Институт ба семинар
2-р хичээл: Бошиглогч, төлөөлөгчид чин сэтгэлээсээ тунхаглаж байна


2-р хичээл

Бошиглогч, төлөөлөгчид чин сэтгэлээсээ тунхаглаж байна

Оршил

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр төлөөлөгчийн зөвлөлийнхөн … чин сэтгэлээсээ тунхаглаж байна” (Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) гэсэн үгсээр эхэлдэг. Бүх эрин үеийн бошиглогчид Их Эзэний хүслийг тунхаглан, нүглийн үр дагаврын талаар сэрэмжлүүлэх үүрэгтэй. Энэ хичээл бошиглогчдын гай гамшгийн талаар урьдчилан мэдээд сэрэмжлүүлдэг харуулын үүргийн талаар ойлгоход суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104.

  • Хэнри Б.Айринг, “Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 24-26.

  • Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж, амьдарцгаая,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89.

Заах зөвлөмж

Eзекиел 33:1–7; Сургаал ба Гэрээ 1:4–5, 11, 14

Цамхаг дээрх харуулууд

Зураг
цамхаг

Суралцагчдад харуулын цамхгийн зураг үзүүлээд, тэднээс зураг дээр ямар барилга байгааг асуу. Уг барилга нь эртний цамхгийн хуулбар зураг болохыг тайлбарла. (Өөр нэгэн хувилбар нь танай хэл дээр байгаа бол lds.org/media-library-ээс “Цамхаг дээрх харуулууд” видео бичлэгийн эхний хэдэн минутыг үзүүлж болно.) Суралцагчдаас харуул ямар зүйлийг харж байх ёстой гэдгийг, мөн яагаад тэд үүрэг даалгавраа гүйцэтгэх нь чухал болохыг асуу.

Суралцагчдыг Eзекиел 33:1–3-ыг уншаад, харуулын үүрэг хариуцлагыг олж тогтооход урь.

  • Харуулын үүрэг юу вэ? (Хүмүүст ирж буй аюулын талаар сэрэмжлүүлэх)

Нэг суралцагчаас Езекиел 33:4-7-г чанга уншихыг хүс.

  • Их Эзэн Езекиелийг ямар үүрэгт томилсон бэ?

  • Бошиглогчид цамхаг дээрх харуултай хэрхэн адил байна вэ? (Суралцагчдад орчин үеийн бошиглогчид харуулын үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгоход Сургаал ба Гэрээ 1:4–5, 11, 14 тусалж болох юм. Та суралцагчдад эдгээр шүлгийг Езекиел 33:4-7-той солбицсон эшлэл болгон уншихыг санал болгож болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “Их Эзэний төлөөлөгчдийн хувьд цамхаг дээрх харуул байх нь бидний үүрэг юм” хэмээн тунхагласныг онцлон хэлж болно [“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 62] .)

Дараах сургаалыг гэрчил: Тэнгэрлэг Эцэг ирж буй аюулын талаар биднийг сэрэмжлүүлэхээр хожмын үеийн бошиглогчдыг дуудсан.

Энэ сургаалыг бататгах үүднээс Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаар чанга уншуул:

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Биднийг аюулгүй газар руу удирдах гэсэн Аврагчийн хүсэл хязгааргүй мэт байдаг. Бидэнд замыг үзүүлж буй Түүний арга зам хувиршгүй. Тэр хүлээн авах хүсэлтэй хүмүүст хүргэх үүднээс тэднийг нэгээс илүү арга замаар дууддаг. Эдгээр арга замд хүмүүс Бурханы бошиглогчтой байхуйц зохистой байх үед Өөрийн бошиглогчдын амаар захиас илгээх арга үргэлж орж байдаг юм. Тэдгээр эрх мэдэлтэй үйлчлэгч нь үргэлж хүмүүсийг сэрэмжлүүлэх, мөн аюулгүй газарт хүрэх замыг заах үүрэгтэй” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 24).

  • Та бошиглолын зөвлөгөөг дагаснаараа хамгаалагдсан гэдгээ хэзээ мэдэрч байсан бэ?

  • Та нар орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөөс гэр бүлүүдэд сүнслэг хамгаалалт авчрах ямар зөвлөгөөг сонсож байсан бэ?

  • Гэр бүлийн тунхаг нь ямар арга замаар Тэнгэрлэг Эцэгийн сэрэмжлүүлгийн дуу хоолой болдог вэ?

Aмос 3:6-7

Бошиглогч, төлөөлөгчид нь бидэнд гэр бүлийн талаарх Их Эзэний үзэл бодлыг ойлгоход тусалдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг хуваалц. Бошиглогчдын дэлхийн өнөөгийн аюул заналхийллийн талаар мэдэж авдаг арга замыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Зарим хүн Сүмийн удирдагчдыг “нийгмээс салангид” хүмүүс гэж боддог талаар би сонссон. Удирдагч бид олон газар амьдарч, өөр өөр нийгмийн гаралтай хүмүүстэй ажиллаж, туршлага хуримтлуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэдгийг дээрх хүмүүс мартдаг болов уу. Одоогийн дуудлагууд маань биднийг дэлхий даяар аялуулж, үүгээр дамжуулан бид дэлхийн улс төр, шашин, бизнесийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдагчидтай уулзах боломжтой байдаг билээ. Хэдийгээр бид Вашингтон хот дахь Цагаан ордонд [дахь удирдагчдад] бараалхаж, дэлхийн үндэстнүүдийн [болон шашны] удирдагчидтай уулзаж байсан ч гэсэн, дэлхий дээрх хамгийн ядуу хүмүүс [гэр бүлүүд болон хувь хүмүүс] дээр ч мөн айлчилж очин, тэдэнтэй уулзаж, тохинуулж үзсэн. …

”Та бүхэн бидний амьдрал, тохинууллыг анхааралтай бодож үзвэл, бид дэлхий даяар тойрон явж, туршлага хуримтлуулдаг бөгөөд дэлхий дээрх цөөхөн хүн л ийм зүйл хийдэг гэдэгтэй санал нийлэх биз ээ. Бид “нийгмээс салангид” хүмүүс биш гэдгийг та нар ойлгох болно. …

Та нарыг тайвшруулах зүйлс нь [Сүмийн удирдагчдын] хувь хүн нэг бүрийн болон хамтын мэргэн ухаанд найдаж болох явдал юм. Бид өөр өөр хууль тогтоомж ба бодлогын үр дагавруудыг үзэх, сэтгэлээр унах, эмгэнэлтэй үйл явдал тохиолдох болон гэр бүлийн гишүүнээ алдах гэх мэт бүх л зүйлийг биеэр үзэж туулсан. Бид та нарын амьдралаас хол хөндий байдаггүй” гэдгийг тэдэнд ярьсан билээ” (“Завиндаа үлдэж, чанга зууран барь!” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102–103).

  • Сүмийн удирдагчдын баялаг туршлага нь харуулын үүргээ биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Бошиглогчдод бурханлаг үүргээ биелүүлэхэд нь амьдралын туршлагаас ч илүү туслах чухал боломж байдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Амос 3:6-7-г чанга уншихыг хүс. Суралцагчдад Иосеф Смитийн Орчуулганд 6-р шүлгийн “хийсэн” гэсэн үгийг “мэдсэн,” мөн 7-р шүлгийн “нааш” гэсэн үгийг “хүртэл” болгон өөрчилсөн болохыг онцол (эдгээр хоёр шүлгийн тайлбарыг үзнэ үү). Энэ ярилцлага нь суралцагчдыг хувиараа судраас суралцах үедээ судрын тайлбарыг ашиглаж байхад урамшуулан дэмжих сайхан боломж байж болно.

  • Амос 3:6-7 бошиглогчдын тухай юу зааж байна вэ?

Дараах тодорхойлолтыг суралцагчидтай хуваалц: Бошиглогч бол “Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас ирдэг зарлиг, бошиглол, илчлэлтүүдийг хүлээн авдаг. … Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг” (Судруудын удирдамж, “Бошиглогч,” scriptures.lds.org).

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

Зураг
зурах бүдүүвч зураг

Суралцагчдад бүдүүвч зургийн талаар бодоод, ярилцах хугацаа өг. Бүдүүвч зураг гэр бүлийн талаарх Бурханы ойлголт нь мөнх бус байдлын өмнөх, мөнх бус мөн мөнх бус байдлын дараах амьдралыг хэрхэн хамардаг болохыг харуулж байгааг та тайлбарлаж болно. Бошиглогчид илчлэлтээр дамжуулан илүү өргөн ойлголт хүлээн авдаг бөгөөд тэд эргүүлээд бидэнд өөрсдийн ойлголтыг өсгөхөд тусалдаг.

