Институт ба семинар
10-р хичээл: Залбирал ба илчлэлт


10-р хичээл

Залбирал ба илчлэлт

Оршил

Залбирал нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэй харилцах боломжийг бидэнд олгодог онцгой эрх бөгөөд зарлиг юм. Тэр бидний залбирлыг сонсож, хариулдаг. Их Эзэний удирдамжийг хичээнгүйлэн эрэлхийлдэг хүмүүс хувийн илчлэлтээр адислагдана. Энэ хичээл нь бид залбирлынхаа хариултыг хүлээн авахаар зүрх сэтгэл, оюун санаагаа бэлтгэхийн тулд юу хийж болохыг тодруулж өгнө.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

2 Нифай 32:8–9; 3 Нифай 14:7–11

Бурхан бидний залбирлыг сонсдог

Суралцагчдаас нэг нэгэнтэйгээ харилцахын тулд техник технологи ашиглах зарим арга замыг жагсаан бичихийг хүс. Суралцагчдын хариултыг самбар дээр бич.

  • Техник технологи нь бидэнд хүссэн хүнтэйгээ харилцах боломжийг олгож байхад, яагаад зарим үед бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ үр дүнтэй харилцахад хэцүү байдаг вэ?

Ангийнхныг Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахыг хүсдэг талаар Аврагч юу заасныг хайж байх хооронд нэг суралцагчийг 3 Нифай 14:7–11-ийг чанга уншихад урь.

  • Аврагч Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахыг хүсдэг талаар ямар зарчим заасан бэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим орсон байх ёстой: Биднийг асууж, эрэлхийлж, тогших үед Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулдаг.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг хуваалц:

Зураг
Ерөнхийлөгч Жэймс И.Фауст

“Ямар ч дэлхийн эрх мэдэл бидний Бүтээгчтэй харилцах шууд харилцааг тасалж чадахгүй. Биднийг залбирах үед ямар ч техникийн эсвэл цахилгааны доголдол үүсэхгүй. Өдөр бүр хэдэн удаа эсвэл хэр удаан залбирах ёстой гэдэгт хязгаар гэж үгүй. Залбирах бүрдээ хэчнээн хэрэгцээний төлөө залбирч болоход тавигдсан тоо хязгаар гэж байхгүй. Бид нигүүлслийн хаан сэнтийд ойртон очихын тулд нарийн бичгээр дамжих эсвэл цаг товлох шаардлагагүй. Түүнд хэзээ ч, хаанаас ч холбогдох боломжтой” (“The Lifeline of Prayer,” Ensign, 2002 оны 5-р сар, 59).

  • Бурхан бидний залбирлыг сонсдог эсвэл хариулдаг гэдэгт итгэдэггүйн улмаас ойр ойрхон залбирдаггүй хувь хүмүүст та юу гэж хэлэх вэ?

Нэг суралцагчийг 2 Нифай 32:8-9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Нифай залбирлын тухай юу заасныг олж мэдэхийг хүс. Та дараахын адил асуултуудыг тавьж болно:

  • Та “үргэлж залбирах” гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ?

  • Та үргэлж залбирдаг хэн нэгний талаар ямар жишээ харсан бэ? Уг хүн энэ дадал хэвшлийнхээ ачаар хэрхэн адислагдсан бэ?

  • Их Эзэн Түүний тусламжийг эрэлхийлэн залбирах үед хичээл зүтгэлийг тань та нарын сайн сайхны төлөө “ариулах” болно гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Ямар нэгэн зүйлийг ариулах гэдэг нь үүнийг ямар нэгэн онцгой эсвэл ариун нандин зорилгод зориулах эсвэл үүнийг ариун болгох гэсэн үг гэдгийг онцлох нь тустай байж болно.)

Суралцагчдыг үргэлж хичээнгүйлэн залбирахад урамшуулан дэмж. Тэдэнд Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсдог мөн тэднийг адислахыг агуу их хүсдэг гэдгийг илэрхийл.

1 Нифай 10:17–19; 15:1–3, 7–11; Иаков 4:6; Алма 26:22

Есүс Христийн бүх дагалдагч хувийн илчлэлт хүлээн авч чадна

Залуучуудын Бурханаас илчлэлт хүлээн авахыг хүсэж болох асуултууд эсвэл нөхцөл байдлуудыг жагсааж бичихийг суралцагчдаас хүс.

Суралцагчдад Лихайн амьдралын модны зүүдний тухай сануулаад, Нифай энэхүү сүнслэгээр өдөөгдсөн зүүдний тухай сонссоны дараа энэ тухай илүү ихийг мэдэхийг хүссэн гэдгийг онцол. Цөөн хэдэн суралцагчаас 1 Нифай 10:17–19-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаас эдгээр шүлэг илчлэлтийн тухай болон хэн илчлэлт хүлээн авах эрхтэй талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэг хувийн илчлэлтийн талаар юу зааж байна вэ? (Дараах сургаалыг олж тогтооход анхаарлаа хандуул: Бурхан хичээнгүйлэн эрэлхийлэх хүн бүрд Ариун Сүнсний хүчээр дамжуулан үнэнийг илчилдэг.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“[Илчлэлтийн сүнс] нь … Сүмийн тэргүүлэх эрх мэдэлтнүүдэд өгөгддөг төдийгүй нандин гэрээнүүдэд орсон эрэгтэй, эмэгтэй, хариуцлагын насанд хүрсэн хүүхэд бүрд хамаатай бөгөөд тэдний амьдралд үйлчлэн нөлөөлөх ёстой. Чин сэтгэлийн үнэн хүсэл ба зохистой байдал нь илчлэлтийн сүнсийг бидний амьдралд буй болгодог” (“Илчлэлтийн сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 87 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91).

  • Яагаад ахлагч Бэднарын энэхүү ойлголт танд урам зориг өгч байна вэ?

Нифай хүсэл, зохистой байдал, итгэлийнхээ ачаар амьдралын модны үзэгдлийг мөн адил үзсэн гэдгийг тайлбарла (1 Нифай 11–14-ийг үзнэ үү). Лемен, Лемүел хоёрын эцгийнхээ үзэгдэлд хандсан хандлага нь Нифайгийнхаас өөр байсан гэдгийг онцол. Хоёр суралцагчаас 1 Нифай 15:1–3, 7–9-ийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг дагаж уншин, эдгээр шүлгээс сурсан зүйлээ бодож үзэхэд урь.

  • Эдгээр шүлгийн юу нь танд хамгийн чухал вэ?

Өөр нэг суралцагчийг 1 Нифай 15:10-11-ийг чанга уншихад урь. 11-р шүлэг нь судрууд дахь “хэрэв-аваас” өгүүлбэрийн жишээ гэдгийг онцлохыг бодож үз. Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас 10–11-р шүлэг дээрээс уншсан зүйл дээрээ тулгуурлан өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс.

Хэрэв аваас .

Суралцагчдыг 11-р шүлгийг Алма 26:22-той солбицсон эшлэл болгоход уриад, дараа нь асуу:

  • Та нар хэрхэн 1 Нифай 15:10–11 болон Алма 26:22 дээр заасан зүйлийг хэн нэгэнд залбирлынхаа хариултыг эрэлхийлэх талаар заахад ашиглаж болох вэ?

Нэг суралцагчаас Иаков 4:6-г уншихыг хүсээд, ангийнхныг Иаковын хүмүүс итгэлтэйгээр асууж, илчлэлтийг урин дуудахаас гадна юу хийснийг олж мэдэхэд урь. Та “бид бошиглогчдыг судалж байв” гэдэг нь судрууд дээрх бошиглогчдын үгсийг унших гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно.

  • Яагаад эртний болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг хоёуланг судлах нь Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад хүргэдэг гэж та бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Мөн Түүнийг бидэнд хандан яриасай гэж хүсэх үедээ бид судруудыг судалдаг; учир нь Түүний үгс бошиглогчдоор дамжин бидэнд ирдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг анхааран сонссон үед Тэрбээр бидэнд заах болно.

Хэрэв та өөрт чинь хандан ярьсан Түүний дуу хоолойг сүүлийн үед сонсоогүй бол, шинэ мэлмий, шинэ сонороор судруудыг судал. Судрууд сүнслэг байдлаа насан туршид хадгалахад бидэнд тусалдаг” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27).

Суралцагчдыг өөрсдөд нь тулгарч буй бэрхшээл эсвэл шийдвэрийн талаар бодоход урь. Тэднээс залбирлаар Их Эзэнээс асууж, хариултуудаа олохын тулд судруудыг уншсан эсэхээ бодож үзэхийг хүс.

Суралцагчдад Их Эзэн хэрхэн бидэнд хувийн илчлэлт өгдөг талаарх жишээг олж харахад туслахын тулд дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич.

1 Нифай 4:6

1 Нифай 8:2

Иаков 7:5

Инос 1

Хиламан 13:5

3 Нифай 11:3

Цөөн хэдэн суралцагчид судрын хэсэг бүрийг оноож өг. Тэднээс оногдсон хэсгээ уншаад, Бурханы хүүхдүүддээ хувийн илчлэлт өгдөг нэг арга замыг олохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзээд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) болон ахлагч Ричард Г.Скотт нарын дараах мэдэгдлийг хуваалцаж болно:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүнс бидэн рүү чанга дуугаар орилон эсвэл бидний гарыг чанга атгаж анхаарлыг маань татдаггүй. Харин тэр шивнэдэг. Тэр маш зөөлөн энхрийлэн таалдаг учраас хэрэв бид өөр зүйл анхаарлаа хандуулсан байвал үүнийг мэдрэх нь үгүй. …

“Үе үе тэр бидний анхаарлыг татахуйц чанга хүрдэг. Гэвч ихэнх тохиолдолд, хэрэв бид зөөлөн мэдрэмжинд анхаарлаа хандуулахгүй бол Сүнс биднийг орхин, биднийг эрэлхийлж, сонсож, өөрийн арга барил, илэрхийллээр эртний Самуел шиг ‘[Их Эзэн] айлдаж хайрла. Боол тань сонсож байна’ гэж хэлэх хүртэл хүлээдэг. (1 Сам. 3:10.)” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 53).

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Та өвдөг сөгдөн залбирч байхад, бүр тэр даруй хариулт нэхэн гүйх үед ч гэсэн Түүний хариулт ирэх нь маш ховор. Харин Сүнс таны оюун санаа, зүрх сэтгэлд нөлөөлж болох анир чимээгүй мөчид Тэрээр таныг сүнслэгээр өдөөх болно. Тиймээс та зааварлагдан, хүчирхэгжиж байгаагаа мэдрэхийн тулд анир чимээгүй цаг мөчүүдийг олох хэрэгтэй” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 4-р сар, 9).

Бурхан бидэнд үнэнийг хэрхэн илчлэхийг бид сонгодоггүй боловч итгэлээр үйлдэх үедээ оюун санаа, зүрх сэтгэл маань илчлэлт хүлээн авахад илүү сайн бэлтгэгддэг гэдгийг суралцагчдад сануул. Цөөн хэдэн суралцагчаас хэт хувийн эсвэл ариун нандин биш бол хувийн илчлэлт хэрхэн хүлээн авснаа хуваалцахад урь.

1 Нифай 18:1–3; 2 Нифай 28:30; Алма 12:9–11

Илчлэлт хүлээн авч, илчлэлтээр үйлдэх нь

Суралцагчдаас 2 Нифай 28:30-ийг Алма 12:9–11-тэй дотроо харьцуулаад, илүү их хувийн илчлэлт хүлээн авахад нь туслах зарчмуудыг олж тогтоохыг хүс.

  • Эдгээр судрын хэсэг илүү их хувийн илчлэлт хүлээн авахад юу тусална гэж зааж байна вэ? (Тэд өөр өөр үгс ашиглаж болох ч, дараах зарчмуудыг олж тогтоох ёстой: Их Эзэн, бид Түүний үгсэд хэр анхаарал хандуулж байгаагаас шалтгаалан үнэнийг илчилдэг. Илчлэлт нь ихэнхдээ бидэнд шат шатаар ирдэг.)

  • Яагаад Их Эзэн бидэнд нэмэлт мэдлэг өгөхөөсөө өмнө Түүний аль хэдийнээ илчилсэн зүйлд дуулгавартай байхыг биднээс шаарддаг гэж та бодож байна вэ?

  • Илчлэлт “шат шатаар” ирдэг гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хэрэв цаг үлдвэл, хэрхэн Нифай усан онгоц барихад суралцахын тулд нэмэлт илчлэлт хүлээн авсныг харуулахын тулд ангийнхантайгаа 1 Нифай 18:1–3-ыг ярилцаж болно.

Ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас уншихыг хүс:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Ихэнх тохиолдолд илчлэлт нь бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа нь эцэстээ ‘тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бидний сүнсэнд] намуухан буух болно’ (С ба Г 121:45). Илчлэлтийн энэ хэв маяг нь илүү элбэг тохиолддог” (“Илчлэлтийн сүнс,” 92).

  • Та амьдралаа эргэн харвал, Их Эзэн шийдвэр гаргах эсвэл Түүнээс ойлголт эрэлхийлэх үед тань хэрхэн урт хугацааны туршид удирдаж байсан бэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүсэн, хичээлээ дуусга.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хэрэв бидний хэн нэгэн нь үргэлж залбирах зөвлөгөөнд хөшүүн хойрго ханддаг бол, яг одоо эхлэх хамгийн тохиромжтой цаг юм. Виллиам Ковпэр ‘хамгийн сул дорой гэгээнтэн өвдөг сөгдөн залбирах үед Сатан чичрэн салгалдаг’ [‘Exhortation to Prayer,’ in Olney Hymns] гэж тунхагласан байдаг” (“A Royal Priesthood,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 61).

Суралцагчдаас өдөр бүрийн амьдралдаа залбирахаар гаргаж буй хичээл зүтгэлийнхээ талаар бодохыг хүс. Тэднийг залбирч, судраас судалснаар илүү их хувийн илчлэлтийг урьж авчир гэсэн энэхүү хичээлээр ярилцсан зарчмуудыг дагахад урамшуулан дэмж. Суралцагчдыг хэрхэн Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг болохыг олж мэдсэн тухайгаа хуваалцахад урь. Хэрэв бид өөрсдийн биеийг ойлголт ба удирдамж хүлээн авахад бэлтгэвэл, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань бидэнд үүнийг хүлээн авахад сүнслэгээр нөлөөлнө гэдгийг гэрчил.

Суралцагчийн унших материал