Институт ба семинар
27-р хичээл: Гэр бүлтэй холбоотой бошиглолын сэрэмжлүүлэг


27-р хичээл

Гэр бүлтэй холбоотой бошиглолын сэрэмжлүүлэг

Оршил

“Гэр бүлээ сарниулбал эрт, эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно” гэдгийг орчин үеийн бошиглогчид сануулсан байна (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлээр, хэрэв гэр бүлүүд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах юм бол хамгаалагдах болно гэдгийг онцлох болно. Зөв шударга эцэг эхчүүдэд сүүлчийн өдрүүдэд хүүхдүүдээ өсгөхөд нь туслахын тулд сүнслэг хүч чадал амлагдсан байдаг.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Рассэлл М.Нэлсон, “Faith and Families,” Ensign, 2007 оны 3-р сар, 36-41.

  • Квинтин Л Күк, “Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104.

  • Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.

Заах зөвлөмж

2 Tимот 3:1-7, 13

Гэр бүлийг үл тоомсорлох үед үр дагавар нь гарч ирэх болно

Зарим суралцагчийг анхааруулах тэмдэг бүхий газар, нөхцөл байдлуудын жишээнүүдийг хуваалцахад урь (замын хөдөлгөөний тэмдэг, эмийн эсвэл аюултай бодисын сав гэх мэт жишээ байж болно.)

  • Эдгээр сэрэмжлүүлгийг үл ойшоовол үр дагавар нь юу байж болох вэ?

  • Бидний өдрүүдэд байгаа материаллаг ба сүнслэг аюулын талаар бошиглогчдын өгсөн зарим сэрэмжлүүлэг юу вэ?

Нэг суралцагчийг 2 Тимот 3:1–7 ба 13-ыг чанга уншиж байх зуур, ангийнхныг төлөөлөгч Паулын сэрэмжлүүлсэн, сүүлчийн өдрүүд дэх аюул заналыг олж мэдэхийг хүс.

  • Та нар Паулын дурдсан аюулуудын алиныг нь харж эсвэл сонсож байсан бэ?

  • Эдгээр аюул занал хувь хүмүүст болон гэрлэлт, гэр бүлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс: Сатан гэр бүлүүдийг устгаж, сүйрүүлэхэд тийм их анхаардгийн шалтгаануудыг олж сонсоход ангийнхныг урь.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Аз жаргалын мөнхийн төлөвлөгөөнд гэр бүл чухал байр суурь эзэлдэг тул Сатан гэр бүлийн ариун нандин байдлыг устгах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлагыг гутаан, ёс суртахууны цэвэр бус байдал ба ариун явдлын ариун нандин хуулийг зөрчихийг дэмжиж, мөн эцэг эхчүүдийг хүүхэд төрүүлж, өсгөх явдлыг нэн тэргүүнд тавихыг нь болиулахын тулд бүхий л хүчээр чармайдаг.

Авралын төлөвлөгөөнд гэр бүлийн нэгж нь ийм чухал байр суурь эзэлдэг тул … гэр бүлийг сарниулбал хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно хэмээн Бурхан сэрэмжлүүлсэн байна” (“The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 65).

Дараах зарчмыг онцлон тэмдэглэ: “Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт, эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэхүү сэрэмжлүүлэг гэр бүлийн тунхагт байдгийг суралцагчдад сануул.

Дараах зүйлийг самбар дээр бич:

Гэр бүл сарних нь

Үр дагаврууд

Суралцагчдыг “гэр бүл сарних” нь дэлхий даяар тохиож буйг харж байгаа нотолгоонуудынхаа талаар бодож үзэхэд урь. (Эдгээр нь дараах зүйл байж болно: гэр бүл салалт, үр хөндөлт, зүй бус харьцаа газар авч буй байдал, гэрлэлт цөөрч, гэр бүл болсон хосуудад хүүхэд төрөх нь багасаж байгаа байдал, асуудалтай гэр бүлүүдийн тоо нэмэгдэж буй байдал.) “Гэр бүл сарних нь” гэсэн гарчгийн дор холбогдох нотолгоонуудыг жагсааж бичихийг хүс.

Гэр бүл сарнисны улмаас хувь хүнд болон нийгэмд учирч болох үр дагавар юу байж болох жишээнүүдийг бодоход суралцагчдыг урь. (Эдгээр нь дараах зүйл байж болно. Үүнд: Сүнсийг алдах, гашуудал ба аз жаргалгүй байдал, гэмт хэрэг, үүнд насанд хүрээгүй хүүхдийн өдөөсөн гэмт хэргийн тоо нэмэгдэж, нийгэмд амар тайван ба тогтвортой байдал алдагдах гэх мэт.) “Үр дагавар” гэсэн гарчгийн дор холбогдох жишээг жагсааж бичихийг хүс.

Дараа нь дараах асуултыг тавь:

  • Гэр бүлийн тунхагт заасан сургаал, зарчмуудыг баримталж дагах нь хувь хүн, гэр бүл, нийгэм, улс үндэстнүүдэд эдгээр үр дагавраас зайлсхийхэд хэрхэн тусалж болох вэ?

1 Нифай 14:14–17; 22:16–17; Сургаал ба Гэрээ 97:22–28

Гэр бүлүүдэд найдвар бий

Өнөөдрийн дэлхийн нүгэл хилэнц газар авсан боловч гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд оройтоогүй гэдгийг суралцагчдад тайлбарлаж өг. Тэд өөрсдийн гэр бүл, тойрог эсвэл салбарт, мөн орон нутагтаа өөрчлөлт хийж чадна. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай сахидаг хувь хүн, гэр бүлүүдэд найдвар байгаа гэдгийг гэрчил.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:22–28-ыг дор бүрнээ уншаад, бид Их Эзэний өс хонзонгоос болон гэм нүгэл үйлдсэний улмаас ирэх үр дагавруудаас зайлсхийхийн тулд юу хийж чадахыг олж мэдэхэд урь. (Энэ шүлгүүдэд гарч буй Сион гэдэг нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ба түүний гишүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж өг.) Та суралцагчдаас эдгээр шүлэгт аваас гэсэн үг гарч ирэх болгонд тодруулан тэмдэглэхийг санал болгож болно. (Шалтгаан-ба-үр дүн эсвэл хэрэв/тэгвээс холбоо өгүүлбэрүүдийг олж тогтоох нь судраас суралцах сайн арга юм гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)

  • Та энэ шүлгүүдэд заасан зүйлсийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгон хялбаршуулан товчлох вэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг тусгасан байх ёстой: Хэрэв бид түүний бүх зарлигт дуулгавартай байх аваас, бид агуу адислалуудыг хүлээн авч, Их Эзэний өс хонзонгоос зайлсхийж чадна.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–85) хэлсэн дараах мэдэгдлийг унш:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Уй гашууд автах өдөр ирэхэд бүх гэгээнтэн үлдэж, аврагдах болно гэж бид хэлдэггүй. Харин бид Их Эзэнд хайртай, мөн Түүний зарлиг тушаал болгосон бүхнийг хийхийг эрмэлздэг хүмүүсээс өөр бусдад бол аюулгүй байдлын амлалт үгүй, хамгаалалтын амлалт ч байхгүй юм гэдгийг хэлж байна. …

“Тиймээс бид сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөн, хэлж байна: Анхааралтай сонс; бэлтгэ; ажигла, бэлэн бай. Дуулгавартай, нийцтэй байдлын мөн шударга байдлын замаас өөр зам дээрээс аюулгүй байдлыг олж авч чадахгүй.

“Учир нь Их Эзэн ийнхүү айлдлаа: Их Эзэний гэсгээн цээрлүүлэлт шөнөөр мөн өдрөөр тохиох болно, мөн үүний мэдээ бүх хүмүүсийг шаналгах болно; тийм ээ, энэ нь Их Эзэнийг ирэх хүртэл зогсох нь үгүй; …

“Гэсэн хэдий ч, түүнд миний зарлигласан бүх зүйлийг юуг ч гэсэн тэрээр хийхээ анхааралтай дагах аваас, Сион зугтаж чадах болно’ [С ба Г 97:23, 25]” (“Stand Independent above All Other Creatures,” Ensign, 1979 оны 5-р сар, 93–94).

  • Энэ мэдэгдэл гэр бүлийг Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхад хэрхэн урам зориг өгч болох вэ?

Нифай сүүлчийн өдрүүдийн талаар хэд хэдэн үзэгдэл үзсэнийг суралцагчдад сануул. Тэр тэдгээр үзэгдэлд зөв шударга хүмүүс хамгаалагдах болно гэдгийг харсан юм.

Суралцагчдыг 1 Нифай 14:14–17 болон 22:16–17-г уншиж, гэгээнтнүүд чухам яасан тохиолдолд хамгаалагдахыг олж мэдэхийг хүс. (Анхааруулга: Энэ хэсгүүдэд, дуулгавартай байдал нь Их Эзэний хамгаалах амлалтыг авчирдаг гэсэн судруудын нийтлэг сэдвийг тодотгож байна. Ахлагч Дэвид А.Бэднар судрын тийм “холбоос, хэв маяг ба сэдвүүдийг” эрж хайхын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг [“A Reservoir of Living Water” (Church Educational System fireside for young adults, 2007 оны 2-р сарын 4-ний өдөр), 3, lds.org/media-library]. Уг сэдэв буюу хэв маяг нь ялангуяа Мормоны Номонд түгээмэл байдаг.)

  • Нифайн бичсэн зүйлс та нарт хэрхэн найдвар төрүүлж байна вэ?

Далын ахлагч Брүс Д.Портэрын дараах мэдэгдлийг унш. Сүүлчийн өдрүүдэд зөв шударга эцэг эхчүүдэд өгөгдөх адислалуудыг олж сонсоход суралцагчдыг урь:

Зураг
Ахлагч Брүс Д.Портэр

“Ирээдүйд юу ч болох байсан хамаагүй, Бурхан цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Сүмийн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хүрээлэн буй харанхуйгаас хамгаалах онцгой хүч чадлыг өгч томилсон байна. Эцэг эхчүүдийн зүрх сэтгэл хүүхдүүд рүүгээ, мөн хүүхдүүдийн зүрх сэтгэл эцэг эхчүүд рүүгээ эргэхэд, бид Аврагчийг ирэх үед Түүнтэй уулзахаар бэлтгэгдэж, цэвэршигдсэн үеийнхэн өсөн гарч ирэхийг яваандаа гэрчлэх болно. Хожмын өдрүүд дэх Бурханы хаант улсын ялгуусан байдал нь зөвхөн байгууллагын хувьд Сүмийн ялалт байгаад зогсохгүй харин бас итгэлээрээ дэлхийг ялсан олон арван мянган гэр бүлүүдийн ялалт байх юм.” (“Defending the Family in a Troubled World,” Ensign, 2011 оны 6-р сар, 18).

  • Хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөхийг хичээж буй энэ эрин үеийн эцэг эхчүүдэд ямар адислал амлагдсан бэ?

  • Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ дэлхийн харанхуйгаас хамгаалж, хүчирхэгжүүлэх талаар хичээн зүтгэж байхад нь онцгой хүч чадал өгч байхыг та нар харж байсан уу?

Суралцагчдыг ямар нөлөө эсвэл хүчнүүд тэдний гэр бүлүүдийг сүйрүүлэхийн төлөө ажиллаж байгааг, мөн Сатан хэрхэн тэднийг гэр бүлтэй болохоор ажиллахад нь саад тотгор учруулж байгаа тухай бодоход урь. Суралцагчдыг Их Эзэнээс өөрсдийгөө болон тэдний гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд тусламж авахын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодоход урамшуул.

Суралцагчийн унших материал