Институт ба семинар
16-р хичээл: Өсөн үржихүйн ариун хүч


16-р хичээл

Өсөн үржихүйн ариун хүч

Танилцуулга

“Үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээн Бурхан зарлигласан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бид бүгд Бурханы хүүхдийн хувьд, ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь үйлдэл, бодол санаандаа цэвэр ариун байхыг биднээс шаарддаг. Эхнэр, нөхөр хоёрын янаг дотно харьцаа сайхан бөгөөд ариун нандин зүйл юм. Бурхан үүнийг бидэнд үр удмаа үлдээж, хайраа илэрхийлэх зорилгоор өгсөн.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50.

  • Даллин Х.Өүкс, “Порнограф,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 87-90

  • Линда С.Рийвс, “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28.

  • Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 35–37

Заах зөвлөмж

Сургаалт үгс 24:3-4; Матай 5:8; Иаков 2:31-35; Алма 39:3-5, 9; Сургаал ба Гэрээ 42:22-24; 121:45-46

Их Эзэний ариун явдлын хууль

Дараах өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих талаар асуу:

“Энэ үеийнхний тахалт нүгэл бол .”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Энэ үеийнхний тахалт нүгэл бол бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал юм. Энэ нь аливаа бүхнээс илүүтэйгээр Израилийн ахлагчдад илүү их уруу таталт, илүү их зөрчил болон илүү их бэрхшээлийн эх үүсвэр байх болно хэмээн бошиглогч Иосеф Смит хэлсэн (The Teachings of the Church: Ezra Taft Benson [2014], 220).

  • Ерөнхийлөгч Бэнсоний хэлсэн үг бидний өнөөгийн амьдралд хэрхэн хамаатай вэ?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс: Тэднийг сонсож байх үед Их Эзэний өгсөн ариун явдлын хуулийг нэг өгүүлбэрээр хэрхэн илэрхийлэх талаар бодохыг суралцагчдаас хүс.

“Бэлгийн харьцааны ариун байдлын талаарх Их Эзэний жишиг тодорхой бөгөөд хувиршгүй. Гэрлэлтээс өмнө ямар ч бэлгийн харилцаанд бүү ор, гэрлэлтийн дараа ч эхнэр нөхөртөө чин үнэнч бай. …

Гэрлэхээсээ өмнө тачаангуй үнсэлцэх, өөр хүний дээр гарч хэвтэх эсвэл өөр хүний нууцлаг эрхтэн эсвэл биед хувцастай болон хувцасгүй хүрэх зэрэг зүйлийг хийж болохгүй. Бэлгийн харьцааны мэдрэмж төрүүлэх зүйлсийг бүү хий. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөртөө бүү өдөө” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [ 2011], 35-36).

  • Та нар Их Эзэний өгсөн ариун явдлын хуулийг нэг өгүүлбэрээр хэрхэн илэрхийлэх вэ? (Суралцагчдыг хариулж байхад гэр бүлийн тунхгаас дараах сургаалыг онцолж хэл: “Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээн Бурхан зарлигласан” [“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129].)

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь эшлэлийн 2 дахь догол мөрөнд тоймлогдсон сэрэмжлүүлэг ёс суртахууны илүү ноцтой гэм нүгэл үйлдэхээс сэргийлэхэд хэрхэн тусалж болох вэ?

Доорх хүснэгтийг самбар дээр хуул. Ангийнхныг хоёр бүлэгт хуваагаад, нэг бүлгийг “үр дагавар,” нөгөөг “адислал” гэсэн гарчигтай сэдвүүдийг судлахад тус тус урь. Суралцагчдыг тэдгээр сэдвийг судалж байхдаа судрын зүүлт тайлбарыг үзэхэд дэмж.

Ариун явдлын хууль зөрчсөнөөс үүсэх үр дагавар:

Иаков 2:31–35

Алма 39:3-5, 9

С ба Г 42:22-24

Ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ирэх адислал:

Дуулал 24:3-4

Maтай 5:8

С ба Г 121:45-46

Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа тэдний сурсан зүйлсийг ангиараа ярилц. Дараахтай адил асуултуудыг тавь. Тухайлбал:

  • Ариун явдлын хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар нь энэ зарлигийг дагахын ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ?

  • Та нар ариун явдлын хуулийг дагаснаар ирдэг адислалуудыг хэрхэн хүлээн авч, мэдэрч байсан бэ?

Гэр бүлийн тунхгаас дараах үнэнийг үзүүл:

“Мөнх бус амьдралыг бий болгох арга зам нь тэнгэрээс тогтоогдсон гэдгийг бид тунхагладаг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).

  • Энэ өгүүлбэр та нарын хувьд юу гэсэн утгатай вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар нарын хэлсэн дараах үгсийг ашиглан, энэ үнэний талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусал. Нэг суралцагчийг уг хэлсэн үгсийг уншиж байх хооронд ангийнхныг яагаад ариун явдлын хууль мөнхийн ач холбогдолтой болох талаар сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Бие бол бодгалийн амин чухал хэсэг мөн. Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэ онцгой бөгөөд маш чухал сургаал нь бэлгийн харьцааны нүгэл яагаад ноцтой хүнд гэм нүгэл болох шалтгааныг онцгойлон авч үздэг. Бурханы өөр хүнд өгсөн биеийг бурханлаг зөвшөөрөлгүйгээр ашигладаг хүн нь уг хүний бие махбодыг хүчирхийлээд зогсохгүй, ерөнхийлөгч Боид К.Пакэрын нэгэнтээ хэлснээр амьдралын ‘түлхүүр’, үндсэн зорилго, үйл явцыг урвуулан ашиглаж байгаа хэрэг юм хэмээн бид мэдэгдэж байна [Ensign, 1972 оны 7-р сар, 113-ыг үзнэ үү]. Бусдын бодгалийг буюу өөр хүний бие махбодыг ашиглаж буй хүн бол тэрхүү бодгалийг аварч, мөнх амьдралын бэлгийг боломжтой болгосон Христийн Цагаатгалыг бузарлаж байгаа хэрэг юм (Жэффри Р.Холланд, “Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76).

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь мөнх бус байдлын өмнөх сүнснүүд мөнх бус байдалд дамжин ирдэг суваг болдог. Гэрлэхийн өмнө бэлгийн харьцаанд орохоос бүрэн татгалзах, гэрлэснээс хойш чин үнэнч байх нь энэхүү үүрэг хариуцлагын ариун байдлыг хамгаалдаг.

“Үр удмаа үлдээх хүч нь сүнслэг байдлын хувьд чухал юм. Энэ хүчийг буруугаар ашиглах нь Эцэгийн төлөвлөгөөг болон бидний мөнх бус оршихуйн зорилгыг устгадаг билээ. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр бол бүтээгчид бөгөөд Өөрсдийн бүтээлтийн хүчний нэгээхэн хэсгийг бидэнд өгсөн юм. … Бид тэнгэрлэг хүч чадлынхаа талаар юу гэж бодож байгаа болон түүнийг хэрхэн ашиглаж байгаа нь бидний мөнх бус амьдралын аз жаргал, мөнх амьдралын хувь тавиланг тодорхойлдог (Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

  • Ариун явдлын хууль яагаад мөнхийн ач холбогдолтой вэ?

  • Үр удмаа үлдээх хүчээ хэрхэн ашиглаж байгаа маань бидний мөнх бус байдалд болон мөнх оршихуй дахь аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдад ариун явдлын хуулийг дуулгавартай дагахад тус болох урьдчилан сэргийлэх аргуудыг бичих хугацаа өг.

Матай 5:27-28; Ром 8:6; Сургаал ба Гэрээ 63:16

Порнографын аюул

Нэг суралцагчаас дараах шүлгүүдийг уншихыг хүс: Maтай 5:27-28; Ром 8:6 бa С ба Г 63:16. Суралцагчдыг эхний хэсгээс эхлээд хажууд нь солбицсон эшлэл бичин, судрын хэлхээ үүсгэх маягаар судар судлах арга барилын дадлага хийхийг хүсэх талаар бодож үз.

  • Энэ судрын хэсгүүдэд ямар зан чанаруудыг хориглодог вэ? (Суралцагчдын олж тодорхойлох ёстой нэг зан чанар бол порнограф ашиглаж буй явдал юм.)

  • Порнограф үзэх, уншихын үр дагаврыг эдгээр сударт юу гэж тодорхойлсон байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, ахлагч Ричард Г.Скотт, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Линда С.Рийвс эгч нарын хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг порнограф ашиглахын өөр бусад үр дагаврыг олж мэдэхэд урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Порнограф нь хүмүүсийн эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцах сэтгэл зүрхний болон романтик, сүнслэг хэвийн харилцаанаас баяр баясал олж авах чадварыг гэмтээдэг” (Даллин Х.Өүкс, “Pornography,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 89).

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Сатан порнографын донтуулагч хүчийг ашиглан, хувь хүмүүсийн Сүнсээр удирдуулах чадварыг бууруулахдаа тун гарамгай. Порнографын балмад, хор хөнөөлтэй, сүйрүүлэгч төрөл бүрийн хэв маягийн дайралтууд нь хэмжээлшгүй гай, зовлон учруулж, гэрлэлтийг сүйрүүлж байна” (Ричард Г.Скотт, “Сүнсний удирдамж авахын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7).

Зураг
Линда С.Рийвс

“[Хүүхдүүд, өсвөр үеийнхэн] порнографын аюулын талаар мөн энэ нь бидний амьдралыг хэрхэн эзэгнэж, Сүнсийг алдахад хүргэж, гаж сэтгэл, худал хуурмаг, эвдэрсэн харилцаа, өөрийгөө хянах чадвараа алдахад хүргэдгийг мөн бараг бүх цаг, бодол санаа, эрч хүчээ үүнд хэрхэн алдаж болдог тухай мэдэх ёстой” (Линда С.Рийвс, “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 30).

Порнограф эсвэл ёс суртахуунгүй байдлыг агуулсан аливаа өөр төрлийн зүйлүүдийг хэрэглэдэг суралцагчид байвал бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгээ уулзах талаар урамшуулан дэмж. Тэдэнд наманчлалаар дамжуулан амар амгалан, аз жаргалд эргэн хүрэх замаа олж чадна гэдгийг бататга. Дараах үнэний талаар гэрчил: Порнографаас зайлсхийх нь биднийг энэ амьдралд болон мөнх оршихуйд агуу аз жаргалд хүргэх болно. Порнографтай холбогдсон суралцагчдад туслах Сүмийн дараах вэбсайтуудыг самбар дээр жагсаан бичих талаар бодож үз:

overcomingpornography.org

addictionrecovery.lds.org

Эхлэл 2:21-24

Гэрлэлтэд янаг дотно байдлын гүйцэтгэх үүрэг

Анхааруулга: Хичээлийн энэ хэсэгт эмзэг асуудлыг хөндөх тул бошиглогчдын заасан зүйлс дээр тулгуурлан заа, мөн хичээлийн материалаас хэтрүүлж заахаас зайлсхий. Тухайлбал, та өөрийн эхнэр/нөхрийн харилцааны талаар дэлгэрэнгүй хуваалцахаас зайлсхий.

Бие махбодын янаг дотно байдал Их Эзэний тодорхойлсончлон гэрлэсэн хүмүүсийн хооронд байх аваас ариун нандин, зүй ёсны бөгөөд онцгой байдаг талаар гэрчил.

Нэг суралцагчаас Эхлэл 2:21-24-ийг чанга уншихыг хүс.

  • Хэдийгээр энд тусгайлан дурдаагүй ч эдгээр шүлэг нь эхнэр/нөхрийн хоорондох бие махбодын янаг дотно байдлын зорилгын талаар юу гэж хэлсэн байна вэ? (Эхнэр/нөхөртэйгээ нэгэн бие болох.)

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг үзүүл:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хүмүүний янаг дотно харилцаа нь нэгдэн нийлэлт ба Бурханаар тодорхойлогдож, томилогдсон нэгдмэл байдлын үндсэн бэлгэдэл учраас гэрлэсэн хосуудад зориулан хадгалагдсан байдаг. Едений цэцэрлэгт байхаас эхлээд гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл, итгэл найдвар, амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй болоод бүх зүйлийнх нь бүрэн дүүрэн нэгдлийн илэрхийлэл болох зорилготой байсан юм” (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76).

  • Ахлагч Холландын хэлсэн үг эхнэр/нөхрийн хоорондох бие махбодын янаг дотно байдлын зорилгуудыг илүү сайн ойлгоход та нарт хэрхэн тусалж байна вэ? (Суралцагчид дараах зүйлийг ойлгосон байх ёстой: Гэрлэсэн хүмүүсийн хоорондох янаг дотно байдал нь эхнэр/нөхрийн хоорондын сүнслэг ба сэтгэл санааны холбоог хүчирхэгжүүлдэг.)

Дараах хэлсэн үгийг тарааж өгөх талаар бодож үз. Суралцагч бүрд нэг хувийг өгөөд, тэднээс гэрлэсэн хүмүүсийн хоорондох янаг дотно байдлын зорилгуудыг тэмдэглэж доогуур нь зурахыг хүс.)

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Эхнэр, нөхөр буюу хоёр хүйсийн хүмүүсийн нэгдэл (зөвхөн эхнэр ба нөхөр) бол энэ дэлхийд хүүхдүүдийг авчрах үндсэн зорилгын төлөө юм. Их Эзэн бэлгийн харьцааг хэзээ ч зөвхөн зугаа цэнгэл болгох эсвэл дур хүсэл, таашаалаа хангахын төлөөх зүйл болгоогүй юм” (Спэнсэр В.Кимбалл, “The Lord’s Plan for Men and Women,” Ensign, 1975 оны 10-р сар, 4).

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бэлгийн харьцааны ёс суртахууны талаар үл өөрчлөгдөх ганцхан жишиг байдаг нь: Бурханы төлөвлөгөөний дагуу зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох дотно харьцаа зөв зохистойд тооцогддог. Эдгээр дотно харьцаа нь хийж үзэх сониуч зан, ханамж өгөх дур хүсэл, тоглоом наадмын нэг хэлбэр, хувиа хичээсэн зугаа цэнгэл хөөх явдал биш юм. … Харин эдгээр нь бидний бурханлаг мөн чанарын мөнх бус илэрхийллүүдийн нэг юм. … Тэдгээр нь эхнэр нөхрийн хоорондох зүрх сэтгэлийн болон сүнслэг амлалтуудыг хүчирхэгжүүлдэг арга зам юм (Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

Суралцагчдын доогуур нь зурсан зорилгуудын талаар ярилц.

Суралцагчдыг ариун явдлын хуулийн талаар юу олж мэдсэн тухайгаа тунгаан бодоод, тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд урь:

  • Ариун явдлын хуулийг ойлгох нь амьдралдаа ёс суртахууны хувьд цэвэр ариун байх хүсэл эрмэлзлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

  • Та нарын ариун явдлын хуулийн дагуу амьдарч байгаагийн зорилго юу вэ?

Энэ хичээл дээр яригдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгө.

Суралцагчийн унших материал