Институт ба семинар
19-р хичээл: Шашны эрх чөлөөг хамгаалах нь


19-р хичээл

Шашны эрх чөлөөг хамгаалах нь

Оршил

Шашны эрх чөлөө нь өөрсдийн сонголтоор итгэж, үйлдэх мөн өөрөө өөрийгөө тодорхойлж, ухамсрынхаа дагуу амьдрахын зэрэгцээ бусдын эрхийг хүндэтгэх ариун дархан эрх юм (С ба Г 134:4-ийг үзнэ үү). Энэ хичээлээр, суралцагчид Мормоны Номонд хувь хүн, бүлэг хүмүүс Бурханы Сүмийг түлхэн унагааж, шашны эрх ба эрх чөлөөг нураахыг эрэлхийлсэн тухай түүхүүдийг нягтлан үзэх юм. Шашны эрх чөлөөг өнөөдөр хадгалан хамгаалах хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануулах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” Ensign, 2015 оны 5-р сар, 111-113 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100-103.

  • Даллин Х.Өүкс, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны 2-р сар, 24-31.

  • “Why We Need Religious Freedom,” mormonnewsroom.org/article/why-religious-freedom.

  • “An Introduction to Religious Freedom,” mormonnewsroom.org/article/introduction-religious-freedom.

Заах зөвлөмж

Moзая 29:10–11, 16–18, 25–26, 32; Aлма 30:7–9

Сонгох эрх ба шашны эрх чөлөөний ач холбогдол

Бид дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэр дэх Зөвлөгөөнд оролцсон гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас энэ зөвлөгөөний үндсэн зорилго, гарсан үр дүнгээс заримыг хуваалцахыг хүс. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, чанга унш:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мөнх бус байдлын өмнөх зөвлөгөөн дээрх гол зүйл нь: Бурханы хүүхдүүд сайн, хилэнцэт аль нь ч бай өөрсдийн дагах замыг сонгох эрхтэй байх уу эсвэл албадлага, шахалтаар дуулгавартай байх уу? гэсэн асуудлыг хэлэлцсэн явдал юм. Христ ба Түүний бүх дагагч эхний санал буюу сонгох эрх чөлөөг дэмжсэн бөгөөд Сатан хоёр дахь санал буюу албадлага, шахалтыг дэмжиж байсан” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 60–61).

“Судруудад тэнгэрт агуу их дайн, эрх чөлөөний зарчим буюу сонгох эрхийн хоорондын тэмцэл болсон гэдгийг тодорхой тусгасан байдаг” (Teachings: Ezra Taft Benson, 61).

“Энэ асуудлаас болж тэнгэрт эхэлсэн дайн дуусаагүй байгаа билээ. Уг зөрчилдөөн нь мөнх бус байдал гэх дайны талбарт үргэлжилсээр байна” (Teachings: Ezra Taft Benson, 61).

  • Та мөнх бус байдлын өмнө үүссэн эрх чөлөө ба сонголтын хоорондын зөрчилдөөн мөнх бус байдалд үргэлжилсээр байгаа гэсэн ямар нотолгоог харсан бэ?

  • Яагаад Сатан эрх чөлөөг устгахыг эрэлхийлдэг гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873–1970) дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

Зураг
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй

“Амьдралыг удирдан чиглүүлэх эрх нь амьдрал хэмээх бэлгийг эс тооцвол, хүн төрөлхтөнд өгсөн Бурханы хамгийн агуу бэлэг юм” (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 208).

Лихайг амлагдсан нутагт ирснээс хойших хэдэн зууны турш нифайчуудыг хаад удирддаг байсан гэдгийг суралцагчдад сануул. Гэхдээ Мозая хаан засгийн газрын шинэ тогтолцоог бий болгохыг санал болгосон. Суралцагчдаас Moзая 29:10–11, 16–18, 25–26-г судлаад, яагаад Мозая засгийн газрын шинэ тогтолцоог санал болгосныг олж мэдэхийг хүс.

  • Мозая засгийн газрын шинэ тогтолцоог бий болгох хүсэлтэй байгаа тухай ямар шалтгаануудыг өгсөн бэ?

Суралцагчдад шүүгчдийн засаглал нь нифайчуудын нийгэмд эрх чөлөөг хадгалахад тохиромжтой, шаардлагатай байсан гэдгийг тайлбарла. Өөр нийгмүүд засгийн газрын өөр тогтолцоотой байсан ч гэсэн эрх чөлөөг бий болгон хадгалахыг мөн адил эрэлхийлж байсан. Ангийнхныг Мозая хүмүүсийнхээ эрх чөлөөг хадгалахыг хүссэн шалтгааныг хайж байх хооронд нэг суралцагчаас Мозая 29:32-ыг уншихыг хүс.

  • Яагаад нифайчуудын эрх чөлөөг хадгалах шаардлагатай байсан бэ?

  • Бидний эрхийг хадгалан хамгаалах нь хэний үүрэг вэ? Хэрхэн ийнхүү хамгаалж болох вэ?

Хувь хүний эрх чөлөө нь улс орны хуулийг дуулгавартай дагах зарчмаас давамгайлах ёсгүй гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Алма 30:7–9-ийг судлаад, нифайчуудын засгийн газраас батлан гаргасан эрхүүдээс нэгийг олж тогтооход урь.

Та Их Эзэн бусдыг Бурханд шүтлэгтэй эсвэл шүтлэггүй гэдэгт үндэслэн ялгаварлан гадуурхахыг хориглодог гэдгийг судрын энэ хэсэг харуулдаг болохыг тайлбарлах хэрэгтэй байж болох юм (мөн С ба Г 134:4-ийг үзнэ үү).

  • Шашны эрх чөлөөг хамгаалах нь нийгэмд хэрхэн үр өгөөжтэй вэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг дараах мэдэгдлийг уншихад урь:

“Шашны эрх чөлөө буюу ухамсрын эрх чөлөө нь олон үндэстнээс бүрдсэн нийгмийн тогтвортой байдалд амин чухал юм. Энэ нь өөр өөр шашинд цэцэглэн хөгжих боломжийг олгодог. Шашны эрх чөлөө нь шүтлэгтэй эсвэл шүтлэггүй байхаас үл хамааран бүх бүлэг, хувь хүн, тэр ч байтугай хамгийн эмзэг хэсгийн эрхүүдийг хамгаалдаг” (“Religious Freedom,” mormonnewsroom.org/official-statement/religious-freedom).

Суралцагчдад шашны эрх чөлөөний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд шашны эрх чөлөөний дараах дөрвөн чухал онцлог чанарт найдаж, тэдгээрийг хамгаалах ёстой.

Нэг дэх чухал онцлог нь итгэх эрх чөлөө юм. …

“Хоёр дахь чухал онцлог нь өөрсдийн итгэл бишрэлийн талаар бусадтай хуваалцах эрх чөлөө юм. …

“Гурав дахь чухал онцлог нь шашны байгууллага, сүмийг байгуулж, бусадтай хамт энх тайвнаар шүтэн бишрэх эрх чөлөө. …

“Дөрөв дэх чухал онцлог нь итгэлийнхээ дагуу амьдрах буюу гэр орон, сүмд төдийгүй олон нийтийн газарт итгэлээ чөлөөтэй ашиглах эрх чөлөө юм” (“Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” Ensign, 2015 оны 5-р сар, 112 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101).

Дараах үгсийг самбар дээр бичиж, энэ дөрвөн чухал онцлогийг хураангуйл:

Итгэх, хуваалцах, зохион байгуулах, амьдрах эрх чөлөө.

  • Энэ дөрвөн чухал онцлогийн аль нэгийг хязгаарлах нь хэрхэн сүнслэгээр өсөж хөгжих боломжийг боогдуулах вэ?

  • Шашны эрх чөлөөний эдгээр бүрэлдэхүүн хэсэг хэрхэн таны амьдралд нөлөөлсөн бэ?

Aлма 2:1–10, 12, 27–28; 44:1–5; 46:4–5, 10–16, 19–22

Шашны эрх чөлөөг хадгалах нь

Дараах эшлэлүүдийг самбар дээр бичээд, энд шашны эрх чөлөөнд заналхийлдэг зүйлс орсон гэдгийг тайлбарла.

Алма 2:1-4

Алма 46:4-5, 10

Ангийнхны нэг хэсэгт эхний эшлэлийг, нөгөө хэсэгт хоёр дахь эшлэлийг судлуулахаар оноож өг. Суралцагчдаас шашны эрх чөлөөнд заналхийлсэн хүмүүсийн зорилгыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Амлисай, Амаликая нар ямар зорилготой байсан бэ?

  • Эдгээр түүхэнд гарч буй нийгмүүдэд шашны эрх чөлөөгөө алдах нь хэрхэн нөлөөлөх байсан бэ?

Дараах тодоор бичсэн бичвэрийг самбар дээрх эшлэлүүд дээр нэмж бич:

Aлма 2:1–4, 5–10, 12, 27–28

Aлма 46:4–5, 10, 11–16, 19–22

Суралцагчдыг уншсан хэсгүүдэд нь нэмэгдсэн шүлгүүдийг уншихад урьж, зөв шударга хүмүүс шашны эрх чөлөөгөө хамгаалахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Бид эдгээр шүлгээс шашны эрх чөлөөг хамгаалах талаар ямар үнэнүүдийг сурч болох вэ? (Суралцагчид дараах үнэнүүдийг олж тогтоох ёстой: Гэр бүл, шашин шүтлэг, эрх чөлөөгөө хамгаалах нь бидний үүрэг мөн. Бид Бурханд хандан залбирч, Түүний зарлигуудыг сахих гэрээ байгуулах үед Тэр бидний эрхүүдийг болон шашнаа хамгаалахад хүчирхэгжүүлэх болно.)

Түүнчлэн цаг үлдвэл та ангийнхантайгаа Алма 44:1–5-ыг хамт уншаад, нифайчуудын итгэл хэрхэн тэднийг Зерахемна ба леменчүүдийн эсрэг хүчирхэгжүүлсэн талаар ярилцаж болно.

  • Мормоны Номонд шашны эрх чөлөө нь хавчлага, дайн дажнаас болж олонтоо аюулд ордог байсан. Өнөө үед хувь хүн, бүлгүүд хэрхэн шашны эрх чөлөөнд заналхийлдэг вэ?

Энэ асуултад хариулахад туслах хэрэг гарвал, Америкийн Нэгдсэн Улсад шашны эрх чөлөөний эсрэг өсөн нэмэгдэж буй аюулын талаарх дараах мэдэгдлийг унш: Хэдийгээр энэ мэдэгдэл нь Америкийн Нэгдсэн Улсад болж буй асуудлуудтай холбоотой боловч өөр олон улс орон шашны эрх чөлөөтэй холбоотой ижил төстэй бэрхшээлтэй тулгарч байгаа гэдгийг онцол. (Анхааруулга: Энэ мэдэгдлийг зөвхөн шашны зарим эрх чөлөө хэрхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа жишээг өгөхөд ашигла. Үүнийг ижил хүйстний эрхийн эсвэл улс төрийн бусад асуудлын талаарх ярилцлага болгож болохгүй.)

“Шашны эрх чөлөөний эсрэг бэрхшээлүүд олон эх сурвалжаас үүдэн гарч ирж байна. Ижил хүйстний эрхийг хамгаалах хандлага өсөж байгаа нь шашны эрх чөлөөнд хэд хэдэн арга замаар заналхийлж байгаа болно. Эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлтүүд нь хүний амьдралын талаар тодорхой ёс суртахууны итгэл үнэмшил бүхий хүмүүсийн эрхэнд заналхийлж байгаа билээ. Эдгээр болон бусад асуудал зөрчилдөөнийг үүсгэн, шашны байгууллага, итгэл бишрэлтэй хүмүүст шахалт үзүүлж байна. Тэд … шашны байгууллагуудын ажил эрхлэлт, эд хөрөнгийн захиран зарцуулах явцыг хязгаарлахаар заналхийлж байна. Тэд шашны байгууллагатай холбоотой их дээд, дунд сургууль, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хавчин шахаж байна. … Бид эдгээр болон өөр олон нөхцөл байдалд шашны болон ухамсрын эрх чөлөө хэрхэн аажмаар боловч тасралтгүй идэгдэн нурж байгааг харж болно” (“An Introduction to Religious Freedom,” mormonnewsroom.org/article/introduction-religious-freedom).

Сүм бүгдэд эрх тэгш байх үзлийг баримталдаг гэдгийг онцлон хэл. Бид Итгэлийн тунхаг 1:11-тэй уялдуулан өөрсдийн шашны эрх чөлөөг бусдын эрх, ашиг сонирхлыг хүндлэх арга замаар эрх тэгш, тэнцвэртэй тунхаглах ёстой (“Mormon Leaders Call for Laws That Protect Religious Freedom,” mormonnewsroom.org/article/church-news-conference-on-religious-freedom-and-nondiscrimination-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв би аль нэг Мормоны төлөө амь насаа зориулахад бэлэн байдгаа харуулж чаддагсан бол, пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүн эрхээ хамгаалахын төлөө амь насаа зориулахад бэлэн байдгийн адилаар, миний бие хожмын үеийн гэгээнтнүүдийн эрхүүдийг улан доороо дэвсэлж байгаа шиг Ромын католикчуудын эсвэл нэрд гараагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахад хүчин мөхөс аливаа бусад шашны эрхүүдийг улан доороо дэвсэлж байгааг эсэргүүцэн, амь насаа өргөхөд бэлэн байна гэдгийг Тэнгэрийн өмнө зоригтой тунхаглаж байна.

“Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүн төрөлхтний иргэний, шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 390).

  • Яагаад зөвхөн хожмын үеийн гэгээнтнүүдийн бус, бүх хүний шашны эрх чөлөөг хамгаалах нь чухал вэ? (Ийнхүү хамгаалах нь бусдад Бурханы төлөвлөгөөний дагуу сонгох эрхээ ашиглан, амар тайван, шударга нийгмийг бий болгох боломжийг олгодог. Хэрэв бид шашны итгэл үнэмшил маань хамгаалагдан, хүндлэгдээсэй гэж хүсэж байгаа бол бусдын итгэл үнэмшлийг мөн адил хамгаалан, хүндлэх ёстой.)

  • Бид шашны эрх чөлөөг хадгалан, хүчирхэгжүүлэхийн тулд ямар зарим нэг зохимжтой үйлдлийг хийж болох вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Ах, эгч нар аа, бид эдгээр нандин эрх, эрх чөлөөг өөрсдийнхөө болон үр удмынхаа төлөө хамгаалах үүрэг хариуцлагатай. Үүний тулд та, би юу хийж чадах вэ?

“Нэгдүгээрт, бид мэдээлэл сайтай байж чадна. Орон нутагт тань болж буй шашны эрх чөлөөнд нөлөөлж болзошгүй асуудлуудыг мэдэж бай.

“Хоёрдугаарт, шашны эрх чөлөөний талаар бидний адил үзэл бодолтой бусад хүнтэй хувиараа нэгд. Шашны эрх чөлөөг хамгаалахаар мөр зэрэгцэн ажилла.

“Гуравдугаарт, үг үйлсээрээ итгэлийнхээ сайн үлгэр жишээ байхаар амьдар. Шашныхаа дагуу хэрхэн амьдардаг маань шашныхаа талаар юу хэлэхээс маань хамаагүй илүү чухал” (“Сонгох эрхийг хадгалж,” 102).

  • Та хэрхэн орон нутгийн тань шашны эрх чөлөөнд нөлөөлж буй асуудлуудын талаар мэдээлэлтэй болж чадах вэ?

  • Орон нутагт тань өөр ямар ямар бүлэг шашны эрх чөлөөний тал дээр тантай адил үзэл бодолтой байдаг вэ?

  • Та шашны эрх чөлөөг дэмжихийн тулд юу хийсэн бэ эсвэл бусад хүний юу хийж байгааг харж байсан бэ?

Суралцагчдад mormonnewsroom.org дээр байгаа шашны эрх чөлөөний талаарх эх сурвалжуудын талаар мэдээлэл өг. Суралцагчдыг шашны эрх чөлөөг дэмжин, хамгаалахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урамшуулж, Тэнгэрлэг Эцэг тэдний хичээл зүтгэлийг удирдан чиглүүлнэ гэсэн гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал