Институт ба семинар
28-р хичээл: Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчлах нь


28-р хичээл

Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчлах нь

Оршил

Орчин үеийн бошиглогчид ийнхүү тунхагласан байна: “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээл нь суралцагчдад энэхүү бошиглолын зөвлөгөөг хэрхэн дагаж мөн хамгаалахыг ойлгоход туслах болно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

Заах зөвлөмж

Алма 43:9, 30, 45, 48

Бидний гэр бүлийн талаарх сургаал ба ёс суртахууны үндэс суурийг хамгаалах үүрэг

Энэ хичээл нь гэр бүлийг хамгаалах бидний үүрэг хариуцлага дээр төвлөрөх болно гэдгийг суралцагчдад хэлэн, тэднийг энэ хичээлд бэлтгэ. Далын гишүүн, ахлагч Брүс Д.Портэрын дараах мэдэгдлийг хуваалц:

Зураг
Ахлагч Брүс Д.Портэр

“Сүмийг бүхэл дэлхийтэй харьцуулах юм бол харьцангуй жижигхэн байгууллага юм. Гэсэн хэдий ч хожмын үеийн гэгээнтнүүд хүмүүсийн хувьд өөрсдийн үлгэр жишээ үзүүлэх хүчин чадлыг дутуу үнэлэх ёсгүй, мөн сөрөг чиг хандлагуудыг өөрчилж, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөн ятгах чадвараа эсвэл төөрөлдсөн бодгалиудад хаалгаар орж, Их Эзэний сонгосон замаар алхахыг урих чадвараа дутуу үнэлж болохгүй. Бид үзэл бодол нэгтэй хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийг хамгаалах ба дэлхийд сэрэмжлүүлгийн дуу хоолой ба уриалгыг өгөхөөр бүх хүчин чармайлтаа гаргах ёстой” (“Defending the Family in a Troubled World,” Ensign, 2011 оны 6-р сар, 18).

  • Та нар өнөөгийн дэлхийд гэр бүлийг хамгаалахад хүлээж буй хожмын үеийн гэгээнтнүүдийн үүрэг хариуцлагын талаар ямар бодолтой байдаг вэ?

Мөн түүхийнхээ олон цаг үед, нифайчуудын шашин шүтэх эрх чөлөө ба гэр бүлийг чухалчлах байдал нь леменчүүдээр заналхийлэгдэж байсан гэдгийг суралцагчдад хэл. Бид тэдний туршлагыг судалснаар бидний өдрүүдтэй адилтгагдах зарчмуудыг сурч авч болно. (Судруудыг өөрсөдтэйгөө адилтгаж судлах нь судраас судлах бас нэгэн ур чадвар гэдгийг та энэ хичээл дээр онцлон хэлж болно.) Нифайчуудын нэгэн туршлагыг Алма 43-т цэдэглэж тэмдэглэсэн байдгийг тайлбарла.

Самбар дээр Алма 43:9, 30, 45, 48 гэж бичээд, суралцагчдаас өнөөгийн дэлхийд гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалахын чухал ач холбогдлыг ойлгоход туслах үг, өгүүлбэрийг эрж хайхыг хүс. Эдгээр үг, өгүүлбэрийг тэмдэглэж авахыг суралцагчдад санал болго.

  • Ямар үг, өгүүлбэрүүд гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах нь чухал болохыг илэрхийлсэн байна вэ? Та нар гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах талаар ямар зарчим мэдэж авсан бэ? (Хариултууд нь дараах зарчмыг багтаасан байх ёстой: Бид гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалж, сурталчлан дэлгэрүүлэх ариун нандин үүрэг хариуцлагатай билээ.)

  • Та нар яагаад Сүмийн гишүүд өөрсдийнхөө орон нутагт гэр бүлийг хамгаалж, сурталчлах нь чухал гэж бодож байна вэ?

  • Бид гэр бүлийг олон нийтийн сүлжээг ашиглан хэрхэн хамгаалж, сурталчилж болох вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн (1922-2015) хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Зураг
Ахлагч Л.Том Пэрри

“Бид Бурханы үндэслэсэн гэр бүл хэмээх нэгдлийг орлохыг оролддог аливаа хуурамч болон уламжлалт бус амьдралын хэв маягийн эсрэг дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Мөн бид уламжлалт гэр бүлүүд нь баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг гэдэгт дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Бид гэрлэлт ба гэр бүл нь яагаад чухал болохыг мөн яагаад үргэлж чухал байх ёстойг тунхаглах замаар энэ үзэл бодлоо үргэлжлүүлэн илэрхийлэх ёстой” (“Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25).

  • Ахлагч Пэрригийн хэлсэнчлэн, бид гэр бүлийн талаар юуг тунхаглах ёстой вэ?

  • Та бусад хүнийг босож зогсоод, гэр бүлийн чухлыг батлах эсвэл гэр бүлийн эсрэг хийгдэж буй дайралтаас хамгаалахын тулд юу хийж байгааг ажиглаж байсан бэ? (Гэр бүлийг хамгаална гэдэгт хүчтэй гэр бүлийг өсгөх мөн шаардлагатай үед олон нийтийн өмнө гэр бүлийг хамгаалах явдал багтана гэдгийг онцлон хэл.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах туршлагыг хуваалц:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Би Нэгдсэн Улсад амьдардаг, Лоорэлын насны нэг охинтой саяхан ярилцсан юм. Би түүний э-мэйлээс эш татан уншъя:

“Өнгөрсөн жил манай зарим найз фэйсбүк дээр гэрлэлтийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Олонх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хэд хэдэн ХҮГ өсвөр үеийнхэн үүн дээр “Like” дарсан байв. Би ямар нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй.

“Би сайтар бодсоны эцэст уламжлалт гэрлэлтийн талаарх өөрийн итгэл үнэмшлийн талаар хуваалцахаар шийдлээ.

“Би ‘Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэнд итгэдэг’ гэж өөрийн зурган дээр гарчиг нэмэв. Тэгтэл тэр даруй би мессеж авч эхэлсэн юм. “Чи бол хувиа бодогч.” “Чи бол шүүмжлэгч.” Нэг нь намайг боолчлогчтой адилтгаж байв. Сүмийн сайн гишүүн, дотны найз маань хүртэл “Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Юм өөрчлөгдөж байна. Чи ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй” гэж бичсэн байв.

“Би тэдэнтэй дахин тэмцэлдээгүй ч бичсэн үгсээ арилгаагүй” гэж тэр хэлсэн юм.

“Тэрээр ерөнхийлөгч Монсоны хэлснээр заримдаа ‘та нар ганцаар зогсох ёстой’ хэмээн төгсгөсөн байв.” Өсвөр үеийнхний хувьд бид Бурханы болон Түүний амьд бошиглогчдын сургаалуудад үнэнч байж, хамтдаа зогсоно гэдэгт найдаж байна’” (“Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–34).

  • Та нарт гэр бүлийг хамгаалах, дэмжин сурталчлах талаар ямар туршлага тохиолдож байсан бэ?

  • Та нарын үг эсвэл үйлдэл бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

Бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг зүйлсийг хамгаалж, дэмжин сурталчилснаар өөрсдийн орон нутагт эерэг нөлөө үзүүлж, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний зорилгуудыг урагшлуулж чадах тухай гэрчлэлээ хуваалц.

Алма 46:10–13, 16; 48:7–13

Бурханы тусламжтайгаар мөн бусдыг хүндэтгэснээр гэр бүлийг хамгаалах нь

Суралцагчдад Алма 46 ба 48-р бүлэгт нифайчууд дахин леменчүүдээр заналхийлэгддэг талаарх цэдэг агуулагддагийг хэл. Ангийг хоёр хэсэгт хуваа. Ангийн нэг хэсгээс Алма 46:10-13, 16-г, нөгөө хэсгээс Алма 48:7-13-ыг судлахыг хүс. Суралцагчдаас бид гэр бүлээ хүчирхэгжүүлж, хамгаалах арга хэмжээг дэмжихдээ ахмад Моронайн жишээг хэрхэн зохистой арга замаар дагаж болохыг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавьж, эдгээр шүлгийг өөрсдийнхөө өдрүүдтэй адилтгахад суралцагчдад тусал:

  • Амаликая болон түүний дагалдагчдын хүчин чармайлтыг өнөө үед гэр бүлийн эсрэг дайралт хийж байгаа хүмүүсийн хүчин чармайлттай хэрхэн адилтгаж болох вэ?

  • Бид Ахмад Моронайн үйлдлүүдээс юуг сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Бид Бурханы тусламжийг хайж, өөрсдөдөө байгаа бүх нөөц бололцоог ашиглахыг хичээвэл, гэр бүлүүдээ болон шашин шүтлэг, эрх чөлөөгөө хамгаалах мэргэн ухаан, хүч чадлыг хүлээн авах болно.)

  • Бидэнд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, хамгаалах талаар авч буй арга хэмжээнүүдийг сурталчлах ямар зохистой арга замууд байж болох вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008), Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс нарын дараах мэдэгдлийг өмнөх асуултын талаарх ярилцлаганд нэмэлт болгон ашиглах талаар бод:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Орон нутгийнхаа сайн үйлсэд оролцоцгооё. Зарим ёс суртахууны ноцтой асуудалтай холбогдсон нөхцөл байдал тохиолдож болох ч тэр үед бид баримталдаг зарчмуудынхаа талаар буулт хийх ёсгүй. Ийм тохиолдолд бид зөрөлдөн хэрэлдэлгүй, эелдгээр санал нийлэхгүй байж чадна. Бид байр суурийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүсийн илэн далангүй байдлыг хүлээн зөвшөөрч болох юм. Бид хүний хувийн зан чанаруудыг ярилгүй, харин зарчмуудын талаар ярьж болно” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 131).

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Итгэгчид өөрсдийн байр суурийг олон нийтэд ил сурталчлахдаа, өөрсдийнх нь итгэлийг хуваалцдаггүй хүмүүсийн үзэл бодол, байр сууринд хүлээцтэй хандвал зохино. Итгэгчид нь сөрөг талынхаа эсрэг үргэлж хайраар мөн тэсвэр тэвчээр, ойлгох сэтгэл, нигүүлслээр хандаж, ярьж байх ёстой. Христэд итгэгчид нь хөршөө хайрлах (Лук 10:27-г үзнэ үү) мөн бусдыг өршөөх (Матай 18:21–35-г үзнэ үү) зарлиг тушаалын дор байдаг. Мөн тэд Аврагч “дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэж сургасныг санадаг байх ёстой (Матай 5:44)” (Dallin H. Oaks, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны 2-р сар, 30–31).

  • Та нар ерөнхийлөгч Хинкли, ахлагч Өүкс нарын заасан зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлнэ гэж бодож байна вэ?

Дараах зарчмыг онцлон хэл: Бид гэр бүлийг хамгаалж, хүчирхэгжүүлэх арга хэмжээнүүдийг сурталчлахдаа бусдыг хүндэтгэж, тэдний үзэл бодолд хүлээцтэй хандаж байх ёстой.

Гэр бүлийг хүчирхэгжүүлэх арга хэмжээнүүдийг сурталчлах нь

Дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Суралцагчдад 2015 оны 1-р сард Сүмийн удирдагчид албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, төрийн албан хаагчдад шашны эрх чөлөөг болон гэр бүлийн ариун байдлыг хадгалах хууль гаргахыг уриалсан гэдгийг ярьж өг. Энэ мэдэгдлийн хүрээнд Сүмийн удирдагчид голчлон шашны эрх чөлөөг хамгаалах тухай онцлон хандсан боловч тэдний үгс гэр бүлийг чухалчлах байдлыг хамгаалах тухай байсан юм гэдгийг тайлбарлаж өг. Гэрлэлтийн ариун нандин байдал гэх мэт шашны олон эрх чөлөө нь гэр бүлтэй шууд холбоотой байдаг юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг тухайн хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдэгдлийн дүгнэлт болгон суралцагчидтай хуваалц:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс Христийн сургаал дээр үндэслэн, мөн шашин шүтдэг бүх хүнийг оролцуулан, бүх нийтэд тэгш эрхийн үүднээс хандахаар дараах зарчмуудыг баримтлан сахидаг:

1. Бид хүн бүр, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хүргэлгүй, ухамсрынхаа шаардлагын дагуу амьдрах Бурханаас өгөгдсөн ба Үндсэн хуулиар хангагдсан эрхтэй гэдгийг шаардаж байна.

2. Бид ухамсрын энэхүү эрх чөлөө нь бүх газрын эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөрсдийн сонгосон шашны итгэлийн хүрээнд шүтэх, эсвээс юуг ч шүтэхгүй байх нь хамаарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

3. Бид хууль тогтоомжууд нь өөр үзэл бодолтой хүмүүсийг хүндлэхийн сацуу бүх хүний эрх чөлөөг тэнцвэртэй хамгаалахаар тогтоогдсон байх ёстой гэдэгт итгэдэг.

4. Бид бүх төрлийн хавчлага, өшөө авах явдлыг эсэргүүцэж байна. Үүнд, нэн ялангуяа арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, эдийн засгийн нөхцөл байдал эсвэл хүйс болон бэлгийн харилцааны хандлагаар ялгаварлан гадуурхах явдал байж болшгүй юм” (Dallin H. Oaks, “Transcript of News Conference on Religious Freedom and Nondiscrimination” [2015 оны 1-р сарын 27], mormonnewsroom.org/article/publicstatement-on-religious-freedom-and-nondiscrimination).

  • Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд хүчирхэгжүүлэх арга хэмжээг сурталчлахад тустай юуг та нар уг мэдэгдлээс олж мэдсэн бэ? (Энэ хэсгийн хэлэлцүүлгийн хүрээнд, хүүхдүүдээ Их Эзэний заасан замаар өсгөх, бусад гэр бүлийг дэмжих, Сүмийн дуудлагуудаа эрхэмлэн биелүүлэх, орон нутгаа бэхжүүлэх зэрэг нь бүгд гэр бүлийг дэмжин сурталчлах арга хэмжээнүүд юм гэдгийг онцлон хэл.)

Суралцагчдыг гэр бүлийг хүчирхэгжүүлж, хамгаалах арга хэмжээнүүдийг дэмжин сурталчлахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал