат юм. Бид хүүхдүүдээ сахилгажуулахгүй бол бидэнд эсвэл хүүхдүүдэд маань нийцэхгүй арга замаар нийгэм үүнийг нь хийж магад. Хүүхдүүдээ сахилгажуулах ажлын нэг хэсэг бол тэднийг хөдөлмөрлөхөд сургах явдал юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли [1910–2008]: “Хамгийн агуу үнэт зүйлсийн нэг бол … шударга хөдөлмөрлөх урам зориг байдаг. Хөдөлмөргүй мэдлэг бол үр ашиггүй. Хөдөлмөрлөсөн үед мэдлэг бол сод ухаан юм”16 хэмээн хэлжээ.

Газар сайгүй тархсан Сатаны урхи ихэссээр байгаа, үүний улмаас хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь улам хэцүү болж байна. Тиймээс, эцэг эхчүүд чадахынхаа хэрээр хамгийн сайнаа хийж сүмийн үйлчлэл ба үйл ажиллагаагаар өгөгдөж болох тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй. Эцэг эхчүүд түр ч гэсэн биеэ буруу авч явах ба замаасаа холдвол зарим хүүхдүүд тэрхүү үлгэр жишээнээс амархан сурч авах хандлагатай байдаг.

Одоо зоосны нөгөө талыг дурдах хэрэгтэй байна. Би эцэг эх нь байх ёстойгоосоо дор байсан хэдий ч тэдэнд гараа сунган туслахыг эцэг эхээсээ хөндийрсөн хүүхдүүдээс гуйж байна. Эцэг эхийнхээ талаар шүүмжлэлтэй байдаг хүүхдүүд Моронайн: “Миний төгс бусын улмаас намайг, бас түүний төгс бусын улмаас эцгийг минь ч, бас түүний өмнө бичсэн тэднийг ч бүү буруушаа; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа мэдүүл” хэмээн хэлсэн ухаалаг зөвлөгөөг сайн санаж магад.17

Моронай залуу бошиглогч Иосеф Смит дээр 1823 онд айлчлах үедээ Елиагийн номлолтой холбоотой дараах шүлгээс эш татсан байна: “Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно.”18 Би бүх хүүхдүүд аажимдаа зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ түүнчлэн эхчүүд рүүгээ хандуулах болно гэдэгт найдаж байна.

Залуу байхдаа миний мэддэг байсан нэгэн гайхамшигтай хос дуулгаваргүй бөгөөд гэр бүлээсээ хөндийрсөн нэгэн хүүтэй байсан юм. Хожим нь олон жилийн дараа тэрээр эвлэрсэн бөгөөд тэр гэр бүлийн хамгийн энэрэнгүй, халамжтай хүүхэд нь болсон. Биднийг нас ахих тусам хөшигний нөгөө талд байгаа бидний эцэг эх, өвөө эмээ нарын нөлөө улам хүчтэй болдог. Тэд бидний зүүдэнд ирдэг нь таатай мэдрэмж байдаг.

Зарим хүүхдүүд нь эцэг эхийнхээ заасан зүйлс ба хайрыг эсэргүүцэн эсвэл хөндийрдөг учраас сайхан сэтгэлтэй, итгэлтэй эцэг эхчүүдийг шүүх нь шударга бус бөгөөд хатуудсан хэрэг болно. Тайвшрал, сэтгэл хангалуун байдлыг авчирдаг хүүхдүүд, ач нартай хосууд ерөөлтэй. Бид дуулгаваргүй хүүхдүүдийнхээ төлөө шаналж, тэмцэж байгаа зохистой, шударга эцэг эхчүүдийн талаар санаа тавьдаг байх хэрэгтэй. Миний нэг найз, “Хэрэв та хүүхдүүдтэйгээ хэзээ ч, ямар ч асуудалгүй байдаг байсан бол ердөө жаахан азна” гэж хэлсэн.Хэн ч хүүхдүүд нь тодорхой нэг нөхцөл байдалд юу хийх талаар өчүүхэн төдий ч тодорхой хэлж чадахгүй юм. Ухаалаг хадам эх маань бусад хүүхдүүдийн биеэ буруу авч явж байгааг хараад, тэр, “Намайг ярьж байхад манай хүүхдүүд үүнийг зөвөөр хийж болох учраас тэднийг ийм зүйл хийхгүй гэж би хэзээ ч хэлдэггүй!” хэмээн хэлдэг байж билээ. Эцэг эхчүүд дуулгаваргүй, төөрөлдсөн хүүхдүүдийнхээ төлөө гашуудаж байхад бид өрөвдөх сэтгэлтэй байж “эхлээд чулуу шидэхийг” хориглох ёстой.19

Нэрээ бичиж үлдээгээгүй сүмийн нэгэн гишүүн, эцэг эхэд нь төвөг учруулж, байнга сэтгэлийг нь шаналгаж байдаг дүүгийнхээ тухай бичжээ. Тэр хар тамхинд орсон. Тэр биеэ хянах ба сахилга батын бүхий л хүчин чармайлтыг эсэргүүцдэг байв. Тэр хуурмаг бас авир муутай байжээ. Үрэлгэн хүүгээс ялгаатай нь энэ итгэл эвдсэн хүү гэртээ өөрөө эргэж ирээгүй. Харин цагдаагийнхан түүнийг баривчилж өөрийнх нь хийсэн үйлдлийн төлөөх үр дагавруудтай нь нүүр тулахаар албаджээ. Хоёр жилийн туршид эцэг эх нь Биллийг хар тамхины хамаарлаас аажимдаа эдгээх эмчилгээний хөтөлбөрийг дэмжсэн байна. Биллийн эгч нь эцэст нь бичихдээ: “Эцэг эх минь ер бусын хүмүүс юм. Тэд Биллийн өөртөө болон гэр бүлийнхэндээ хийж байсан зүйлийг нь хүлээн зөвшөөрдөггүй, тэр бүү хэл үзэн яддаг байсан хэдий ч Биллийг хайрлах хайрандаа хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тэд хэцүү цаг үеийг туулан илүү хатуу газарт очиход нь Биллд шаардлагатай бүхий л арга замаар дэмжихийн тулд үүргээ хангалттай биелүүлсэн. Тэд төөрөлдсөн нэгнээ хайрласнаараа Христийн илүү гүнзгий, илүү зөөлөн сэтгэлтэй ба өргөн хүрээтэй сайн мэдээг хэрэгжүүлжээ”20 гэжээ.

Хүүхдүүд минь Их Эзэний арга замуудаар бидний зааж буй зүйлст дуулгавартай, хүндэтгэлтэй байдаг бол бардамнахаас илүүтэй даруухан талархалтай байх боломж өөрсдөдөө олго. Дуулгаваргүй хүүхдүүддээ заахдаа зөв шударга, хичээнгүй, залбиралтай байдаг, зүрх сэтгэл нь шаналсан тэдгээр эцэг эхчүүд та нарт Сайн Хоньчин тэднийг харж байгаа гэдгийг бид хэлж байна. Их Эзэн та нарын их гунигийг мэддэг, ойлгодог. Найдвар байна. Иеремиагийн “чиний үйлс шагнагдана”, хүүхдүүд тань “дайсны нутгаас буцаж ирнэ” хэмээх үгсээс тайтгарал ав.21 Есүс Христийн нэрээр ийн гэрчилж, залбирч байна. Амен.

Үрэлгэн ХҮҮ-ЭЭС хэсэгчилсэн. Зургийг Вильсон Онг, Сүмийн Түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв.

Үрэлгэн хүү, Зургийг Вильсон Онг, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв. Гэрэл зургийг Коди Бэлл

Үрэлгэн ХҮҮ ЗУРГИЙГ Кларк Кэллэй Прайс© 1989 IRI, Гэрэл зургийг Коди Бэлл

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ ПАУЛ МАНН; ГЭРЭЛ ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ МАТТЮ РЭЙЭР