Институт ба семинар
1-р хичээл: Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ


1-р хичээл

Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ

Удиртгал

Мормоны Номон дээрх сургаал, номлолыг судалдаг хүмүүс Есүс бол Христ гэдгийг мэдэх болно. Энэ хичээлээр, суралцагчид уг номын гол зохиогчид нь Бурханы Хүүг нүдээрээ харсан гэрчүүд бөгөөд тэдний үгс Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх бидний гэрчлэл, ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусалдаг гэдгийг мэдэж авна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Гордон Б.Хинкли, “A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сар, 2–6.

  • “The Book of Mormon—Keystone of Our Religion,” chapter 9 in Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 125–35.

Заах зөвлөмж

1 Нифай 13:40; 2 Нифай 25:17–18; Алма 33:22–23

Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Мормоны Номын удиртгал).

  • Та бошиглогчдын Мормоны Номын талаарх чухам ямар мэдэгдлийн талаар гэрчлэлтэй вэ? Мөн яагаад ийм гэрчлэл танд байдаг вэ?

  • Бошиглогчийн мэдэгдэл хэрхэн танд Мормоны Номыг судлахсан гэсэн сэдлийг төрүүлдэг вэ?

Суралцагчдыг Мормоны Номын Удиртгалын зургаадугаар догол мөрөн дээрх өгүүлбэрийг судар дээрээ тэмдэглэж авахад уриад, хажууд нь 1 Нифай 13:40 ба 2 Нифай 25:17–18-ыг солбицсон эшлэлүүд болгон бичихийг санал болго. (Тайлбар: Солбицсон эшлэл бичих нь энэ хичээлийн туршид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байж болох судар судлах чадвар юм. Суралцагчид судар судлах чадвараа хүчирхэгжүүлснээр сүнслэг байдлаараа илүү бие даасан болдог.

Ангийнхныг Мормоны Номын үндсэн зорилгыг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 13:40 ба 2 Нифай 25:17–18-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр Мормоны Номын үндсэн зорилгын нэг нь юу вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бурхан бүх хүнийг Есүс бол Христ гэдэгт итгүүлэхийн тулд хожмын өдрүүдэд Мормоны Номыг авчирсан. [Мормоны Номын нүүр хуудсыг мөн үзнэ үү.])

  • Мормоны Ном нь Есүс бол Христ гэдэгт хэрхэн хүмүүсийг итгүүлдэг вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдыг дотроо уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Орчин үеийн Христийн ертөнцийн ихэнх хэсэг Аврагчийн бурханлаг мөн чанарыг үгүйсгэж байна. Тэд Түүний гайхамшигт төрөлт, төгс амьдрал, алдар суут Амилалтын үнэн бодит байдалд эргэлзэж байна. Мормоны Ном эдгээр бүх үнэний тухай энгийн бөгөөд эргэлзэх аргагүйгээр заадаг. Түүнээс гадна энэ ном Цагаатгалын тухай сургаалын хамгийн бүрэн гүйцэд тайлбарыг өгдөг юм. Үнэндээ, энэхүү бурханлагаар нөлөөлөгдсөн ном нь Есүс бол Христ гэдгийг дэлхий дахинд гэрчлэх тулгуур чулуу мөн болой” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 129–30).

  • Мормоны Номонд үнэн бодит гэдгийг нь баталсан Есүс Христийн амьдрал ба номлолын ямар жишээнүүд байдаг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Би [Мормоны Номыг] маш олон удаа уншсан. Би мөн энэ номын талаар бичигдсэн олон зүйлийг уншиж байсан. Зарим зохиолч уг номын түүхүүд, хүмүүс эсвэл түүхэн үйл явдлын талаарх өгүүллүүдэд анхаарал хандуулсан байдаг. Бусад нь уг номын хэлний бүтэц эсвэл зэр зэвсэг, газар зүй, ан амьтан, барилга байгууламжийн техник арга барил эсвэл жин, хэмжүүрийн системийг сонирхдог.

“Хэдийгээр эдгээр зүйл сонирхолтой байж болох ч уншигч Мормоны Номын Есүс Христийг гэрчлэх гэсэн үндсэн зорилгод анхаарлаа хандуулах аваас юунаас ч илүү том шан харамжийг хүртэх юм. Үүнтэй харьцуулахад, өөр бусад ямар ч зүйл чухал байж чадахгүй.

“Та Мормоны Номыг уншихдаа эхний бүлгээс эцсийн бүлэг хүртэл уг номын гол дүр болох Их Эзэн Есүс Христ, Амьд Бурханы Хүүд анхаарлаа хандуулаарай” (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, 1999 оны 11-р сар, 69).

  • Яагаад Мормоны Номон дээрх бусад бүх захиасаас Есүс Христийн тухай захиаст илүү их анхаарал хандуулах нь чухал гэж та бодож байна вэ?

Бошиглогч Алма Аврагчийн тохинууллын тухай зорамчуудад заасныхаа дараа (Алма 33:22-ыг үзнэ үү) сонсогчдодоо Бурханы үгийг зүрх сэтгэлдээ ургуулахаар тарихад урьсан байдаг. Суралцагчдыг Алма 33:22–23-ыг дотроо уншаад, Алмагийн сонсогчдодоо зүрх сэтгэлдээ “тарихад” урамшуулсан үнэнүүдийг олж тогтооход урь.

  • Алма сонсогчдодоо зүрх сэтгэлдээ ямар захиасыг тариасай гэж хүссэн бэ?

  • Хэрэв тэд Есүс Христийн тухай эдгээр итгэл үнэмшлийг тарьж мөн арчлах аваас ямар үр дүнд хүрнэ гэж Алма амласан бэ? (Тэдний гэрчлэл “үүрдийн амьдралд” нахиалж; үүрэг нь хөнгөн байх болно.)

  • Мормоны Номыг судлах нь танд Алмагийн дүрсэлсэн адислалуудыг хүлээн авахад хэрхэн тусалсан бэ?

1 Нифай 6:4; 2 Нифай 11:2–3; Иаков 1:7–8; Мормон 1:15; 3:20–22; Ифер 12:38–39, 41

Мормоны Номын бичээчид бол Есүс Христийг өөрийн нүдээр харсан гэрчүүд юм

Мормоны Номын ихэнх хэсгийг дөрвөн гол зохиогч бичсэн гэдгийг тайлбарла: Нифай, Иаков, Мормон, Моронай нар (Инос, Жером, Омнайн номыг үл тооцвол.)

Дараах хүснэгтийг самбар дээр зур. Суралцагчдад эдгээр дөрвөн бичээчийн талаар олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг дараах судрын хэсгүүдээс нэгийг сонгож, дотроо уншихад урь. Тэднээс чухам юу уг бичээчдийг Есүс Христийн хүчирхэг гэрч байх эрхтэй болгосныг асуу.

Бичээч

Туршлага

1. Нифай

2 Нифай 11:2

2. Иаков

2 Нифай 11:3

3. Мормон

Мормон 1:15

4. Моронай

Ифер 12:38-39

Суралцагчдад эдгээр дөрвөн судрын хэсэг бүрээс сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Дараа нь асуу:

  • Яагаад Мормоны Номын гол бичээчид нь Есүс Христийг өөрийн нүдээр харсан гэрчүүд гэдгийг ойлгох нь чухал вэ? (Энэ асуултын талаар ярилцаж байхдаа суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Бид Мормоны Номыг судалснаар Есүс Христийг харсан, мэддэг болсон хүмүүсээс Есүс Христ ба Түүний номлолын тухай мэдэж авдаг. Түүнчлэн та Мормоны Номын орчуулагч Иосеф Смит ч мөн адил Есүс Христийг нүдээрээ харсан гэрч байсан гэдгийг онцолж болно.)

Дараах маягаар самбар дээрх хүснэгтэд гурав дахь баганыг нэм:

Бичээч

Туршлага

Зорилго

1. Нифай

2 Нифай 11:2

1 Нифай 6:4

2. Иаков

2 Нифай 11:3

Иаков 1:7-8

3. Мормон

Мормон 1:15

Moрмон 3:20-22

4. Моронай

Ифер 12:38-39

Ифeр 12:41

Суралцагч бүрээс гурав дахь баганан дахь судрын хэсгүүдээс нэгийг дотроо уншаад, бичээч бүрийн захиасаа бичсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Мормоны Номын эдгээр бичээч яагаад захиасаа цэдэглэсэн бэ?

  • Яагаад эдгээр бичээч бусдыг Христэд ирэхэд урихыг тэгж их хүсэж байсан гэж та бодож байна вэ?

  • Тэдний Христэд ирэх урилга танд хэрхэн хамаатай вэ? Танд эдгээр урилгыг тунгаан бодоход ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

2 Нифай 33:1–2, 4–5, 10–11

Мормоны Ном бидэнд Есүс Христэд итгэхэд тусалдаг

Тоолж баршгүй олон хүний амьдрал Мормоны Номын талаарх тэдний гэрчлэлээр дамжуулан өөрчлөгдсөн байхад, зарим хүн уг номын үнэн, бодит байдлын талаарх эргэлзээтэйгээ тэмцэлдэж байдаг гэдгийг тайлбарла.

  • Та Мормоны Номын тухай гэрчлэлтэй болж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь хэн нэгэнд туслахын тулд ямар зөвлөгөө өгөх вэ?

Ангийнхан Мормоны Номын захиасыг хүмүүний зүрх сэтгэлд хүргэдэг хүчийг хайж байх хооронд нэг суралцагчаас 2 Нифай 33:1–2-ыг чанга уншихыг хүс.

  • Нифай чухам ямар хүч түүний захиасыг хүмүүний зүрх сэтгэлд хүргэх боломжийг олгодог гэж хэлсэн бэ? (Ариун Сүнсний хүч.)

  • Нифай Ариун Сүнсийг хүлээн авахад зарим хүнд юу саад болдог гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг эдгээр шүлэгт заасан зарчмыг хэлж, ярилцахад урь. (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход нь тусал: Бид Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулахгүй байгаа цагт Ариун Сүнс Мормоны Номын захиасыг бидний зүрх сэтгэлд хүргэх болно. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Суралцагчдад 2 Нифай 33:4–5-ыг судлаад, Мормоны Номыг судалснаар хүлээж авч болох нэмэлт адислалуудыг олж мэдэх хугацаа гаргаж өг. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Далын ахлагч Л.Витни Клэйтоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Л.Витни Клэйтон

“[Бид] Аврагчийн тэнгэрлэг бодит байдалд … зүрх сэтгэлээ нээхийг сонгох ёстой. … Бурхан биднийг итгэ гэж хүчилдэггүй. Харин Тэрээр бидэнд заах амьд бошиглогч, төлөөлөгчдийг илгээн, судруудыг бэлдэж өгч, Өөрийн Сүнсээр дамжуулан биднийг дуудсанаар биднийг итгэхэд урьдаг. … Итгэхийг сонгох шийдвэр нь бидний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Энэ нь бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг” (“Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 4-р сар, 38 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21).

  • Мормоны Номын бичээчдийн Есүс Христэд итгэх урилгыг хүлээн авах нь хэрхэн бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг вэ?

Ангийнхан Нифайн хэрхэн өөрийнх нь үгэнд итгэх ба Есүс Христэд итгэх хоёрын хоорондын уялдаа холбоог тайлбарласныг хайж байх хооронд нэг суралцагчийг 2 Нифай 33:10–11-ийг чанга уншихад урьж, хичээлийг үргэлжлүүл.

  • Нифайн хэлснээр, түүний үгэнд итгэх, Есүс Христэд итгэх хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

  • Нифай түүний үгсийг эсэргүүцэх хүмүүст “эцсийн өдөр” юу тохиолдоно гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэднийг Есүс Христэд илүү ойртоход тусалсан тухай гэрчлэлээ хуваалцахад урь.

Суралцагчийн унших материал