Институт ба семинар
3-р хичээл: Бидний бурханлаг чадавх


3-р хичээл

Бидний бурханлаг чадавх

Оршил

Тэнгэрлэг Эцэг бидэнд Түүний оршихуйд эргэн очих мөн Түүнтэй адилхан болох боломжийг олгох нэгэн төлөвлөгөө өгсөн. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хүүхдүүд байсан ба үүрд Түүний хүүхдүүд байх болно. Энэхүү энгийн үнэн нь өөрсдийгөө болон ах, эгч, дүү нараа мөн бидний амьдралыг үзэх үзлийг өөрчлөх ёстой” (“Дөрвөн нэр,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70). Суралцагчид өөрсдийн бурханлаг чадавхын талаар сурч мэдсэнээр мөнх бус оршихуйд тулгарах бэрхшээлийг зөв шийдвэрлэж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,”Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–74.

  • Gospel Topics, “Becoming Like God,”lds.org/topics.

Заах зөвлөмж

Эхлэл 1:27; Исаиа 55:8–9; Үйлс 17:29; Еврей 12:9; 1 Иохан 3:1; 4:8–9; 1 Нифай 9:6; 2 Нифай 9:20; Моронай 8:18; Сургаал ба Гэрээ 76:4; 88:41; 130:22

Бид бүгдээрээ Бурханы хүүхэд

Сүмийн гишүүн биш нэг найз нь манай Сүм Тэнгэрлэг Эцэгийн талаар чухам ямар гэж итгэдэг тухай суралцагчдаас асууж байна гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. Суралцагчдаас хэрхэн хариулах байсан талаар цөөн үгээр хуваалцахыг хүс.

Дараах бүлэг судрыг самбар дээр бич эсвэл тэдгээрийг тараах материал болгон тарааж өг.

Эхлэл 1:27; Сургаал ба Гэрээ 130:22

1 Нифай 9:6; 2 Нифай 9:20

Исаиа 55:8; Сургаал ба Гэрээ 88:41

1 Иохан 3:1; 4:8–9

Moронай 8:18; Сургаал ба Гэрээ 76:4

Үйлс 17:29; Еврей 12:9

Суралцагчдад эдгээр багц судраас судлаад, тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгийн тухай юу зааж байгааг олж тогтоох даалгавар өг. Багц судар бүрийг даалгаж өгсөн байх ёстой. Суралцагчдад хангалттай хугацаа гаргаж өгсний дараа Тэнгэрлэг Эцэгийн тухай юу мэддэг эсвэл юу гэж итгэдэг талаар тайлбарлахдаа эдгээр судрын нэг эсвэл түүнээс олныг хэрхэн ашиглах талаар хуваалцахад урь.

  • Тэнгэрлэг Эцэгийн эдгээр шинж чанарыг мэдэх нь Түүнийг шүтэн бишрэхэд тань хэрхэн туслах вэ?

  • Бидний Тэнгэрлэг Эцэг бол мэдрэгдэх яс, махнаас бүрдсэн төгс, амилсан бие махбодтой бодит бие бөгөөд та нарын сүнсний Эцэг гэдгийг мэдэх нь Тэнгэрлэг Эцэг та нарын хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Бурханыг шүтэн бишрэхдээ Тэрээр бидний сүнсний Эцэг гэдгийг мартахгүй байх нь яагаад чухал вэ?. (Ярилцлагын нэг хэсэг болгон Бурхан бол бидний сүнсний Эцэг учраас Түүнтэй адил болох нь бидний бурханлаг чадавх юм гэдгийг онцолж хэл. Түүнчлэн 1909 онд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн [1838–1918] удирдлаган дор Тэргүүн Зөвлөлөөс гаргасан дараах мэдэгдлийг хуваалцах нь тус болж болно: “Бүх эрэгтэй, эмэгтэй хүн бүх хүн төрөлхтний Эцэг, Эхтэй адилхан бөгөөд үнэхээр Бурханы хүү, охид юм” [“Gospel Classics: The Origin of Man,” Ensign, 2002 оны 2-р сар, 29].)

Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийн хуулбарыг тарааж өг. Суралцагчдаас чимээгүй уншаад, Бурхан гэж хэн болохыг ойлгох нь ямар чухал болохыг харуулсан үг хэллэгийг тэмдэглэхийг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй. …

“Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаа билээ! … Хэрэв хөшиг өнөөдөр нээгддэг юм аа гэхэд энэ дэлхийг тойрог замд нь барьж байдаг, бүх ертөнц болон бүх юмсыг Өөрийн хүчээр өргөн барьж байдаг аугаа Бурхан Өөрийгөө харуулах юм бол, хэрэв та нар Түүнийг өнөөдөр харж чаддаг юм аа гэхэд, Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ, яг л хүн шиг, өөрсөдтэй чинь адилхныг та нар харах болно хэмээн би хэлнэ. Учир нь Адам Бурханы хэв загвар, дүр төрх, адил төстэй байдлаар бүтээгдсэн бөгөөд түүнээс заавар хүлээн авч, нэг хүн нөгөөтэйгөө ярьж байгаа лугаа адил Түүнтэй ярилцан, хамт алхалж явсан билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 48).

  • Тэнгэрлэг Эцэгийн хэн болохыг ойлгох нь бидэнд өөрсдийгөө ойлгоход хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид Тэнгэрлэг Эцэгээ ойлгосноор Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ адил болох чадавхаа илүү сайн ойлгоно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бидний дуртай дуунуудын нэг болох ‘Би Бурханы хүүхэд’ дуун дээр заасан санаа ямар хүчтэй болохыг бодож үз [Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас]. … ‘Би хэн бэ?’ гэсэн амьдралын томоохон асуултын нэгнийх нь хариу энд байна. Би тэнгэрлэг эцэг эхтэйгээ сүнсээрээ холбогдсон Бурханы хүүхэд. Тэрхүү эцэг эх маань бидний мөнхийн чадавхыг тодорхойлдог. Тэрхүү хүчирхэг үзэл санаа нь гутрангуй үзлийг эмчлэх хүчтэй эм юм. Энэ нь бидний хүн нэг бүрийг зөв шударга сонголт хийн, өөрийн доторх хамгийн сайн талуудаа олоход хүчирхэгжүүлнэ” (“Powerful Ideas,” Ensign, 1995 оны 11-р сар, 25).

Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:

Би Бурханы хүүхэд гэсэн миний мэдлэг надад … үед тусалж чадна .

Би Бурханы хүүхэд гэсэн миний мэдлэг надад … үед тусалж байсан .

Хэд хэдэн суралцагчийг эдгээр өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих талаар хуваалцахад урь.

Ром 8:16-17; 1 Иохан 3:2; 3 Нифай 12:48

Бидний бурханлаг чадавх

Зарим үед бид хэн нэгнийг “гайхамшигтай чадвартай” гэж сонсдог гэдгийг хэл.

  • Энэ үг ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг судалж, бидний бурханлаг чадавхын талаар суралцахыг хүс: Ром 8:16–17; 1 Иохан 3:2; 3 Нифай 12:48. Та суралцагчдад нөгөө хоёр судрын эшлэлийг эдгээр судар бүрийн хажуу талын зах дээр бичээд, эдгээр судрыг солбицсон эшлэл болгохыг санал болгож болно.)

  • Бурханы зан чанарын тухай судалж мэдсэн судрууд дээрээ үндэслээд, “бид Түүнтэй адил болно” гэсэн үг хэллэг таны хувьд ямар утгатай вэ?

  • Есүс Христийн “хамтран залгамжлагч” болно гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Эцэгийн бие махбодтой Төрсөн Ганц Хүүгийн хувьд Есүс Христ нь Эцэгт буй бүх зүйлийг өвлөн авах эрхтэй. Дуулгавартай байж, Аврагчийн Цагаатгалын бүрэн адислалыг хүлээн авсан хүмүүс Эцэгт буй бүхнийг мөн адил өвлөн авна [Ром 8:14–18; Галат 3:26–29; С ба Г 84:38-ыг үзнэ үү]. Дараах зарчмыг онцол: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь бидэнд Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ илүү адил болох арга замыг өгдөг. Хэдийгээр зарим хүн бид Бурхантай адилхан болж болно гэсэн бидний итгэл үнэмшлийг шүүмжилж болох ч энэхүү итгэл үнэмшил нь Библи дээрх сургаалууд дээр үндэслэгдсэн болно.)

Дараах асуултыг самбар дээр бич.

Ахлагч Даллин Х.Өүкс бидний мөнх бус амьдралын зорилгын тухай юу гэж заасан бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншаад, самбар дээрх асуултын хариултыг ол:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Есүс Христийн сэргээгдсэн сүмийн сургаалд, мөнх бус амьдралын зорилго бол Бурханы хүү, охид хэмээх өөрийн хувь заяанд хүрч, Түүнтэй адил болох явдал билээ. … Библи дээр мөнх бус хүмүүсийг ‘Бурханы хүүхдүүд’, ‘Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид’ (Ром 8:16–17) хэмээн дүрсэлсэн байдаг. Түүнчлэн, ‘Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог юм’ (Ром 8:17) мөн ‘Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно’ (1 Иохан 3:2) хэмээн тунхагласан байдаг. Бид Библийн эдгээр сургаалыг шууд утгаар нь ойлгон, хүлээн авдаг. Бид махан биеийг олж аван, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байснаараа өргөмжлөл буюу мөнхийн амьдрал хэмээн нэрлэгдэх алдаршсан, селестиел байдалд орох эрхийг олж авах нь мөнх бус амьдралын зорилго гэдэгт итгэдэг. … (Мөнх амьдралд хүрэх хувь тавилан буюу Бурханы амьдрал гэдэг нь бурханчлан шүтэх буюу бурханчлал гэх эртний Христийн сургаал ба итгэл үнэмшлийг судалсан бүх хүний мэдэх зүйл билээ.) …

… Бидний бурханлаг байдал нь тэнгэрлэг эцэг эхээс эхэлдэг. Тэдэнтэй адилхан болох нь бидний туйлын зорилго билээ. Эцэгийн энэрэнгүй төлөвлөгөөн дор Эцэгийн Төрсөн Ганц, бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан энэ бүхэнд хүрэх боломжтой” (“Apostasy and Restoration,” Ensign, 1995 оны 5-р сар, 86–87).

(Тайлбар: Та бурханчлан шүтэх болон бурханчлал нь хүн бурхантай адил болох эсвэл бурханлаг байдалд өргөмжлөгдөх боломжтой гэсэн санааг агуулдаг гэдгийг тайлбарлаж болно.)

Суралцагчдын самбар дээрх асуултын хариултыг ярилц. Дараа нь асуу:

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө та нарт Түүнтэй адил болох боломжийг өгдөг гэж бодоход та нарт ямар бодол төрж байна вэ?

  • Бурхантай адил болоход яагаад Христийн Цагаатгал бидэнд хэрэгтэй вэ?

Энэ хэлэлцүүлгийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд дараах мэдэгдлийг суралцагчидтайгаа хамт хэлэлц:

“Хожмын үеийн гэгээнтнүүд Христийн Цагаатгалын ач холбогдлыг, үүнийг боломжтой болгодог хүмүүний хязгааргүй хүчин чадлын талаас нь ойлгодог. Христийн Цагаатгал нүглийг уучлан, үхлийг ялан дийлэх боломжийг олгохоос гадна төгс бус харилцааг аварч, өсөлт хөгжлийг зогсоодог сүнслэг шархыг эдгээн, мөн хувь хүнийг хүчирхэгжүүлж, Христэд байдаг зан чанарыг хөгжүүлэх боломжийг олгодог [Алма 7:11–12-ыг үзнэ үү]. Хожмын үеийн гэгээнтнүүд бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнхийн алдар сууд хүрнэ гэдэгт баттай найдан мөн зөвхөн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, Христийн заавар, жишээг эцсээ хүртэл дагаж байж Түүний Цагаатгалын хүчээс бүрэн дүүрэн хүртэнэ гэдэгт итгэдэг [2 Нифай 31:20; Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү]. Ийнхүү Бурхантай адилхан болж, Түүний алдар суугийн бүрэн байдалд орсон хүмүүсийг ‘өөрийнхөө цус урсгалтаар энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс болох тэд бөлгөө’ [С ба Г 76:69] хэмээн дүрсэлсэн байдаг” [Gospel Topics, “Becoming Like God,” lds.org/topics).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийн хувийг тарааж өг. Хэлсэн үгийг уншаад, өөрсдийн бурханлаг чадавхад хүрч чадна гэх итгэл найдварыг өгсөн санааг тэмдэглэхэд суралцагчдыг урь. Ерөнхийлөгч Угдорф энэ үгийг Ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээр хэлсэн хэдий ч өгөгдсөн санаа нь хүн бүрд хамаатай гэдгийг онцол:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Хамгийн чухал арга замаар бид бүгдийг тодорхойлдог нэг нэр бол Тэнгэрлэг Эцэгийн хүү [охин]. Амьдралд бид хэн ч байсан, юу ч хийдэг байлаа гэсэн бид үнэхээр Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хүүхдүүд байсан ба үүрд Түүний хүүхдүүд байх болно. Энэхүү энгийн үнэн нь биднийг болон ах, эгч, дүү нарыг маань мөн бидний амьдралыг үзэх үзлийг өөрчлөх ёстой. …

Бурханы [хүүхэд] гэдэг нь ямар утгатай болохыг ойлгох үедээ бүтэлгүйтэх нь биднийг сэтгэлээр унахад хүргэдэг. Чөтгөр эдгээр мэдрэмжийг тань ашиглах дуртай байдаг. Сатан та нарыг тэнгэрлэг чадавхаараа биш, харин гэм нүглээрээ өөрсдийгөө тодорхойлохыг тань илүүд үзэж байгаа. Ах нар аа, түүнийг бүү сонс.

Хөлд орж буй хүүхдийг бид бүгд харж байсан. Тэр тэнтэр тунтар алхаж, унаад л, заримдаа бүр уйлдаг. Тэгж чармайсных нь төлөө бид загнадаг бил үү? Мэдээж үгүй. Ямар эцэг дөнгөж хөлд орж буй хүүхдээ шийтгэх вэ дээ? Бид зоригжуулж, урам өгч, алгаа ташин, магтдаг. Учир нь алхах бүрдээ тэр жаахан хүүхэд эцэг эхтэйгээ илүү адил болдог.

Одоо ах нар аа, үүнийг Бурханы төгс төгөлдөр байдалтай харьцуулбал, мөнх бус бид эв дүйгүй хөлд орж байгаа хүүхдээс ялимгүй л илүү юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнтэй илүү адилхан болоосой гэж хүсдэг ба хайрт ах нар минь, бас энэ нь бидний мөнхийн зорилго байх ёстой. Биднийг агшин зуурт биш, харин алхам алхмаар ахиж дэвшсээр Түүнтэй адилхан болно гэдгийг Бурхан мэддэг” (“Дөрвөн нэр,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70-71 ).

  • Эдгээр мөнхийн үнэнийг санаж байх нь бурханлаг чадавхдаа хүрэхэд тань хэрхэн туслах вэ?

  • Эдгээр үнэнийг санаж байх нь гэр бүлийнхээ гишүүдэд хандах таны хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

  • Эдгээр үнэний тухай таны мэдлэг нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ талаарх мэдээллийг судлан, тэдний төлөө ариун сүмийн ёслолыг хийлгэх хүсэл эрмэлзэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг хичээл дээр сурч, мэдэрсэн зүйлээ дараагийн долоо хоногийн турш гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцахад урамшуулан дэмж. Түүнчлэн тэд өдөр бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд гэдгээ мөн энэ үнэнийг ухамсарлан санаж байх нь хэрхэн тэдний үйлдэлд нөлөөлж байгааг тэмдэглэхээр төлөвлөж болох юм.

Суралцагчийн унших материал