Институт ба семинар
9-р хичээл: Эрэгтэйчүүдийн тэнгэрлэг үүрэг хариуцлага


9-р хичээл

Эрэгтэйчүүдийн тэнгэрлэг үүрэг хариуцлага

Оршил

Тэнгэрлэг Эцэг аз жаргалын төлөвлөгөөнийхөө нэгэн хэсэг болгон эрэгтэйчүүдийг нөхөр, эцэг хүн болгон томилсон. Энэ хичээл тэдний дараах үүрэг хариуцлагыг онцолно: “Бурханлаг загварын дагуу эцгүүд гэр бүлээ хайр, зөв шударга байдлаар тэргүүлж, гэр бүлийнхээ амьдралын хэрэгцээг хангаж, гэр бүлээ хамгаална” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129).

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Ричард Г.Скотт, “Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign, эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94–97.

  • Д.Тодд Кристоффэрсон, “Let Us Be Men,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 46-48

  • Линда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” Ensign, 2015 оны 5-р сар, 29-32, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15.

  • Ховард В.Хантэр, “Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 66-70.

  • “The Sacred Callings of Fathers and Mothers,” 15-р бүлэг, Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson, (2014), 191–397.

Заах зөвлөмж

Ефес 5:25

Эрчүүд гэрлэж, эхнэрээ хайрлах ёстой

Хичээлээ дараах асуултуудаар эхэл:

  • Таны амьдралд нөлөө бүхий ямар эрэгтэй хүн байсан бэ? Яагаад тэд танд нөлөөлж чадсан бэ?

Энэ хичээл дээр эрэгтэйчүүдэд тэнгэрээс томилсон үүргүүдийн талаар ярилцана гэдгийг тайлбарла. Эрэгтэй хүнд нөхөр, эцэг байхаас өөр чухал үүрэг байхгүй билээ. Эрэгтэйчүүд эдгээр үүргээ зөв шударга биелүүлэхээр эрэлхийлэх үедээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болдог.

Нэг суралцагчаас Ефес 5:25-ыг чанга уншихыг хүс.

  • Та нар энэ шүлгээс нөхөр хүн хэрхэн үйлдэх талаар юу мэдэж авсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Нөхөр хүн Есүс Христ Сүмийг хэрхэн хайрладгийн адил эхнэрээ хайрлах ёстой.

  • Есүс Христ ямар арга замаар Сүмийг хайрладгаа харуулсан бэ?

  • Нөхөр хүн эхнэртээ Есүс Христийн адил хандахын тулд юу хийх ёстой вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Христ Сүмийг болон Сүмийн хүмүүсийг маш их хайрладаг байсан учраас тэдний өмнөөс сайн дураараа мөрдлөг хавчлагыг туулан, доромжлол амсаж, өвчин шаналал, бие махбодын зовлонг тэвчиж, эцэст нь өөрийн үнэт амийг өгсөн билээ.

Нөхөр хүн өрх гэрийнхэндээ үүний адил хандах юм бол эхнэр нь төдийгүй гэр бүлийн бүх хүн түүний удирдлагыг дагах болно” (“Home, the Place to Save Society,” Ensign, 1975 оны 1-р сар, 5).

  • Ерөнхийлөгч Кимбаллын энэ хэлсэн үгийг эргэцүүлэн бодох үед та нарт ямар бодол төрж байна вэ?

  • Эцэг хүн гэр бүлийнхээ төлөө ямар замаар золиослол хийж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг эрэгтэйчүүдийг зөв шударга нөхөр байгаасай хэмээн хүсдэг гэдгийг гэрчил.

Ефес 5:23; Сургаал ба Гэрээ 121:36-46

Эцэг хүмүүс зөв шударга байдлаар тэргүүлэх ёстой

Суралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг уншаад, Тэнгэрлэг Эцэг бидний эцгүүдээс юу хүсэж байгаа талаар олж мэдэхийг хүс.

  • Тэргүүлэх гэсэн үг юу гэсэн утгатай вэ? (Бусдыг удирдаж, чиглүүлэх)

  • “Тэнгэрийн загвараар” гэсэн үгийг санаж байх нь Бурханаас хүлээлгэн өгсөн үүргээ биелүүлэхэд нь эрэгтэйчүүдэд хэрхэн туслах вэ?

Суралцагчдад эцэг хүн хэрхэн гэр орноо тэргүүлэн удирдаж болохыг илүү сайн ойлгуулахын тулд нэг суралцагчаас Ефес 5:23-ыг чанга уншихыг хүс: Дараа нь өөр нэгэн суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Төлөөлөгч Паул ‘Христ Сүмийн толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой билээ’ (Ефес 5:23; налуу бичилт нэмэгдсэн болно.) Энэ нь бидний гэр орноо тэргүүлэхдээ дагах ёстой загвар юм. Аврагч Сүмийг хатуу гараар эсвэл эелдэг бусаар удирдаж байсан гэсэн мэдээлэл байхгүй билээ. Түүнчлэн Аврагч Сүмийн хүмүүст хүндэтгэлгүй хандаж эсвэл тэднийг анхааран халамжилж байгаагүй гэсэн мэдээлэл байхгүй. Аврагч Өөрийн зорилгод хүрэхийн тулд хүч хэрэглэн, албадаж байсныг бид мэдэхгүй. Аврагч Сүмийнхэнд заан, дэмжиж, тайтгаруулж, өргөмжлөхөөс өөр бусад зүйл хийж байсан гэсэн мэдээллийг бид хаанаас ч олохгүй билээ. … Тэр бол гэр бүлээ сүнслэгээр удирдахдаа бидний үлгэрлэн дуурайн дагах ёстой загвар юм” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2014 он], 196).

  • Та нар төлөөлөгч Паулын болон ерөнхийлөгч Бэнсоны заасан зарчмыг хэрхэн өөрийн үгээр дүгнэн хэлэх вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг илэрхийлж хэлсэн байх ёстой: Эрэгтэй хүн гэртээ санваарыг зохистойгоор хэрэглэх үед эхнэр, хүүхдүүддээ зөв шударгаар нөлөөлж чадна. Үүнээс гадна суралцагчидтай дараах зарчмыг хуваалц: Эрэгтэйчүүд нөхөр, эцэг хүнийхээ үүргийг зөв шударга байдлаар гүйцэтгэхийг эрэлхийлэх үедээ Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болдог.

Нөхөр, эцэг хүн гэр орноо хэрхэн тэргүүлэн удирдахыг цааш нь үргэлжлүүлэн тайлбарлахын тулд ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн (1907–95) хэлсэн дараах үгийг хуваалцахыг бодож үз:

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Тэнгэрлэг томилолтоор гэр орондоо тэргүүлэн удирдах үүрэг санваартанд ноогдсон болно (Мосе 4:22-ыг үзнэ үү). Их Эзэн эхнэр хүнд эр хүний туслагч (туслагч гэдэг нь эрх тэгш гэсэн утгатай) буюу түншийн харилцаанд эрх тэгш хамтрагч байх хувь заяаг өгчээ. Зөв шударга байдлаар тэргүүлэн удирдахын тулд нөхөр, эхнэр хоёр үүрэг хариуцлагаа хуваалцах шаардлагатай. Та нар хамтдаа гэр бүлийн бүх асуудалд тал талын мэдлэг, оролцоотой үйлддэг. Эрэгтэй хүн ганцаараа эсвэл эхнэрийнхээ бодол санаа, зөвлөгөөг асуулгүйгээр гэр бүлээ тэргүүлэн удирдах нь шударга бусаар эзэгнэж байна гэсэн үг юм” (“Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 50–51).

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 121:36-46-г гаргахыг хүс. Эдгээр шүлгийг Ефес 5:23, 25-тай солбицсон эшлэл болгон ашиглахыг зөвлө. (Суралцагчдын судраас судлах чадварыг хөгжүүлэхийн тулд тэднийг тохиромжтой үед ийм маягаар эшлэл бичиж байхад урь.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 121:36-39-ийг судлах цөөн хэдэн минут өгөөд, эдгээр шүлэгт дүрслэгдсэн удирдах арга барил хэрхэн Есүс Христийн удирдлагын хэв маягтай харшилж байгааг бодож үзэхэд урь.

  • “Санваарын эрхүүд” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Эрэгтэй хүнийг санваар авахад Бурхан түүнд тодорхой эрх, эрх мэдлийг хүлээлгэн өгдөг.) Эрэгтэй хүн эдгээр эрхийг зөвхөн зөв шударга үйлдсэн тохиолдолд хүлээн авдаг.

  • Санваартан хүн зөв шударга амьдрахгүй байвал юу болох вэ? (Бурхан тэнгэрийн хүчийг түүнээс эргүүлэн авч, уг хүн санваарын эрх мэдлийг ашиглаж чадахгүй болж, Ариун Сүнс гашууддаг.)

Эцэг хүн хэрхэн гэр бүлээ удирдах ёстойг ойлгохын тулд цөөн хэдэн суралцагчаас Сургаал ба Гэрээ 121:41-46-г ээлжлэн чанга уншихыг хүс.

  • Эдгээр шүлэгт Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг дүрсэлсэн байна вэ? Та яагаад эдгээр зан чанарыг агуулсан эцэг хүн тэнгэрийн хүчийг авах боломжтой гэж бодож байна вэ?

  • Эдгээр Христийнхтэй адил зан чанар нь хэрхэн эцэг хүмүүст гэр бүлээ тэргүүлэн удирдахад тусалдаг вэ? (Та эдгээр Христийнхтэй адил зан чанарыг эмэгтэйчүүд мөн адил хөгжүүлэх ёстой гэдгийг тодотгож болно.)

  • Гэр бүлээ удирдан залахдаа Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн үлгэр жишээг дагахыг эрэлхийлдэг эр хүний эхнэрт эсвэл хүүхдэд нь ямар санагдахыг дүрсэл.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас 1973 онд бичиж гаргасан дараах мэдэгдлийг үзүүлээд, хуваалц:

“Эцэг хүн байх нь хамгийн чухал манлайлан удирдах чадвар юм. Үргэлж ийм байсан. Цаашид ч үргэлж ийм байх болно. Эцэг хүн та мөнхийн ханийнхаа тусламж дэмжлэг, зөвлөгөө, урамшууллын ачаар гэр орноо тэргүүлэн удирдана. Энэ нь таны хамгийн зохистой эсэхээс эсвэл шаардлага хамгийн сайн хангасан байхаас шалтгаалахгүй бөгөөд зөвхөн хууль хийгээд [тэнгэрлэг] томилолтын асуудал билээ” (“Father, Consider Your Ways,” Ensign, 2002 оны 6-р сар, 16).

  • Эгч нар аа, та нар залуу эрэгтэйчүүдийг ирээдүйн гэр бүлдээ тэнгэрлэг үүрэг хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхэд нь урамшуулан дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

  • Яг одоо та нарын хүн нэг бүр—эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд—аль аль нь, ирээдүйн гэр бүлээ илүү сайн удирдахад өөрийгөө бэлтгэхийн тулд юу хийж болох вэ?

Матай 2:13–16; 1 Тимот 5:8; Сургаал ба Гэрээ 75:28; 83:2, 4

Эцгүүд гэр бүлээ хангаж, хамгаалах үүрэгтэй.

Суралцагчдаас 1 Тимот 5:8 болон Сургаал ба Гэрээ 75:28; 83:2, 4-ийг уншаад, эцэг хүний өөр нэгэн чухал үүргийг олж тогтоохыг хүс. (Та суралцагчдад эдгээр шүлгийг солбицсон эшлэл болгон ашиглахыг зөвлөж болно.)

  • Та яагаад Их Эзэн эцэг хүнээс гэр бүлийнхээ амьдралын хэрэгцээг хангаж, тэтгэхийг хүсдэг гэж бодож байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд өрх толгойлсон эмэгтэй гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг онцолж хэл.)

  • Хараахан гэрлээгүй байгаа залуу эрэгтэйд эдгээр шүлэг ямар утгатай байж болох вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Боловсролтой болохын тулд хөдөлмөрлө. Боломжтой бүх дадлага туршлагыг олж ав. Дэлхий таныг ямар үнэ цэнэтэй гэж бодож байгаа дээрээ үндэслэн танд төлөх болно. … Гэр бүлээ тэжээн, тэтгэх нь таны үндсэн үүрэг билээ” (“Living Worthy of the Girl You Will Someday Marry,” Ensign, 1998 оны 5-р сар, 50).

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд амьдралынхаа энэ цаг мөчийг ашиглан, ирээдүйн гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө авч болох бүх боловсрол, дадлага туршлагыг хуримтлуулах нь зүйтэй болохыг суралцагчдад онцолж хэл.

Сүмийн удирдагчид гэр бүлийн тунхаг дээр эцэг хүн гэр бүлээ тэтгэн, хамгаалах үүрэгтэй хэмээн заасан байдгийг онцол.

  • Өнөөдөр гэр бүлүүдэд ямар аюул тулгарч байна вэ?

  • Зөв шударга эцэг хүн гэр бүлээ хэрхэн хамгаалж байхыг та нар харж байсан бэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн (1907–1995) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Зөв шударга эцэг хүн үр хүүхдүүдийнхээ нийгэм, боловсрол, сүнслэг үйл ажиллагаа ба үүрэг хариуцлагад цаг зав гарган, оролцсоноороо тэднийг хамгаалдаг” (“Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 51).

  • Та нар энэ зөвлөгөөг ирээдүйн эсвэл одоо байгаа гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Суралцагчдыг гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэн, хамгаалж болох талаар тунгаан бодоод, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд урь.

Бид Иосефын хэрхэн бяцхан Есүсийг хамгаалсан түүхээс нэгэн чухал зарчмыг мэдэж авч болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Матай 2:13–16-г уншаад, бяцхан хүү Христийг аюулаас хамгаалахын тулд Иосеф юу хийсэн болохыг олж мэдэхийг хүс.

Хэдийгээр бид гэр бүлээ хамгаалахын тулд өөр газар руу нүүх шаардлагагүй ч эдгээр шүлгийн дараах чухал мэдээллүүдийг задлан шинжилснээр өөртэйгөө адилтган үзэж эсвэл амьдралдаа хэрэгжүүлж болох юм:

  • Их Эзэн 13-р шүлэгт Иосефт юу гэж хэлсэн бэ?

  • Иосеф хэзээ, хэрхэн уг сэрэмжлүүлэгт хариулсан бэ?

  • Эцэг хүн гэр бүлээ хамгаалах гэсэн Иосефын үлгэр жишээг ямар арга замаар дагаж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгосон байх ёстой: Эцэг хүн Их Эзэний зааврыг эрэлхийлэн, дагавал гэр бүлээ илүү сайн хамгаалж чадна.)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний төлөвлөгөөг гүйцэлдүүлэх ёстой

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Хэрэв гэрлэх насанд хүрсэн залуус та нар хараахан гэрлээгүй бол цагаа битгий дэмий үрээрэй. Амьдралаа төвхнүүлж, гал голомтоо бадраахад анхаарлаа төвлөрүүл. Залуу насаа зөв зорилгуудаа биелүүлэхэд зориулж, идэвхтэй амьдар. Залуу эрэгтэйчүүд ээ, номлолд үйлчил. Тэгээд зохистой, мөнхийн ханиа олоход хамаг хүчээ зориул. …

Гэрлэлт нь амин хувиа хичээсэн байдлаа эсвэл зөвхөн өөрийгөө боддог хандлагаа даван туулахад хамгийн тохиромжтой газар юм. Залуудаа гэрлэхийг зөвлөдөг шалтгааны нэг нь өөрчлөхөд хүндрэлтэй зохисгүй зан чанаруудыг эртхэн өөрчлөх боломжтой байдагт оршино” (“Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign, 2011 оны 5-р сар, 95-97, эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган 95–97).

  • Өнөөдрийн дэлхийд залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд гэрлэлтээ хойшлуулахад хүргэх ямар ямар дарамт тулгарч байна вэ?

  • Яагаад бидний дайсан залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг гэрлэлт, үр хүүхэд төрүүлэхэд хөтлөх харилцаанд орохоос анхаарлыг нь сарниулахыг эрэлхийлж байна вэ?

  • Сүмийн удирдагчид яагаад гэрлэлтэд хүргэх харилцааг идэвхтэй эрэлхийлэхийг залуу эрэгтэйчүүдэд тогтмол зөвлөдөг вэ?

(Тайлбар: Энэ хэлэлцүүлгийг хийж байхдаа танай ангид зарим залуу эрэгтэй өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хэзээ ч гэрлэж, эцэг хүн болох боломжгүй байж болох тул энэ сэдэвт болгоомжтой хандана уу.)

Хичээлээ дуусгахдаа суралцагчдынхаа нөхцөл байдлын талаар бод. Та эрэгтэй суралцагчдадаа зөв шударга нөхөр, эцэг болох үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд тэднийг ямар зүйл хийхэд уриалан дуудаж болох вэ? Та бүх суралцагчдаа тэсвэр тэвчээр эсвэл нэг нэгнээ хайрлах хайр зэрэг гэр бүлийнхэнд нь туслах Христийнхтэй адил тодорхой нэгэн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахад урьж болно.

Суралцагчийн унших материал