  • Энэ бүдүүвч зураг гэр бүлийн тунхгийг судлах нь бидний хувьд ухаалаг зүйл болох шалтгааныг хэрхэн харуулж байна вэ? (Дараах зарчмыг самбар дээр бич: Бид гэр бүлийн тунхгийг судалснаараа Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн тухай ойлголтын талаар суралцана.

Суралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн өөрсдөдөө байгаа хувиудыг гаргаж тавихыг хүс. Тунхгийн эхний хэллэгийг онцлон хэл: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн зөвлөлийнхөн … чин сэтгэлээсээ тунхаглаж байна. …” Суралцагчдад гэр бүлийн тунхгаас гэрлэлт, гэр бүлийн тухай Бурханы ойлголт нь дэлхийнхээс өөр гэсэн нотолгоог хайж олж мэдэх хугацаа өг. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээсээ хуваалцахад урьж, тэдний хариултыг самбар дээр жагсаан бич.

Сургаал ба Гэрээ 90:1-5

Гэр бүлийн тунхаг дээрх бошиглогчдын зөвлөгөөг дагах нь биднийг аюулаас хамгаална.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 90:1-3-аас Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд өгсөн зүйлийг олж тогтооход урь.

  • Их Эзэн Иосеф Смитэд юу өгсөн бэ? (Ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх буюу дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэх эрх мэдлийг төлөөлдөг хаант улсын түлхүүрүүд)

  • Тэдгээр түлхүүрийг өнөөдөр хэн атгадаг вэ? (Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүр)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 90:4–5-ыг чанга уншихад урь. Бошиглогчоор дамжуулан Сүмд ямар зүйл өгөгдөнө гэж Их Эзэн амласныг олж мэдэхийг ангийнхнаас хүс. (Их Эзэн Сүмд “зөгнөлүүд” өгөгдөх болно гэж хэлсэн. Суралцагчдад “зөгнөл” гэдэг нь “илчлэлт” болохыг хэл.

  • Их Эзэн 5-р шүлэгт ямар сэрэмжлүүлгийг гэгээнтнүүдэд өгсөн бэ?

  • Бид энэ сэрэмжлүүлгээс ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Хариултууд нь дараах зарчмыг ойлгосон болохыг харуулж байх ёстой: Хэрэв бид Бурханы бошиглогчдоороо дамжуулан өгдөг илчлэлтүүдэд хөнгөн хуймгай хандвал бүдэрч, унах болно. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий өрөнхийлөгчийн зөвлөлийн Кэрол Ф.Макконки эгч болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард нарын хэлсэн дараах үгийг үзүүл:

Зураг
Кэрол Ф.Макконки

© Busath.com

“Бид Бурханаар томилогдсон үйлчлэгчдийн хэлсэн Түүний үгсийг ач холбогдол багатай зүйл гэж үзэн үл тоомсорлож, хөл дороо гишгэлэн, хүндэтгэлгүй хандахыг, эсвэл эсэргүүцэхийг сонгож болно. Гэвч ийнхүү үйлдэх хүмүүс Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно гэж Аврагч заасан юм [3 Нифай 20:23-ыг үзнэ үү]” (Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” Ensign,эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89).

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулга нэгдмэл дуу хоолойгоор ярьж байгаа нь тухайн үед хандан ярьж буй Их Эзэний дуу хоолой гэдгийг … төөрөлдөж, будилсан хүмүүс ихэвчлэн мартсан байдгийг би үйлчлэлийнхээ үед олж мэдсэн юм. Их Эзэн бидэнд ‘миний дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил’ хэмээн хэлсэн билээ [С ба Г 1:38]” (М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” 102).

  • Ямар ямар шинж тэмдэг хэн нэгнийг гэр бүлийн тунхаг дээрх зөвлөгөөнд хөнгөн хуймгай хандаж байгааг харуулдаг вэ?

  • Та нар эсвэл өөр хэн нэгэн хүн гэр бүлийн тунхаг дээрх зөвлөгөөг анхааран сонссоноор ямар ямар адислал хүлээн авсан бэ?

  • Та нарт хожмын үеийн бошиглогчдын талаар ангийнхантайгаа хуваалцах ямар бодол, сэтгэгдэл байна вэ?

Гэр бүлийн тунхаг нь арвантаван бошиглогч, үзмэрч, илчлэгчийн сүнсээр өдөөгдсөн нэгдмэл дуу хоолой гэдгийг гэрчил. Суралцагчдыг энэ хичээлийн туршид гэр бүлийн тунхагт агуулагдсан үнэний талаар илүү гүн гэрчлэлтэй болохоор залбирахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал