Институт ба семинар
24-р хичээл: Бурханд бүгд адил


24-р хичээл

Бурханд бүгд адил

Танилцуулга

Лихайг нас барсны дараа түүний гэр бүлийн Нифай болон бусад зөв шударга гишүүн өөрсдийгөө хамгаалахын тулд Лемен, Лемүел хоёроос болон тэднийг дагагчдаас салж явахаар Их Эзэнээр удирдагдсан. Үүнээс хойш тэмцэл, дайн тулаанууд нифайчууд ба леменчүүдийн хоорондын харилцааг тодорхойлсоор ирсэн. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээ шашин, үндэстэн ястан, соёл ба өөр бусад ялгааг хэрхэн давж гаран, Бурханы хүүхдүүдийг нэгтгэж чаддаг талаар ярилцах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 77–80.

  • Ховард В.Хантэр, “The Gospel—A Global Faith,” Ensign, 1991 оны 11-р сар, 18-19.

Заах зөвлөмж

2 Нифай 26:23–28, 33; Иаков 7:24; Инос 1:11, 20

Бурханы бүх хүүхдийг Түүн рүү ирэхэд урьсан

Суралцагчдаас дэлхий дээрх зарим шашин, үндэстэн ястан эсвэл соёлын бүлгүүдийн талаар бодож үзээд, эдгээр бүлгийн зарим хүн бусад бүлгийн хүнд ямар байдлаар ханддагийг бодохыг хүс.

Лихайг нас барсны дараа түүний үр удам хуваагдан, хоёр бүлэг болсон гэдгийг суралцагчдад сануул: Нифайчууд ба леменчүүд (2 Нифай 5:1–7-г үзнэ үү). Ингэж салснаас хойш нэг их удалгүй хоёр бүлэг нэг нэгэнтэйгээ тэмцэлдэн, дайтаж эхэлсэн (2 Нифай 5:34-ийг үзнэ үү). Энэ хоёр бүлгийн олж авсан туршлага хүмүүс Бурханы зарлигуудыг мэдэхгүй, дагахгүй байгаа үедээ ихэвчлэн өөрсдийн болон бусдын ялгааг онцлон, бусдаас өөрсдийгөө тусгаарлаж, тэднийг үзэн яддаг болохыг харуулдаг. Харин үүнээс ялгаатай нь, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүх хүнийг бие биенээ хайрлан, нэгдмэл байгаасай гэж хүсдэг гэдгийг онцолж хэл.

Хэд хэдэн суралцагчийг 2 Нифай 26:23-28, 33-ыг ээлжлэн чанга уншихад урь. Нифай хэнд ч, ямар ч ба бүх гэсэн үгсийг хэрхэн ашигласанд анхаарлаа хандуулахыг ангийнхнаас хүс. Суралцагчдыг эдгээр үгийг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулах талаар бодож үзээрэй.

  • Бид эдгээр шүлгээс ямар чухал сургаалыг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгс ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Есүс Христ бүх хүнийг хайрлаж, мөн бүх хүнийг Өөрт нь ирж, Түүний авралаас хүртэхэд урьдаг. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно. Түүнчлэн та суралцагчдыг 2 Нифай 26:33-ыг Aлма 5:33–34 ба Aлма 19:36-тай солбицсон эшлэл болгоход урамшуулж болно.)

Суралцагчдад Иаков 7:24 ба Инос 1:11, 20-ийг дотроо уншаад, бошиглогч Иаков, Инос нарын үед нифайчууд леменчүүдэд юу хүсэж байсныг олж мэдэх хугацаа өг.

  • Есүс Христэд ирэх урилгыг хүлээн авахад леменчүүдэд ямар хуурамч уламжлал саад болсон бэ?

  • Леменчүүд өөрсдийг нь ихэнхдээ үзэн яддагийг мэддэгийн хувьд нифайчуудын олон нь тэдэнтэй сайн мэдээг хуваалцахын тулд ямар ямар хандлага эсвэл хуурамч уламжлалуудыг даван туулах ёстой байсан бэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Мормоны Ном нь ‘наманчилж мөн түүний Хүүд итгэ’ хэмээх Их Эзэний урилгыг хүлээн авч, үйлддэг хүмүүс ‘Их Эзэний хүмүүс’ (2 Нифай 30:2) болно хэмээн амладаг. Энэ нь эд баялаг, гарал угсаа эсвэл өөр ямар нэг онцгой эрхүүд нь биднийг ‘нэг нь нөгөөгөөсөө илүү’ хэмээн итгүүлэх ёсгүй гэсэн чухал сануулга юм (Aлма 5:54; мөн Иаков 3:9-ийг үзнэ үү). Чухамдаа, Мормоны Ном ‘Та нар нэгэн биеийг нөгөөгөөс илүүд үзэх ёсгүй, өөрөөр хэлбэл хэн нэг нь өөрийгөө бусдаас дээгүүрт бодох ёсгүй’ (Moзая 23:7) хэмээн зарлигладаг” (“All Men Everywhere,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 79).

Суралцагчдыг цаг гарган, өөр гарал үүсэлтэй хүмүүст хандах хандлагынхаа талаар тунгаан бодоход урь. Тэднийг өөр үндэстэн ястан, соёл, шашин шүтлэгтэй Бурханы бүх хүүхдийг хайрлахыг хичээх замаар Аврагчийн үлгэр жишээг дагахад урамшуул.

Moзая 28:1–3; Хиламан 6:1–8

Бурханы бүх хүүхэдтэй сайн мэдээг хуваалцах хүсэлтэй болох нь

Мормоны Номонд нифайчуудыг леменчүүдэд сайн мэдээг тунхаглаж байх үед тохиолдсон онцгой туршлагууд цэдэглэгдсэн байдгийг суралцагчдад сануул. Суралцагчдад Мозаягийн хөвгүүдийн гайхалтай хөрвөлтийг сануулаад (Moзая 27-г үзнэ үү), дараа нь тэднээс Moзая 28:1–3-ыг чанга уншихад урь. Мозаягийн хөвгүүдийн леменчүүдэд сайн мэдээг номлохыг хүссэн шалтгааныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Олж мэдсэн шалтгаануудын аль нь таныг сайн мэдээг бусадтай хуваалцах талаар бодох үед илүү утга учиртай санагдаж байна вэ?

  • Мозаягийн хөвгүүд леменчүүдийн талаар юу гэж боддог байсныг 1-р шүлгэн дээрх ямар үг илэрхийлж байна вэ?

  • Бид өөр шашин шүтлэг, арьс өнгө, үндэстэн ястны хүмүүсийг өөрсдийн ах, эгч нар гэж үзэх нь сайн мэдээг хуваалцах хүсэлд маань хэрхэн нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг хариулах үед тэдэнд дараах сургаалыг олж тогтооход нь тусал: Бид бусдыг ах, эгч шигээ санах үед тэдэнтэй сайн мэдээг хуваалцах хүсэл маань нэмэгддэг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907-1995) дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Бүх эрэгтэй, эмэгтэй хүн бие махбодын хувьд дэлхийн анхны эцэг, эх болох Адам, Ева хоёроос гаралтай байхын сацуу сүнсний хувьд Бурхан Мөнхийн Эцэгээс гаралтай. Тиймээс, бүх хүн Бурханы гэр бүлд ах, эгч, дүү нар юм.

“Бурхан бол дэлхий даяарх хүмүүсийн эцэг гэдгийг ойлгон, хүлээн зөвшөөрснөөр бүх хүн төрөлхтөн Бурхан тэдэнд болон тэдний хоорондын харилцаанд санаа тавьдаг гэдгийг ойлгох болно. Энэ бол арьс өнгө, хэл, эдийн засаг эсвэл улс төрд эзлэх байр суурь, боловсролын зэрэг дэв, эсвэл соёлын гарал үүсэл дээр үндэслэсэн бүх бурангуй уламжлалыг эрс няцаадаг амьдрал ба хайрын захиас юм. Учир нь бид бүгд адил сүнслэг гарал үүсэлтэй билээ” (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 123–124).

  • Ерөнхийлөгч Хантэрын эдгээр үгийг сонсоход танд ямар бодол төрж байна вэ?

Суралцагчдад Хиламан 6:1-8-ыг унших хэдэн минут өг. Эдгээр шүлэгт дүрслэгдсэн нөхцөл байдлууд Мозаягийн хөвгүүд леменчүүдийн дунд номлолд үйлчилснээс хойш 50 орчим жилийн дараа тохиолдсон гэдгийг онцолж хэл. Суралцагчдаас эдгээр номлолын үед нифайчууд ба леменчүүдийн хоорондох харилцаа ямар байсан талаар бодон, уг харилцаа 50 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэхийг хүс.

  • Нифайчууд ба леменчүүдийн хоорондох харилцаанд юу өөрчлөгдсөн бэ? Харилцаа нь яагаад өөрчлөгдсөн бэ?

  • Бид Мозаягийн хөвгүүдийн хандлага ба тэдний номлолын үр дүнгээс сайн мэдээг хуваалцах талаар юу сурч болох вэ?

Aлма 27:1–2, 20–24; 53:10–11, 13–17; 4 Нифай 1:1–3, 11–13, 15–18

Есүс Христийн сайн мэдээ нь хүмүүсийн хоорондын ялгаатай байдлыг даван гардаг

Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодсоны дараа өөрсдийн бодол санааг хуваалцахад урь:

  • Яагаад өөр өөр гарал үүсэлтэй хувь хүмүүс Сүмд амар амгалан ба хайранд хамт цугладаг гэж та бодож байна вэ? Сүмийн гишүүдийг нэгтгэдэг зүйл юу вэ?

Ангийнхныг хоёр хуваа. Нэг хэсгийг нь Алма 27:1–2, 20–24-ийг уншаад, нифайчууд Антай-Нифай-Лихайн хүмүүст туслахын тулд юу хийснийг олж мэдэхэд урь. Нөгөө хэсгийг нь Aлма 53:10–11, 13–17-г судлаад, Антай-Нифай-Лихайн хүмүүс (Аммоны хүмүүс) нифайчуудын төлөө юу хийснийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Энэ хоёр бүлэгт нэг нэгнээ гэсэн хайр, халамжийг мэдрэхэд юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Хүмүүс Есүс Христийн сургаалыг хүлээн авах үед нэг нэгэнтэйгээ нэгдмэл болдог.)

Энэ зарчмыг гайхалтайгаар харуулсан нэг жишээ 4 Нифайд цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Нэг суралцагчаас 4 Нифай 1:1-2-ыг чанга уншихыг хүс. Аврагчийн Америк тивд хийсэн айлчлалын дараа бүх нифай, леменчүүд наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, Их Эзэнд хөрвүүлэгдсэн гэдгийг онцолж хэл. Суралцагчдаас 4 Нифай 1:3, 11–13, 15–18-ыг судлаад, хүн бүр сайн мэдээнд хөрвүүлэгдсэн үед хүмүүсийн хүлээн авсан адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Ямар үг эсвэл хэллэг тэр үеийн хүмүүсийг дүрсэлсэн байна вэ?

  • Яагаад Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нь эдгээр адислалыг авчирдаг вэ?

Нэг суралцагчийг 4 Нифай 1:17-г чанга уншихад урь.

  • “Ямар ч -чууд” байсангүй гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (Хүмүүс нифайчууд эсвэл леменчүүд гэх мэт нэрээр нэг нэгнээсээ ялгарахаа больсон. Тэд нэг нэгнийхээ ялгаануудыг даван гарч, эв нэгдэлтэй, амар амгалан амьдарсан.)

  • Та сайн мэдээ өөр өөр гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондын ялгааг хэрхэн үгүй болгож байгааг харж байсан уу?

Сайн мэдээний дагуу амьдрах нь өөр өөр гарал үүсэлтэй хүмүүсийг хэрхэн нэгтгэдэг талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг хуваалц:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Тэнгэрлэг Эцэг тань та нарыг арьс өнгө, соёл, уламжлалуудаа хүлээн авах тодорхой гарал угсаанд төрүүлэхээр томилсон. Уг гарал угсаа нь баялаг өв болж, баярлан баясах агуу учир шалтгаан өгдөг. Гэвч та нарт энэ өвийн аль нэгэн хэсэг Их Эзэний аз жаргалын төлөвлөгөөний эсрэг байгаа учраас хаях эсэхийг тодорхойлох үүрэг хариуцлага бий. …

“Та нар Есүс Христийн Сүм дэх гишүүнчлэлдээ үнэнч байхаа нэн тэргүүнд тавин, Түүний сургаалыг амьдралынхаа суурь болговол аз жаргалд хүрэх ханыг нураан, илүү их амар амгаланг олно гэдгийг би гэрчилж байна. Гэр бүлийн эсвэл үндэсний уламжлал, ёс заншил Бурханы сургаалуудтай зөрчилдөж байвал тэднийг хойш тавь. Уламжлал, ёс заншлууд нь Түүний сургаалуудтай нийцэж байвал соёл, өв уламжлалаа хадгалахын тулд тэдгээрийг нандигнан дээдэлж, дагах хэрэгтэй” (“Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 86–87).

  • Яагаад эдгээр хүн Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байхаа нэн тэргүүнд тавих үед хүмүүсийн хоорондох ялгаа алга болдог гэж та бодож байна вэ?

  • Сүмийн гишүүн байх нь өөр гарал үүсэлтэй Сүмийн гишүүдтэй нэгдмэл байхад танд хэрхэн тусалсан бэ?

Мормоны Номонд өөр өөр гарал үүсэлтэй хүмүүс хэрхэн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдран, өөр хоорондын ялгаагаа даван туулсан тухай бодит жишээнүүд агуулагддаг гэдгийг гэрчлээд, хичээлийг өндөрлө. Есүс Христийн Цагаатгал ба сайн мэдээ арьс өнгө, үндэстэн ястан, соёл, нас, хүйсийг үл харгалзан Бурханы хүүхдүүдийг нэгтгэдэг.

Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээ гэр бүл эсвэл найзуудаасаа сурсан аливаа хуурамч уламжлалууд эсвэл үзэл бодлуудыг даван гарахад эсвэл таньдаг хүнтэйгээ өөр хоорондын ялгаатай байдлаа шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг талаар бодож үзэхэд урамшуул. Тэднийг орон нутгийн нэгжийнхээ гишүүдтэй илүү нэгдмэл болох арга замуудыг эрэлхийлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал