Судрууд
2 Нифай 32


Бүлэг 32

Тэнгэр элч нар Ариун Сүнсний хүчээр ярьдаг—Хүмүүс залбиран мөн Ариун Сүнснээс өөрсдөдөө мэдлэг авах ёстой. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ, болгоогтун, хайрт ах дүү нар минь, та нар уг зам дээр гарсныхаа дараа та нар юу хийх ёстой талаараа зүрх сэтгэлдээ ямар нэг хэмжээгээр тунгаадаг байх хэмээн би сэтгэнэ. Гэвч, болгоогтун, та нар юуны учир эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ тунгаана вэ?

2 Та нар Ариун Сүнс хүлээн авсныхаа дараа тэнгэр элч нарын хэлээр ярьж чадна хэмээн миний хэлснийг та нар санахгүй байна уу? Мөн эдүгээ, Ариун Сүнсээр бус аваас та нар яаж тэнгэр элч нарын хэлээр ярьж чадах билээ?

3 Тэнгэр элч нар Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг. Иймийн тул, би та нарт, Христийн үгэн дээр найрла хэмээн хэлсэн, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.

4 Иймийн тул, эдүгээ би эдгээр үгийг ярьсны дараа, хэрэв та нар эдгээрийг ойлгож эс чадах аваас та нар асуудаггүй, бас тогшдоггүйн учраас байх болно; иймийн тул, та нар гэрэлд авчрагдахгүй, харин харанхуйд мөхөх ёстой.

5 Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг зам дээр гарваас, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.

6 Болгоогтун, энэ нь Христийн сургаал, мөн тэрээр өөрийгөө та нарт маханбодод үзүүлсний дарааг хүртэл өөр сургаал өгөгдөхгүй байх болно. Мөн тэрээр өөрийгөө маханбодод үзүүлэхэд, та нарт түүний хэлэх зүйлийг та нар хийхийг хичээх болно.

7 Мөн эдүгээ Нифай би илүүг хэлж чадахгүй; Сүнс миний дууг зогсоож, мөн хүмүүний итгэлгүй, мөн ёс бус, мөн үл мэдэх, мөн гөжүүдийн учир би гашуудан хоцрох буюу; учир нь мэдлэг тэдэнд тодорхой байдлаар, бүр байж болох хамгийн энгийн үгээр өгөгдөхөд тэд үүнийг үл эрэлхийлэн мөн агуу мэдлэгийг үл ойлгох болно.

8 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар зүрх сэтгэлдээ тунгаасаар буйг би ухаарч байна; мөн би энэ зүйлийн талаар ярих ёстой болсон нь намайг гашуудуулж байна. Учир нь хэрэв та нар хүмүүнд залбирахыг сургах Сүнсийг анхаарах аваас та нар залбирах ёстойгоо мэдэх бөлгөө; учир нь хилэнцэт сүнс хүнд залбирахыг үл сургана, харин тэрээр залбирах ёсгүйг түүнд сургадаг.

9 Гэвч болгоогтун, та нар ямагт залбирах ёстойг мөн шантрах ёсгүйг би та нарт хэлье; та нарын үйл сүнсний тань сайн сайхны төлөө байж болохын тулд, тэр та нарын үйлийг та нарт ариулан адислахын тулд, юун түрүүнд Христийн нэрээр Эцэгт залбирахаас бусдаар нэгээхэн ч зүйлийг та нар Их Эзэнд үйлдэх ёсгүй.