Институт ба семинар
17-р хичээл: Өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлиг


17-р хичээл

Өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлиг

Оршил

Өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлиг нь Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг бөгөөд өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. Энэ хичээл нь суралцагчдад залбиран, Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийлж, амьд бошиглогчдын үгийг судалснаар энэ дэлхийд хүүхдүүдийг авчрах шийдвэр гаргахдаа удирдамж авах боломжтой гэдгийг ойлгоход туслах болно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31

  • Рассэлл М.Нэлсон, “Abortion: An Assault on the Defenseless,” Ensign, 2008 оны 10-р сар, 32-37

Заах зөвлөмж

Эхлэл 1:27–28; 9:1; 35:11

Хүүхэд төрүүлэх тушаал хүчинтэй хэвээр байна

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн дараах мөрүүдийг самбар дээр бич:

“Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь тэд эхнэр нөхрийн хувьд эцэг эх болж чадах боломжийн талаар байлаа. Өдгөө бид Бурханы хүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээн өгсөн зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна.”

Хичээлийг дараах асуултуудаар эхэл:

  • Энэ хоёр өгүүлбэрийг эргэцүүлэхэд танд ямар бодол төрсөн бэ?

Суралцагчдыг Эхлэл 1:27-28, 9:1, 35:11 дээрээс, өсөн үржиж, дэлхийг дүүргэ хэмээх Бурханы тушаал хүлээн авсан хүмүүсийн нэрийг олж мэдэхэд урь. Та мөн суралцагчдыг эдгээр эшлэлийг судар дээрээ судрын хэлхээ болгож холбон тэмдэглэхэд урамшуулж болно. Энэ тушаал сайн мэдээний эрин үе болгонд өгөгдөж байсан гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг бататга.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Бурханы эдгээр сүнсэн хүүхдэд зуурдын бие махбодыг өвлүүлэн үлдээх онцгой эрх, боломж нь эхнэр, нөхрүүдэд байдаг титэм лүгээ адил нэр хүндийн асуудал юм. Бид гэр бүл, хүүхэдтэй байхад итгэдэг.

Гэр бүлд хүүхэд төрөхөд эхнэр, нөхөр хоёр нь хүүхдүүдийг дэлхийд авчрах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлдэг” (“Хүүхдүүд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32).

Дараах зарчмыг хэлэхдээ, энэ хэлсэн үгийн сүүлчийн өгүүлбэрийг онцлон хэл: Эхнэр, нөхөр хоёр дэлхий дээр хүүхдүүдийг авчрахдаа Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг биелүүлж байгаа хэрэг юм. Самбар дээрх өгүүлбэрүүдэд тэдний анхаарлыг хандуулаад, асуу:

  • Их Эзэн яагаад эрин үеийн бошиглогчдоороо дамжуулан “өсөж үржин, дэлхийг дүүргэ” гэсэн тушаалаа энэ эрин цаг үед дахин өгсөн гэж та нар бодож байна вэ? (Та 1960 оноос хойш Америкийн Нэгдсэн Улс дахь гэрлэсэн эмэгтэйчүүдийн төрөлт 45 хувиар буурсан гэдгийг жишээ болгож суралцагчдад хэлж болно.)

  • Гэрлэсэн хүмүүсийн хувьд цөөн хүүхэдтэй байх хандлага газар авч байгаагийн шалтгаан юу байж болох вэ? (Санхүүгийн боломж тааруу, сургуулиа төгсгөх хэрэгтэй байгаа, ажил мэргэжлээ эхлүүлэхийг хүлээж байна гэх зэрэг хариулт байж болно.)

  • Өөрийн хүүхдүүдэд өгсөн Бурханы төлөвлөгөөг ойлгох нь эхнэр, нөхөр хоёрт хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд хэрхэн тусалдаг вэ?

Эхнэр, нөхрүүд хүнд хэцүү цаг үед ч хүүхэд төрүүлэх зарлигийг дагах боломжийг тэдэнд олгох адислалыг Бурханаас хүлээн авах болно гэдгийг тайлбарла. Ахлагч Нийл Л.Андэрсэны ярьснаар, Далын ахлагч Жэймс О.Мэсоний дараах туршлагыг хуваалц:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Ахлагч Мэсонд гэрлэснээсээ ердөө хэдхэн долоо хоногийн дараа гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа эрэмбэлж дараалуулахад нь тусалсан нэгэн явдал тохиолджээ. Тэрээр:

“‘Марий бид хоёр намайг анагаахын сургуулиа дүүргэх боломжтой болгохын тулд Марий ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй юм байна гэж тооцоолон ярьж байлаа. Энэ нь бид хоёрын [хүсэж байсан] зүйл биш байсан боловч бид дараа хүүхэдтэй болж болно гэж үзэв. Би [эцэг эхийнхээ гэрт Сүмийн нэг сэтгүүл үзээд сууж байхдаа] тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсан Спэнсэр В.Кимбаллын бичсэн гэрлэлттэй холбоотой үүрэг хариуцлагуудыг онцгойлсон нэгэн өгүүлэл уншсан юм. Ахлагч Кимбаллын бичсэнээр, ариун нандин нэг чухал үүрэг бол өсөж үржин, дэлхийг дүүргэх явдал байлаа. Манай эцэг эхийнх Сүмийн захиргааны байрны ойролцоо байрладаг байсан юм. Би өгүүллийг уншингуутаа, гучин минутын дотор тэр албан байгууллага руу шууд очиж, ахлагч Спэнсэр В.Кимбаллын ширээний эсрэг талд суусан байв. (Өнөөдөр ингэх нь тийм ч хялбар биш болсон.)

“‘Би түүнд эмч болохыг хүсэж байгаагаа тайлбарлав. Гэр бүлтэй болохоо хойшлуулахаас өөр сонголт байгаагүй билээ. Ахлагч Кимбалл тэвчээртэй гэгч нь сонсоод, намуухан зөөлөн дуугаар “Мэсон ах аа, Их Эзэн таныг эмч болгохын тулд Өөрийнхөө нэгэн чухал зарлигийг зөрчөөсэй хэмээн хүсэх болов уу? Та Их Эзэний тусламжтайгаар гэр бүлтэй болж, мөн эмч ч болох боломжтой. Таны итгэл хаа байна вэ?”’ гэжээ.

“Ахлагч Мэсон үргэлжлүүлэн ярихдаа: ‘Манай анхны хүүхэд энэ явдлаас хойш жил хүрэхгүй хугацаанд төрсөн. Марий бид хоёр маш шаргуу ажилласан бөгөөд Их Эзэн тэнгэрийн цонхыг нээж өгсөн юм’ хэмээн хэлэв. Мэсоний гэр бүлийнхэн түүнийг дөрвөн жилийн дараа анагаахын сургуулиа төгсөхөөс өмнө дахиад хоёр хүүхэдтэй болсон ажээ” (“Children,” 29).

  • Энэ туршлагаас чухам юу нь та нарын сэтгэлийг хөндсөн бэ?

Гэрлэх нь хүүхэд төрүүлэх зарлигийг дагахын чухал хэсэг байдаг гэдгийг онцлон хэл. Гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг унш:

“Хүүхдүүд нь гэр бүлд төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй.”

  • Хүүхдүүд “гэр бүлд” төрөхөд ямар ямар давуу тал байдаг вэ?

  • Энэ дэлхийд хүүхдүүдийг авчирснаар Тэнгэрлэг Эцэгт төлөвлөгөөгөө гүйцээхэд туслах ямар бодол, мэдрэмж та нарт төрж байна вэ?

1 Нифай 15:11; Сургаал ба Гэрээ 29:6

Их Эзэний удирдамжийг эрэлхийл

Ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Хэзээ хэдэн хүүхэдтэй болох нь эхнэр, нөхөр, Их Эзэн гурвын хооронд хийсэн хувийн шийдвэр байдаг. Энэ нь чин сэтгэлээсээ залбирч, агуу итгэлийнхээ дагуу үйлдэх ариун нандин шийдвэр байдаг” (“Children,” 28; налуу бичилт нэмэгдсэн).

  • Эдгээр шийдвэрийг гаргахдаа “агуу итгэлийнхээ дагуу үйлдэх” ёстой гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Суралцагчдаас 1 Нифай 15:11 мөн Сургаал ба Гэрээ 29:6-г судлаад, эхнэр, нөхрүүд хэзээ хэдэн хүүхэдтэй болох талаарх асуултын хариуг эрэлхийлж байх үедээ ашиглаж болох зарим зарчмыг олж мэдэхийг хүс.

  • Та нар эдгээр шүлгээс хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд эхнэр, нөхрүүдэд тусалж чадах ямар зарчмыг олж мэдсэн бэ? (Дараах зарчмыг онцлон хэл: Эхнэр, нөхрүүд итгэлээ хэрэгжүүлж, залбирлаар Их Эзэнийг эрэлхийлэх үед Тэрээр тэднийг хүүхэд төрүүлэх талаарх шийдвэр гаргахад нь удирдан чиглүүлэх болно.)

  • Эхнэр, нөхрүүд иймэрхүү асуудал дээр Их Эзэнтэй зөвлөлдөх нь яагаад чухал вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Гэр бүлийн хос хэдэн хүүхэдтэй байх ёстой вэ? Асарч халамжилж чадахынхаа хэрээр! Хүүхдүүдээ асарч халамжилна гэдэг нь тэднийг төрүүлэхээс илүү утга учиртай гэдэг нь мэдээжийн хэрэг. Хүүхдүүдийг хайрлаж, асарч, хооллож, хувцаслан, орон гэрээр хангаж, тэдэнд зааж; ирээдүйд сайн эцэг эх болох чадварыг нь хөгжүүлэх суурийг тавих ёстой” (“The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар, 75).

  • Ахлагч Өүксийн заасан зүйл хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд нь гэр бүлийн хосод хэрхэн тусалж болох вэ?

Энэ хичээлийн үеэр амьдралдаа эцэг эх болох боломжгүй байж магадгүй суралцагчдад тун болгоомжтой хандаарай. Ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үг тустай байж болно:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Хүүхэд төрүүлэх нь … гэрлэсэн боловч сэтгэл зовнин хүлээж байгаа, хүүхдээ төрүүлэх боломжгүй зөв шударга гэр бүлийн хосуудын хувьд, мөн өнөр гэр бүлтэй байхыг хүсдэг ч цөөхөн ам бүлтэй гэр бүлээр адислагдсан эхнэр, нөхрийн хувьд зүрх шимшрүүлэм сэдэв байж болох юм.

“Бид бидний мөнх бус оршихуйн саад бэрхшээл болгоныг үргэлж тайлбарлах боломжгүй. Заримдаа амьдрал ялангуяа бидний хамгийн агуу хүсэл болох Их Эзэний зарлигласныг хийхээр байгаа үед ч шударга бус байгаа мэт санагддаг. Би Эзэний үйлчлэгчийн хувьд тэрхүү амлалт гарцаагүй гэдгийг батлан хэлье: ‘Энэ амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан мөнхийн гэрлэлт ба эцэг эх болох адислалыг хүлээн авах боломжгүй байгаа итгэлтэй гишүүд Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахих юм бол амлагдсан бүх адислалыг мөнх амьдралдаа хүлээн авах болно’ [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.3.3]” (“Хүүхдүүд,” 30).

Дуулал 127:3; Сургаал ба Гэрээ 59:6

Амьдралын үнэт чанар

Нэг суралцагчаас Дуулал 127:3-5-ыг чанга уншихыг хүс.

  • “Хүүхдүүд Их Эзэний өв” гэдэг нь ямар утгатай вэ? (Хүүхдүүд Бурханаас өгсөн бэлэг байдаг.)

Гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг унш: “Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх амьдралын цэвэр ариун байдал, түүний ач холбогдлын чухлыг бид батлан хэлж байна.” Дараах зарчмын талаар гэрчил: Бид хүүхдүүдийг Бурханы бэлэг хэмээн ойлгох үедээ тэдний амь амьдралын үнэт чанарыг илүү сайн ойлгодог. Дэлхийн олон газарт үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд жил болгон хэдэн сая үр хөндөлт хийгддэг. Суралцагчдыг үр хөндөлтийн талаарх Сүмийн бодлого журмыг ойлгоход нь туслахын тулд дараах хэлсэн үгийг хуваалцаад, тэднээс үр хөндөлтийг зөвтгөж болох нөхцөл байдлуудыг сонсохыг хүс:

“Хүмүүний амьдрал Бурханаас өгсөн ариун нандин бэлэг юм. Хувийн болон нийгмийн үзэл бодлоор үр хөндүүлэх нь Бурханы хүсэл, зарлигт харш билээ. … Хожмын үеийн бошиглогчид үр хөндөлтийг буруушаадаг бөгөөд Их Эзэний ‘Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй’ хэмээн тунхагласныг дурддаг (С ба Г 59:6). Тэдний зөвлөгөө энэ асуудал дээр тун тодорхой байдаг: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд үр хөндөхөд оролцох, гүйцэтгэх, зохион байгуулах, мөнгө төлөх буюу зөвшөөрөл өгч, дэмжиж болохгүй. Үр хөндөлтийг аливаа байдлаар дэмжсэн гишүүдийг Сүмийн сахилгын хурлаар авч хэлэлцэх ёстой.

“Сүмийн удирдагчид жирэмслэлт нь цус холилдсон эсвэл хүчиндүүлсэн, эхийн амь нас эсвэл эрүүл мэндэд онцгой аюул учруулсан эсвэл ноцтой гаж согогтойн учир үр хөрвөл нь төрсний дараа амьдрах боломжгүй гэдгийг чадварлаг эмч нар тогтоосон зэрэг тохиолдолд үр хөндөлтийг зөвтгөх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ эдгээр шалтгаан ч үр хөндөлтийг шууд зөвтгөх боломжгүй. Эдгээр нөхцөл байдал тулгарсан хүмүүс үр хөндөлтийн талаар зөвхөн орон нутгийнхаа Сүмийн удирдагчидтай зөвлөлдөж, чин сэтгэлийн залбирлаар дамжуулан баталгаа хүлээн авах ёстой” (Gospel Topics, “Үр хөндөлт,” lds.org/topics).

  • Ямар нөхцөл байдалд үр хөндөлтийг зөвтгөж болох вэ?

  • Эдгээр нөхцөл байдал байгаа ч үр хөндөлтийн талаар бодож байгаа хүмүүс ямар зөвлөгөөг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

Үр хүүхдээ бусдад өргүүлж үрчлүүлэх нь үр хөндөлт шиг хувиа хичээсэн сонголт биш гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд дараах мэдэгдлийг хуваалц:

“Бид эцэг эх бүхий тогтвортой гэр бүлд хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа гэрлээгүй эцэг эхчүүдийг дэмжиж байдгаа … илэрхийлж байна. Бид түүнчлэн эдгээр хүүхдийг үрчилж байгаа эцэг эхчүүдийг дэмждэгээ илэрхийлж байна.

“… Эцэг, эхтэйгээ аюул осолгүй байж, асруулан халамжлуулдаг, тогтвортой харилцаанд байх нь хүүхдийн сайн сайханд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Гэрлээгүй эцэг эх үр хүүхдээ үрчлүүлэх сонголтыг хийхдээ хүүхдүүддээ энэхүү хамгийн чухал адислалыг олгож байдаг. Хүүхдээ үрчлүүлэх нь уг хүүхдийг төдийгүй төрсөн эцэг эх ба үрчилж байгаа эцэг эхийг бүгдийг энэ амьдралд болоод мөнхөд адисалдаг хайр шингэсэн, амин хувиа хичээгээгүй шийдвэр байдаг” (First Presidency statement, 2006 оны 10-р сарын 4, Ensign, 2008 оны 10-р сар, 37-д эш татсан).

Та энэ хичээлийн төгсгөлд таны амьдралд хүүхдүүдийг авчирсан баяр баяслын тухай гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг энэ дэлхийд хүүхдүүдийг авчрах ариун нандин боломжинд зохистойгоор бэлтгэхэд урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал