Институт ба семинар
12-р хичээл: Ариун сүмийн ёслолууд ба гэрээнүүд


12-р хичээл

Ариун сүмийн ёслолууд ба гэрээнүүд

Оршил

Хожмын үеийн бошиглогчид “Ариун сүмүүдэд гүйцэтгэдэг нандин ёслол ба гэрээнүүд нь хувь хүмүүс Бурханы оршихуйд эргэн очих, мөн гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжтой болгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) хэмээн тунхагласан байна. Энэ хичээлээр суралцагчид ариун сүмийн ёслолоор дамжуулан мөнх бус амьдралдаа ариун адислалуудаас хүртэн, мөнх амьдралыг хүлээн авна гэдгийг олж мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Боид K.Пакэр, “The Holy Temple,” Ensign, 2010 оны 2-р сар, 29-35.

  • Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19–23.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 97:10–17; 109:12–21; 124:37–40, 55

Ариун сүмийн зорилго

Ангийнханд өөрийнхөө дуртай ариун сүмийн зургийг үзүүлээд, яагаад дуртай байдгаа хуваалц.

  • Бид яагаад ариун сүмтэй байдаг вэ?

Энэ асуултын хариултыг олохын тулд дараах шүлгүүдийг самбар дээр бич. Суралцагчдыг нэг шүлгийг нь уншаад, Тэнгэрлэг Эцэгийн ариун сүм өгсөн шалтгааныг олж мэдэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 97:10-17

Сургаал ба Гэрээ 124:37-40, 55

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг ямар шалтгаанаар ариун сүмийг өгдөг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд тэдэнд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ энэ чухал ёслолуудыг болон мэдлэгийг хүлээн аван, Түүний оршихуйд амьдрахад нь бэлтгэх зорилгоор ариун сүмийг өгсөн.)

  • Эдгээр шүлгийн ямар ямар үг хэллэг ариун сүм Бурханы оршихуйд амьдрахад бэлтгэдэг болохыг заадаг вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 109-д Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан залбирал орсон гэдгийг хэл. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 109:12-21-ийг гүйлгэн хараад, ариун сүм нь ямар арга замаар биднийг Бурханы оршихуйд амьдрахад бэлтгэдэг болохыг жагсаан бичихийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ариун сүм нь биднийг Бурхантай хамт амьдрахад хэрхэн бэлтгэдэг вэ? (Суралцагчид дараах хариултыг санал болгож болно: Бид ариун сүмд Их Эзэний хүчийг мэдрэн, мэргэн ухаанаас суралцаж, Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авдаг. Түүнчлэн ариун сүмд нэн даруй наманчлахад урамшуулдаг бөгөөд тийшээ орохын тулд бид цэвэр ариун байх ёстой. Цаг гарвал та суралцагчдыг хэрхэн Мосе эртний Израилийг бие махбодын хувьд болон сүнслэг байдлаар Их Эзэний оршихуйд очиход нь бэлтгэхээр эрэлхийлсэн талаар өгүүлж буй Египетээс гарсан нь 19:10–14 рүү хандуулж болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс, ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) нарын хэлсэн дараах үгийг үзүүл:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх явдал мөн. Ариун сүмийн ёслолууд биднийг Аврагч руу чиглүүлж, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг бидэнд өгдөг” (Робэрт Д.Хэйлс, “Blessings of the Temple,” Ensign, 2009 оны 10-р сар, 48).

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Таны [ариун сүмийн] хишиг буюу Их Эзэний өргөөнд хүлээн авдаг бүх ёслол танд зайлшгүй чухал бөгөөд энэ амьдралыг орхин одсоны тань дараа, харуул болон зогсох тэнгэр элчүүдийн дэргэдүүр өнгөрч, Эцэгийн дэргэд эргэж очих боломжийг танд олгож, … мөнхийн өргөмжлөлд хүргэх болно” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 302).

  • Эдгээр мэдэгдэл ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Сургаал ба Гэрээ 84:19–21

Ариун сүмд хүлээн авсан санваарын ёслолууд нь бидэнд Бурхантай илүү адил болоход тусалдаг.

Дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Сүмд ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг ариун нандин, албан ёсны зан үйл билээ. Зарим ёслол нь бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр ёслолыг авралын ёслолууд гэдэг. Үүнд баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын ёслол (эрэгтэйчүүд), ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт багтдаг” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 99).

  • “Авралын ёслолууд” нь бусад сайн мэдээний ёслолоос юугаараа ялгаатай вэ? (Хүүхдэд нэр өгч адислах, өвчтэй хүмүүсийг адислах зэрэг ёслол аврагдахад шаардлагагүй.)

Хичээлээ цааш нь үргэлжлүүлэхийн өмнө баптисм, Мелкизедек санваарын ёслол зэрэг зарим авралын ёслолыг ариун сүмийн ёслолыг хүртэхээс өмнө хийдэг. Гэхдээ хичээлийн энэ хэсэг зөвхөн ариун сүмд хийгддэг авралын ёслолууд дээр төвлөрнө гэдгийг онцол. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:19-21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Мелкизедек санваараар үйлддэг ёслолуудад оролцохдоо бид ямар зүйл хүлээн авах боломжтойг олж мэдэхийг хүс.

  • “Бурханлаг байдлын хүч чадал” гэсэн үг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (“Бурханлаг байдлын хүч чадал” нь бурханлаг буюу бурхантай адил болох хүч гэдгийг тайлбарлаж болно.)

  • Та нар Сургаал ба Гэрээ 84:20-21-д заасан зарчмыг өөрийнхөө үгээр хэрхэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Ариун сүмийн ёслол болон гэрээгээр дамжуулан бид Бурхантай илүү адил болж чадна.)

Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийн хувийг тарааж өг: Суралцагчдаас хэрхэн ариун сүмийн ёслолуудад оролцох нь илүү бурханлаг болоход маань тусалдаг талаар заасан үг эсвэл үг хэллэгийг тэмдэглэхийг хүс.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“[Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд] хүртэх боломжтой хамгийн агуу санваарын адислалуудыг ариун сүмээс олж болно. Тэнд тэд диваажингийн зах зухаас харах боломжтой. … Ариун сүмийн гадна талд байхад хол мэт санагдах мөнх оршихуйн баяр баяслыг ариун сүм дотор хүртэх боломжтой юм шиг санагддаг.

Ариун сүмд авралын төлөвлөгөөг тайлбарладаг бөгөөд ариун нандин гэрээг хийдэг билээ. Эдгээр гэрээ нь ариун сүмийн ариун нандин гарментын хамт хишиг хүртсэн хүнийг чөтгөрийн хүчний эсрэг хүчирхэгжүүлэн, хамгаалдаг. …

Хамгийн сүүлчийн ариун сүмийн ёслол болох мөнхийн гэрлэлтийн үеэр сүйт бүсгүй, сүйт залуу хоёр итгэлтэй байж чадвал нэг нэгэнтэйгээ болон үр хүүхэдтэйгээ, мөн Их Эзэнтэй үүрд мөнхөд гэр бүлийн нэгдэлд баяр баяслыг мэдрэх болно гэсэн амлалтыг хүлээн авдаг. Үүнийг мөнх амьдрал гэнэ” (“Blessings of the Priesthood,” Ensign, 1995 оны 11-р сар, 34).

Суралцагчдын тэмдэглэсэн зүйлсийг ярилц.

  • Ариун сүмийн ёслолд оролцох нь хэрхэн таныг ахлагч Хэйлсийн дүрсэлсэнтэй адилаар адисалсан бэ?

Ариун сүмд шүтэн бишрэх үйл явцыг илүү утга учиртай болгож, ариун сүм нь Бурхантай адил болоход тусалдагт илүү анхаарал хандуулахын тулд тэд юу хийж болох талаар бичих хугацааг суралцагчдад өг.

Египетээс гарсан нь 19:3–6; Сургаал ба Гэрээ 109:22–26

Ариун сүмийн гэрээнүүдийг сахих нь

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахтай нягт холбоотой ариун сүмийн шүтлэг бишрэлийн өөр нэгэн чухал зорилго байдгийг суралцагчдад хэл. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг хуваалцаж байх үед дээрх зорилгын талаар сонсохыг тэднээс хүс.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Тэнгэрлэг Эцэгтэй нэгдмэл гэрээнд орж болох ёслолуудыг санваарын эрх мэдэл Түүний Ариун Хүүгийн нэр дээр гүйцэтгэдгийг би гэрчилж байна. Түүнтэй хийсэн гэрээндээ үнэнч байх аваас Бурхан амлалтуудаа биелүүлнэ гэдгийг би гэрчилж байна” (“Гэрээнүүдийн хүч,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22).

  • Бид сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авахдаа юунд ордог вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, Жэффри Р.Холланд нарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, суралцагчдыг Их Эзэнтэй хийсэн бидний гэрээний чухал шинж тэмдгийг олж мэдэхэд урь:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Гэрээ гэдэг нь Бурхан ба дэлхий дээрх Түүний хүүхдүүдийн хооронд хийсэн гэрээ бөгөөд Бурхан сайн мэдээний гэрээний бүх нөхцөлийг тодорхойлдог гэдгийг ойлгох нь чухал юм. Бид гэрээний төрөл зүйл эсвэл бүрэлдэхүүн хэсгийг сонгодоггүй. Бид харин Мөнхийн Эцэгийн гэрээг яг тэр байдлаар нь ёс суртахууны сонгох эрхээ ашиглан нөхцөл, болзлыг нь хүлээн зөвшөөрдөг” (Дэвид А.Бэднар, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 28-29).

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Гэрээ гэдэг нь Түүний Хүү, Их Эзэн Есүс Христийн замаар амьдарч, бодож сэтгэн, үйлдэх болно хэмээн Бурхан Эцэгтэйгээ хийсэн заавал биелүүлэх сүнслэг хэлцэл, чин сэтгэлийн амлалт юм. Үүний хариуд Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав мөнх амьдралын бүрэн сүр жавхланг бидэнд амладаг” (Жэффри Р.Холланд, “Keeping Covenants: A Message for Those Who Will Serve a Mission,” New Era, 2012 оны 1-р сар, 3).

  • Гэрээний талаарх эдгээр мэдэгдлийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Бурхан яагаад сайн мэдээний бүх гэрээний нөхцөлийг тодорхойлох нь чухал вэ? (Бурхан бидэнд мөнх амьдрал өгч байгаа тул уг амьдралыг хүлээн авах нөхцөлийг тогтоох эрхтэй. Түүнд өгч чадах цорын ганц өргөл бол гэрээг дагахаар сонгохдоо өгч чадах бидний сонгох эрх юм. Энэ ярилцлагын нэгэн хэсэг болгон дараах зарчмыг онцол: Бид Их Эзэнтэй хийсэн гэрээгээ дагахын хэрээр мөнх бус байдалд адислагдан, мөнх амьдралыг хүлээн авах боломжтой.)

Суралцагчдаас хоёр хоёроороо хуваагдахыг хүс. Хос бүрийн нэг суралцагчаас Египетээс гарсан нь 19:3-6-г, нөгөө суралцагчаас Сургаал ба Гэрээ 109:22-26-г судлахыг хүс. Суралцагчдыг гэрээгээ, тэр тусмаа ариун сүмийнхээ гэрээг сахидаг хүмүүсийн авах боломжтой адислалуудыг олж мэдэхэд урь. Хосуудад хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэнээ хуваалцахад урь. (Египетээс гарсан нь номын шүлгүүдтэй холбон, та суралцагчдадаа бид зөвхөн ариун сүмд хэзээ нэгэн цагт ариун ард түмэн болж, Бурханы оршихуйд амьдрах хаад, хатад болох шаардлагыг хангаж эхэлдэг гэдгийг ойлгуулсан байх ёстой. Үүнээс гадна Илчлэлт 1:6; 5:10; 19:16; С ба Г 76:55–56-г үзнэ үү.)

  • Их Эзэнтэй хийсэн гэрээ тань хэрхэн танд адислал эсвэл хамгаалалт болж байсан бэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876-1972) хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Хэрэв бид ариун сүмд орох юм бол гараа өргөж, Их Эзэнд үйлчлэн, Түүний зарлигуудыг дагаж, өөрсдийгөө дэлхийгээс толбогүйгээр авч явах гэрээ хийдэг. Хэрэв бид тэр үедээ юу хийж байгаагаа ойлгох юм бол хишиг хүртэх ёслол нь бидний насан туршийн, ариун сүмд очдоггүй хүнд олдохгүй хамгаалалт болох юм.

Би аавынхаа [ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит] хүнд хэцүү цагт, уруу таталтад орох үедээ Их Эзэний Өргөөнд хийсэн гэрээ, өгсөн амлалтаа боддог байсан мөн тэдгээр нь түүний хамгаалалт байсан гэж ярьж байхыг сонссон билээ. … Нэг талдаа энэ хамгаалалтыг авахын тулд ёслолууд хийгддэг. Хэрэв бид тэдгээрийг дагаж чадвал тэдгээр нь биднийг энэ амьдралд аварч, энэ амьдралын дараах амьдралд өргөмжлөх юм” (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 326–327).

  • Энэ хичээлийн үед ангийнхантайгаа хуваалцахыг хүссэн ямар бодол санаа, мэдрэмж танд төрсөн бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бид бүхний хувьд амьдрал бол Бурханы селестиел хаант улс дахь Түүний оршихуй руу эргэн аваачих, гэр рүүгээ буцаж очих аялал юм.

“Ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы оршихуйд орох зөвшөөрөл авах жуух бичиг маань болдог. Уг ёслолуудыг хүлээн авах зохистой байна гэдэг нь амьдралын зорилго байдаг. Харин хүлээн авсныхаа дараа хадгална гэдэг нь мөнх бус байдлын сорилт болдог” (“Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 24).

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах нь үнэхээр “амьдралын зорилго” мөн болохыг гэрчил. Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд ороход шаардагдах гэрчилгээг авахад тусалдаг юм.

Суралцагчдыг ариун сүмд шүтэн биширч, ёслолуудыг хүлээн авах нь тэдний амьдралын нэн чухал хэсэг мөн эсэх талаар тунгаан бодоход урь. Тэднээс ариун сүмд хийсэн эсвэл хийх гэрээнүүддээ илүү их анхаарал хандуулахын тулд юу хийж болох талаар бичихийг хүс.

Суралцагчийн унших материал