Судрууд
2 Нифай 5


Бүлэг 5

Нифайчууд өөрсдийгөө леменчүүдээс тусгаарлаж, Мосегийн хуулийг даган, мөн ариун сүм барив—Итгэлгүйнхээ учир, леменчүүд Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдаж, зүхэгдэж, мөн нифайчуудад цээрлэл болов. Ойролцоогоор МЭӨ 588–559 он.

1 Болгоогтун, улиран тохиох дор би Нифай, Их Эзэн Бурхандаа ихэд залбиран гуйв, өөрийн ах нарын уур омгийн улмаас бөлгөө.

2 Гэвч болгоогтун, тэдний уур хилэн миний эсрэг нэмэгдэв, үүнийхээ хэрээр тэд миний амийг авахаар эрэлхийлсэн болой.

3 Тийм ээ, тэд миний эсрэг бувтналдаж, өгүүлсэн нь: Дүү маань биднийг захиран удирдахыг бодож байна; мөн бид түүнээс болж их бэрхшээлийг туулсан; иймийн тул, түүний үгсийн учир дахин зовохгүй байж болохын тулд эдүгээ түүнийг хөнөөе. Учир нь болгоогтун, бид түүнийг захирагчаа болгохгүй; учир нь энэ хүмүүсийг захирах нь, ах нар нь болох бидний эрх юм.

4 Эдүгээ би миний эсрэг бувтналдсан тэдний бүх үгийг эдгээр ялтас дээр бичихгүй. Харин тэд амийг минь авахаар эрэлхийлж байсныг хэлэх нь надад хангалттай.

5 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, мөн надтай явах тэд бүгд, тэднээс салан явж мөн аглаг буйд тийш зугтахыг Их Эзэн надад сэрэмжлүүлсэн билээ.

6 Иймийн тул, улиран тохиох дор, Нифай би, өөрийн гэр бүлийг, мөн түүнчлэн Зорам болон түүний гэр бүлийг, мөн миний ах Сэм болон түүний гэр бүлийг, мөн түүнчлэн миний дүү нар болох Иаков бас Иосеф, мөн түүнчлэн миний эгч нар, мөн надтай явах тэд бүгдийг дагуулав. Мөн надтай хамт явах тэд бүгд, Бурханы илчлэлүүд болон сэрэмжлүүлэгт итгэсэн тэд байв; иймийн тул, тэд миний үгсийг анхааран сонссон болой.

7 Мөн бид майхнуудаа мөн бидэнд боломжтой байсан бүх зүйлийг авч, мөн аглаг буйдад олон өдрийн турш зорчив. Мөн олон өдрийн турш аялсныхаа дараа бид майхнуудаа босгосон болой.

8 Мөн миний хүмүүс уг газрыг Нифай гэж нэрлэхийг хүсэв; иймийн тул, бид үүнийг Нифай гэж нэрлэв.

9 Мөн надтай байсан тэд бүгд өөрсдийгөө Нифайн ард түмэн гэж дуудахаар шийдэв.

10 Мөн бид Их Эзэний шүүлтүүд мөн тогтоолуудыг, бас зарлигуудыг бүх зүйлд, Мосегийн хуулийн дагуу дагахаар мэрийж байсан бөлгөө.

11 Мөн Их Эзэн бидэнтэй хамт байв, мөн бид үлэмж дэгжин байв; учир нь бид үр тарьж, мөн бид эргээд элбэг их ургац хурааж байв. Мөн бид бог, мөн бод мал, бас төрөл бүрийн амьтдыг өсгөж эхлэв.

12 Мөн Нифай би, түүнчлэн гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн тэдгээр цэдгийг, мөн түүнчлэн бичиглэгдсэний дагуу, Их Эзэний мутраар миний эцэгт зориулан бэлтгэгдсэн тэр бөмбөрцгийг өөрөөр хэлбэл луужинг авчирсан байсан буюу.

13 Мөнхүү улиран тохиох дор бид үлэмж дэвжиж, мөн уг нутагт өнөржиж эхлэв.

14 Мөн Нифай би, леменчүүд гэж эдүгээ нэрлэгдсэн тэр ард түмэн бидэн рүү довтолж мөн биднийг устгах вий хэмээснээс Лебений илдийг авч, үүний загвараар олон илд хийв; учир нь намайг мөн хүүхдүүдийг минь мөн миний хүмүүс гэж нэрлэгдсэн тэднийг тэдгээр хүмүүс үзэн яддаг байсныг би мэдэж байсан бөлгөө.

15 Мөн барилгуудыг барихад, мөн бүх төрлийн модны ажилд, мөн төмөр, зэс, гууль, ган, мөн алт, бас мөнгөний, бас машид элбэг дэлбэг байх үнэт төмөрлөгүүдийн ажилд би өөрийн хүмүүсийг сургасан билээ.

16 Мөн Нифай би, ариун сүм барив; мөн би үүнийг тийм олон үнэт зүйлээр барихаас бусдаар бол Соломоны ариун сүмийн маягаар дуурайлган барив; учир нь тэдгээр нь уг нутгаас олдсонгүй, иймийн тул, энэ нь Соломоны ариун сүм шиг баригдаж чадсангүй. Гэвч барьсан арга нь Соломоны ариун сүмтэй адил байв; мөн үүний ур хийц үлэмж сайн байсан бөлгөө.

17 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, өөрийн ард түмнийг хөдөлмөрч байлгаж, мөн өөрсдийнх нь гараар ажиллуулж байлаа.

18 Мөнхүү улиран тохиох дор тэд намайг хаанаа болгох гэв. Гэвч Нифай би тэднийг хаангүй байгаасай гэж хүсэж байлаа; гэсэн хэдий ч, би тэдний төлөө хүч хүрэх бүхнээ хийсэн билээ.

19 Мөн болгоогтун, намайг тэдний захирагч мөн тэдний багш байна хэмээн Их Эзэн ах нарын минь талаар ярьсан тэдгээр үг тэдний хувьд гүйцэлдсэн болой. Иймийн тул, би Их Эзэний зарлигуудын дагуу, тэд миний амийг авахаар эрэлхийлсэн цагийг хүртэл, би тэдний захирагч мөн тэдний багш байсан билээ.

20 Иймийн тул, надад хандан ярьсан Их Эзэний үг гүйцэлдсэн бөлгөө, өгүүлсэн нь: Тэд чиний үгийг анхаарахгүй байхынхаа хэрээр Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдах болно. Мөн болгоогтун, тэд түүний оршихуйгаас тусгаарлагдсан болой.

21 Мөн тэрээр тэдний алдсын улмаас зүхлийг, тийм ээ, бүр зовлонт зүхлийг тэдний дээр ирүүлжээ. Учир нь болгоогтун, тэд зүрх сэтгэлээ түүний эсрэг хатууруулсны учир, тэд цахиур чулуу мэт болсон байв; иймийн тул, тэд цагаан мөн ихэд үзэсгэлэнт мөн тааламжит байсан бол, тэд миний ард түмний дурыг булаахгүй байж болохын тулд, Их Эзэн Бурхан тэдний арьсыг харлуулжээ.

22 Мөн Их Эзэн Бурхан ийн хэлэв: Тэд алдсуудаа наманчлахаас бусдаар би тэднийг чиний хүмүүсийн хувьд зэвүүцэм муухай болгох болно.

23 Мөн тэдний үр удамтай холилдогч түүний үр удам зүхэгдэх болно; учир нь тэд бүр нэгэн адил зүхлээр зүхэгдэх болно. Мөн Их Эзэн үүнийг хэлсэн, мөн энэ нь хийгдсэн болой.

24 Мөн тэдний дээр байсан тэдний тэрхүү зүхлийн учир, тэд аюулт болон зальт аргаар дүүрэн, залхуу ард түмэн болоод мөн аглаг буйдад идэшний амьтад эрдэг болов.

25 Мөн Их Эзэн Бурхан надад хандан: Тэд чиний үр удамд намайг сануулахаар өдөөн хатгах цээрлэл болно; мөн чиний үр удам намайг санахгүй мөн миний үгсийг анхаарахгүй байх учир, тэднийг бүр устгалд нь хүртэл тэд цээрлүүлэх болно хэмээв.

26 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, миний ард түмний нутаг даяар тэд прист мөн багш нар байхын тулд Иаков, Иосеф хоёрыг томилон адислав.

27 Мөнхүү улиран тохиох дор бид аз жаргалтай байдлаар амьдарч байлаа.

28 Мөн бид Иерусалимыг орхисон цагаас хойш гучин жил улирч одов.

29 Мөн Нифай би, өөрийн хийсэн ялтаснууд дээр өдийг хүртэл өөрийн ард түмний цэдгүүдийг үлдээсээр байлаа.

30 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан надад хандан хэлэв: Өөр ялтаснуудыг хий; мөн чи тэдний дээр миний мэлмийд сайн гэгдэх олон зүйлийг, өөрийн ард түмний тусын тулд сийлбэрлэх болно.

31 Иймийн тул, Нифай би, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхын тулд, явж мөн эдгээр зүйлийг би дээр нь сийлсэн энэ ялтаснуудыг хийсэн болой.

32 Мөн би Бурханы таалалд нийцэх тэдгээрийг сийлбэрлэсэн бөлгөө. Мөн хэрэв миний ард түмэн Бурханы зүйлсэд таалалтай байх аваас, эдгээр ялтас дээрх миний сийлбэрүүд тэдэнд таалагдах болно.

33 Мөн хэрэв миний ард түмний түүхийн илүү тодорхой хэсгийг мэдэхийг миний ард түмэн хүсвэл, тэд миний нөгөө ялтаснуудыг судлах ёстой.

34 Мөн дөчин жил улиран өнгөрч мөн бид хэдийн ах нартайгаа дайнууд мөн зөрчилдөөнүүдтэй байсныг хэлэх нь миний хувьд хангалттай буюу.